Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0466

 

 

М.С-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Гомдлын шаардлага: Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048402 дугаартай шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” 01/20-01/049/03 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 114/2023/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч М.С-ээс “Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048402 дугаартай шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” 01/20-01/049/03 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, 4.1 дүгээр зүйлийн 1, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М.С-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн “2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048402 дугаартай шийтгэлийн хуудасны 261 ширхэг банзыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, 01/20-01/049/03 дугаартай “Эд зүйл хураах тухай” улсын байцаагчийн актыг тус тус хүчингүй болгож, үлдэх шийтгэлийн хуудасны иргэн М.С-д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Гомдол гаргагч М.С нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0048402 дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/20-01/049/03 дугаартай “Эд зүйл хураах тухай” улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбаруудыг үгүйсгэж, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт “...гологдол болоод Улаанбаатараас буцаж ирсэн, хуучин, хуурай модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэж явсан гэх үйлдэлд Ойн тухай хуулиар тогтоосон яг ямар шаардлагыг зөрчсөний улмаас шийтгүүлж байгаагаа мэдэх боломжгүй байгаа, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6.6 дахь заалтууд огтхон ч хамааралгүй гэх тайлбар нь үндэслэлгүй, 6 дахь хэсэгт “...гомдол гаргагчийн хувьд дээрх хууль, журамд заасан шаардлагын дагуу эрхийн бичгийн үндэслэл гарал үүслийн гэрчилгээ авах ёстой байсан .... харин Улаанбаатараас буцаж ирсэн гэх мод, модон материалын эрхийн бичгийн хугацаа дууссан тул гарал үүслийн гэрчилгээ олгогдохгүй, хуучин модыг аж ахуйн зориулалтаар, өөрөө хэрэглэхээр тээвэрлэн явахад хууль, журмын заалт хамаарахгүй гэх нь буруу ...” гэх зэрэг дүгнэлтийг хийж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0048402 дугаартай Шийтгэлийн хуудасны шийтгэл ногдуулсан хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ: “... хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дээрх моднууд нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээс бэлтгэгдсэн 2018-2020 онд “Ш” ХХК-иас авсан мод, 2022 оны 02 дугаар сард “Х” ХХК-иас авсан мод болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг “Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалт нь хэргийн үйл баримтад хамаарахгүй гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг, эрх бүхий албан тушаалтан нь “Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэх дүгнэлтийг тус тус хийснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа болно.

Мөн анхан шатны шүүх хуралдааны шатанд талуудын асуулт хариултын үед хариуцагч нь нэхэмжлэгч М.С-ийн ачиж явсан мод нь хуучин мод болох талаар, модны гарал үүслийн гэрчилгээнүүд нь 2020 оны 03, 04 дүгээр сард олгогдсон, 2022 оны 02 дугаар сард олгогдсон хуучин моднууд болохыг зөвшөөрч, М.С нь модыг аж ахуйн зориулалтаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 баг, 5-9 тоот хаягт байрлах хашаанаасаа ачсан, модны захаас, эсхүл мод бэлтгэх эрхтэй байгууллагаас ачаагүй, хувийн буюу аж ахуйн зорилгоор тээвэрлэж явсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлсэн байдаг.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуучин моднуудаа аж ахуйн зориулалтаар, өөрөө өөртөө хэрэглэхээр тээвэрлэж явахдаа гарал үүслийн гэрчилгээ авах ёстой байсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ хавтаст хэрэгт авагдсан ямар баримтуудыг үнэлсэн, Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журамд заагдсан, нэхэмжлэгчийн тайлбарласан журмын заалтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар огтхон ч дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал: Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 4.6-д “Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно ... замын сүлжээний километрээр тооцон 300 км тутамд 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минут тавьж өгнө”, 4.7-д “Мод, модон материалыг төмөр замаар тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа 7 хоног байна”, 4.8-д “Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд тухай орон нутгийн байгаль орчны байцаагчид хүсэлт гарган автомашинаар тээвэрлэж буй тохиолдолд километрээр тооцон 300 км тутамд 25 цагаар тооцон 1 удаа, төмөр замаар тээвэрлэж буй тохиолдолд 7 хоногийн хугацаагаар 1 удаа сунгуулж болно”, 4.10-д “Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно”, 6.4-д “Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан модтой хамт байхад хүчинтэй байна”, 6.5-д “Модны бирж болон захуудаас мод, модон материал худалдан авч өөр аймаг, сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан, зарлагын баримтын хамтаар тээвэрлэнэ”, 7.2-т “Эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэхийг хориглоно” гэх заалтууд тусгагдсан.

Өөрөөр хэлбэл, мод, модон материалыг модны бирж болон захуудаас худалдан авч тээвэрлэхэд эсхүл мод, модон материалыг үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ гэх баримтыг тухайн журамд заасан хугацаагаар аваад, гарал үүслийн гэрчилгээний хугацаа дуусаад тухайн баримт нь өөрөө хүчингүй болдог гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн энэхүү журамд зааснаар гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгох боломжгүй байх ба өмнө 2020 онд, 2022 оны 02 сард гарал үүслийн гэрчилгээ олгогдсон, аж ахуйн зорилгоор ашиглагдаж, гэртээ хадгалж байсан хуучин, хуурай, гологдол банз модыг 2022 оны 11 дүгээр сард мөн аж ахуйн ажил хийх зорилгоор тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авах ямар ч боломжгүй юм. Хэрвээ М.С-ийн зүгээс өөрт хадгалагдаж байсан, модны захаас, мод үйлдвэрлэгчээс 2022 оны 11 дүгээр сард шинээр худалдаж аваагүй моднуудаа танил тал, найз нөхдөдөө дамжуулаад гарал үүслийн гэрчилгээ авсан байсан бол энэ нь өөрөө Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 7.2-д заасныг зөрчсөн, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдэж, ашигласан хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох байсан.

М.С бол өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тухайн хуучин, хуурай моднуудыг 2020 оны 04 дүгээр сараас хойш, 2022 оны 02 сараас хойш эзэмшиж, ашиглаж байсан модыг хэрэглэж буй хэрэглэгч байсан, мөн энэхүү модоо өөртөө хэрэглэх зорилгоор ачиж явсан байдаг ба энэ үйл баримтад хариуцагч маргаагүй. М.С-ийн хувьд 2020 оны 04 сараас хойш мод худалдан борлуулах үйл ажиллагаа огт явуулаагүй, гологдол банз моднуудаа өөрөө хэрэглээд явж байсан гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотариатаар гэрчлүүлсэн тайлбар, хуучин моднуудын хугацаа нь дууссан гарал үүслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан баримтууд, талуудын мэтгэлцээний шатанд тогтоогдсон үйл баримт хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй тайлбаруудыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үнэлэлт хийхдээ, журмын дээрх зохицуулалтуудыг үнэлэлгүйгээр орхигдуулж, хуучин модонд гэрчилгээ олгогдох боломжтой, гэрчилгээ аваагүй нь буруу гэх байдлаар дүгнэж, шийтгэлийн хуудасны шийтгэл оногдуулсан хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Гарал үүслийн гэрчилгээ авах журамд Монгол Улсын Ойн сангаас бэлтгэсэн мод, модон бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх, тээвэрлэх, худалдах үйл ажиллагааг зохион байгуулах талаар зохицуулан ба нэгэнт хэрэглэгч этгээд нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан модоо хэрхэн захиран зарцуулах талаар заалт огтхон байхгүй юм. Тийм ч учраас энэхүү гарал үүслийн гэрчилгээ гэх баримтыг модны зах, модны биржээс модыг худалдан авах үед нэг удаа олгох, модны үйлдвэрээс худалдан авах үед нь нэг удаа олгох талаар зохицуулсан байгаа юм. Хэрэв шүүхээс нэхэмжлэгч М.С-ийг өөрт хадгалагдаж байсан хуучин, хуурай, гологдол банз моднуудыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авах байсан, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэх боломжгүй байсан гэж үзвэл Могол Улсын хэмжээнд мод, модон материал эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй хуучин модон хашаагаа зөөх боломжгүй, нэг суманд амьдардаг малчин, сумын төв рүү модон хашаагаа зөөх боломжгүй, энэ бүхнийг хууль, журмаар хориглосон гэж үзэх нөхцөл байдал үүсэхээр байгаа юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0048402 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2.1. Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048402 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн М.С-д гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахдаа 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50.000 /тавин мянга/ төгрөгөөр торгож, мөн өдрийн Эд зүйл хураах тухай 01/20-01/049/03 дугаартай улсын байцаагчийн актаар нийт 261 ширхэг мод, модон материалыг хураахаар тус тус шийдвэрлэжээ.

2.2. Гомдол гаргагч М.С-ээс дээрх улсын байцаагчийн шийтгэлийн хуудас болон актыг эс зөвшөөрч “Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048402 дугаартай шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” 01/20-01/049/03 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс “...гомдол гаргагч нь мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш ХХК, Х ХХК-ийн бэлтгэсэн банз, палкнуудыг 2018-2020, 2022 онуудад худалдан авч Улаанбаатар хотын модны захуудаар зарж борлуулан бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан болох нь хэрэгт авагдсан Ш ХХК-ийн мод, модон материалын гарал үүслийн 2020 оны 04 дүгээр сарын 0014707, 0014709, 0014712, 0014714 дугаартай гэрчилгээнүүд, Х ХХК-ийн захирал Л.Болд-Очирын мэдүүлэг, мод бэлтгэх эрхийн бичиг, тайлан, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 50 дугаартай прокурорын тогтоол, болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа болно” гэх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн атлаа Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмыг буруу тайлбарлан гомдлын зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2.3. Тодруулбал, Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2.1.2-т “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг”, 4.6-д “Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Тогтоохдоо Монгол улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 километр тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэн цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө”, 6.4-д “Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан модтой хамт байхад хүчинтэй байна” гэж тус тус заажээ.

2.4. Дээрх журмын зохицуулалтуудаас үзэхэд гарал үүслийн гэрчилгээг тухай бүр мод, модон материалыг худалдах үедээ ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн болохыг гэрчилж олгодог төдийгүй хэдэн километр замыг туулж буюу хаанаас хаа хүртэл явахыг тооцон хүчинтэй байх хугацааг нь тодорхойлдог байна.

2.5. Гэтэл гомдол гаргагч М.С-ийн тээвэрлэн явсан банзыг өмнө нь хуульд заасан журмын дагуу бэлтгэсэн буюу зохих зөвшөөрөл бүхий “Ш” ХХК, “Х” ХХК-иудаас 2018-2020, 2022 онуудад худалдан авч байсан болох нь прокурорын тогтоолоор нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд гарал үүслийн бичиггүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас хуульд нийцэхгүй байхад энэ талаар гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, 4.1 дүгээр зүйлийн 1, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч М.С-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-гийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048402 дугаартай шийтгэлийн хуудас, “Эд зүйл хураах тухай” 01/20-01/049/03 дугаартай улсын байцаагчийн актыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.           

           

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН