Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02198

 

 

 

  2023 12 20 210/МА2023/02198

 

 Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03344 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 1,182,071,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М ХХК нь тус компанитай 2021 оны 03 сарын 26-ны өдөр Т/169 тоот "Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын захиалга шатахууныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч нь шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч М ХХК нь гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3.3-т зааснаар худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөрийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхтэй. Гэрээний 3.12-т Худалдан авагч нь гэрээгзэр тогтоосон хугацаанд шатахууны төлбөр төлөх, үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй гэж, 5.2-т "Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар худалдагчид алданги төлнө" гэж тус тус тохиролцсон. Хариуцагч М ХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар 1/169 тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 788,047,400 төгрөг, 2022 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар тооцсон алданги 511,634,904 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.

Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 788,047,400 төгрөг, алданги 394,023,700 төгрөг, нийт 1,182,071,100 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж, Т/169 тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд 2022 оны 04 сарын 18-ны өдөр Т/231 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан. Тус гэрээний барьцааны зүйл болох өмчлөх эрхийн У-181700**** дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 3 өрөө, 72,1 м.кв талбайтай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын *-р баг, Сариг ***-р байр, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Мөн Т/169 тоот Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож талуудын хооронд 2021 оны 03 сарын 29-ний өдөр Т/Л77 тоот Фидуцийн гэрээ, 2021 оны 09 сарын 20-ны өдөр Т/579 тоот Фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан. Эдгээр Фидуцийн гэрээний зүйл болох 48-48 ТТА улсын дугаартай, VLG0MT86PH0714602 аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, 43-43 ТТА улсын дугаартай, VLG0MT86VH0714640 аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, 33-33 ТТА улсын дугаартай, VLG0MT86VH0714296 аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машинаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал манай компанийг гэрээний үүргээ зөрчсөн, буруутай гэж нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь чанарын шаардлага хангаагүй түлш нийлүүлснээс үүдэн гэрээний хугацаанд нийт 5 техникийн апартур, форсунк эвдэрч, тухайн техникүүдийг засварлах хүртэл хугацаанд бид сул зогсож алдагдал хүлээсэн. Түлш нийлүүлэх бүрд түлшний шинжилгээний бичгийг бидэнд нэг ч удаа өгч байгаагүй тул түлшний чанарыг хэмжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн цагт 15 литр түлш хэрэглэдэг механизм 21 литр түлш зарцуулдаг болсон зэрэг зөрчлүүд илэрсэн. Нэхэмжлэгч компанийн түлшний чанарын шаардлага хангаагүйгээс их хэмжээний түлш зарцуулалт үүсэж, үүнээс болж төлбөрийн хэмжээ өссөн зэрэг зөрчлүүд илэрч байсан. Үүнээс шалтгаалан бид ажил алдах, өрөнд орох, авсан түлшний хэмжээ өсөх зэрэг эрсдэл үүссэн. Дээрх шалтгаан нөхцөлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 сард тооцоо нийлсэн бөгөөд уг үнийн дүн буюу 788,047,400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин цар тахлын нөхцөл байдлаас үүдэн компанийн үйл ажиллагаа доголдсон ба үүнтэй холбоотой алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжин оролцож байна гэжээ.  

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 788,047,400 төгрөг, алданги 118,207,110 төгрөг, нийт 906,254,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275,816,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар хариуцагч М ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Сариг 7 А56-р байр, ** тоотод байрлах, 72,1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-181700**** дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 48-48 ТТА улсын дугаартай, VLG0MT86PH0714602 аралын дугаартай, LGMG маркийн, МТ86 модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, 43-43 ТТА улсын дугаартай, VLG0MT86VH0714640 аралын дугаартай, LGMG маркийн, 1117D модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машин, 33-33 ТТА улсын дугаартай, VLG0MT86VH0714296 аралын дугаартай, LGMG маркийн, 1115G модель бүхий, өөрөө буулгагч ачааны дамп машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,419,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 4,970,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байна.

5.1.  Нэхэмжлэгчийн хувьд М ХХК-тай байгуулсан 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Т/169 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3, 3.12, 5.2, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 222 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 01 сарын 12-ны өдрийн байдлаар хариуцагч М ХХК нь худалдан авсан ДТ, шатахууны төлбөр 788,047,400 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, гэрээний үүргийн зөрчил гаргаад 193 өдөр болсон. Нэхэмжлэл гаргахын өмнө буюу 2022 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар тооцсон алданги 511,634,904 төгрөг, шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар тооцсон алданги 1,870,522,663 төгрөг болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги болох 394,023,700 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги нь хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчиж эхэлсэн 2022 оны 04 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2023 оны 01 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хамааралтай бөгөөд уг хугацааг яагаад тооцоо нийлсэн актын огноо болох 2022 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, хэргийн үйл баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалт, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор, үнэн зөвөөр үнэлж, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Хариуцагч М ХХК нь 2022 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн 788,047,400 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 193 өдрийн гэрээний үүргийн зөрчлийг 2022 оны 12 сарын 13-ны өдөр үйлдсэн дээр дурдсан санхүүгийн анхан шатны баримтын огноогоор тасалж, зөвхөн 30 хоногийн зөрчил гаргасан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас 275,816,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.   Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар хариу тайлбар гаргаагүй болно.

7.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Алдангийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүх алдангийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйгээс алдангийн хэмжээг буруу тооцсон байна. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний 5.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2022 оны 12 сарын 13-ны өдөр хариуцагчтай тооцоо нийлсэн буюу тус тооцоо нийлсэн хугацаанаас хойш 30 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл хандсан байна. Ингээд 788,047,400 төгрөгийн 0,5 хувь нь 3,940,237 төгрөг ба 30 хоногт тооцвол 118,207,110 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь зүйтэй... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тодруулбал, Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах байтал нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй хугацааны алдангийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар алданги тооцож шаардсан байхад энэ хүрээнд бус нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 01 сарын 12-ны өдөр хүртэлх алдангийг үндэслэлгүйгээр тооцож олгосон. Өөрөөр хэлбэл, тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2022 оны 12 сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 сарын 16-ны өдөр хүртэлх 3 хоногийн алдангийг тооцох байсан.

7.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4.4-т Шатахуун болон бүтээгдэхүүний үнэ нь дэлхийн зах зээлийн үнэ, үнийн хэлбэлзэл, худалдагчийн ОХУ-аас худалдан авч байгаа гадаад үнийн өөрчлөлт, инфляцийн түвшин, гэрээний 6-р зүйлд заасан нөхцөл байдал зэргээс хамаарч өөрчлөгдөнө гэж урьдчилан харилцан тохиролцсон нөхцөл үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Үндэслэлгүй шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж 343,039,400 төгрөгийн хохирол хүлээх эрсдэлд орсон. Нэгэнт энэхүү маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тул үнийн дүнгээ нотлох үүрэг нэхэмжлэгч талд байсан гэж үзэж байна.

7.3. Ш ХХК-д гэрээний дагуу төлөх ёстой шатахууны төлбөр 445,008,000 төгрөг болно. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй буюу гэрээнд заасан үнийг өсгөх урьдчилсан нөхцөл, баримтыг ирүүлээгүй байхад, хариуцагч тал нотлох үүрэгтэй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч талын зүгээс үнийн өсөлтийн талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, мөн нөхцөл байдал хүнд байгааг илэрхийлж ирсэн болно. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 906,254,510 төгрөгөөс 461,246,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 1 болон 2 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээний үнэ сар бүр өөрчлөгддөг учраас дараа сард нийлүүлэх үнийн дүнг харилцан тохиролцож, үнийн дүнг хүлээн зөвшөөрч, бараа материалыг нийлүүлэн, 2 жилийн хугацаанд төлбөр тооцоог төлж байсан. Гэрээний 4.4-т гадаад валютын үнэд өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн хэмжээгээр өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Тухайн асуудлаар хариуцагчид ямар нэгэн байдлаар хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Мөн хэрэгт хариуцагчийн зүгээс хохирол учруулсан талаарх тайлбар нь нотлогдоогүй. Хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгчийн зүгээс тогтоож, нотлох үүрэг байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогчид гаргасан тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй. Үнийн зөрүүнээс болж 395,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Мөн Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсонтой холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Чанаргүй шатахуун нийлүүлсний улмаас алдагдалд орсон гэх асуудал яригдсан боловч уг нөхцөл байдалтай холбоотой нотлох баримт авагдаагүй учраас хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дүн нь 788,000,000 төгрөг боловч 2022 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар алдангийг тооцоход 511,394,000 төгрөг буюу үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байдаг. Гэрээний үүргийн хугацаа хэтрэлтийн асуудал яригдаж, 2023 оны 01 сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

2.   Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 788,047,400 төгрөг, алданги 394,023,700 төгрөг, нийт 1,182,071,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3, 91/

Хариуцагч М ХХК нь дээрх шаардлагаас 788,047,400 төгрөгийг зөвшөөрч, алданги 394,023,700 төгрөгийг ...нэхэмжлэгч чанарын шаардлага хангаагүй түлш нийлүүлсэн, Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. /хх 49/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх 111/

3. Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 03 сарын 26-ны өдөр Т/169 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ш ХХК газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, М ХХК газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 21-24/

3.2. Талууд 2021 оны 03 сарын 29-ний өдөр Т/177 тоот Фидуцийн гэрээ байгуулж, дээр дурдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй 4848ТТА, 4343 ТТА, 3333 ТТА улсын дугаартай LGMG маркийн 3 ширхэг өөрөө буулгагчийг Ш ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 27-28/

3.3. Талууд 2022 оны 04 сарын 18-ны өдөр Т/231 тоот Барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ч.О ы өмчлөлийн Хэнтийн аймаг, Хэрлэн сум, 4-р баг, Сариг *** байр, ** тоот хаягт байршилтай 72,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулж, барьцаалсан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх 29-26/

3.4. Талууд 2022 оны 12 сарын 13-ны өдөр 2022/12 тоот Тооцоо нийлсэн акт үйлдэж, Ш ХХК-ийн өмнө М ХХК-ийн хүлээх үүргийг 788,047,400 төгрөг гэж тодорхойлсон. /хх 31/

 4.   Талууд 2021 оны 09 сарын 20-ны өдөр Т/579 тоот Фидуцийн гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгч тал уг гэрээтэй холбоотой шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. /хх 29-30, 91/

5.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардсан алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, талуудын 2022 оны 12 сарын 13-ны өдөр үйлдсэн 2022/12 тоот Тооцоо нийлсэн акт-аар ...2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд өгч, авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлсэн... агуулгатай буюу Ш ХХК-аас нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ, М ХХК-аас төлсөн төлбөр, үлдэх төлбөрийн үнийн дүнг тодорхойлсон байна. /хх 31/

Өөрөөр хэлбэл, талууд дээрх Тооцоо нийлсэн акт-ыг тэдгээрийн хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Т/169 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 5.2-т заасан хариуцлага буюу алдангийн үнийн дүнг тодорхойлохоор үйлдээгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан ...уг акт нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн зөрчил буюу төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцогдох алдангийн хувь хэмжээтэй ямар ч хамааралгүй... гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 6.   Дээрхээс үзвэл, анхан шатны шүүхийн хийсэн ...тооцоо нийлсэн хугацаанаас хойш 30 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан тул 30 хоногийн алданги тооцно... гэсэн агуулгатай дүгнэлт, хариуцагч талын гаргасан ...шүүх тооцоо нийлсэн өдрөөс хойш 3 хоногийн алданги тооцох ёстой байсан... гэсэн агуулгатай давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

7.   Талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн талаарх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байх тул худалдагч Ш ХХК нь хууль болон гэрээнд зааснаар худалдан авагч М ХХК-аас алданги шаардах эрхтэй.

Өмнө дурдсанчлан, талуудын хооронд 2021 оны 03 сарын 26-ны өдөр байгуулагдсан Т/169 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.3-т худалдан авагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх нөхцөлийг тусгасан учир газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн өдөр, төлбөр төлөх үүрэг үүссэн өдөр зэргээс хамаарч алдангийг тухай бүр тооцсон нэхэмжлэгч талын тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ. /хх 32/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 788,047,400 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж, нийт 394,023,700 төгрөгийн алданги хариуцагчаас шаардсан нь хуульд нийцсэн.

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлыг өөрөө нотлох, татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь ...худалдагч чанарын шаардлага хангаагүй шатахуун нийлүүлсэн, үүний улмаас тээврийн хэрэгсэл эвдэрсэн, шатахууны хэрэглээ нэмэгдсэн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 788,047,400 төгрөгийг Тооцоо нийлэх акт үйлдэж, хүлээн зөвшөөрсөн учир түүний гаргасан ...худалдагч тал гэрээнд заагаагүй үндэслэлээр барааны үнийн ханшийг өсгөсөн... гэсэн тайлбар, ...үндэслэлгүй шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж 343,039,400 төгрөгийн хохирол хүлээх эрсдэлд орсон..., ...гэрээний дагуу төлөх ёстой шатахууны төлбөр 445,008,000 төгрөг болно... гэсэн давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

9.   Талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээ, Барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнд хамаарч байх тул эдгээр гэрээтэй холбоотой шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь зөв. Фидуцийн гэрээний зүйл болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

10.   Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч М ХХК-аас нийт 1,182,071,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцаа хөрөнгийн өмчлөгчийн нэрийг дурдаагүй алдаа гаргасныг залруулах боломжтой.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03344 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...алданги 118,207,110 төгрөг, нийт 906,254,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275,826,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...алданги 394,023,700 төгрөг, нийт 1,182,071,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...тохиолдолд... гэсний дараа ...Ч.О ы өмчлөлд бүртгэлтэй, ... гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...4,970,023 төгрөгийг... гэснийг ...6,349,105 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2023 оны 11 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 1,537,033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас 2023 оны 12 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 2,464,183 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

 ШҮҮГЧ                                                         Д.НЯМБАЗАР