Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00545/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Хабитат 10-р хэсэг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Д*** овогт Б*** Н***гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 5-р хороолол, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, С***овогт Ч*** Б***д холбогдох

 

84 000 000 төгрөг гаргуулах, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн,

 

Хариуцагч Ч.Б***гийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С**, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Н*** миний бие иргэн Ч.Б***д 75 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Түүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусахад харилцан тохиролцож сар бүр хүү төлөх хэлбэрээр, зээлийн гэрээний хугацаа сунгаж байсан бөгөөд үүнийгээ 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан. Ч.Б*** нь зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байгаа тул сунгасан хугацаанаас өмнө гэрээг цуцалж, үндсэн зээл болон хүүг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд зээл, зээлийн хүүг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н***н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа :

Б.Н***н нэхэмжлэлтэй Ч.Б***д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 84 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** миний бие хэргийн материалтай танилцаад нэхэмжлэгч Б.Н***н урьд нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дараах өөрчлөлтийг оруулж байна.

Нэхэмжлэгч Б.Н*** урьд нь гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н*** миний бие иргэн Ч.Б***д 75 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Түүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусахад харилцан тохиролцож сар бүр хүү төлөх хэлбэрээр зээлийн гэрээний хугацааг сунгаж байсан бөгөөд үүнийгээ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан. Ч.Б*** нь зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байгаа тул сунгасан хугацаанаас өмнө гэрээг цуцалж, үндсэн зээл болон хүүг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Ч.Б***гээс зээлдүүлсэн 75 000 000 төгрөг, сүүлийн 4 сарын хүү болох 9 000 000 төгрөг нийт 84 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ дараах байдлаар өөрчилж байна.

Нэхэмжлэгч Б.Н*** нь анх 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Б***тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 75 сая төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сар тутам 3 хувийн хүүтэй, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороололын, *** тоот улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч Ч.Б*** нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон хүүг төлж байсан боловч үндсэн зээлийг төлөлгүй гэрээг дахин шинэчлэн хийх хүртэл буюу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 127 хоног хэтрүүлсэн бөгөөд энэ шалтгаанаа төслийн зээл авах гэж байна зээл аваад төлнө гэж явсаар байсан. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Б*** надад санал тавьж, Барьцаанд тавьсан Дарханы байраа барьцаанаас чөлөөлж Улаанбаатар хотод байршилтай 2 өрөө орон сууцаар барьцааны зүйлийг сольё, урьд нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болоогүй ч гэсэн хоёулаа тохироод зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгосон хэлцэл хийгээд гэрээгээ шинэчлэн хийе гэсэн санал тавьсаны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн хийж барьцааны зүйлийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, *** тоот, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй Ч.Б***гийн эхнэр Э.А***гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаар сольж, барьцааны гэрээнд Э.А***, Ч.Б*** нар гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Бидний хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ нь гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй байхад хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд хариуцагч Ч.Б*** ч үүрэг дуусгавар болоогүйг хүлээн зөвшөөрч анх шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н***н нэхэмжилсэн 84 сая төгрөгийг 2016 ондоо багтаан төлж барагдуулах хүсэлтэй байна гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Мөн зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн гэрээний 3 дахь заалтад гэрээ байгуулах үед зээлийн үлдэгдэл 75 000 000 төгрөг хэвээр байна гэж заасан байгаа нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүйг нотлож байна. хариуцагч Ч.Б*** нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрч мөнгө авсан өгсөн асуудлаар маргахгүй байгаа бөгөөд хүүнд буцаан төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасч тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Иймд хариуцагч Ч.Б***д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.    Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах,

2.    2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 75 000 000 төгрөг, гэрээнд заасан 3 сарын хүү 2250 000 х 3=6 750 000 төгрөг, гэрээний 5 дахь заалтанд заасан алданги 127 хоног х 375 000 =47 625 000 төгрөг болж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 75 000 000 : 2 = 37 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2 сарын хүү 2 250 000 х 2 = 4 500 000 төгрөг нийт 123 750 000 төгрөг нэхэмжилж байгаагаас Ч.Б***гээс хүүнд тооцож буцаан авсан 47 250 000 төгрөгийг хасч тооцон нийт 76 500 000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, ***тоот, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Б***гийн нэхэмжлэгч Б.Н***д 54 сая төгрөгийн хүү төлсөн гэх дансны хуулгаас тооцож үзэхэд 47 250 000 төгрөг буцаан төлсөн байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 84 000 000 төгрөгийг ондоо багтааж төлье гэсэн тайлбар өмнө нь шүүхэд өгсөн боловч Б.Н*** нь шууд барьцаанд тавьсан байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардаж байгаа тул миний бие нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Ч.Б*** миний бие нь Б.Н***гаас 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 75 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 5-р хороолол, *** тоот 2 өрөө орон сууцаа барьцаалсан. Уг зээлийн барьцааг солих зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээл, барьцааны гэрээг шинээр хийсэн. Анх зээл авснаасаа хойш төлсөн төлбөрөө тооцон үзэхэд миний бие нь нийт 54 сая төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг эргүүлэн төлсөн байна.

Иймд санхүүгийн хямралын улмаас наймааны эргэлт удааширч, төлбөрийн чадвар муудсан тул Б.Н***д төлсөн 54 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцуулах саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ч.Б*** миний бие 2014.01.23-ны өдөр Б.Н***гаас 75 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2014.01.23-2014.04.23-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Ингээд тус зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл би хүүг нь хугацаанд нь Б.Н***д төлж байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээг албан ёсоор сунгаагүй боловч би сар бүр 2 250 000 төгрөгийг Б.Н***д 2014.01.24-2016.02.08-ны өдрийг хүртэл төлж байсан. Гэтэл 2014.09.04-ний өдөр Б.Н*** 75 000 000 төгрөгийг тус өдрөөс 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлж байгаа мэтээр дүр эсгэж, зээлийн гэрээг дахин байгуулж, нотариатаар батлуулсан ба тус гэрээнийхээ дагуу Ч.Б*** надаас 84 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. бодит байдал дээр тухайн өдөр миний бие Б.Н***гаас 1 ч төгрөг зээлж аваагүй, Б.Н*** надад 1 ч төгрөг зээлүүлээгүй юм. Харин бидний хооронд 2014.01.23-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу би сар бүр 2 250 000 төлсөөр өнөөдрийн байдлаар би Б.Н***д 54 000 000 төгрөгийг төлөөд байгаа юм. Иймээс тус 54 000 000 төгрөгөөс 2014.01.23-ны өдрийн зээлийн гэрээний 3 сарын хүүг хасаж тооцоод 47 250 000 төгрөгийг үндсэн зээл 75 000 000 төгрөгөөс хасахад 27 750 000 төгрөгийн тооцоо Б.Н*** бид хоёрын дунд үлдсэн. Иймд Б.Н*** надаас 84 000 000 төгрөг нэхэмжлэх үндэслэл болоод байгаа 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дүр үзүүлэн хийсэн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н*** сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа :

 

Хариуцагч Ч.Б*** нь сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргаж, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр хүү үндсэн төлбөрийг тооцуулахаар хүсэлт гаргасан байна.

Үндсэндээ Ч.Б*** бидний хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн өмнөх үүргийг өөр үүргээр солих буюу барьцааг сольж, өмнөх зээлийн гэрээ дуусгавар болгож, гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээг шинэчлэн байгуулахдаа Б*** нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хэлцлийг хийж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шинээр үүрэг хүлээж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 236 зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 236 зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр хүү алдангийг тооцох боломжгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.

Ер нь өнөөдрийг хүртэл миний амьжиргааны эх үүсвэр наймааны маань эргэлтийн хөрөнгийг маань удаан хугацаанд эргэлдүүлж, бизнессийн үйл ажиллагаандаа хэрэглэчихээд одоо шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна...Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ч.Б***гийн эхнэр Э.А***г хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Э.А*** нь Солонгос улс руу гарсан байх тул хүсэлтээсээ татгалзаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийнхээ шаардлагаа өөрчилж хариуцагч Ч.Б***гээс 84 сая төгрөг гаргуулах, талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу 7 сарын хүү 15 750 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 91 750 000 төгрөг гаргуулах, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. анх 2014.01.23-нд 75 сая төгрөг бэлнээр зээлж гэрээ хийсэн. Дахин байгуулсан гэрээ буюу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний гэрээгээр 75 сая төгрөг зээлээгүй, мөнгө өгч авалцаагүй тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хариуцагч нь нийт 47 750 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн, маргаагүй. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байгааг хурал хойшлуулахгүйгээр хариуцагч тал тайлбар өгөөд явах боломжтой. Нэгэнт 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход түүнийг дагаад үр дагавар үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч Ч.Б***д холбогдуулан 84 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж, 91 750 000 төгрөг гаргуулах, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ч.Б*** нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.Б*** нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2014.01.24-2016.02.08-ны өдрийг хүртэл 47 750 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна. / хх-ийн 41-65/

 

Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 75 сая төгрөгийг, 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 5-р хороолол, *** тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 26/

 

Нэхэмжлэгч Б.Н***, хариуцагч Ч.Б*** нар нь дээрхи зээлийн гэрээний барьцааг өөрчлөх зорилгоор дахин 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 75 сая төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй зээлийн гэрээ, өмнөх барьцаа хөрөнгийг сольж барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3/

 

Талууд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулахдаа ...2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл талууд харилцан тохиролцож, сарын хүүг төлөх журмаар гэрээний хугацааг сунгаж байсан, гэрээ байгуулах үед зээлийн үлдэгдэл 75 000 000 төгрөг хэвээр байна гэсэн нэмэлт гэрээ байгуулжээ. / хх-ийн 4/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж ...2014 оны 01 дүгээр сарын 23-нд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 75 000 000 төгрөг, гэрээнд заасан 3 сарын хүү 2250 000 х 3=6 750 000 төгрөг, гэрээний 5 дахь заалтанд заасан алданги 127 хоног х 375 000 =47 625 000 төгрөг болж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 75 000 000 : 2 = 37 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2 сарын хүү 2 250 000 х 2 = 4 500 000 төгрөг нийт 123 750 000 төгрөг нэхэмжилж байгаагаас Ч.Б***гээс хүүнд тооцож буцаан авсан 47 250 000 төгрөгийг хасч тооцон нийт 76 500 000 төгрөг дээр зээлийн нэмэлт гэрээний дагуу 7 сарын хүү 15 750 000 нийт 91 750 000 төгрөг, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчингүй болгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч Ч.Б***д 75 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б.Н***гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тодорхой хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 281.1-дзээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Барьцааны зүйлийг солих зорилгоор дахин 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсныг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй.

 

Мөн талууд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний зүйлийг солих зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан боловч энэ гэрээний үүрэг дуусгавар болоогүй болох нь хариуцагчийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл энэ гэрээний дагуу төлбөр төлж байсан тухай хэрэгт авагдсан Б.Н***н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 75 000 000 төгрөг, 3 сарын хүү 6 750 000 төгрөг нийт 81 750 000 төгрөг,

Үүнээс хариуцагчийн төлсөн 47 750 000 төгрөгийг хасахад үлдэгдэл 34 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 34 000 000 + 17 000 000 = 51 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Б***гээс гаргуулж нэхэмжлэгч Б.Н***д олгох нь зүйтэй.

 

Талууд нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний барьцааны зүйл болох Дархан сум 10-р баг 5-р хороолол, *** тоот хаягт орших, 29 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, ***тоот, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. / хх-ийн 3-6/

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагчаар Ж.Ариунтуяаг татах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч Э.А***гаас татгалзсаныг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Н***, хариуцагч Ч.Б*** нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэлийн үндсэн дээр З.Э***, Б.С** нар нь шүүхэд төлөөлж оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Б***гээс 51 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н***д олгож, 40 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н***, хариуцагч Ч.Б*** нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болсон тухай, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н***гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 648150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 532950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 138950 төгрөг, хариуцагчаас 45000 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Ч.Б***гээс 412950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА