Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2016/01213

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2016/01213

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, өөрийн байранд оршин байгаа, Х ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, хороо, .. байр, 44 тоот хаягт оршин суух, Х овогт Э.А /рд:НЭ78090870/-т холбогдох,

 

Санхүүгийн түрээсийн төлбөрт 30,606,180 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31,122,000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23,376,945 төгрөг, нийт 54,498,945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т , хариуцагчийн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч М.А эг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь 2011 оны 3 сарын 17-ны өдөр манай компанитай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж БНХАУ-д 2010 онд үйлдвэрлэгдсэн 82,500 ам.долларын үнэ бүхий Bieben маркийн эмээлт чирэгч, чиргүүлийг 36 сарын хугацаатай түрээсээр авсан. Иргэн Э.А нь гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан түрээсийн төлбөрийг бүрэн бус хэмжээгээр хугацаа хоцроон 2012 оны 6 сар хүртэл төлж байсан бөгөөд энэ хугацаанаас хойш түрээсийн төлбөрийг төлөлгүй төлбөр төлөх хугацааг 258 хоногоор хэтрүүлсэн учраас манай компани 2013 оны 4 сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан. Иргэн Э.А нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2012 оны 6 сараас түрээсийн зүйлийг хураан авах өдөр буюу 2013 оны 4 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн үндсэн төлбөрт 17,793,015 төгрөг, түрээсийн хүүгийн төлбөрт 9,156,856 төгрөг, алдангид 3,656,309 төгрөг, нийт 30,606,180 төгрөгийг төлөх ёстой байсан. Иймд иргэн Э.Ааас санхүүгийн түрээсийн төлбөрт 30,606,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хас лизингтэй 2011 оны 3 сарын 17-ны өдөр 36 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж авто машин, чиргүүлийн хамт түрээсэлсэн. Сарын түрээсийн төлбөр 2,800,000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан. Т ХХК-ийн нүүрсний уурхай 2012 оны 4 сараас үйл ажиллагаа нь зогссон тул миний ажил мөн зогсонги байдалд орж ямар ч орлогогүй болсон. Хэдий ийм байсан ч би тасралтгүй 18 сар зээлийн төлбөрөө хугацаандаа төлж байсан. Миний бие уурхайн үйл ажиллагаа зогсож орлогын эх үүсвэргүй болсон талаар Х ХХК-ийн эдийн засагч Энхмэндийн утас руу залгаж мэдэгдэж, зээлийн төлбөрийг түр хугацаанд зогсоож өгнө үү гэхэд өөрт байгаа хуримтлалаасаа төлбөрөө төлөөд түр явж бай гэж зөвлөсөн. Би өөрт байсан бүх мөнгөө, өөрийн тээврийн хэрэгслээ худалдан борлуулсан мөнгөө нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт төлж байсан. Би уурхайн ажил эхлэхээр төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгчээс жил бүр автомашин шалгадаг юм. 2013 оны 4 сарын 05-ны өдөр Х ХХК-иас 2 ажилтан Таван толгойн уурхайд очиж машиныг чинь шалгая гэж хэлээд намайг дагуулан очиж хөрөнгийг хураасан. 2013 оны 6 сарын 01-ний өдрөөс уурхайн ажил эхлээд би 2013 оны 6 сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслээ авах гээд нэхэмжлэгч компани дээр очиход Санхүүгийн түрээсэн гэрээ хаагдсан гээд тус өдрөөр огноологдсон 375 дугаартай албан бичиг өгсөн. Ажиллагаа зогссон талаар мэдэгдсээр байхад тээврийн хэрэгслийг хураан авснаараа миний ажил, ашиг орлого олох боломж, эх үүсвэрийг нэхэмжлэгч тал өөрсдөө хаасан тул төлбөрөө төлөх боломжгүй болсон. Тухайн Bieben маркийн 82,500 ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнэ болох 38,0 орчим сая төгрөгийг би бэлнээр төлж тус тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдээс нэхэмжлэгч худалдсан авсан тул дээрх хөрөнгийн өөрийн зарцуулсан төлбөрийн үнийн дүнгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч нь олох ёстой байсан ашиг орлогоороо их хэмжээгээр хохирсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь 2011 оны 3 сарын 17-ны өдөр Х ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ-г 36 сарын хугацаатай, урьдчилгаа 36,000,000 төгрөгийг төлөн байгуулж, тус гэрээний зүйл болох хүнд даацын автомашиныг түрээслэн, түрээсийн төлбөр болон машины үндсэн төлбөрийг 2012 оны 6 сар хүртэл төлж, нийт төлөх ёстой төлбөрөөс 14,847,051 төгрөг төлөгдөх дутуу үлдсэн байхад Х ХХК нь 2013 оны 4 сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох хүнд даацын автомашиныг Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчин түрээслэгч талд дахин буцаан өгөхгүйгээр бүрмөсөн хураан авсан. Ийнхүү бүрмөсөн хураан авахдаа Э.Аыг 258 хоног төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэдэг бөгөөд энэхүү үндэслэл нь дараах тайлбар баримтаар үндэслэлгүй болно. Учир нь 2012 оны 4 сард Э.Аын тус түрээсийн зүйлээр үйл ажиллагаа явуулах гэрээт компани болох Т ХХК нь үйл ажиллагаагаа зогсоон түр зогсолт хийсэн бөгөөд үүнээс улбаалан Э.Аын ажил ч мөн зогсож, ямар ч ашиг орлогогүй болж ирсэн. Ийнхүү гэрээт компанийн үйл ажиллагаа зогсож, орлогын ямар ч эх үүсвэргүй болсон талаараа Х ХХК-ийн эдийн засагч н.Энхмэндэд утсаар холбогдон хэлж, Санхүүгийн түрээсийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар түр хураан авч, хураан авсан нөхцөл арилсан үед буцаан өгөх талаар хэлж, түрээсийн зүйлийг хураалган түрээсийн төлбөрийг түр зогсоож өгнө үү гэхэд өөрт байгаа хуримтлалаасаа төлбөрөө төлөөд түр явж бай гэж зөвлөсөн байдаг. Ийнхүү хэлсний дагуу гэрээний төлбөрийг өөрийн хуримтлалаасаа 6 сар төлсөн бөгөөд цаашдаа хуримтлал гэх зүйлгүй болж, орлогын эх үүсвэргүй зэргээс 2013 оны 9 сараас эхлэн Санхүүгийн түрээсийн гэрээ-ний төлбөрийг төлж чадахгүй болсон. Энэ талаараа мөн нэхэмжлэгч компанийн эдийн засагч н.Энхмэндэд хэлж, машиныг түр хураан авч, түрээсийн төлбөрийг түр хугацаагаар зогсоолгох тухай удаа дараа хэлж байсан. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түр хураан авах дахин нэг үндэслэл болох түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй гэх үндэслэл 2012 оны 12 сараас эхлээд бүрдсэн байхад өөрсдөө хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, 2013 оны 4 сар хүртэл түрээсийн зүйлийг түр хураан авахгүйгээр хугацаа алдаж, хариуцлагагүй хандсан атлаа 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд машиныг түр хураан аваагүйн буруугаа Э.Ат тохож, түүнээс алдангид 3,656,309 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Ийнхүү орлогын эх үүсвэргүй, хуримтлуулсан мөнгөө дуусгасан, мөн давхар 90 орчим сая төгрөг төлсөн, машинаа дахин буцаан авалгүйгээр хураалгаснаас болж Э.А нь сэтгэл санааны гүн хямралд орж 5 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ийнхүү 2013 оны 4 сард хураан авсны дараа буюу 2 сарын дараа 2013 оны 6 сарын 01-ний өдрөөс Т ХХК-ийн уурхай нээгдэж, Э.Аын гэрээт ажил эхэлсэн. Уурхайн ажил эхэлсэнтэй холбоотойгоор Э.А нь 2013 оны 6 сарын эхээр тээврийн хэрэгслээ авахаар Х ХХК дээр очиход машиныг буцаан өгөхгүй, таны машиныг дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон гэдэг. Х ХХК-ийн энэхүү үйлдэл нь мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.2-т машиныг хураан авсан шалтгаан арилсан тохиолдолд түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй гэж заасан заалтыг зөрчиж, дахин Э.Аын эрх ашгийг зөрчсөн. Ийнхүү машиныг буцаан өгөхгүй болсныг Э.А нь гэрийнхэндээ хэлэхэд түүний аав н.Энхтайван Х ХХК-ийн дэд захирал Цэвэгжавтай уулзаж, энэхүү шийдвэрээ дахин нэг харж үзээч хэмээн байдлаа тайлбарлахад машиныг буцаан өгөх боломжгүй, дуудлага худалдаанд оруулж байгаа гэсэн тайлбарыг хэлдэг. Э.А нь ийнхүү машиныг буцаан өгөх боломжгүй юм бол уг тайлбараа надад албан ёсоор өг гэхэд Х ХХК-иас 2013 оны 6 сарын 17-ны өдөр 375 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан болно гэдэг бичгийг хийж өгсөн байдаг. Ийнхүү 2013 оны 4 сараас Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцалсан атлаа Э.А надад тус гэрээний түрээсийн хүүгийн төлбөрт төлснөөс гадна үндсэн төлбөрт төлсөн мөнгө болон урьдчилгаанд бэлнээр төлсөн 36,000,000 төгрөгийг буцаан олгоогүй атлаа, мөн хүнд даацын машиныг бүрмөсөн хураан авч ашиглуулаагүй атлаа түрээсийн зүйлийг ашигласны үндсэн дээр төлөгддөг мөнгө буюу түрээсийн үлдэгдэл үндсэн төлбөр, түрээсийн хүү зэрэг 17,793,015 төгрөг, 9,156,856 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Харин ч Э.А өөрсдөө гэрээг хаасантай холбоотойгоор түүнд урьдчилгаанд төлбөр төлбөр болон түрээсийн гэрээний үндсэн төлбөрт төлсөн мөнгийг буцаан өгөх ёстой атлаа эсрэгээрээ машиныг өөрсдийн өмчлөлд авчихаад дахин бүтэн машины төлбөрийг Э.Ааар төлүүлэх гэж буй нь шударга бус билээ. Иймд нэгэнт гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор хариуцагч талаас урьдчилгаанд төлсөн 36,000,000 төгрөг болон түрээсийн гэрээний хүүнд төлсөн төлбөрөөс гадна машины үндсэн төлбөрт төлсөн мөнгийг Х ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тус компани нь Э.Атай Санхүүгийн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нөхцөлтэйгээр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд Э.А нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөрийг 2012 оны 6 сар хүртэл төлж байсан. Харин дээрх хугацаанаас хойш Э.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар 2013 оны 4 сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох автомашиныг бид түр буцаан авч түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг Э.Ат тогтоож өгсөн. Тодруулбал, Э.Ааас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжилсэн. Нөгөө талаас Э.А нь гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч бидний зүгээс түүнтэй байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөрийг Э.Ат буцаан олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.2-т заасныг буруу тайлбарлаж байна. Учир нь, манай компани Э.Ааас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр түр буцаан авсан бөгөөд түр буцаан авах нөхцөл арилна гэдэг нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг төлөхийг хэлж байгаа болохоос сөрөг нэхэмжлэлд дурдсан уурхайн үйл ажиллагаа эхлэхийг хэлэхгүй. Түүнчлэн, Э.А нь түрээсийн зүйлийг түр буцаан авснаас хойш хэзээ ч ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй. Э.А нь Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхдаа аавтайгаа манай компани дээр ирж Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гэсэн бичиг хийгээд өгөөч, зээл аваад түрээсийн төлбөрөө төлнө гэж хэлсэн учир бид хүссэн албан бичгийг хийж өгсөн. Тийм ч учраас албан бичгийг Хаан банкинд хаягласан байдаг. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч Э.А бидэнтэй байнга холбоотой байдаг байсан мэтээр бичсэн нь огт үндэслэлгүй юм. Э.А нь сураггүй алга болсон тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн 2066 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан байдаг. Түрээсийн дансны хуулгаас үзэхэд 2012 оны 6 сарын 20-ны өдрөөс 2013 оны 3 сарын 20-ны хооронд түрээсийн төлбөрийг огт төлөөгүй байдаг. Энэ маргаан нь хариуцагч Э.А гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэлтэй маргаан бөгөөд манай компани гэрээний үүрэг зөрчсөн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөр 25,100,758 төгрөг, алданги 5,505,422 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Э.А нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31,122,000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23,376,945 төгрөг, нийт 54,498,945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Э.А нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас санхүүгийн түрээсийн төлбөр 8,300,758 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Х ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэг. Зохигч талууд 2011 оны 3 сарын 17-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Х ХХК нь 2010 онд үйлдвэрлэгдсэн Бейбен /Beiben/ маркийн хүнд даацын ачааны автомашин, чиргүүлийг Э.Аын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд автомашин, чиргүүлийг Э.Аын өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. /хх-5-8х/

 

Нэхэмжлэгч тал Э.А болон Х ХХК нарын хооронд үүссэн харилцааг санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж, хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээ-ний харилцаа, зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа аль нь байх нь хамаагүй, гэрээний нэр томъёоны хувьд маргахгүй гэж тус тус тайлбарладаг.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Э.А нь 30,553,449 төгрөгийг гэрээний 1.4-т заасны дагуу Х ХХК-д шилжүүлсэн, Х ХХК нь Бейбен /Beiben/ маркийн ачааны автомашин, чиргүүлийн үнэ болох 101,526,975 төгрөгийг 2011 оны 3 сарын 18-ны өдөр ММК ХХК-ийн Голомт банкинд шилжүүлсэн болохыг тус тус тогтоосон байна. /хх-154, 155х/

 

Иймд хариуцагч Э.А нь ачааны автомашин, чиргүүлийн үнээс 30,553,449 төгрөгийг өөрөө хариуцаж, 71,068,883 төгрөгийг Х ХХК-иас санхүүгийн түрээс авах замаар бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, иргэн Э.А нь тухайн ачааны автомашин, чиргүүлийг авахад өөрт нь дутаж байгаа мөнгөн хөрөнгийн хэмжээгээр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж эх үүсвэрийг бүрдүүлсэн байх ба энэ талаар хориглосон зохицуулалт Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд тусгагдаагүй байна.

 

Хэрэв зээлээр худалдах, худалдан авах харилцаа байсан бол Э.А нь тухайн ачааны автомашин, чиргүүлийг шууд ММК ХХК-иас зээлээр худалдан авах байсан ба санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Х ХХК нь гуравдагч этгээд болох ММК ХХК-иас ачааны автомашин, чиргүүлийг худалдан авч, санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгч Э.Аын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Э.А нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр, түрээсийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцэж байна гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар түрээслэгч Э.Ааас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Түрээслэгч Э.А нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2012 оны 6 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэж, үүнээс хойш Т ХХК-ийн уурхайн ажил зогссонтой холбоотойгоор гүйцэтгэж чадаагүй бөгөөд түрээслүүлэгч Х ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар түрээсийн зүйлийг 2013 оны 4 сарын 05-ны өдөр түр хураан авсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

2013 оны 6 сарын 01-ний өдрөөс Т ХХК-ийн уурхайн ажил нээгдэж, Э.Аын гэрээт ажил эхэлсэн бөгөөд Э.А нь 2013 оны 6 сарын эхээр тээврийн хэрэгслээ авахаар Х ХХК дээр очиход машиныг буцаан өгөөгүй үйлдэл нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх үүргээ үргэлжлүүлэх биелүүлэх үүрэгтэй гэж заасан нь түрээслэгч Э.А гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр, түрээсийн хүүг төлснөөр түр хураалгасан ачааны автомашин, чиргүүлийг буцаан авч, эзэмшиж, ашиглан үр шимийг нь хүртэх, санхүүгийн түрээсийн гэрээ үргэлжлэн хэрэгжих тухай ойлголт юм.

 

Мөн 2012 оны 6 сарын 20-ны өдрөөс 2012 оны 9 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, түрээсийн хүү болох 8,300,758 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх түрээсийн төлбөр, хүүг хүлээн зөвшөөрөхгүй, түрээслэгч Х ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар 2012 оны 9 сарын 20-ны өдөр гэхэд түрээсийн зүйлийг хураан авах эрхтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байсаар 2013 оны 4 сарын 05-ны өдөр түр хураан авсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг түр буцаан авах эрхтэй байхаар зохицуулсан байдаг. Нэгдүгээрт, хуулийн энэ зохицуулалт нь түрээслүүлэгчид түрээсийн зүйлийг шууд буцаан авахыг үүрэг болгоогүй, харин эрх олгосон зохицуулалт буюу түрээслүүлэгчийн хүсэл зоригоос хамаарах агуулгатай байна. Хоёрдугаарт, түрээсийн зүйлийг хураан авахын өмнө түрээслэгчид урьдчилан мэдэгдэх журмыг тогтоосон байх ба Х ХХК нь Э.Ат энэ талаар мэдэгдэхээр түүнийг идэвхтэй хайж, шүүхэд хандан эрэн сурвалжлуулж байсан үйл ажиллагаа нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн 2066 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-42х/

 

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн төлбөрийн дүнгээс 0,2 хувийн алданги тооцохоор зохицуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д заасан анзын зохицуулалттай нийцэж байна.

 

Хавтаст хэргийн 13-р хуудаст авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хугацаа хэтэрсэн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангийн тооцоололтой хариуцагч тал маргадаггүй тул Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.3, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хариуцагч Э.Ааас 30,606,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31,122,000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23,376,945 төгрөг, нийт 54,498,945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, хариуцагч Э.А гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр, түрээсийн хүүний үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгөх боломжтой гэж тайлбарлаж байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.Ааас Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа болохоос гэрээг цуцалж, дуусгавар болгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т Гэрээ нь түрээслүүлэгчийн энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдсэнээр, эсхүл 2.2.8-2.3.22-т заасан үндэслэлээр дуусгавар болно, 2.3.24-т Түрээслэгч нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн нөхцөлд гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заажээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар хоёр талын гэрээнд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй хэмээн заасан байх ба Х ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээ-г зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Хаан банк-д хэмээн хаяглагдсан Х ХХК-ийн 2013 оны 6 сарын 07-ны өдрийн 375 тоот албан бичигт 2013 оны 4 сарын 05-ны өдөр 254 хоног хугацаа хэтэрсэн тул түрээсийн хөрөнгийг буцаан авснаар 70000025 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан болно гэж дурдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Түрээсийн зүйл болох Бейбен /Beiben/ маркийн 8500 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8500 БЧ улсын дугаартай чиргүүл нь Х ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн А.Амаржаргалын хадгалалтад байдаг ба Х ХХК нь хадгалалтын хөлсөнд сар бүр 100,000 төгрөг төлж байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлалаа, Эд хөрөнгө хадгалуулах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь гуравдагч этгээдээс түрээсийн зүйлийг худалдан авч, түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, түрээслэгч нь түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж, гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр, түрээсийн хүүг төлөх ба ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авдаг.

 

Харин өөрийн эзэмшил, ашиглалтад авснаас хойш түрээсийн ашиглах, үр шимийг нь хүртэх эрхтэй ба түрээсийн зүйлийг байнга ажилтай байлгах эсэх нь түрээслэгчийн хүлээх эрсдэл бөгөөд түрээслүүлэгч энэ талаар аливаа үүрэг хүлээх учиргүй юм.

 

Э.А нь 2011 оны Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 2011 оны 4 сараас эхлэн 2014 оны 2 сар хүртэлх хугацаанд сар бүр 2,800,000 төгрөг, 2014 оны 3 сард 3,247,051 төгрөг төлөх үүргийг харилцан тохиролцож хүлээсэн байна. /хх-8х/

 

Иймд, түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 31,122,000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23,376,945 төгрөг, нийт 54,498,945 төгрөгийг түрээслэгч Э.Ааас түрээслүүлэгч Х ХХК-д Санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу төлсөн байх тул уг төлбөрийг Х ХХК-иас буцаан гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Харин хариуцагч Э.А нь санхүүгийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр, түрээсийн хүүг төлсний дараа тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж дууссаны дараа тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн Санхүүгийн түрээсийн гэрээ-г талууд харилцан тохиролцож, дуусгавар болгосны дараа түрээсийн зүйл болох Бейбен /Beiben/ маркийн 8500 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8500 БЧ улсын дугаартай чиргүүлийг анх авахад Э.Ааас хариуцан гаргасан 30,553,449 төгрөгийг Х ХХК-иас нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.3, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хариуцагч Э.Ааас санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүүнд 30,606,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31,122,000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23,376,945 төгрөг, нийт 54,498,945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 130,445 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР