Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00785

 

“Хас лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01213 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Амарбаатарт холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 30 606 180 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийн өртөгт төлсөн 23 376 945 төгрөг, нийт 54 498 945 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Э.Амарбаатар нь 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 82 500 ам.долларын үнэ бүхий Bieben маркийн эмээлт чирэгч, чиргүүлийг 36 сарын хугацаатайгаар түрээсээр авсан. Э.Амарбаатар гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг бүрэн бус хэмжээгээр 2012 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан бөгөөд үүнээс хойш түрээсийн төлбөрийг төлөлгүй төлбөр төлөх хугацааг 258 хоногоор хэтрүүлсэн учраас манай компани 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан. Э.Амарбаатар санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2012 оны 6 дугаар сараас түрээсийн зүйлийг хураан авах өдөр буюу 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөр 17 793 015 төгрөг, хүү 9 156 856 төгрөг, алданги 3 656 309 төгрөг, нийт 30 606 180 төгрөг төлөх ёстой. Иймд Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 30 606 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие “Хас лизинг” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 36 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж автомашин, чиргүүлийн хамт түрээсэлж, сарын төлбөр 2 800 000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан. “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхай 2012 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа зогсож орлогын эх үүсвэргүй болсон талаар “Хас лизинг” ХХК-ийн эдийн засагч н.Энхмэндэд мэдэгдсэн. Би өөрт байсан бүх мөнгө, өөрийн тээврийн хэрэгслээ худалдан борлуулсан мөнгөө зээлийн төлбөрт төлсөн.Би уурхайн ажил эхлэхээр төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Хас лизинг” ХХК-иас 2 ажилтан ирж хөрөнгө хураасан. 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс уурхайн ажил эхлээд би 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслээ авах гээд нэхэмжлэгч компанид очиход санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гээд 375 дугаартай албан бичиг өгсөн.Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хураан авснаараа миний ажил, орлого олох боломж, эх үүсвэрийг өөрсдөө хаасан тул төлбөрөө төлөх боломжгүй болсон. Тухайн 82 500 ам.доллар бүхий тээврийн хэрэгслийн үнэ 38 000 000 төгрөгийг бэлнээр төлж, тус тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдээс нэхэмжлэгч худалдан авсан тул дээрх хөрөнгийн өөрийн зарцуулсан төлбөрийн үнийн дүнгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч нь олох ёстой байсан ашиг орлогоороо их хэмжээгээр хохирсон гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түр хураан авах дахин нэг үндэслэл 2012 оны 12 дугаар сараас эхлээд бүрдсэн байхад өөрсдөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй, атлаа 2013 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд машиныг хураан аваагүй буруугаа Э.Амарбаатарт тохож, түүнээс алданги 3 656 309 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Ийнхүү орлогын эх үүсвэргүй, хуримтлуулсан мөнгөө дуусгасан, мөн давхар 90 орчим сая төгрөг төлсөн, машинаа дахин буцаан авалгүйгээр хураалгаснаас Э.Амарбаатар нь сэтгэл санааны гүн хямралд орж 5 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Таван толгойн уурхай нээгдэж, Э.Амарбаатарын гэрээт ажил эхэлсэнтэй холбоотой 2013 оны 6 дугаар сарын эхээр тээврийн хэрэгслээ авахаар “Хас лизинг” ХХК-д очиход машиныг буцаан өгөхгүй, дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон гэх үйлдэл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.2013 оны 4 дүгээр сараас Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан атлаа Э.Амарбаатарт гэрээний хүүгийн төлбөр төлснөөс гадна үндсэн төлбөр болон урьдчилгаанд төлсөн 36 000 000 төгрөгийг буцаан олгоогүй мөн хүнд даацын машиныг бүрмөсөн хураан авч ашиглуулаагүй атлаа түрээсийн зүйлийг ашигласны үндсэн дээр төлөгддөг түрээсийн үлдэгдэл үндсэн төлбөр, хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Э.Амарбаатар өөрөө гэрээг хаасантай холбоотой түүнд урьдчилгаа болон үндсэн төлбөрт төлсөн мөнгийг буцаан өгөх ёстой атлаа эсрэгээрээ машиныг өөрсдийн өмчлөлд авчихаад дахин бүтэн машины төлбөр төлүүлэх гэж буй нь шударга бус.Иймд Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг, нийт 54 498 945 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Э.Амарбаатар нь түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөрийг 2012 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан. Дээрх хугацаанаас хойш үүргээ биелүүлэхгүй байсаар 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр автомашиныг бид түр буцаан авч түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг Э.Амарбаатарт тогтоож өгсөн.Нөгөө талаас Э.Амарбаатар нь гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч бидний зүгээс түүнтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцлаагүй, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа.Иймд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөрийг Э.Амарбаатарт буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж байна. Э.Амарбаатар нь Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхдаа аавтайгаа манай компани дээр ирж Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гэсэн бичиг хийгээд өгөөч, зээл аваад түрээсийн төлбөрөө төлнө гэж хэлсэн учир бид албан бичиг хийж өгсөн учраас албан бичгийг Хаан банкинд гэж хаягласан байдаг. Э.Амарбаатарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2066 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 20-ны хооронд түрээсийн төлбөр огт төлөөгүй. Энэ маргаан хариуцагч Э.Амарбаатар гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэлтэй бөгөөд манай компани гэрээний үүрэг зөрчсөн зүйлгүй.ймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01213 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.3, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүүнд 30 606 180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-д олгож, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 130 445 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 30 553 449 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Амарбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 945 496 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “оруулсугай” гэснийг “оруулж, нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 310 717 төгрөг гаргуулж хариуцагч Э.Амарбаатарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Магадлалын хянавал хэсэгт “Түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авсан үеэс гэрээ цуцлагдсанд тооцох тул” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн зүйлийг түр буцаан авсан гэж хүсэл зоригоо илэрхийлж үүний эрх зүйн үндэслэлийг Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын дагуу гэдгийг хангалттай тайлбарласан бөгөөд энэхүү зохицуулалт нь гэрээг цуцлах буюу дуусгавар болгох зохицуулалт биш. Учир нь, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг бол түрээсийн зүйлийг түр буцаан авах харилцааг зохицуулж байгаа бөгөөд мөн зүйлийн 15.2 дахь хэсэгт түрээсийн зүйлийг түр буцаан авсан нөхцөл арилмагц нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг.Нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалтын хэрэгжүүлэх гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан талаар хэзээ ч хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй. Учир нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус заасан үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу түүнд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг худалдан авч, түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд уг түрээсийн зүйлийг өмчлөх нь нэхэмжлэгчийн туйлын зорилго биш юм. Тийм ч учраас нэхэмжлэгч Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж байсан, өнөөдрийг хүртэл түрээсийн зүйл болох автомашиныг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хадгалж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд магадлалд Санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.Нэгэнт зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зааптын зохицуулалтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийг хангасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Нөгөө талаас, хариуцагчаас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг гаргуулсан тохиолдолд хариуцагч нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалтын дагуу түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болно. Энэ тохиолдолд мөн л зохигчийн хэн аль нь гэрээг үргэлжүүлэх үүрэг үүсч байгаа учраас гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Зохигчийн хооронд Санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй бөгөөд маргааны зүйл нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүссэн асуудал тул сөрөг нэхэмжлэлийг хангах, Иргэний хуупийн 492 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байхгүй.Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь түрээсийн зүйлийг худалдан авахад гарсан зардал болон түрээсийн хүүгээс бүрддэг. Хариуцагч нь Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн бол нэхэмжлэгч нь түүний ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг төлж байгаа тул уг төлбөрийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй. Хэдийгээр гэрээгээр талууд түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжийн дагуу “Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тохиролцоо байж болно. Энэ тохиролцоо нь эд хөрөнгө түрээслүүлж, түрээсийн төлбөрийг тогтоосон талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй” тул хариуцагч нь уг гэрээний дагуу нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 650 дугаартай магадлалыг эс зөвшөөрч байгаа тул уг магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01213 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгч “Хас Лизинг” ХХК нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар түрээслэгч Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй” гэх дүгнэлтийг хийж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл түрээсийн гэрээний 15 дугаар зүйлд түрээсийн зүйлийг түр хураан авах 5 нөхцөл байдаг бөгөөд энэхүү 5 нөхцлийн аль нөхцөлтэй нь нийцсэнг тайлбарлахгүйгээр ерөнхий үндэслэлгүй тайлбар хийсэн. Харин нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ “Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан” гэж тайлбарладаг. Энэхүү хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй” гэх үндэслэл болно. Гэтэл хариуцагч нь 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 4 дүгээр cap хүртэлх 10 сарын буюу 258 хоногийн түрээсийн үндсэн төлбөр, түрээсийн хүүгийн төлбөр, алданги зэрэг нийлээд 30 606 180 төгрөгийг нэхэмжилсэн хугацааны хувьд хариуцагчийн зүгээс санал нийлэхгүй байх бөгөөд харин Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар 3 сарын буюу 90 хоногийн түрээсийн үндсэн төлбөр, түрээсийн хүүгийн төлбөр, алданги зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Учир нь хариуцагчийн зүгээс түрээсийн зүйл болох машинаар Өмнөговь аймаг дахь “Тавантолгой” ХК-ийн уурхайд тээвэрлэлт хийж ашиг олж, Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрөө хийж байсан бөгөөд “Тавантолгойн” ХК-ийн уурхай нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гадаад экспорт, нүүрс тээвэрлэлтээ түр зогсоосон бөгөөд түрээсийн зүйлийг ашиглаж орлого олох, боломжгүй болсон. Энэ талаараа “Хаслизинг” ХХК-д мэдэгдэхэд хувийнхаа мөнгөнөөс чадахаараа төлөөд явж бай, гэрээний чинь хугацаа удахгүй дуусах гэж байгаа юм чинь гэх тайлбарыг өгсний дагуу хариуцагч нь хувьдаа байсан хуримтлалаасаа 2 сарын төлбөрийг бүтнээр мөн дараа нь дахин 1 000 000 төгрөгийг өөрийн боломжоороо төлсөн байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа нь өөрөө түрээсийн зүйлийг ашиглаж байж ашиг олсны хүрээнд түүний төлбөрийг төлдөг тийм онцлогтой гэрээ билээ.Ийнхүү ажил ч үгүй, орлого ч үгүй, өөрийн хуримтлуулсан хэдэн төгрөгөө лизингийн гэрээний төлбөрт хийгээд дууссан тул миний үйлчлүүлэгч нь 2012 оны 6 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Энэ талаараа ч “Хаслизинг” ХХК-ийн эдийн засагч н.Энхмэндэд 99107551 дугаартай утсанд “Түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсноо хэлж, түрээсийн зүйлийг түр хураан авна уу” гэж холбогдсон байдаг.Гэтэл “Хас лизинг” ХХК нь түрээсийн төлбөрийг Э.Амарбаатар нь 2012 оны 6 дугаар сараас төлөх боломжгүй болж, 3 cap дараалан түрээсийн төлбөрөө төлөөгүй нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түр хураан авах арга хэмжээгээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байхад мөн хариуцагч Э.Амарбаатар “хураан авахуулах тухай” хүсэлт тавьсаар байхад өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үйлдлээ хийхгүй 2013.4 дүгээр cap хүртэл хүргэж, хойшлуулсан. Ийнхүү 2012 оны 9 дүгээр сард хураан авах ёстой машиныг өөрсдөө хайхрамжгүй хандан 2013 оны 4 дүгээр cap хүртэл хойшлуулж, машиныг хураан авсан атлаа энэхүү 7 сарын түрээсийн төлбөр, түрээсийн хүү, алданги нэхэж буй нь үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нийт 258 хоногийн түрээсийн төлбөрөөс 90 хоногийн түрээсийн төлбөрийг хариуцагч нь төлөх үндэслэлтэй бөгөөд үлдсэн 168 хоногийн түрээсийн төлбөрийг төлөх нь үндэслэлгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэхүү үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү....Давж заалдах шатны шүүх нь 23 945 496 төгрөгийг “...түрээсийн зүйлийн өртөгт төлсөн буюу түрээсийн гэрээ хүчинтэй талуудын хувьд үйлчилж байх хугацаанд төлөгдсөн мөнгөн төлбөр буюу гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ гүйцэтгэн төлсөн төлбөрийг шаардах эрхгүй” гэжээ. Хариуцагч нь гэрээний үйлчилж байх хугацаанд нийтдээ 43 049 510 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 23 376 945 төгрөг нь түрээсийн зүйлийн өртөгт, үлдсэн 1 029 195 төгрөг болон 18 723 430 төгрөг буюу хариуцагч Э.Амарбаатарт түрээсийн зүйлийг ашиглуулж байсан 2011/04/20-2013/03/20-ны хооронд нийт 19 752 625 төгрөгийг түрээсийн төлбөрт авч цэвэр ашиг олсон. Харин үлдсэн 23 376 945 төгрөг нь түрээсийн зүйлийн өртөгт буюу урьдчилгаанд төлсөн мөнгөний зориулалттай ижил түрээсийн зүйлийг худалдан авахад зориулж төлж байсан төлбөр болно....Иймд түрээсийн зүйлийг худалдаж авахын тулд түрээсийн төлбөрөөс гадна төлж байсан 23 945 496 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд энэхүү хэсгээр өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4146 дугаар албан тоотоор ирсэн шинжээчийн дүгнэлтэнд Э.Амарбаатарыг 74 171 510 төгрөгийн нийт төлбөрийг төлсөн байна гэх бөгөөд анхан шатны 30 606 180 төгрөгийг төлөхөөр болбол нийт 104 777 690 төгрөгийн төлбөр төлсөн болохоор байгаа юм. Гэтэл гэрээний зүйлийн нийт өртөг нь 101 526 975 төгрөг бөгөөд Э.Амарбаатар нь машины төлбөрөөсөө илүү их төлбөрийг төлөхөөр болж байгааг харгалзан үзнэ үү. Мөн ийнхүү бүтэн машины төлбөрийг төлсөн атлаа машин ч үгүй, мөнгө ч үгүй нөхцөл байдалд үүсч байна гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөр, хүү, алдангид 30 606 180 төгрөг гаргуулахаар хариуцагч Э.Амарбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна гэрээ цуцлагдсан тул гэрээний зүйлийн үнэд төлсөн урьдчилгаа төлбөр 31 122 000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 23 376 945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Зохигчид 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, “Хас лизинг” ХХК нь хариуцагч Э.Амарбаатарт “Бейбен” маркийн хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт шилжүүлжээ. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзжээ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1., 312.3., 312.4.-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэх эрхтэйгээс гадна гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болдог.

Хариуцагч Э.Амарбаатар нь түрээсийн эд зүйл болох эд хөрөнгийн үнийн 30%-тай тэнцэх төлбөрийг урьдчилгаа болгон төлснөөс гадна түрээсийн төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлсөн болох нь тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь хариуцагчийн түрээсийн төлбөр хугацаандаа төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан түрээсийн эд хөрөнгийг 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буцаан авсан байна.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь хиймэгц биелэх хэлцэл биш ба урт хугацааны гэрээнд хамаарах тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарна. Тухайлбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн  221.1., 221.3., 221.5.-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгө хураах актаар хариуцагч Э.Амарбаатараас түрээсийн эд хөрөнгийг түр хураан авах талаар зааж, 10 хоногийн дотор төлбөр төлөлтийн зөрчлөө арилгахгүй бол гэрээ цуцлахыг анхааруулсан байна \хх-ийн 30 дугаар тал\. Мөн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай албан бичигт Э.Амарбаатар 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ 254 хоногоор хэтрүүлсэн тул 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн эд хөрөнгийг буцаан авснаар гэрээ хаагдсан болохыг тодорхойлсон байна \хх-ийн 26 дугаар тал\.

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь хариуцагч Э.Амарбаатартай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжтой, эд хөрөнгийг түр хураан авсан гэж тайлбарласан боловч шүүх тухайн гэрээний харилцааг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.-т зааснаар 15.1.4. түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй бол түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг түр буцаан авах эрхтэй байна. Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь түрээсийн эд хөрөнгийг түр буцаан авах талаар хариуцагч Э.Амарбаатарт урьдчилан мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна ийнхүү эд хөрөнгийг буцаан авснаас хойш гэрээ хаагдсан болохыг тодорхойлсон байх тул  нэхэмжлэгч гэрээний харилцааг цуцласан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Нөгөө талаар 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дээрх гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдсан ба нэхэмжлэгч гэрээний хугацаа дусахаас 4 хоногийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК гэрээ цуцлагдах хүртэл түрээсийн төлбөрийг хүү, алдангийн хамт хариуцагч Э.Амарбаатараас гаргуулах эрхтэй боловч хариуцагч Э.Амарбаатар нь нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-иас эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан авах үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 720 төгрөг, хариуцагчаас төлсөн 277 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН