Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Наранхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогч О.Гавъяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа Амины орон сууцны 38/а тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ХП70081317/ Хотгойд овогт Дармаагийн Наранхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725021065 дугаар 185/2017/0317/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Наранхүү 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны хорооллын 38/а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Гавъяатай хувийн таарамжгүй харьцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдан цагаан өнгийн метал бүхий таягаар толгойн тус газар нь цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранхүүгийн: Хохирогч Гавъяа болон манай эхнэр 2015 оноос нууцаар эр эмийн харьцаатай байсан. 2016 онд эхнэр бид 2 салсан. Энэ 2 хамт амьдарч байхдаа байр хөлслөөд хөлсөө өгч чадахгүй эхнэр маань над дээр ирсэн. Хэрэг гардаг өдөр манай эхнэр утсаа алга болгочихлоо гээд гадагшаа гарсан. Би дэлгүүр орохоор гартал урдаас манай эхнэр Осоржин, Гавъяа хоёр хамт явж байсан. Гэтэл манай эхнэр, Гавъяа, Бат-Эрдэнэ, Баярсайхан нар Хийдийн гадаа архи ууна гэхээр нь би гадаа архи уугаад яахав манайд ууя гээд манай гэрт ирсэн. Архиа ууж байгаад Баярсайхан, Бат-Эрдэнэ нар дахиад архинд явсан. Тэгээд би хохирогч Гавъяа болон эхнэр бид гурав унтаад үлдсэн. Бат-Эрдэнийг гарч явах чимээнээр би сэрсэн. Тэгээд хохирогчийг би яахаараа хүн доромжилж байдаг юм гээд хөөж гаргахдаа ийм асуудал болсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийн таягных нь үзүүрээр толгой, зүүн шанаа руу нь цохьсон гэж мэдүүлсэн мэдүүлэг,                            

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч О.Гавъяагийн: Би тухайн өдөр багаж авахаар 100 айл руу явсан. Тухайн үед нэг настай ах тааралдаад 1 шил архи авч өгөөч гэхээр нь 1 шил архи авч өгсөн. Тэгээд замдаа Осоржинтэй тааралдаад архиа уусан. Дахиад 1 шил архи аваад явж байхад Баярсайхан, Наранхүү нартай таарсан. Осоржав бид нар 1 шил архитай, Баярсайхан, Наранхүү нар 1 шил архитай бид нар Наранхүүгийн гэрт очиж нөгөө архиа ууцгаасан. Сүүлд нь Баяраа нэг залуутай хамт явж дахиж 1 шил архи авчирсан. Удалгүй бүгдээрээ согтоод тасарцгаасан. Наранхүү намайг одоо харь гээд татаад сэрээсэн. Гараад хашаанд байж байхад толгой руу тас хийгээд явсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Гэртээ яаж харьснаа ч мэдээгүй. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Ээж маань сахиж байсан. Толгойны хагалгаанд орсон гэсэн. Миний гавлын яснаас яс авсан гэсэн. Эмнэлэгт 11 хоноод гарсан. Яс нөхөх хагалгаанд 3 сарын дараа орно гэсэн. Одоог хүртэл үзүүлж амжаагүй байна. Одоо шүүгдэгчид гомдол саналгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс хохирогч О.Гавъяагийн: ...би Наранхүүгийн эхнэр Осоржинтой хамт амьдарч байгаад салсан юм. Тэгээд Наранхүү, Осоржин хоёр буцаж суусан. Тэгээд архи уухаараа намайг дууддаг ба би очоод хамт архи уудаг. Согтохоороо намайг өмнө нь 2 удаа зодож байсан. Хэрэг гардаг өдөр Наранхүү бид хоёр юунаас болж маргалдсан болохыг мэдэхгүй байна. Харин Наранхүү намайг зодож байхыг бол санаад байгаа юм, …Намайг Наранхүү ямар нэгэн зүйлээр цохиж, би ухаан алдсан. …Би гомдолтой байна, шүүх хуралд оролцоно. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-21, 103-104/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Осоржингийн: …Би өөрийн нөхөр Наранхүүгийн талаар мэдүүлэг өгнө. Манай нөхөр Наранхүү бид хоёр 1992 онд гэрлэж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Тэгээд 2016 оны 07 дугаар сард бид хоёр салаад би энэ хугацаанд Гавъяатай амьдарч байгаад 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Наранхүүтэй нийлж хамт амьдарсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарахад нөхөр Наранхүү гэртээ үлдсэн. Тэгээд би Гавъяагийн гэрт очиж дуудаад бид хоёр Дамбадаржаагийн эцэст байрлах дэлгүүр орж би 1 шил 0.5 литрийн Монгол стандарт архи аваад дэлгүүрээс гарч Цогоо өвөөтэй хамт архи уусан. Тэгээд Гавъяа мөнгө олоод дахин 0.75 литрийн “Найрсаг” хэмээх нэртэй архи дэлгүүрээс гартал манай нөхөр Наранхүү, Баяраа гэх залуутай хамт дэлгүүрээс архи авч гарч ирээд бид хоёртой тааралдсан. Тэгээд Наранхүү, Гавъяа, Баяраа, Бат-Эрдэнэ бид нар манай гэрт очиж 2 шил архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад Наранхүү, Баяраа, Бат-Эрдэнэ 3 гарч дахин 1 шил архи авч ирсэн. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь намайг 2 цагдаа ирээд намайг бариад авсан. Намайг ухаантай байхад л лав маргалдаж зодолдсон асуудал байхгүй, унтсан хойгуур юу болсон талаар мэдэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Баярсайханы: ...би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед найз Бат-Эрдэнэтэй хамт пиво ууж явж байгаад Гавъяа, Наранхүү, Осоржин гуравтай Дамбын эцэст “Намуунзул” нэртэй дэлгүүрт тааралдаж би 1 шил, нөгөө хэд 1 шил нийт 2 шил архи авч Наранхүүгийн гэрт ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж ууцгаасан ба 14 цагийн үед Оожоо /Осоржин/ нь Бат-Эрдэнэ бид хоёрыг та хоёр одоо яв гээд хөөсөн. Тэгээд бид хоёр гараад явсан. Бид нарыг архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Насандэлгэрийн: ...надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүрэнхий болж байхад Гавъяа орж ирээд хоол идээд унтаад өгсөн. Өглөө нь 06 цагийн үед босохгүй байхаар нь татаад үзтэл бие нь их муу байх шиг байсан тул эмч дуудаад үзүүлтэл бие нь муу байна гээд эмнэлэг авч явсан. Надад хэн нэгэнд зодуулсан талаар хэлээгүй. Эмнэлэг дээр очоод үсийг нь хусахад толгой нь баруун талдаа нилээд том цус хурсан байна гэж эмч нь надад хэлж байсан. Гэртээ ирэхдээ ганцаараа ирсэн бөгөөд таяг нь мурийсан байсан. Сүүлд нь эмнэлэг дээр байхад тэгшилсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бадамын: ...Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйлгүй, мэдүүлэг өгнө. …Манай хүү Наранхүү нь их зөөлөн даруу зантай хүүхэд байгаа юм. Манай хүү Наранхүү архи бага зэрэг уудаг. Миний хүү ийм юм хийх хүн биш ээ, муу хүмүүстэй нийлж ийм зүйл боллоо гэж бодож байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-59/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн: ...Тархины баруун тал бөмбөлгийн доорх цусан хураа субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хөнгөн цагаан таягаар цохиулахад үүсэх бүрэн боломжтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,

 

Д.Наранхүүгийн яллагдагчаар: ...сэртэл Гавъяа миний орон дээр, нөгөө орон дээр Баяраа, доод талын орон дээр би эхнэр Осоржингийн хамт унтаж байсан. Тэгээд би босоод Гавъяаг сэрээгээд манай гэр орныг битгий доромжлоод бай, одоо манай гэрээс зайл, намайг ингэж хэлсэн гээд чи намайг таягаараа цохиж ал гэж хэлчихээд Гавъяагийн барьж байсан таягны бөгс хэсгээр толгойн тус газар нь 2 удаа цохьсон. ...Намайг Гавъяагийн толгойн хэсэг рүү таягаар цохисны дараа толгойн баруун талын хуйхнаас нь цус шүүрч байсан. Би уг гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-42, 47, 101-102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6676 тоот:

1.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.-д зааснаар

4. //,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-15/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-16/, О.Гавъяагийн өвчний түүхийн хуулбар /хх-64-80/, зарлагын баримтууд /хх-81-83/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Д.Наранхүү 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны хорооллын 38/а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Гавъяатай хувийн таарамжгүй харьцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдан цагаан өнгийн метал бүхий таягаар толгойн тус газар нь цохиж учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн хохирогч, шинжээч эмч Н.Энхцолмонгийн: Тархины баруун тал бөмбөлгийн доорх цусан хураа субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хөнгөн цагаан таягаар цохиулахад үүсэх бүрэн боломжтой... гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6676 тоот дүгнэлтэд: 1. О.Гавъяагийн биед тархи доргилт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэснээр тус тус нотлогдов. Иймд шүүгдэгч Д.Наранхүүг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Наранхүү ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-51/ нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Наранхүү тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Гавъяа гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч О.Гавъяа шүүгдэгч Д.Наранхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Наранхүүгээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хөнгөн цагаан металлаар хийгдсэн 2 ширхэг суга таягийг хохирогч О.Гавъяа буцаан авахыг хүссэн тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дармаагийн Наранхүүг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Дармаагийн Наранхүүг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Д.Наранхүүд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Наранхүүгийн цагдан хоригдсон 75 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  5. Хохирогч О.Гавъяа гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Наранхүүгээс нэхэмжлэх эрхтэй.
  6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Гавъяад буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Д.Наранхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Наранхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                            

                          

  

    

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ