Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 564

 

Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох 1821000000046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 05 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Б,

3. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л-н Э,

4. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-ын Н,

5. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ө-ийн М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 17 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.Э-г 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Н, Ө.М нарын эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 17 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 17 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.Э-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Н, Ө.М нарын нийтийн албанд ажиллах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Н гаргасан гомдолдоо “...Би өөрийн 3 настай хүүгийн хамт Матад суманд айлын мал хоёр сар хараад эхнэр дээрээ ирэхэд тэрээр үл таних залуутай нэг оронд унтаж байсан. Би эхнэр Б.Б-тэй өөр хүнтэй байлаа гэж маргаж байхад нөгөө залуу босож ирээд “наад бандийг чинь ална” гээд шүүгээнээс хутга авч над руу дайрсан. Тухайн нөхцөлд би биеэ хамгаалах шаардлагатай байсан, нэг мэдсэн пийшингийн ширэм аваад хэд хэд цохьсон байсан. Энэ үед амь хохирогчид үхлийн ноцтой гэмтэл мэдэгдэхгүй байсан. Хадам ээж, эхнэр хоёр бид хоёрыг салгаад өөр өөр өрөөнд оруулсан. Миний сэтгэл санаа маш их цочирдсон байсан, мөн амь хохирогч өөрөө хутга авч над руу дайрч намайг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж амь биеэ хамгаалахад хүргэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасан байна. Хохирогчийн хутга бариад ална гэж над руу дайрсан нь миний хувьд аргагүй хамгаалалт болж байгаа гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас үйлдсэн гэмт үйлдлийн талаар зохицуулсан байна. Хохирогч миний эхнэртэй унтаж байгааг хараад сэтгэл зүйд дарамт болж байхад намайг ална гэж дайрахад би юу хийхээ мэдэхгүй цочирдож биеэ хамгаалахын тулд ширэм аваад цохьсон байсан. Дээрх хуулийн заалтуудыг шүүх харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн болохоор гомдолтой байна. Би хүн алсан буруугаа хүлээн зөвшөөрч байна, зохих хууль ёсны ялыг эдлэх болно. Мөн хохирогчийн болон өөрийн ээж, хүү гээд олон хүнийг хагацал зовлонд унагаж байгаадаа гэмшиж харамсаж байна. Миний болон хохирогчийн бурууг ялган салгаж, хэргийн байдлыг харгалзан үзэж зүйл ангийг маань өөрчилж, ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н гаргасан гомдолдоо “...Ц.Н нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, хүний амь насыг хороож, гэр бүлийг нь нөхөж баршгүй зовлонд унагасан үйлдэлдээ харамсалгүй, үхсэн хүн үг хэлэхгүй гэж өөрийн хүлээх хариуцлагыг багасгахын тулд цагдаа, прокурор, шүүхэд янз бүрээр мэдүүлэг, тайлбар гарган өөрийн хийсэн үйлдэлдээ өөрөө буруугүй, ахын маань буруу байсан мэтээр хэлж, ичгүүр сонжуургүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Хүний амь насыг хохироосон аюултай үйлдэл хийснээ ухамсарлан ойлгохгүй, хохирлоо төлөөгүй байгаа хүнд хариуцлагыг нь хүндээр оногдуулах ёстой гэж үзэж байна. Ар гэрийнхэн нь гомдолтой, оршуулгын зардал бүрэн төлөгдөөгүй байхад хорих ялыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлснийг хэвээр үлдээсэн байна. Ийм аймшигт гэмт хэрэг үйлдчихээд харамсаж гэмшихгүй байгаа хүнд бүх насаар нь хорих ял шийтгэх, эсхүл хорих ялын дээд хэмжээгээр шийтгэх нь зохистой гэж үзэж байна. Ц.Н шүүхээс хөнгөн ял авчихаад аргагүй хамгаалалтын нөхцөлд биеэ хамгаалсан гэж ахыг маань буруутгах гэж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй зүйлээр өөрийгөө өмөөрөн гомдол гаргасан байна. Тэр хүнийг шоконд орсон гэж бодохгүй байна. Хаалгаа балбаж балбаж орж ирсэн. Миний ах хувцастайгаа унтаж байсан. Хажууд нь гэрч болох ээж Л.Э нь байсан. Гэтэл хүний амийг хайрлахгүй ар гэрийг нь бодохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Ц.Н-д оногдуулсан ялыг нэмж хүндрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд хэлсэн саналдаа “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирол төлөгдөөгүйд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэдгээ анхан шатны шүүх хуралдаанаас өнөөдрийг хүртэл хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тогтоолд заахаар хуульчилсан байхад 3,483,580 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хугацаа зааж өгөөгүй байгаа нь хэзээ төлж барагдуулах боломжтой вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Ийм учраас үүнд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн үндсэн хаягийг шийтгэх тогтоолд буруу бичсэн байгаа учраас залруулах нь зүйтэй. Ялыг хүндрүүлэх боломжтой байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон үйл баримтад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршин суух хаягийг алдаатай бичсэнийг тайлбарт дурдсаны дагуу өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сум, Улз багийн Жаварт гудамжны 239 тоотод Б.Б-ийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Р.Н-тай маргалдан зодож, улмаар пийшингийн ширмээр цохиж амь насыг нь хохироосон,

шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нар нь 2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сум, Улз багийн Жаварт гудамжны 239 тоотод хохирогч Р.Н нь бусдад зодуулсан байдалтай нас барсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ц.Н-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарын зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин Ц.Н-ийн бусдыг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад хоёр шатны шүүх “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Ц.Н нь эр, эмийн хардалтын улмаас Р.Н-ыг пийшингийн ширмээр олон удаа цохьсны улмаас хохирогч нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн хохирогчид учруулсан гэмтлийн тоог үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь Хэнтий аймгийн Норовлин суманд оршин суудаг байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо түүнийг Хэнтий аймгийн Батноров суманд оршин суудаг мэтээр ташаа бичсэнийг залруулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дээр дурдсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар магадлалд

“Прокуророос Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”,

“Ц.Н-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хорих ялд нэмж нэгтгэн, Ц.Н-ийн нийт эдлэх хорих ялыг 10 /арав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай”,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...17 жил 1 сар...” гэснийг “...10 жил 30 хоног...” гэж, 9 дэх заалтын “...Батноров...” гэснийг “...Норовлин...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                   ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН