Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 188

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/00545/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж  шүүгч С.Энхжаргал, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б-д  холбогдох

          “зээлийн төлбөр 31.658.859 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн  давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

           Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний бие иргэн Ч.Б-д 75 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Түүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусахад харилцан тохиролцож сар бүр хүү төлөх хэлбэрээр, зээлийн гэрээний хугацаа сунгаж байсан бөгөөд үүнийгээ 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан. Ч.Б- нь зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байгаа тул сунгасан хугацаанаас өмнө гэрээг цуцалж, үндсэн зээл болон хүүг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд зээл, зээлийн хүүг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Б.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

           Нэхэмжлэгч Б.Н- нь анх 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Б-тэй зээлийн  болон  барьцааны гэрээ  байгуулж 75 сая төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай,   сар тутам 3   хувийн   хүүтэй, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороололын, 4-р байрны 86 тоот улсын бүртгэлийн Ү-2003000261 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хариуцагч Ч.Б-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

          1. Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах,

           2.  2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 75 000 000 төгрөг, гэрээнд заасан 3 сарын хүү 2250 000 х 3=6 750 000 төгрөг, гэрээний 5 дахь заалтанд заасан алданги 127 хоног х 375 000 =47 625 000 төгрөг болж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 75 000 000 : 2 = 37 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2 сарын хүү 2 250 000 х 2 = 4 500 000 төгрөг нийт 123 750 000 төгрөг нэхэмжилж байгаагаас Ч.Б-гээс хүүнд тооцож буцаан авсан 47 250 000 төгрөгийг хасч тооцон нийт 76 500 000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 11-р байрны 163 тоот, улсын бүртгэлийн Ү-2204003816 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Б-гийн нэхэмжлэгч Б.Н-д 54 сая төгрөгийн хүү төлсөн гэх дансны хуулгаас тооцож үзэхэд 47 250 000 төгрөг буцаан төлсөн байна гэжээ.

            Хариуцагч Ч.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

            Миний бие 84 000 000 төгрөгийг ондоо багтааж төлье гэсэн тайлбар өмнө нь шүүхэд өгсөн боловч Б.Н-  шууд барьцаанд тавьсан байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардаж байгаа тул миний бие  дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Ч.Б- миний бие нь Б.Н-гаас 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 75 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 5-р хороолол, 4-86 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалсан. Уг зээлийн барьцааг солих зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээл, барьцааны гэрээг шинээр хийсэн. Анх зээл авснаасаа хойш төлсөн төлбөрөө тооцон үзэхэд миний бие  нийт 54 сая төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг эргүүлэн төлсөн байна. Иймд санхүүгийн хямралын улмаас наймааны эргэлт удааширч, төлбөрийн чадвар муудсан тул Б.Н-д төлсөн 54 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ч.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

           Миний бие 2014.01.23-ны өдөр Б.Н-гаас 75 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2014.01.23-2014.04.23-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Ингээд тус зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл би хүүг  хугацаанд нь Б.Н-д төлж байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээг албан ёсоор сунгаагүй боловч би сар бүр 2 250 000 төгрөгийг Б.Н-д 2014.01.24-2016.02.08-ны өдрийг хүртэл төлж байсан. Гэтэл 2014.09.04-ний өдөр Б.Н- 75 000 000 төгрөгийг тус өдрөөс 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлж байгаа мэтээр дүр эсгэж, зээлийн гэрээг дахин байгуулж, нотариатаар батлуулсан ба тус гэрээнийхээ дагуу Ч.Б- надаас 84 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бодит байдал дээр тухайн өдөр миний бие Б.Н-гаас 1 ч төгрөг зээлж аваагүй, Б.Н- надад 1 ч төгрөг зээлүүлээгүй юм. Харин бидний хооронд 2014.01.23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу би сар бүр 2 250 000 төлсөөр өнөөдрийн байдлаар би Б.Н-д 54 000 000 төгрөгийг төлөөд байгаа юм. Иймээс тус 54 000 000 төгрөгөөс 2014.01.23-ны өдрийн зээлийн гэрээний 3 сарын хүүг хасаж тооцоод 47 250 000 төгрөгийг үндсэн зээл 75 000 000 төгрөгөөс хасахад 27 750 000 төгрөгийн тооцоо Б.Н- бид хоёрын дунд үлдсэн. Иймд Б.Н- надаас 84 000 000 төгрөг нэхэмжлэх үндэслэл болоод байгаа 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дүр үзүүлэн хийсэн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Б.Н- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

            Хариуцагч Ч.Б- нь сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргаж, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр хүү үндсэн төлбөрийг тооцуулахаар хүсэлт гаргасан байна. Үндсэндээ Ч.Б- бидний хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн өмнөх үүргийг өөр үүргээр солих буюу барьцааг сольж, өмнөх зээлийн гэрээ дуусгавар болгож, гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээг шинэчлэн байгуулахдаа Баатархүү нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хэлцлийг хийж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шинээр үүрэг хүлээж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 236 зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 236 зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр хүү алдангийг тооцох боломжгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Ер нь өнөөдрийг хүртэл миний амьжиргааны эх үүсвэр наймааны маань эргэлтийн хөрөнгийг маань удаан хугацаанд эргэлдүүлж, бизнессийн үйл ажиллагаандаа хэрэглэчихээд одоо шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна...Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1185 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-гээс 51 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, 40 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Ч.Б- нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон тухай, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 648150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 532950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 138950 төгрөг, хариуцагчаас 45000 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Ч.Б-гээс 412950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэлээ. Барьцааны зүйлийг солих зорилгоор дахин 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсныг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 281.1-д заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй“ гэсэн дүгнэлт хийж “Тогтоох“ хэсгийнхээ 2 дахь заалтаар зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоныг нэхэмжлэгч тал үндэслэлгүй дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. 199.1-д заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгэзр мэдэгдсэн байвал зохино. 199.2-т заасан хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино” гэсэн заалтуудыг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор байтал шүүх зохигчдын хооронд  2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болоогүй байхад уг гэрээг дуусгавар болсны дараа 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин шинээр зээлийн харилцаа үүссэн мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа болно.  

Ч.Б-гийн 2014 оны 5 дугаар сарын 24-нөөс 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл сар бүр цувуулж төлсөн хүүний гэх мөнгийг Ч.Б- гэрээний хугацаа дуусгавар болсон 2014 оны 4 дүгээр сарын 23-нд 47.750.000 төгрөг бөөнд нь төлсөн мэтээр үндсэн зээлээс хасч тооцон үлдэх 34 сая төгрөгнөөс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232.6-д заасан: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр  тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн заалттай нийцээгүй бөгөөд алдангийг хариуцагч гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн өдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хоног тутам тооцож гаргах байсан. Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг шүүх хүчин төгөлдөр  бусд тооцохдоо илт дүр үзүүлэн хийсэн хэлцэл байхад “Тогтоох” хэсгийнхээ 2 дахь заалтанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-ийг хэрэглэх байтал хэрэглэлгүй орхигдуулсан алдаа гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж Б.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, 2 дахь заалтаас “Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ч.Б- нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг” гэсэн хэсгийг хасч шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ч.Б-д холбогдуулж 84.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн  үндэслэл, шаардлагаа 91.750.000 төгрөг гаргуулах, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар өөрчилсөн, хариуцагч Ч.Б- 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ч.Б-гээс  51.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 40.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах, хууль хэрэглээний алдааг зөвтгүүлэхээр давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн болсон үйл баримт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Зохигчдын хооронд анх 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ / х/х-ийн 26 дугаар тал/  хийгдэж тус гэрээгээр нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ч.Б-д 75.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцааны гэрээгээр Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 4-86 тоот 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Энэ зээлийн болон барьцааны гэрээ хуулинд нийцсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 75.000.000 төгрөг, гэрээт хугацааны хүү 6.750.000 төгрөг, нийт 81.750.000 төгрөг зээлдүүлэгчид төлөхөөс гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 47.750.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 42-65 дугаар талд авагдсан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог, талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 34.000.000 төгрөгөөс зээлийн гэрээний 5 дахь заалтыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  17.000.000 төгрөгийн алданги тооцож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд барьцааны эд зүйлийг солих зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг / х/х-ийн 3 дугаар тал/ үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг бөгөөд энэ гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлээгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байна.

Мөн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд хийгдсэн Үүрэг дуусгавар болох тухай хэлцэл нь / х/х-ийн 34 дүгээр тал/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан  дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн байх бөгөөд хариуцагч нь хэлцэл хийх үед буюу хэлцэл хийгдсэнээс хойш зээлийн төлбөрийг сар тутам төлж байсан болох нь нэхэмжлэгчийн ХААН банк дахь дипозит дансны хуулгаар нотлогдоно.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний хугацааг сунгасан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон гэрээг сунгасан тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

Харин 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцааны эд зүйлийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11-163 тоот 30 м/кв 2 өрөө орон сууцаар сольж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар талууд тохиролцон өөрчилсөн байна гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хэн аль нь маргаагүй,  үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар энэ барьцаа хөрөнгөөр хангуулах нь зөв гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох болон талуудын хооронд болсон үйл баримтанд зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг орхигдуулж буюу үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар шийдвэрлээгүй, хуулийг бүрэн гүйцэд зөв хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсэгт

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 11 дүгээр байрны 163 тоот улсын бүртгэлийн  Ү- 2204003816 дугаарт бүртгэлтэй 30 м/кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж нэмэлт заалт оруулсугай.

Тогтоох хэсгийн 1 дэх заалтанд  “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1... гэсний дараа ...232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ 

                           ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ 

                                                                                               Л.АМАРСАНАА