Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 114/ШШ2023/0012

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 114/2023/0009/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******

Гомдлын шаардлага “Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” улсын байцаагчийн актыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын  шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч ******* нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдууланДархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” ******* дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Гомдол гаргагч *******  нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай чиргүүлтэй мерседес бенз загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй 14.9 м.куб мод, модон материалыг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу  тээвэрлэн явж байгаад Дархан-Уул аймгийн урд талын постод саатуулагдаж улмаар Дархан сумын 6 дугаар баг, ******* тоот хашаанд 15 см өргөнтэй, 7.5 м өндөртэй, 4 метрийн урттай 60 ширхэг банз, 15 см өргөнтэй, 5 см өндөртэй, 4 метрийн урттай 8 ширхэг банз, 15 см өргөнтэй,  3 см өндөртэй, 4 метрийн урттай 193 ширхэг буюу нийт 261 ширхэг, 6.5 м.куб мод, модон материалыг  зөөж байрлуулсан байна.

2.2. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахдаа 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянга/ төгрөгөөр торгож, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан  хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу 261 ширхэг банзыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн, мөн өдрийн “Эд зүйл хураах тухай” ******* дугаартай улсын байцаагчийн актаар 261 ширхэг мод модон материалыг  хураахаар тус тус шийдвэрлэжээ.

2.3. Гомдол гаргагчийн зүгээс “...Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудаст ******* миний гаргасан гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчилд хамаарч байна гэж дүгнэсэн боловч дээрх заалт нь хэт ерөнхий буюу Ойн тухай хуулиар тогтоосон яг ямар шаардлагыг зөрчсөний улмаас шийтгүүлж байгаагаа мэдэх боломжгүй байгаа юм. Мөн № ******* дугаартай “Эд зүйл хураах тухай” Улсын байцаагчийн актад ******* намайг Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 дэх заалтыг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтыг, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 6.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж тусгасан боловч эдгээр нь бүгд ******* миний хуучин, хуурай модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэсэн үйлдэлд огтхон ч хамааралгүй байгаа...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.4.Хариуцагчийн зүгээс “...Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтад “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид ”гарал үүслийн гэрчилгээ”гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” гэж заасан байдаг. Тус заалтын дагуу дээрх модыг тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн нь журмын 6 дугаар зүйлийн 6.6 дугаар зүйлд Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэж заасан заалтыг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 дэх заалтыг зөрчсөн, Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журамд бэлтгэсэн модыг хуурай, хуучин, гологдол гэсэн үг, тодорхойлолт байхгүй болно” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар,түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч ******* нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:” ... миний бие банзыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх, худалдаалах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс худалдан авч, ачааны машинд ачуулан, Улаанбаатар хотод аваачин зарж, ашиг олдог байсан ба эдгээр банзнууд нь бүгд “” ХХК-аас худалдан авсан гарал үүслийн гэрчилгээтэй, нэг машинд 400-450 ширхэг ачигддаг байсан. Модыг ачаад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт авч ирээд зарах үед гологдол гардаг байсан бөгөөд гологдол гарсан үед мод бэлтгэсэн “” ХХК нь буцаан худалдан авах боломжгүй тул миний бие гологдол банзнуудыг Сэлэнгэ аймгийн тээврийн жолоочоор тээвэрлүүлэн, өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах амины хашаандаа хурааж, хадгалж, гэрийн ойр зуурын хэрэгцээ, хашаа хороо, саравч барих зэрэгт ашигладаг байсан ба үлдэх хэсэг нь хашаанд хураалттай байсан. Мөн дээр гологдол банз моднууд дээр мод бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлтэй “” ХХК-ийн захирал Л. өрөндөө өмнө нь 2022 оны эхэн үед авч байсан банзнууд байсан. Ингээд өөрийн 2019-2020 оны хооронд худалдан авч, хашаандаа хадгалж байсан гологдол банз, палк зэрэг 100 хувь хуурай, хуучин моднуудаа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байрлах “” ХХК-ийн баруун талд байрлах 2018 оноос түрээслэн үйл ажиллагаа явуулж буй хашаандаа ойр зуурын зүйлс хийх зорилгоор тээвэрлэж яваад, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт саатуулагдсан болно. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг үүсгэн шалгаад ******* миний моднууд нь бүгд хуурай, хуучин моднууд болох нь тогтоогдож, ойн санд хууль бусаар хохирол учруулсан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Улмаар энэхүү асуудлыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэх асуудлыг шалган шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлж, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2020 онд худалдан авч, хадгалж байсан хуучин, хуурай 261 ш гологдол банзыг заавал гарал үүслийн гэрчилгээтэйгээр тээвэрлэх ёстой байсан гэж үзэж, модыг хураан авч, шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023.05.02-ны өдрийн №******* дугаартай Шийтгэлийн хуудаст ******* миний гаргасан гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчилд хамаарч байна гэж дүгнэсэн боловч дээрх заалт нь хэт ерөнхий буюу Ойн тухай хуулиар тогтоосон яг ямар шаардлагыг зөрчсөний улмаас шийтгүүлж байгаагаа мэдэх боломжгүй байгаа юм. Мөн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023.05.02-ны өдрийн №01/20- 11/049/03 дугаартай Эд зүйл хураах тухай Улсын байцаагчийн актад ******* намайг Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 дэх заалтыг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтыг, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 6.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж тусгасан боловч эдгээр нь бүгд ******* миний хуучин, хуурай модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэсэн үйлдэлд огтхон ч хамааралгүй байгаа юм.  Тухайлбал:Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 дэх хэсэгт заасан иргэн “ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх” үүрэгтэй гэх заалтыг миний бие зөрчөөгүй, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь хэсэгт заасан “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах”-ыг хориглоно гэх заалтыг миний бие зөрчөөгүй, ойгоос мод бэлтгээгүй, ойн дагалдах баялаг ашиглаагүй, аялал зугаалгаар яваагүй юм.

Мөн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 6.6 дахь хэсэгт заасан холбогдох заалтууд нь зөвхөн гарал, үүслийн гэрчилгээ авах боломжтой ойгоос бэлтгэсэн моднуудад, эсхүл тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс мод, модон материал худалдан авсан этгээдүүдэд хамаарах заалтууд  миний ачиж явсан моднууд нь 2019-2020 онд үйлдвэрлэгдсэн хуучин моднууд болох нь тус хэргийг шалгах шатанд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, бичгээр авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шинжээч нь тухайн моднуудыг хэзээ бэлтгэснийг гарал үүслийн гэрчилгээнд тусгасан байдаг гэх талаар дүгнэж, тус хэрэгт ******* миний бие тус моднуудыг 2020.04 сард худалдан авч байсан талаарх 4 ширхэг гарал үүслийн гэрчилгээний хуулбарууд хавсаргагдсан байдаг. Мөн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн шатанд Сэлэнгэ аймгийн тээврийн жолооч нь дээрх 4 гарал үүслийн гэрчилгээтэй моднуудаас үлдсэн гологдол банзнуудыг тухайн үед буюу 2020 оны 04 сард М.Соёл- Эрдэнэ миний Сэлэнгэ аймгийн, Сүхбаатар сум, 6 багт байрлах хашаанд аваачиж буулгаж байсан талаараа тодорхой мэдүүлсэн байдаг.

Ойн тухай хуулийн холбогдох заалтуудтай танилцаж үзэхэд нэг талаас төрийн эрх бүхий байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, эрх олгох, хяналт тавих харилцааны талаар, нөгөө талаас төрийн эрх бүхий байгууллагаас эрх олж авсан иргэн, хуулийн этгээдийн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүргийн талаар хуульчилсан байх боловч зах дээрээс, мод бэлтгэх зөвшөөрөлтэй байгууллагаас мод худалдаж аваад өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглаж байгаа иргэн ийм үүрэгтэй гэх талаар, эсхүл өмнө нь худалдан авсан хуучин модоо нэг хашаанаас нөгөө хашаа руугаа зөөхдөө заавал гарал үүслийн гэрчилгээг нь авч явна гэсэн нэг ч заалт байгаагүй. Угаасаа хуучин моднууддаа гарал үүслийн гэрчилгээ шинээр авах, эсхүл анх авч байсан хуучин гарал үүслийн гэрчилгээгээ үзүүлээд явах ямар ч боломжгүй юм. Учир нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн №А-153 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.6 дахь заалт, 4.7 дахь заалтад гарал үүслийн гэрчилгээг мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдээс мод, модон материалыг анх удаа худалдан авахад нэг удаа олгох, олгогдсон гарал үүслийн гэрчилгээ нь тодорхой хугацаатай байх, хэрэв худалдан авсан модон материалыг тээвэрлэх бол 300 км тутамд 24 цагаар тооцож, гарал үүслийн гэрчилгээ олгох, төмөр замаар тээвэрлэх бол 7 хоногоор тооцож, гарал үүслийн гэрчилгээ олгох, гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссанаар гарал үүслийн гэрчилгээг хүчингүйд тооцох талаар тодорхой зохицуулсан байдаг. Мөн журмын 4.10 дугаар заалтад “Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно” гэж тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл ******* би мод, модон материалыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс нь худалдан авах үедээ буюу 2020 оны 04 дүгээр сардаа худалдан авсан банзнууддаа 1 удаа гарал үүслийн гэрчилгээ авах эрхтэй бөгөөд гарал үүслийн гэрчилгээнүүд нь 2 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Энэ 2 хоногийн хугацаа дууслаа гарал үүслийн гэрчилгээ нь хүчингүйд тооцогдох буюу ******* миний бие тухайн гарал үүслийн гэрчилгээг ашиглан тус банзнуудыг өөр бусад хүнд худалдах шилжүүлэх эрхгүй болж байгаа юм. Мөн энэ журамдаа зааснаар гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссаны дараа нөхөн авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гарал үүслийн гэрчилгээ гэх баримт бичиг нь зөвхөн ойн сангаас бэлтгэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдээс мод, модон бэлдэц материалыг худалдан авах үед 1 удаа олгогддог /шинээр худалдаанд гарч байгаа модонд олгогддог/ бөгөөд хуучин модонд гарал үүслийн гэрчилгээ авна гэсэн заалт огт байхгүй юм.

Хэрэв би хэн нэгэн найз нөхөд, танил тал, ах дүү хамаатан саднаасаа гуйгаад 2 жилийн өмнө худалдан авсан хуурай, хуучин, гологдол 261 ш банзнууддаа гарал үүслийн гэрчилгээ авсан бол энэ нь өөрөө жинхэнэ ойн тухай хууль зөрчсөн, хууль бусаар, хуурамч гарал үүслийн гэрчилгээ гаргуулж авсан гэх хэрэг болох байсан. Гэтэл ийм асуудал тогтоогдоогүй, 2020 оны 04 сард худалдан авсан хуучин, хуурай банзнууд болох нь тогтоогдсон, хуучин, хугацаа нь дууссан, хүчингүй болсон гарал үүслийн гэрчилгээнүүд нь хэрэгт авагдсан, гологдол банзыг тээвэрлэн, Сэлэнгэ аймагт хүргэсэн жолооч нь мэдүүлэг өгсөн, гологдол банз үлдэж, буцаагддаг талаар Улаанбаатар хотын модны захад ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс нь мэдүүлэг, тайлбараа өгсөн.Миний бие ямар нэгэн байдлаар хууль бусаар бод бэлтгээгүй, Ойн тухай хууль зөрчөөгүй, байх ба 2020 онд худалдан авч байсан хуучин, гологдол моднуудаа хувийн хэрэгцээндээ ашиглах, хашаа хороо засварлах зорилгоор ачиж явсан үйлдлийг яагаад заавал гэмт хэрэг, эсхүл зөрчил болгох гээд байгаад гайхаж байна. Иймд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2023.05.02-ны өдрийн №******* дугаартай Шийтгэлийн хуудас, 2023.05.02-ны өдрийн №******* дугаартай Эд зүйл хураах тухай Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, хяналтын улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/525 дугаартай албан тоотоор “******* нь гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал тээвэрлэсэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хүргүүлсэн материалыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны 2318000292 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэргийн материалтай танилцах явцад хураагдсан модны хэмжээ тодорхой бус байсан тул нэмэлт нотлох баримт шаардлагатай байгааг аймгийн Прокурорын газарт хэргийн материалыг өгч танилцуулахад тус газраас Нийслэлийн прокурорын газарт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/588 тоот албан бичгээр хандсанаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ц-1/777 тоот албан бичгээр холбогдох материалыг хуулбарлан ирүүлсэн. Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар “Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай” прокурорын тогтоолоор гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийн шинжтэй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Байгаль орчны газарт шилжүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

Холбогдогч ******* өмгөөлөгч Г.*******ын хамт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирсэн. Холбогдогч, өмгөөлөгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын малчин багийн нутаг Хөтөл хороолол дахь Авто тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд очиж уг зөрчлийн хэрэгт холбоотой 261 ширхэг мод, модон материалыг нүдээр үзэн, 4 кадр зураг авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэн, Эд зүйл. баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 5-14 маягтаар тус модыг хураан авч тэмдэглэл үйлдэж гарын үсгээр баталгаажуулсан.

Тус тээвэрлэж явсан 261 ширхэг мод, модон түүхий эдийг тээвэрлэхдээ Ойн тухай хууль болон тус хуулийн 34 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг зохицуулах Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар баталсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмыг зөрчсөн. Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтад “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” гэж заасан байдаг. Тус заалтын дагуу дээрх модыг тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн.

Гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон түүхий эд тээвэрлэсэн нь дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.6 дугаар зүйлд Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэж заасан заалтыг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 заалтыг зөрчсөн, мөн тус журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “Иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтнуудаас энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хуульд заасан захиргааны болон эрүүгийн хариуцлагын арга хэмжээ тооцно” гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй гэх үйлдэлд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 50000 төгрөгийн шийтгэл ногдуулан, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн улсын байцаагчийн 2023 оны 05 -аар сарын 02-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн актаар мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн 261 ширхэг модыг улсын орлого болгон хураасан. Тус улсын байцаагчийн акт, ******* дугаартай шийтгэлийн хуудсан дээр иргэн ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журамд бэлтгэсэн модыг хуурай, хуучин, гологдол гэсэн үг, тодорхойлолт байхгүй болно гэжээ.

Гэрч: Л. ” *******д  зарсан 200 ширхэг банз модонд гарал үүслийн гэрчилгээ аваагүй, 2022 оны 11дүгээр сарын 08-ны өдөр *******д  надруу залгаад банз модны бичиг баримт байна уу бичиг баримтгүй болохоор  цагдаа явуулахгүй байна гэж ярьсан хүү бид 2, Дарханд ******* дээр ирээд  ачиж явсан модыг нь найз хашаанд аваачсан ******* ачиж явсан модныхоо ихэнхийг хашаанд буулгаад,үлдсэн хэсгийг машиндаа үлдээгээд Сэлэнгэ рүү ачаад аваад явсан...” гэжээ.

Гэрч: Б. “ ...2022 оны 11 дүгээр сарын 8-ны орой  экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б. надруу утасдаж “урд постон дээр транзит дугаартай бичиг баримтгүй мод саатуулагдсан байна гэнэ, чи мөрдөгч шалгачих гэж “ хэлсэн...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагч М.Соёл-Эрдэнийн гомдол, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол ... хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно.” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахдаа 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хураан авсан 261 ширхэг банзыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр /хх 92,93х /

Мөн өдрийн Улсын байцаагчийн “Эд зүйл хураах тухай” № ******* дугаартай актаар Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д ”Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж заасныг үндэслэн 261 ширхэг мод, модон материалыг хураахаар тус тус шийдвэрлэжээ./хх94х/

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч нь мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК, “” ХХК -ийн бэлтгэсэн банз, палкнуудыг 2018-2020, 2022 онуудад худалдан авч Улаанбаатар хотын модны захуудаар зарж борлуулан бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан болох нь хэрэгт авагдсан “” ХХК-ийн  мод, модон материалын гарал үүслийн 2020 оны 4 дүгээр сарын 0014707, 0014709, 0014712, 0014714 дугаартай гэрчилгээнүүд, “” ХХК-ийн захирал Л.ын мэдүүлэг, мод бэлтгэх эрхийн бичиг, тайлан, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 50 дугаартай прокурорын тогтоол, болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа болно.

3. Харин түүний Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу  2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 99-90-УЧ дугаартай чиргүүлтэй мерседес бенз загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн явсан 14.9 м.куб мод, модон материал нь гарал үүслийн гэрчилгээгүйн улмаас  Дархан-Уул аймгийн урд талын пост дээр саатуулагдсан  нь гэрч Л., Б. нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 1/525 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан // гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүн дээр ачсан, Дархан сумын 6 дугаар баг, ******* тоот хашаанд, түр саатуулах хашаанд байх, банз модны  зургууд болон бусад баримтаар тогтоогдсон.

4. Гомдол гаргагчийн “2020 онд “Шинэ бадрах” ХХК-аас худалдаж аваад зарагдаагүй гологдол болоод Улаанбаатараас буцаж ирсэн банз болон палк моднуудаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд  хадгалж байгаад, Улаанбаатар Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байрлах хашаандаа юм хийх санаатай хуучин, хуурай модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэж явсан гэх үйлдэлд Ойн тухай хуулиар тогтоосон яг ямар шаардлагыг зөрчсөний улмаас шийтгүүлж байгаагаа мэдэх боломжгүй байгаа, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6.6 дахь заалтууд огтхон ч хамааралгүй” гэх тайлбар нь  үндэслэлгүй байна.

5. Учир нь Ойн тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ”Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.2-т “ энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана”, 34 дүгээр зүйлийн 34.4-д “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  А-153 дугаар тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох,хяналт тавих журам”-ын  6.6- д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ”, 2.1.2 -д “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” 4.3-т “Гарал үүслийн гэрчилгээг, эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно, 4.10-т ”Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно” гэж  тус тус тодорхойлжээ.

6. Тэгвэл гомдол гаргагчийн хувьд дээрх хууль, журамд заасан шаардлагын дагуу эрхийн бичгийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ авах ёстой байсан, Өөрөөр хэлбэл 2020 онд “Шинэ бадрах” ХХК-аас худалдаж аваад зарагдаагүй гологдол болсон гэх мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд уг модоо Улаанбаатар Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байрлах хашаандаа  буулгасан бол дэрхи хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Харин Улаанбаатараас буцаж ирсэн гэх мод, модон материалын эрхийн бичгийн хугацаа дууссан тул гарал үүслийн гэрчилгээ олгогдохгүй, хуучин модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэн явахад хууль, журмын заалт хамаарахгүй гэх нь буруу, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн гарал үүслийн гэрчилгээтэй, мод, модон материалыг тээвэрлэдэг гэдгийг  бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг түүний хувьд мэдэх байтал дээрх хуулийн заалтыг зөрчиж гарал үүслийн гэрчилгээгүй 14.9 м.куб мод, модон материалыг  Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу  тээвэрлэсэн зөрчлийг гаргасан нь “Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай” 06 дугаартай прокурорын тогтоол,  2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчлийн материал шилжүүлэх тухай” 1/1604 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдсон болно.

7.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

8. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол ... хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно.” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахдаа 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь зөв байна.

9. Харин М.Соёл-Эрдэнийн тээвэрлэж явсан банз, палк нь хууль ёсны дагуу бэлтгэгдсэн, ойн санд хохирол учруулаагүй болох нь Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 50 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д  тээвэрлэж явсан мод, модон материалыг хураахаар зохицуулаагүй байхад 261 ширхэг банзыг хураан авч улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийтгэлийн хуудсаар шийдвэрлэсэн,  “Эд зүйл хураах тухай” ******* дугаартай улсын байцаагчийн актаар 261 ширхэг  мод модон материалыг  хураахаар тус тус шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, 4.1 дүгээр зүйлийн 1 ”Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана”, гэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 261 ширхэг банзыг хурааж Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлснээр гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

10. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн  29.1.7-д заасан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах” гэсэн хуулийн заалт нь хэргийн үйл баримтад хамаарахгүй гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудасны 261 ширхэг банзыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн  хэсэг, ******* дугаартай “Эд зүйл хураах тухай” улсын байцаагчийн актыг хүчингүй  болгож, гомдол гаргагч *******д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, 4.1 дүгээр зүйлийн 1, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34 дүгээр зүйлийн 34.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч М.Соёл-Эрдэнийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн “2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  ******* дугаартай шийтгэлийн хуудасны 261 ширхэг банзыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, ******* дугаартай  “Эд зүйл хураах тухай” улсын байцаагчийн актыг тус тус хүчингүй болгож, үлдэх  шийтгэлийн хуудасны иргэн *******д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэсгийг  хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагч *******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНЧИМЭГ