Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0484

 

“******* хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Г.*******-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан “******* хад” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр” гэснийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... шүүх маргаан бүхий актыг хэлбэрийн төдий алдаа гарсан процесс талаас хууль зөрчөөгүй байна гэж үзээд шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй харин агуулгаар тусгай зөвшөөрлийн хуулийн хүчин төгөлдөр байх нөхцөлд халдсан эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргасныг шийдвэрлэж чадсангүй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйл болон 56 дугаар зүйлд зааснаас өөр хэлбэрээр буюу тусгай зөвшөөрлийг олгох хуулийн үндэслэл болсон актын араас акт гаргаж хүчингүй болгож улмаар хууль бус арга хэлбэрээр хуулийн этгээдэд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалж дуусгавар болгосон байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаал, ажлын хэсгийн тайланг үндэслэн “******* хад” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болсон 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.

Хариуцагч нь “******* хад” ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “... Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно гэж заасныг илтэд зөрчсөн” гэжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбараас үзвэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “******* хад” ХХК-д ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрийг хүчингүй болгоогүй боловч түүний үндэслэл болсон тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн а/41 дүгээр тушаалаа хүчингүй болгосноор тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулах буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ хүчингүй болгох үр дагаварт хүргэнэ гэдгээ илэрхийлжээ.

Нэхэмжлэгчийн хувьд ч маргаан бүхий актын улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөж болзошгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх “... ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 506 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна ...” гэж дүгнэн, хэрэгт ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий актын үндэслэл болсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаал, ажлын хэсгийн дүгнэлтэд “Ашигт малтмалын газрын Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтээр “******* хад” ХХК-ийн хайгуулын 12012 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа  2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсныг шүүхийн шийдвэргүйгээр сэргээснийг дахин шалгах хэрэгтэй” гэжээ.

Хариуцагч нь дээрх сайдын тушаалыг үндэслэн өөрийн урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгохдоо “******* хад” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан эсэх, өргөдөлд хавсаргах баримт бичгүүд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг явуулсан эсэх, өргөдлийг ямар шалтгаанаар буцаасан, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн а/41 дүгээр тушаалын нь үндэслэлтэй холбоотой бусад холбогдох баримтыг цуглуулж, маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* хад” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

                        ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ