Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0542

 

  

    2023         06            19                                     128/ШШ2023/0542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: И******* ХХК

Хариуцагч: Т,

Хариуцагч: газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Л*******, Б.Ч*******, А.О*******, Г.С******* нарын хоорондын “ газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар дүгнэлтийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ерөнхий гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн төлөөлөгч Л.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, А.О*******, Г.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар дүгнэлтийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ерөнхий гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн байна.

2. Нэхэмжлэгч И******* ХХК нь газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* дугаартай мэдэгдлийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, гомдлын хариуг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Манай компанийн тендерт санал болгосон 21 ширхэг чирэгч толгой нь стандарт шаардлагыг хангасан, 42 ширхэг чиргүүл нь бүгд тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгслүүд бөгөөд техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байхад тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэсэн нь хууль бус,

3.2 Тендерийн баримт бичгийг техникийн тодорхойлолт хэсэгт заасан шаардлагад, тавцан чиргүүл гэж тусгайлан авч үзэх боломжгүй, тэвш чиргүүл нь өөрөө тавцан чиргүүлтэй нэгэн адил,

3.3 Тендерээс тэвш чиргүүл гэж хасагдсан 26 чиргүүл нь Э ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглагдах тээврийн хэрэгслийн техникийн шаардлагын дагуу нүүрсч тээвэрлэхэд зориулагдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа, Нүүрс тээврийн хэрэгсэл, чиргүүл түүний үндсэн ойлголтыг мэдэхгүйн улмаас манай тендерээс татгалзаж, хохироож байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай байгууллага нь 14 жил нүүрс тээврийн зах зээлд ажиллаж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын стандартын дагуу чиргүүл, тээврийн хэрэгслүүдийг захиалгын дагуу нүүрс тээвэрлэхээр захиалж оруулж ирдэг. 2019 оноос эхлээд Монгол Улсад чингэлэг тээврийн тусгай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг оруулж ирэх судалгааг бүтэн жил хийгээд оруулж ирсэн. Үүний нээлтийг яам, А төвтэй хамтарч манай байгууллага хийж эхлүүлсэн. Б-ын 10.000 гаруй чиргүүлийн үйлдвэр рүү захиалга өгсөн. Гэрээ дээр тэвш буюу хайрцгийг өргөж авах, чингэлэг түгжээг тусгай тоноглолоор хийж эргүүлж чингэлэг чиргүүлд ашиглах гэдгийг гэрээ дээр хүртэл зааж хийсэн байдаг. Опма гээд Монгол Улсын анхны машин үйлдвэрлэлийн эрхээ авсан. Тусгай тоноглолыг хийгээд хайрцагт оруулаад явсан баримтыг шүүхийн материалд хавсаргасан байгаа юм. Нэршлээс болж олон жилийн туршлагатай инженер техникийн ажилчидтай авто баазыг байгуулсан. Ямар ч хямралын үед өөрийн санхүүгийн эрсдэлийг даагаад ажиллах чадвартай. Анх удаа нүүрсийг хөрөнгийн биржээр өндөр үнэтэй зарж хямд үнэтэй тээврийг ашигладаг тээврийн тендер зарласны дагуу манай байгууллага байгаа тээврийн хэрэгслээ мэдүүлж орсон. Харамсалтай нь төрийн байгууллагууд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаагүйгээс болж манай байгууллага тээвэр хийж чадахгүй хохирсоор байгаа юм. Өнөөдөр Э ХК-ийн уурхайгаас 4 чингэлгээр ачигдаад Ц дээр бууж байгаа юм. Энэ авто машинууд чингэлэг ачиж болохгүй гэж байгаа боловч, энэ эх баримтаар ачаа буулгаж байгаа юм. Манай байгууллагыг томоохон худалдан авагч урьж захиалах ажлаа хийж, бид нарт олон жил хамтарч ажиллаж байна. Бид төрийн хууль дүрмийг ягт биелүүлдэг, татвар, нийгмийн даатгалыг төлж энэ ажлыг хийж байгаа юм. Өнөөдөр манай улсад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ч гэсэн хамгийн хямдаар ч хамаагүй өөрөө захиалга өгөөд тээвэрлэхэд манай байгууллага бэлэн байна” гэв.

5. Нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:4-р багц дээр манай компани техникийн шаардлага нөхцөлийг хангасан 21 тээврийн хэрэгсэл илгээж баримт бичгээр хүргүүлсэн боловч өнөөдөр Монгол Улсын стандарт болон Э ХК-ийн ажилчдын хариуцлагагүй байдал, А төвөөс программ гэж ярьж байгаа бүртгэлийн нэгдсэн систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн системд орж шалгах процесс ажиллагааг худалдан авах ажиллагааны газар зөв тайлбарлаагүйгээс тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй гэдэг дүгнэлтэд хүрээд явж байна. Цахим тендерийн баримт бичиг дээр 21-ээс доошгүй тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгслийг тендерт илгээсэн байх ёстой гэж тусгасан байдаг. Манайх 21-ээс доошгүй тавцант тээврийн хэрэгслийг илгээх ёстой байсан. Энэ шаардлагыг тендерт оролцсон бүх компани хангах ёстой. 21-ээс доошгүй тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна гэх шаардлага дээр тэвш чиргүүл илгээх боломжгүй гэсэн үг.

Манай компани нь тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх ангиллын хамгийн эхний буюу 4-р багц дээр Тавантолгой нүүрсний чингэлэг тээвэр гээд 240 километр 1 гэдэг багц дээр орсон байгаа юм. Манайд 50 машин байгаагүй юм. Бусад машиныг өөр тээврийн хэрэгсэлд оруулсан юм. Манайх байгаа 21 тээврийн хэрэгслээр нийтдээ 42 чиргүүл оруулсан. 21 тээврийн хэрэгсэл дээр 21 зүтгүүр байгаа. Яагаад 42 чиргүүл гээд байгаа нь тэр зүтгүүрт эмээлт холбоосоор холбосон тавцант чиргүүл илгээсэн. Манайх газрын зарим хүмүүсийн ойлгож байгаа шиг тэвштэй чиргүүл илгээгээгүй. Тэвштэй чиргүүл гэдэг нь ганцхан чиргүүлийг яриад байгаа юм. Тэвштэй чиргүүлийг хэзээ ч хоёр болгож, тендерийн баримт бичигт хийх ямар ч боломжгүй. Эмээлт холбоосоор холбох ямар ч боломжгүй. Хавтаст хэрэгт сүүлд ирүүлсэн хавтаст хэргийн 246 дугаар хуудасны ар талд яагаад тэвш чиргүүл, тавцан гэж ангилаад байгааг заасан байгаа. газарт зөв ойлголтыг өгөөгүй учраас бидний илгээсэн машиныг 26 тэвштэй чиргүүл байна гэдэг ангилал руу оруулаад байгаа юм. Магадгүй хагас чиргүүл гээд бүртгэсэн болохоор тэвштэй чиргүүл байна гээд ойлгоод хассан. Чиргүүл гэдэг нэр томьёо гарангуут эд нарын яриагаар тавцант юм байна гээд ойлгоод хассан. Тэвштэй чиргүүл нь тэвштэй гэдэг стандартаар энэ тавцангаас ямар ч салгах боломж байхгүй.

Тендерийн баримт бичгийн 4-р зүйл дээр орсон тавцант чиргүүлтэй гэдэг ангиллыг гаргахдаа энэ хүмүүс буруу гаргасан. Бүүр ойлгохгүй байсан юм бол тавцантай чиргүүл нь эмээлт холбоосоор холбогдож байгаа хоёр чиргүүлийг хэлээд байгаа юм. Манай тендерийн баримт бичигт илгээж байгаа нь 42 чиргүүл илгээж байгаа юм. Манайх магадгүй 21 зүтгүүр илгээгээд 21 чиргүүл илгээсэн бол өнөөдрийн тендерт хасагдсантай маргах ямар ч шаардлага байхгүй юм. Тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна гэдэг ангилалд оруулаад тендерт шалгарсан бүх компаниуд яг манайх шиг адилхан 42 чиргүүл зүтгүүрийг илгээж байж тендерт шалгарч байгаа юм. А төвийн программаас гаргасан мэдээлэл дээр хагас чиргүүл гээд бичсэн байна гээд тендерийн Үнэлгээний хорооныхон энэ тэгвэл тэвштэй байна гээд ойлгосон байгаа юм. А төвөөс ирсэн албан бичигт манай компанийн чиргүүлийн мэдээлэл дээр хэзээ ч тэвштэй чиргүүл байна гэдэг үг үсэг байхгүй байгаа юм. Нэг нь тавцант, нөгөө нь хагас чиргүүл гэсэн бүртгэл байгаа юм. Хагас чиргүүл нь тэвштэй чиргүүл байна гэж Үнэлгээний хороо ойлгоод байгаа юм. Н.Ц гэдэг хүний тайлбараар Үнэлгээний хорооны шийдвэр гарсан байдаг.

Тендерт оролцогч нарт тавьсан үндсэн шаардлагын дагуу тус компани нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан 42 чиргүүлийн мэдээг ирүүлсэн боловч А төвийн цахим систем шалгахад 16 тавцан чиргүүл, 26 тэвш чиргүүл байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 12.1ё гэдэгт заасанд нийцээгүй гээд татгалзсан байгаа юм. Гэтэл манай 26 тэвш чиргүүлийн ангиллыг 26 тэвш чиргүүл байгаа нь тодорхой байна гэж байгаа юм. Гэтэл хавтаст хэргээс харахад Үнэлгээний хорооноос баримт бичгээр гаргаж өгөхгүй байгаа юм. Одоо 26 тэвш чиргүүл байгаа нь яаж тогтож байгаа юм. Манай илгээсэн чиргүүлүүд бүгд тавцант чиргүүл байсан. Хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан чиргүүлийн мэдээлэл гээд А төвөөс гаргасан мэдээллийг яриад байна. Үүнийг яриад байгаа бол энэ бол буруу болоод байгаа юм. Тавцант чиргүүл, хагас чиргүүл гэж бүртгэж байгаа. Тэвш чиргүүл гэсэн бүртгэл байхгүй. Тэвштэй чиргүүл гэж стандартад байх юм бол тэвштэй чиргүүл гэж бүртгэнэ. Чиргүүлийн мэдээллийн өөрсдөө яаж бол яаж өөрчилж болдог. Бид нарын хүүхэд байхад байсан гуч машины чиргүүл нь тэвштэй чиргүүл. Эмээлт холбоос байхгүй. Монгол Улсын стандартад тодорхой заагаад өгсөн байгаа юм. Үүнийг дан тэвш чиргүүл гээд бүртгэсэн байгаа юм. Зарим нь бүрэн тэвш чиргүүл гэж бүртгэдэг. Манай хавтаст хэрэгт өгөөд байгаа чиргүүлийн мэдээлэл байна, фото зургууд, Э өөрөө хүлээн зөвшөөрөөд тээвэрлэлт хийгээд байгаа баримт дээр тэвш чиргүүл гэсэн нэр томьёо байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу захиргааны байгууллага төрийн хөрөнгөөр худалдах худалдан авах ажиллагаа зарлаж байгаа бол оролцож байгаа байгууллагуудын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тавцант чиргүүлүүдийг илгээгээд тендерт оролцож байхад шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмаа баримталж ажиллахгүй байна гэж үзэж байна. Бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн захиргааны шийдвэр гаргах гэж байгаа бол тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах ёстой. Захиргааны байгууллага зарчмаа баримталж ажиллаагүй, хоорондоо уялдаа холбоогүй байснаас энэ тендерийн маргаан үүдэлтэй.

Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийг тайлбарлаж өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Үүний тайлбарыг бодитой нотлох баримтын хэмжээнд шаардлага хангахаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан үгүйсгэсэн байдлаар тайлбар өгч чадаагүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ газар Э ХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдаж авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ тендерт хоёр удаа зохион байгуулсан. 2023.01.16-ны өдөр 218 тендерт оролцогчийн 377 материал ирсэн. Энэ тендерийн үр дүнд 125 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулагдсан. 2023.03.03-ны өдрөөс ерөнхий гэрээний хоёр дахь шатны захиалгууд хийгдээд өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрийн 3.1.16-д “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурлан хүний оролцоог багасгана.” гэж заасны дагуу манай газар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу зохион байгуулах тендер шалгаруулалтын үр дүнд нэг тендерт оролцогч шалгардаггүй, шаардлагад нийцсэн бүх тендерт оролцогч шалгарах боломжтой учраас дотоодын тээврийн компаниудыг дэмжиж байгаа юм. Тендер шалгаруулалтад хүний оролцоог багасгана гэдэг нь Худалдан авах ажиллагааны цахим системээс тендерт оролцогчдыг тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг цахим системээр дамжуулан санал болгох ийм тодруулгыг оруулаад зааварчилгааг нь мөн оруулаад бүх тендерт оролцогч нарт санал болгож байгаа тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг цахим систем дээр өөрийн эрхээр нэвтэрч тухайн тээврийн хэрэгсэлд чиргүүлийн мэдээллийг бүртгүүлээд бүртгүүлсэн чиргүүл тээврийн хэрэгслийг цахим системээр дамжуулан тендер шалгаруулалтад санал болгосон.

Цахим системээр дамжуулан санал болгосон тээврийн хэрэгслийг тендерийн баримт бичигт заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулаад А төвийн цахим мэдээллийн сангаас шалгасан. Шалгаад чиргүүлийн төрлийн мэдээллээр тавцант гэсэн мэдээлэл ирсэн тохиолдолд тавцант гэж томьёологдсон ажлын даалгавар дээр чиргүүл нь тавцант төрлийн чиргүүл байна гэж шаардлагад нийцсэн гэсэн үг. Тавцантаас бусад төрлийн тээврийн хэрэгслийг тэвш зориулалттай тээврийн хэрэгслээр тодорхойлоод шаардлагад нийцээгүй байна гэж үзсэн. Энэ нь 4 дүгээр багц дээр 21-ээс доошгүй тавцант төрлийн чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна гэдэг шаардлагад нийцээгүй гэж үзсэн. И******* ХХК-ийн 4-р багц дээр санал болгосон тээврийн хэрэгсэл нь 16 нь тавцант төрлийн тээврийн хэрэгсэл, 3 нь чиргүүл, үлдсэн 3 нд хагас чиргүүл байсан. 23 нь хагас чиргүүл, 3 чиргүүлийг нийлүүлээд 26 чиргүүл нь тэвш ангиллын чиргүүлж байна. Яагаад тэвш гээд өгсөн юм бэ гэж нэхэмжлэлдээ хэлээд байна.

Энэ нь бид нар мэдэгдлийг хүргүүлэхдээ үйлчилгээний ажлын даалгаварт тодорхойлсон томьёогоор хүргүүлсэн. 3 нь гол чиргүүлтэй байна, 3 хагас чиргүүлтэй байна гэж бичээгүй гэсэн үг. Эдгээр 26 нь нийлээд тэвш төрлийн чиргүүл учраас 26 тэвш чиргүүл байна гэж мэдэгдлийг хүргүүлсэн. Бид нар тендер шалгаруулалтын үнэлгээнд тендерийн баримт бичигт заасны дагуу А төвөөс цахим системээр дамжуулаад шалгаад ирсэн мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргасан. Мөн энэ багцын хурлын тэмдэглэл дээр чиргүүлийн төрөл нь тавцант байвал шаардлагад нийцнэ гэж үзнэ гэдгийг компаниудын үнэлгээг хийхээс өмнө үнэлгээний хороо шийдвэрээ эхлээд гаргасан гэсэн үг. Үүний дагуу тус багц дээрээс нь тендерт оролцогчид оруулсан тендерт харгалзах үнэлгээнүүдийг хийгээд цахим системээр дамжуулаад шалгаж ирүүлсэн мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргасан” гэв.

7. Хариуцагч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Үнэлгээний хороо нь 7 хүний гишүүнтэй байгуулагдсан. Гишүүдийн 2 нь хараат бус буюу төрийн бус байгууллагаас ордог. Н.Ц гишүүн нь Э ХК буюу захиалагчийн төлөөлөгч гэж орж ирсэн. Энэ хүн ганцаараа шийдвэр гаргаад бүртгээд явах хүн биш, үнэлгээний хороо дарга гэлтгүй бүгдээрээ нэг нэг санал өгдөг. Бүгдээрээ дэмжсэн саналаараа бүх гишүүдийн олонхын саналаар шийдвэр гардаг. Татгалзсан гишүүд өөрсдийн татгалзлыг үнэлгээний хорооны тэмдэглэлд тэмдэглүүлдэг байгаа. Тийм тэмдэглэл байхгүй байсан учраас гишүүд олонхын саналаар татгалзаж байгаад санал нэгдсэн байгаа юм. Техникийн тодорхойлолтыг захиалагч өөрсдөө боловсруулж газарт ирүүлдэг. Манайх техникийн тодорхойлолтын дагуу ажлыг зохион байгуулж, үнэлгээгээ хийдэг гэсэн үг” гэв.

8. Хариуцагч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.С*******, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна:” гэж заасан. Мөн хуулийн 11.1.2-т “үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх;” гэж заасан. Иймээс тендерт оролцогч нарт техникийн тодорхойлолт стандартыг зааж өгсөн. Хэрвээ тендерт оролцогч нар стандартыг хангаагүй, буруу нэршилтэй гэж үзэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байсан” гэв.

9. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Л.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн талаас Монгол Улсын стандартад байхгүй гэж тайлбарлаад байна. MNS- гээд стандарт дээр тавцант чиргүүл, тэвш чиргүүл гээд стандарт байгаа. Манай улсын стандартад тэвш чиргүүл гэсэн ойлголт байхгүй гэдгийг А төвөөс тайлбарласныг гайхаж байна. А төвийн системээс манайх системдээ дамжуулаад мэдээллийг аваад машин унших боломжтойгоор хоорондоо нийцлэлээр харж, үнэлгээ явагдаж байгаа. Хамгийн анх тухайн компани тээврийн хэрэгслийг оруулж ирэхдээ гаальд ямар зориулалтаар бүртгэгдсэнээр а төвийн нэгдсэн систем дээр гарч ирээд байх шиг байна. Тухайн компанийн түрүү ярьж байгаагаар тавцант чиргүүлийг хайрцагтай болгосон гээд зориулалт өөрчлөгдсөн мэдээллийг тээврийн нэгдсэн системд оруулсан байдаг. Машин тэрэгний торгууль ч юм уу харахад сайтад тухайн компанийн зориулалт өөрчлөгдсөн гээд байгааг тээврийн хэрэгслийг ороод шалгахаар бид нарын үнэлгээнд харгалзаж үзсэн зориулалтаар гарч ирээд байгаа юм. А төвийн мэдээллийг яагаад дурдсан бэ гэхээр зөрүүтэй байгаа ойлголтуудаа гаргаж өгөөч. Яагаад стандартад байхгүй гэж тухайн компанид мэдэгдэл өгчхөөд өнөөдөр хар дээр цагаанаар бичсэн стандарт дээр тухайн нэршил тухайн зориулалтын тээврийн хэрэгсэл гарч ирээд байгаа нь эргэлзээтэй.

Үнэлгээний хорооноос гаргасан мэдэгдэлд оролцогч компани нь Сангийн яаманд хуульд заасны дагуу гомдол гаргасан. Гомдлын дагуу Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэр гаргасан. Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрээр тухайн оролцогч компанийн ирүүлсэн тендер шаардлага хангахгүй байна гэсэн шийдвэр гарсан. Шаардлага нийцэхгүй тендер ирүүлсэн компанитай ерөнхий гэрээ байгуулах боломжгүй. Ирүүлсэн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Сангийн яамны дүгнэлтээр Үнэлгээний хорооны дүгнэлт нь үндэслэлтэй шийдвэр, гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарсан. Үнэлгээний хорооны мэдэгдлийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулах эрхийг даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Э ХК-аас ирүүлсэн 2022 оны 01/ тухай албан бичгийн дагуу газраас “Э хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах”  ажиллагааг зохион байгуулж, тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар Үнэлгээний хороо байгуулж, уг тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/198 дугаар тушаалаар өөрчлөлт оруулжээ.

2. Дээрх тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо нь тендерийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийтэд зарласан байна.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 12.1/ё/-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд:

21. Тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender gov.mn/-ээр  дамжуулан санал болгоно.

Техникийн тодорхойлолт: 21-ээс доошгүй тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Үүний 10-аас доошгүй тээврийн хэрэгсэл нь тухайн компанийн өөрийн эзэмшлийнх байна. Бусад тээврийн хэрэгсэл нь ажил гүйцэтгэх гэрээтэй байж болно” гэж заасныг тендерт оролцогч И******* ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 002 дугаартай албан бичгээр тендерийн баримт бичгийн 5,6 дугаар бүлэгт заасан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж тендерт материалаа ирүүлж, оролцсон байна.

Нэхэмжлэгч компаниас “... манай компанийн тендерт санал болгосон 21 ширхэг чирэгч толгой нь стандарт шаардлагыг хангасан, 42 ширхэг чиргүүл бүгд тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгслүүд бөгөөд техникийн тодорхойлолтод заасан шаардлагын бүрэн хангасан...” гэж, хариуцагч нараас “...нэхэмжлэгч компанийн санал болгосон 42 чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны газрын цахим системээр дамжуулан А-ын цахим мэдээллийн сангаас шалгахад 21 зүтгүүр, 16 тавцант чиргүүл, 26 тэвш чиргүүл байсан 5 тавцант чиргүүл дутуу санал болгож ирүүлсэн нь 4 дүгээр багцын техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй...” гэж маргажээ.

Хавтаст хэрэгт ирүүлсэн А-ын цахим мэдээллийн сангийн лавлагаагаар И******* ХХК-ийн тээврийн хэрэгслийн мэдээлэлд тус компанийн санал болгосон 42 чиргүүлээс 16 нь тавцант чиргүүл гэж бүртгэгдсэн байна.

3. газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* дугаартай мэдэгдлийн тухайд:

3.1 газраас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарласан ТХААГ/ урилгын дугаартай “Э хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” төсөл арга хэмжээний Багц 4: “Тавантолгой-Гашуун сухайт” чингэлэг тээврийн терминал чингэлэг тээвэр /240 км/ үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч И******* ХХК-ийн тендерт санал болгосон 42 чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан А-ыг цахим системээр шалгахад 16 тавцант чиргүүл, 26 тэвш чиргүүл байгаа нь шаардлагад нийцэхгүй байна гэж ирүүлсэн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-“Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчөөгүй байна.

3.2 Учир нь тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг хянаад  хуулийн 27.1.2-д “техникийн тодорхойлолт” гэснийг хангаагүй, Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн /ТОӨЗ/-ийн 12./ё/ Тендер оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд 21-д “тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан санал болгоно”, Техникийн тодорхойлолт нь 21-ээс доошгүй тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Үүний 10-аас доошгүй тээврийн хэрэгсэл нь тухайн компанийн өөрийн эзэмшлийнх байна. Бусад тээврийн хэрэгсэл нь ажил гүйцэтгэх гэрээтэй байж болно” гэснийг зөрчсөн гэж үзсэн байна.

3.3 Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 12.1/ё/-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд: 21 “Тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender gov.mn/-ээр  дамжуулан санал болгоно” гэж заасан байх бөгөөд А төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж, түүнд тавигдах стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох эрх олгож тээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

3.4 Дээрх чиг үүргийн хүрээнд эрх бүхий захиргааны байгууллагын бүртгэлийн системд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг тендер шалгаруулалтад ашигласан хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй бөгөөд шүүхээс эрх бүхий захиргааны байгууллагын цахим системд бүртгэгдсэн бүртгэлийг буруутгах эрхгүй юм.

3.5 Учир нь дээрх эрх бүхий байгууллагын бүртгэлд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг буруу бүртгэгдсэн байна гэж иргэн, хуулийн этгээд үзвэл зөвтгүүлэхээр хүсэлт гаргах, энэ талаарх гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх  эрхтэй байна.

3.6 Мөн Монгол Улсын стандарт: “Ачааны автомашин ба чиргүүлийн хэрэгсэл, Ачааны автомашины чиргүүл ба хагас чиргүүл, Техникийн ерөнхий шаардлага” MNS ISO6889:2020 хавсралтад “Тэвштэй хагас чиргүүл ангилалд эмээлт холбоостой зүтгүүр автомашинд холбож төрөл бүрийн ачаа тээвэрлэдэг хамгийн түгээмэл хагас чиргүүл” гэж зааснаас үзвэл бодит байдал дээрх нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгслүүдийг ачаа тээвэрлэж боломжтой байгаа хэдий ч мэргэжлийн байгууллагын И******* ХХК-ийн тендерт санал болгосон 42 чиргүүлийн  мэдээллийг Худалдан авах ажиллагааны  цахим системээр дамжуулан А-ыг  цахим системд “16 тавцант чиргүүл, 26 тэвш чиргүүл” гэж бүртгэсэн  бүртгэлийг үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

4. газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ТХААГ/ “Э хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” төсөл арга хэмжээний Багц-4: “Тавантолгой-Гашуун сухайт чингэлэг тээврийн терминал чиглэлийн тээвэр /240км/-1 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтийн талаар:

4.1 Дээрх тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 09 цаг 50 минутад хийж,

4.2 Нэхэмжлэгч И******* ХХК-ийн тендер санал болгож ирүүлсэн 68 чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан А-ын цахим системээс шалгахад 42 тэвш чиргүүл, 26 тэвш чиргүүл, 16 тавцант чиргүүл байгаа нь захиалагчийн баталж ирүүлсэн техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг үнэлгээний хороо гаргажээ.

4.3 Тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах тухай журам”,” Ерөнхий гэрээгээр бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийг боловсруулж, Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу үнэлж, И******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.

4.4 Учир нь А-ын цахим  системд нэхэмжлэгч компанийн санал болгож ирүүлсэн чиргүүлийн тоо захиалагчийн шаардсан  техникийн үзүүлэлтэд нийцэхгүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар дээр дүгнэсэн болно.

4.5 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад “Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар дүгнэлтийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч  Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дүгнэлт гаргаж, харин 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай үнэлгээний хорооны тэмдэглэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

4.6 Нэхэмжлэгч уг захиргааны хэрэгт нэмэгдүүлсэн шаардлага гаргаж шүүхээс Үнэлгээний хороог хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хэрэгт Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ц, Б.Ч******* нарыг Т Ц.Б томилсон,

газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар уг тендерийг шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар Л.Л*******г томилж, Л.Л******* нь өөрөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирж тайлбар мэдүүлэг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

4.7 газар болон Үнэлгээний хорооноос захиалагчийн баталж ирүүлсэн техникийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн техникийг хянаж, шалгасан байх бөгөөд хэрэв нэхэмжлэгч компани чиргүүлийг хагас чиргүүл, тавцант чиргүүл гэж ангилах боломжгүй гэж үзэж байсан бол захиалагчийн баталж ирүүлсэн техникийн тодорхойлолттой маргах эрх нь байсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан И******* ХХК-аас газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар дүгнэлтийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ерөнхий гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ