Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ2023/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М ,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн албан тушаалаас огцруулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2.  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

1.3. ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 9 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

1.4. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол,

1.5. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

1.6. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “...ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс сумын Засаг дарга*******ийг огцруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасныг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн.

2.2. Мөн хуралдаанаар сумын Засаг даргаар ажиллаж байсан******* нь авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр сумын засаг даргаас огцруулах тухай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/05 дугаартай тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар*******ийг ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

        

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1975 оны 10 сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1992 онд 8-р ангиа цэцэг сумын дунд сургуулийг дүүргэж, 1994 онд 10-р ангиа Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуульд дүүргэсэн. Улаанбаатар хот Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1997 онд нябо эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2001-2006 онд ******* сумын Хаан банкны эрхлэгчээр, 2008-2010 онд ******* сумын ИТХ-ын даргаар, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* сумын Засаг даргаар 2 удаа сонгогдон ажилласан.

            Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 12 дугаартай захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож баталж, хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо судалгаа, хурлаас гарах шийдвэрийн төслийг хавсаргаж төлөөлөгч нарт хүргүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж хуульчилжээ. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын эрэмбэд оруулж хэлэлцүүлэх санал гаргаагүй, оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаагүй, хуралдаан болохоос 2 өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараахгүйгээр Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар намайг албан тушаалаас огцруулж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар*******ыг ******* сумын Засаг даргаар томилсон.

Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”,  24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заажээ.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай "******* сумын Засаг даргыг огцруулах тухай" захирамжаар тус тус 2 удаа намайг Цэцэг сумын Засаг даргын ажил албан тушаалаас огцруулсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “Хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих эрхийг хэрэгжүүлэх”-ээр заасан хэдий ч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол гаргаж, нэхэмжлэгч******* миний субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

            3.2. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лхагвапүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны байнгын дэгийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгон гэж заасан байдаг. 2022 оны 10-р сарын 26-ны ээлжит 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал батлах явцад төлөөлөгч*******аас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Нямдоржийг огцруулах тухай, төлөөлөгч Б.Лхагвапүрэвээс сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх асуудалд нэмж оруулж батлуулах тухай санал гаргасныг төлөөлөгчдөөс санал хураахад Засаг дарга, хурлын дарга нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг 14 төлөөлөгч дэмжиж, 4 төлөөлөгч эсэргүүцсэн. Төлөөлөгчдийн олонхын саналаар тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд Засаг даргын огцруулах асуудлыг нэмж баталсан бөгөөд хурлын дарга Г.Нямдорж би өөрт хамаарах асуудлаар хуралдаан даргалахгүй, Б.Одонбаярыг хурал даргалагчаар сонгож байна гэж хэлж хуралдаан даргалагчаар Б.Одонбаярыг сонгосон.

Төлөөлөгч******* Монгол ардын намын бүлгийн зүгээс завсарлага авах санал гарган олонхын саналаар 15 минутын завсарлага авч гарч явсан. Монгол ардын намын бүлгийн завсарлага дуусаад орж ирэхэд Засаг дарга*******, хуралдаанд эргэж орж ирээгүй. Хурлын дарга Г.Нямдорж хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хурал даргалагчаар Б.Одонбаярыг сонгосон байсан тул хурал цааш нь үргэлжилсэн.

үХэлэлцэх асуудлыг бид төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан.*******, Г.Нямдорж нар нь 2020 оноос хойш Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 12-р сарын 20-ны өдөр болсон ээлжит дөрөвдүгээр хуралдаан, 2023 оны 3-р сарын 31-ны өдөр болсон ээлжит тавдугаар хуралдаан дээр тус тус сумын Засаг даргыг огцруулах тухай албан шаардлага ирүүлж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс тухайн шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид хуралдаанд оролцохгүй хэмээн гарч явсан. Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид ч мөн адил Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчидтэй ижил саналтай байсан. Аймгийн намын хорооноос ажлаа өг гэж удаа дараа шаардаж байсан. Гэвч шаардлагыг хүлээн авч хэлэлцэх асуудалд оруулалгүй явсаар 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн.

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудын дагуу төлөөлөгчид саналаа гаргаж санал хураалган олонхын саналаар дээрх асуудлуудыг хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.3. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэслэл нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "дээд шатны Засаг дарга дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна" гээд 64 дүгээр зүйлийн 64.2.3-д "энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан" бол гэж заасан байдаг. Засаг дарга дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-д заасан "Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн" эсэхийг дүгнэх эрх нь хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байдаг.

Нэгэнт энэ эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдон тухайн хурлаас хуульд заасны дагуу сумын Засаг даргыг огцруулах саналаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай тогтоолоор ирүүлсэн тул ******* сумын засаг дарга*******ийг огцруулсан. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

            3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ны өдрийн Б/34 дугаартай ******* сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...тус захирамж хууль нийцээгүй” гэсэн байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аливаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан байдаг. Энэ нь аль ч шатны Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг дарга нь ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, бодид байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй гэх зэрэг зүйлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлд тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын эрх хэмжээг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан байдаг.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас*******ийг огцруулах тухай тогтоолыг санал хүргүүлэх тухай албан тоотын хамт Ховд аймгийн Засаг даргад ирүүлсэн байсан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлийн “...35.1.7 хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж заасан байх тул тухайн шатны хурлын бүрэн эрхийн хүрээнд Засаг даргыг огцруулах тухай саналыг хүргүүлсэн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 65.1, 64.2.3-т зааснаар зохих шатны хурлаас санал ирсэн бол түүнийг огцруулна гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан огцлуулах эсэх талаар аймгийн Засаг дарга шийдвэр гаргана гэсэн зүйл байхгүй. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан Засаг даргыг огцруулах тухай шийдвэрт Засаг дарга хориг тавихгүй эрх хэмжээ байдаггүй.

Иймээс Ховд аймгийн Засаг даргын*******ийг огцруулах тухай захирамж хууль зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар******* даргыг огцруулах тухай шийдвэрийг миний бие өөрийн биеэр түүнд гар утсаар нь мэдэгдсэн. Энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх.

Б.Ганбаярыг ******* сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамж нь******* гэх хүнтэй хамааралгүй. ....ыг томилсон захирамжийг хүчингүй болгуулах эрх хэмжээ*******т байхгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Хэрэв Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд бидний зүгээс захирамжийг зөвтгөх боломжтой гэдгийг хэлье. Хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

            3.5. Гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан тайлбартаа:*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох надад холбогдох 3,4,5 дугаар шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар захирамжаар "Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/01 дугаар "Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай" тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дугаар хэсэг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Сумын Засаг даргад*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" хуралдааны тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/36 дугаартай "....ыг ажилд томилох тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага нь хууль, журмын дагуу гарсан захиргааны актууд бөгөөд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд олонхын саналаар шийдвэрлэсэн.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан "Сумын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" шийдвэр нь хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр бөгөөд Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн хуралдаанаас хойш гарсан захиргааны акт юм. Тухайн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан болно.

Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт “...хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т “...Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэх үндэслэлээр засаг даргын огцруулахаар хуульд заасан. Энэхүү үндэслэл тогтоогдоогүй.

2021 оны 12 дугаар сард болсон ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит хуралдаанаар ******* сумын Засаг даргын үйл ажиллагааны биелэлт, тайланг хэлэлцэж хангалттай сайн буюу 92.5 хувь гэж дүгнэсэн. Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр сум байгууллагуудыг ажлыг үнэлж байр эзлүүлдэг ба 2021 онд ******* сум тэргүүн байранд орж шилдэг сумаар шалгарч байсан. Үүнээс үзэхэд Засаг дарга******* нь хангалтгүй ажилласан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Гэтэл ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тооллогын комиссын тогтоолыг үндэслэн*******ийг Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”  47.2-т “энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдээгүй. Засаг дарга******* нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсан. Ховд аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар 65.1-т зааснаар*******т хариуцлага тооцож захирамж гаргасан зүйл байхгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэмт буруутайд тооцохгүй гэж заасан байтал гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр шүүхийн өмнөөс гэм буруутайд тооцсон мэт шийдвэр гаргаж*******ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хуралд санал оруулах эрхтэй хэдий ч тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тооцоо, судалгааг шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Үүнийг мэдэгдээгүй тохиолдолд хэлэлцүүлэхгүй байх хуульд заасан. Энэ нь ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдааны урилгаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийн дагуу*******ийг огцруулах санал оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан  шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, өмгөөлөгчийн хамт, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг ирсэн, хариуцагч ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гуравдагч этгээд*******, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “....ын ажилд томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

4.1. Нэхэмжлэгч албан тушаалаас үндэслэлгүйгээр огцруулсан нутгийн өөрийн удирдлага болон захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргаж, зөрчигдсөн гэх хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандах боломжтой. Захиргааны үйл ажиллагаа гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т зааснаар захиргааны акт хамаарахаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэдгийг тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэрийг ойлгохоор заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг ойлгохоор заасан тул ******* сумын Хурал нь захиргааны байгууллага, гаргасан захирамжилсан гадагш чиглэсэн шийдвэр нь захиргааны актад хамаарахаар байна.

 Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан тогтоол нь хуралдааны зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн дотогш чиглэсэн агуулгатай, актын үйлчлэл нь нэхэмжлэгчид чиглэсэн шууд эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, түүний эрхийг хязгаарласан, хориглосон шинжгүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “…нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.    

4. 2. Гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Сумын Хурлын тогтоол, түүнийг томилсон аймгийн Засаг даргын захирамжийн тухайд нэхэмжлэгч маргах эрхгүй этгээд гэж үзнэ. Нэхэмжлэгчийг огцруулсан захиргааны акт түүний субъектив эрхэд шууд халдсан тул зөрчигдсөн эрхийн талаар маргах эрхтэй. Харин түүнээс хойш тухайн ажил, албан тушаалтай холбоотой захиргааны үйл ажиллагаатай маргах эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үйл баримтын тухайд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг шүүхээс тогтоосноор маргаан бүхий актын үйлчлэл хамаарах учраас маргаан бүхий үйл баримтад хамаарахгүй асуудлаар маргах шаардлагагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хурлын төлөөлөгчийн хувиар гуравдагч этгээдийг сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаанд оролцоогүй атлаа хуралдаанаас гарсан тогтоолын талаар маргах үндэслэлгүй. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “….. нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн  “Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/8 дугаар “Сумын Засаг даргад*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” хуралдааны тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай “....ыг ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.    

4.3. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/шт2022/1058 тогтоолоор дээрх нэхэмжлэлийн 3 шаардлагыг хүлээн авах нь "нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай харилцан уялдаа, хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж дүгнэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй нь тогтоогдсон, гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилуулах саналыг хэлэлцсэн сумын Хурлын хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй болох талаар тайлбарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай "******* сумын Засаг даргыг огцруулах тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:        

Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр албан тушаалаас огцруулсан гэж,  хариуцагч сумын Хурлаас олонхын саналаар шийдвэрлэсэн гэж, хариуцагч аймгийн Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сумын Хурлын тогтоолыг үндэслэн огцруулах захирамжийг гаргасан гэж тус тус тайлбарлан маргана.

6. Нэхэмжлэгчээс маргах үндэслэлдээ “... 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан хууль бус, сумын засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж, хуралдаан болохоос 2 хоногийн өмнө  төлөөлөгч нарт танилцуулаагүй...” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар Хурлын дарга нь ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт сумын соёлын төвд хуралдуулахаар товлон зарласныг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр захирамжаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас Хүндэтгэлийн өргөөнд хуралдуулахаар хуралдааны товыг өөрчлөн тогтоож, 12 дугаар захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 121 дэх талд/  хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, баталжээ. 7 асуудлыг хэлэлцэхээр баталснаас сумын Засаг даргатай холбоотой асуудал байхгүй ба энэ нь хурлын төлөөлөгчдөд тараасан урилгад /1 дэх хавтаст хэргийн 118 дахь талд/ мөн адил бичигдсэн байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

7. Сумын Хурлын Ээлжит 6-р хуралдааныг 18 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 85.7 хувийн ирцтэйгээр нээж, хэлэлцэх асуудлыг  танилцуулсны дараа төлөөлөгч Б.Лхагвапүрэвээс Хурлын дарга, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулах санал гаргасныг Хурлын дарга хүлээн авч санал хураалгаснаар хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн 77.8 хувийн саналаар хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн болох нь хуралдааны тэмдэглэлд /1 дэх хавтаст хэргийн 132 дахь талд/ тусгагдсан байх  6/01 тогтоолын 2 дугаар хавсралтаар баталжээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-д “... Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” 48 дугаар зүйлийн 48.1-*д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”гэж, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан хурлын хуралдааны байнгын дэгийн 3.1-д “Хуралдаан хууль дээдлэх, асуултыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн асуудлыг хүндэтгэн сонсож, олохын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.”, 6.1-д “Хурлын төлөөлөгч, нам, эвслийн бүлэг, Сумын Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 9.4-д “Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, хуралдааны дэгийн зохицуулалтаас үзэхэд Хурлын төлөөлөгч хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал оруулах эрхтэй байх ч уг асуудлыг хэлэлцэх шаардлага, үндэслэлээ тайлбарлах улмаар хэлэлцэх асуудалд оруулж баталсан бол холбогдох баримт, судалгааг төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж танилцуулахаар байна.

8. Хэлэлцэх асуудлын жагсаалтанд ороогүй, хуралдаан дээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцэхдээ ч 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. гэсэн заалтыг мөн адил мөрдөх учиртай. 

Иймд нэр бүхий хурлын төлөөлөгчөөс хуралдаанаар сумын засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал оруулсныг олонхын саналаар дэмжиж хэлэлцэхээр болсныг буруутгах үндэслэлгүй. Харин хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг асуудлыг хэлэлцэхтэй холбоотой санал гаргасан төлөөлөгчийн МАН-ын бүлэг завсарлага авсан байх ба бүлэг дээр огцруулах үндэслэлээ ярилцаж холбогдох баримт судалгааг гаргаж өгөх эсхүл хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах боломжтой байсан. 

            9. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох, Засаг даргад хариуцлага тооцох үндэслэл тус бүрийг ялгамжтайгаар хуульд зохицуулсан байх ба манай тохиолдолд хурлаас огцруулах санал гаргаснаар дээд шатны Засаг дарга огцруулах захирамж гаргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.3энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан; 65 дугаар зүйлийн 65.1-д Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: 65.1.1. Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн; 65.1.2. нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн; гэж тус тус заасан.

Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг даргад санал тавих эрхтэй ч үндэслэл нь хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн эсхүл хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн 2 тохиолдол байна.

10. Засаг даргыг хуульд заасан чиг үүрэг болон Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн эсэхийг тогтоохдоо хуралдаанаар асуудлыг холбогдох баримт, судалгаа тооцоонд үндэслэн авч хэлэлцэж, Засаг даргаас асууж, тодруулж тайлбар авах зэрэг ажиллагааг хийснээр хамтын шийдвэр гаргах зарчмаар төлөөлөгчдийн санал хурааж шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл Засаг дарга ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэл болж байгаа нь тодорхой, бодит нөхцөлд нийцсэн байх төдийгүй холбогдох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Тухайн хуралд оролцсон төлөөлөгчдөөс авсан гэрчийн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэж үзвэл хуралдаанаар сумын Засаг даргыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй атлаа “авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдохоор ажил нь явахгүй байна” гэх тодорхой бус  шалтгаанаар огцруулахыг олонхи нь буюу хуралд оролцсон 15 төлөөлөгчийн 14 /93.3%/ нь дэмжсэн байх ба огцруулах тогтоолдоо энэ үндэслэлээ дурджээ.

  11. Сумын Хурал дахь Ардчилсан намын Засаг даргыг огцруулахаар удаа дараа албан шаардлагыг хүргүүлж байсан гэх ч тухайн хурал дээр асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргаагүй байна.

12. Нэхэмжлэгч нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, одоо хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Нийслэлийн Прокурорын газраас холбогдох баримтыг ирүүлсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 220-225 дахь талд/

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-дДээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.” гэж зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг огцруулах саналын үндэслэлийг хянаж үзэж хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ. Харин Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар дээд шатны Засаг дарга өөрийн санаачлагаар доод шатны Засаг даргыг огцруулах эрхтэй байна. 

14. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “... Дээд шатны Засаг дарга энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана...” гэж заасан тул сумын Хурлаас Засаг даргыг огцруулах саналын аймгийн Засаг даргад хүргүүлэх байтал ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай тогтоолоор Засаг дарга*******ийг огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус.

15. Иймд ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар сумын засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй, огцруулах үндэслэлд хамаарахгүй асуудлаар огцруулах санал гаргасан зэрэг холбогдох хууль тогтоомж, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч*******ийг ******* сумын Засаг даргаас огцруулсан үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэв. 

16. Нэхэмжлэгч*******ийг ******* сумын Засаг даргаас огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдааны үйл ажиллагаа, хуралдаанаас гарсан тогтоол нь хууль бус болох нь тогтоогдож байх ту лүүний улмаас  нэхэмжлэгчийн ажил  хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөн гэж дүгнэж, Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол, түүнийг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай "******* сумын Засаг даргыг огцруулах тухай" захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч*******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 17. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар  сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгав.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хангасантай хологдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5,  109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “....ын ажилд томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгуулахшаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 ,64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга*******ийг огцруулах тухай" тогтоол,  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай "******* сумын Засаг даргыг огцруулах тухай" захирамжийг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,  нэхэмжлэгч*******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар  сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ