Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2023/03344

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ч өргөн чөлөө ***, К Хауз ** давхарт байрлах, регистрийн ********* дугаартай, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, К плаза, ** дугаар давхарт, ** тоот хаягт байрлах, регистрийн ******* дугаартай, М ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.182.071.100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болон барьцаа хөрөнгөөр тус тус хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.182.071.100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болон барьцаа хөрөнгөөр тус тус хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 М ХХК нь тус компанитай 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот "Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын захиалга шатахууныг цаг тухайд нийлүүлсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Худалдан авагч нь шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч, хариуцагч М ХХК нь гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөрийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхтэй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөр төлөх, үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй гэж заасан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэлтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 худалдагчид алданги толно" гэж тохиролцсон. хувиар тооцон Хариуцагч М ХХК нь ******* тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ийн дагуу худалдан авсан шатахууны төлбөрийн үүргээ биелүүлэлгүй 6 сар болж, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна. Хариуцагч М ХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар **** тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 788.047.400 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тооцсон алданги 511.634.904 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 788.047.400 төгрөг. гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 394.023.700 төгрөг, нийт 1.182.071.100 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн, ****** тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр **** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан. Тус гэрээний барьцааны зүйл болох өмчлөх эрхийн *********** дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 3 өрөө, 72.1 м.кв талбайтай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ** дүгээр баг, Сариг ** дугаар байр, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Мөн, ******** тоот Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ******** тоот Фидуцийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ****** тоот Фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан. Эдгээр Фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, *********** улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******* улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машинаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П болон өмгөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ш ХХК нь манай компанид холбогдуулан 1.182.071.100 төгрөгийн нэхэмжлэл гаргасантай танилцаад доорх хариу тайлбарыг хүргүүлж байна. Бидний зүгээс энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал нь манай компанийг гэрээний үүргээ зөрчсөн, буруутай гэж нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Учир нь чанарын шаардлага хангаагүй түлш нийлүүлснээс үүдэн гэрээний хугацаанд нийт 5 техникийн апартур, форсунк эвдэрч тухайн техникүүдийг засварлах хүртэл хугацаанд бид сул зогсож алдагдал хүлээсэн. Түлш нийлүүлэх бүрт түлшний шинжилгээний бичгийг бидэнд нэг ч удаа өгч байгаагүй тул түлшний чанарыг хэмжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн цагт 15 литр түлш хэрэглэдэг механизм 21 литр түлш зарцуулдаг болсон зэрэг зөрчлүүд илэрсэн. Нэхэмжлэгч компанийн түлшний чанарын шаардлага хангаагүйгээс их хэмжээний түлш зарцуулалт үүсэж, үүнээс болж төлбөрийн хэмжээ өссөн зэрэг зөрчлүүд илэрч байсан. Үүнээс шалтгаалан бид ажил алдах, өрөнд орох, авсан түлшний хэмжээ өсөх зэрэг эрсдэл үүссэн. Дээрх шалтгаан нөхцөлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ... Нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 дугаар сард тооцоо нийлсэн бөгөөд уг үнийн дүн буюу 788.047.400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин цар тахлын нөхцөл байдлаас үүдэн компанийн үйл ажиллагаа доголдсон ба үүнтэй холбоотой алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 6.419.306 төгрөг төлсөн баримт, Ш ХХК-иас М.Ц-т олгосон итгэмжлэл, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар Ш ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, хариуцагч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ****** дүгээр худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн фидуцийн гэрээний хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** дугаар тооцоо нийлсэн акт, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн М ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцооны хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ****** дугаар Ш ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн М ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцооны хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******** дугаар Ш ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар М ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар М ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар М ХХК-ийн албан бичгийн хуулбар тайлан, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас Б.Т, А.П, Г.С нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Б.Т-г оролцуулах тухай хүсэлт, А.П-т олгосон итгэмжлэлээс татгалзах тухай хүсэлт, түлшний үнийн зөрүүгээс хүлээсэн хохирлын тооцоо гэх баримтыг тус тус ирүүлсэн.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О-аас Ч.У-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаар бүхий Худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний нэмэлт гэх гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ****** дугаар Фидуцийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар Фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.

Тус худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс шатахуун болон бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авсан бүтээгдэхүүний үнийг 30 хоногийн дотор төлөх, мөн хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх ба мөн талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний дагуу бүтээгдэхүүний үнийг 45 хоногийн дотор төлөх, гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэхээр тус тус тогтоожээ.

Түүнчлэн барьцааны гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын ** дүгээр баг, Сариг *** дугаар байр, ** тоотод байрлах, 72,1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, холбогдох улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2021 оны ******* тоот фидуцийн гэрээний дагуу ******** улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******** улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******* улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машиныг тус тус өмчлөлд шилжүүлсэн.

Мөн 2021 оны ******* тоот фидуцийн гэрээний дагуу ****** улсын дугаартай, Ford *** маркийн, аралын *********** дугаартай, цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэхүү хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан болно.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээний, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тус тус үүссэн, хариуцагч уг гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдов.

4. Талууд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн байх ба уг тооцоо нийлсэн баримтаас үзэхэд хариуцагч М ХХК нь 788.047.400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй болно.

5. Харин хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 394.023.700 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлсөн, мөн хариуцагч нь шатахуун болон бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 343.039.400 төгрөгийн хохирол хүлээсэн хэмээн маргаж, тооцооны баримтыг ирүүлсэн.

Гэвч хэрэгт М ХХК-ийн үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдлаас үүдэн доголдсон гэх үйл баримтыг тогтоосон баримт авагдаагүй, хэрэв шатахууны үнийн зөрүүгээс компани алдагдал хүлээсэн бол үүнийг нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдэж, холбогдох арга хэмжээг аваагүй, мөн тухайн үнийн зөрүүгээс хүлээсэн хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн баримтдаа тусгуулах боломж байсан боловч үүнийгээ хариуцагч хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч талын гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний 5.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй. Гэвч алдангийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчтай тооцоо нийлсэн буюу тус тооцоо нийлсэн хугацаанаас хойш 30 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан байна.

Ингээд 788.047.400 төгрөгийн 0,5 хувь нь 3.940.237 төгрөг ба 30 хоногт тооцвол 118.207.110 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь зүйтэй ба үлдэх 275.816.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

6. Хэрэв хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйл болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын ** дүгээр баг, Сариг *** дугаар байр, ** тоотод байрлах, 72,1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******** улсын дугаартай, ************ аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******* улсын дугаартай, ********** аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******* улсын дугаартай, ************ аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 788.047.400 төгрөг, алданги 118.207.110 төгрөг, нийт 906.254.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275.816.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.419.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 906.254.510 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.689.223 төгрөг, барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний үүрэгт ногдох 280.800 төгрөг, нийт 4.970.023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 788.047.400 төгрөг, алданги 118.207.110 төгрөг, нийт 906.254.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275.816.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч М ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг А56 дугаар байр, 45 тоотод байрлах, 72,1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ********* улсын дугаартай, ************ аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******** улсын дугаартай, ********** аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, ******** улсын дугаартай, *********** аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.419.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 4.970.023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА