Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор П.Ганбаатар,

          Шүүгдэгч Д.Н  /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Н д холбогдох эрүүгийн 2017 2502 1065 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хотгойд овгийн Дармаагийн Наранхүү, 1970 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн амины орон сууцны 38/А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ХП70081317/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Д.Н  нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Амины орон сууцны хорооллын 38/А тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Г тай хувийн таарамжгүй харьцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдан цагаан өнгийн метал бүхий таягаар толгойн тус газар нь цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Н г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н гийн цагдан хоригдсон 75 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогч О.Г  гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Н гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Г д буцаан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Н гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Н  нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Түүнчлэн Д.Н гийн гэр бүлийн байдал нэн ядуу, төрсөн эцэг Дармаа нь 85 настай, эх нь 87 настай биеийн байдал муу, эмнэлгийн хяналтад байдаг. Д.Н гээс өөрөөр асран хамгаалагч байдаггүй, амьдралын хүнд нөхцөлд байдаг нь засаг захиргааны тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Д.Н  нь хэрэгт холбогдохоосоо өмнө хувиараа таксинд явж амьдралын эх үүсвэртэй, орлоготой байсан. Иймд ар гэрийн байдал, асран хамгаалагчгүй  өндөр настай эцэг, эх нарын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэв.

 

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт авагдсан мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудад үндэслэж хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох болон хорих ял оногдуулах 2 төрлийн санкцтай. Торгох ялыг мөрдөн байцаалтын шатанд цугларсан шүүгдэгч, түүний хувийн байдлыг тодруулсан баримтуудыг судалж торгуулийн ял оногдуулах боломжгүй, биелэгдэх боломжгүй байна гэсэн нөхцөл байдалд хүрээд шүүх хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Н  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Н  нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Амины орон сууцны хорооллын 38/А тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Г тай хувийн таарамжгүй харьцаа буюу түүнийг эхнэр Э.Осоржинтай  хардан маргалдаж, цагаан өнгийн метал бүхий таягаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Г гийн мэдүүлсэн “... Э.Осоржинтай тааралдаад архи уусан. Дахиад 1 шил архи аваад явж байхад Баярсайхан, Наранхүү нартай таарсан. Осоржин бид нар 1 шил архитай, Баярсайхан, Наранхүү нар 1 шил архитай бид нар Наранхүүгийн гэрт очиж нөгөө архиа ууцгаасан. Сүүлд нь Баяраа нэг залуутай хамт явж дахиж 1 шил архи авчирсан. Удалгүй бүгдээрээ согтоод тасарцгаасан. Наранхүү намайг одоо харь гээд татаад сэрээсэн. Гараад хашаанд байж байхад толгой руу тас хийгээд явсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Гэртээ яаж харьснаа мэдээгүй. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Эх маань сахиж байсан. Толгойны хагалгаанд орсон гэсэн, Наранхүү намайг таягаар цохисон гэсэн, би сайн мэдэхгүй байна ...” /хх-18-20, 21, 103-104/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Осоржингийн мэдүүлсэн: “… Манай нөхөр Наранхүү бид хоёр 1992 онд гэрлэж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Тэгээд 2016 оны 7 дугаар сард бид хоёр салаад би энэ хугацаанд О.Г тай амьдарч байгаад 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Д.Н тэй нийлж хамт амьдарсан. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарахад нөхөр Наранхүү гэртээ үлдсэн. Тэгээд би О.Г гийн гэрт очиж дуудаад бид хоёр Дамбадаржаагийн эцэст байрлах дэлгүүр орж би 1 шил 0.5 литрийн “Монгол стандарт” архи аваад дэлгүүрээс гарч Цогоо өвөөтэй хамт архи уусан. Тэгээд О.Г  мөнгө олоод дахин 0.75 литрийн “Найрсаг” хэмээх нэртэй архи дэлгүүрээс аваад гартал манай нөхөр Д.Н , Баяраа гэх залуутай хамт дэлгүүрээс архи авч гарч ирээд бид хоёртой тааралдсан. Тэгээд Д.Н , О.Г , Баяраа, Бат-Эрдэнэ бид нар манай гэрт очиж 2 шил архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад Д.Н , Баяраа, Бат-Эрдэнэ 3 гарч дахин 1 шил архи авч ирсэн. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь 2 цагдаа ирээд намайг бариад авсан. Намайг ухаантай байхад лав маргалдаж зодолдсон асуудал байхгүй, унтсан хойгуур юу болсон талаар мэдэхгүй ...” /хх-22-23/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баярсайханы мэдүүлсэн: “... би 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед найз Бат-Эрдэнэтэй хамт пиво ууж явж байгаад О.Г , Д.Н , Э.Осоржин гуравтай Дамбын эцэст “Намуунзул” нэртэй дэлгүүрт тааралдаж би 1 шил, нөгөө хэд 1 шил, нийт 2 шил архи авч Д.Н гийн гэрт ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж ууцгаасан ба 14 цагийн үед Оожоо /Осоржин/ нь Бат-Эрдэнэ бид хоёрыг “та хоёр одоо яв” гээд хөөсөн. Тэгээд бид хоёр гараад явсан. Бид нарыг архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй ...” /хх-24-25/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Насандэлгэрийн мэдүүлсэн: “... 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүрэнхий болж байхад О.Г  орж ирээд хоол идээд унтаад өгсөн. Өглөө нь 06 цагийн үед босохгүй байхаар нь татаад үзтэл бие нь их муу байх шиг байсан тул эмч дуудаад үзүүлтэл бие нь муу байна гээд эмнэлэг авч явсан. Надад хэн нэгэнд зодуулсан талаар хэлээгүй. Эмнэлэг дээр очоод үсийг нь хусахад толгойн баруун талдаа нилээд том цус хурсан байна гэж эмч нь надад хэлж байсан. Гэртээ ирэхдээ ганцаараа ирсэн бөгөөд таяг нь мурийсан байсан. Сүүлд нь эмнэлэг дээр байхад тэгшилсэн ...” /хх-26-27/,

 

мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлсэн: “... Тархины баруун тал бөмбөлгийн доорх цусан хураа субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хөнгөн цагаан таягаар цохиулахад үүсэх бүрэн боломжтой ...” /хх-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... О.Г гийн биед тархи доргилт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, баруун бугалга, зүүн шууны цус харвалт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...” гэсэн 6676 тоот шинжээчийн дүгнэлт /хх-28-29/,

 

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 7-9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-16/, эд мөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15, 17/, хохирогч О.Г гийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-63-80/, хохирлын баримтууд /хх-81-83/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-129/, Д.Н гийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Н гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

 

Мөн шүүх, шүүгдэгч Д.Н г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Г  гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Н гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “... шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу торгох ялаар шийтгэж өгнө үү ...” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ялыг сонгож хэрэглэсэн, шүүгдэгч Д.Н гийн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг арилаагүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнээд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ