Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/03675

 

 

 

 

 

2023 11 20

181/ШШ2023/03675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , түүний өмгөөлөгч Б.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

 

/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Г өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамжны 17/5 тоот хаягт байрлалтай, 136 м.кв талбайтай амины орон сууцыг Голомт банкны ипотекийн зээлээр 2018 оны 10 дугаар сард худалдан авсан ба ингэхдээ амь насны болон барьцаа хөрөнгийн даатгалыг М ХК-д даатгуулж, №13255113798 тоот даатгалын гэрээг байгуулсан.

М ХК нь гэрээ байгуулахдаа дээрх амины орон сууцыг үзэж шалгасан ба даатгалын хамгаалалтад галын эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүч болон гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл зэргийг хамааруулан, даатгалын үнэлгээг 163,200,000 төгрөг байхаар талууд тохиролцож хураамжийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр тохирч төлсөн.

Э.Б нь худалдан авсан амины орон сууцандаа 2018 оноос хойш амьдарч байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэнэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрс овойж, хөрсний хөдөлгөөн бий болсноор байшин өргөгдөж хагарч цуурч хохирол амссан.

Нэгэнт байшин байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрсний овойлтоос шалтгаалан хагарч цууран хохирол амсаж, даатгалын тохиолдол бий болсон тул М ХК-д хандан даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлт гарган холбогдох материалуудыг хавсарган хүргүүлсэн.

Гэтэл М ХК нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичгээр Даатгалын гэрээний 7 дугаар зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-ийн 7.2.4, 7.2.5, 7.2.13, 7.2.15 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалсан хариуг өгсөн.

Ингээд хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргахад, уг тохиолдлыг судалж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот М ХК-д хаягласан албан бичгээр даатгуулагчид даатгалын тохиолдол бий болсныг дурдаад хууль болон гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон ч М ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хариу өгөхдөө нөхөн төлбөр олгох боломжгүйг дурдаад, уг маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Бид даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр авах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны албан шаардлага ч мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, даатгалын тохиолдолд байгалийн эрсдэл-ийг оруулсан ба байгалийн эрсдэл гэдэгт газар хөдлөлт, хөрсний гулгалт, хөрсний суулт, хөрс өргөгдөх буюу хөрсний овойлт, үер, ус, салхины гамшиг зэрэг хүний үйлдлээс үл хамаарах байгалийн хүчин зүйлийн бүхий л нөлөөг оруулан тооцох бөгөөд бидний тохиолдолд хөрсний овойлт буюу хөрсний хөдөлгөөнөөс шалтгаалан байшин эвдэрч сүйдсэн.

Байшинд учирсан хохирол нь хүний үйлдлээс болоогүй байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 тоот Амины орон сууцны ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт-ээр нотлогдох бөгөөд уг дүгнэлтээр Шалгалтаар хөрсний овойлт, суултаас шалтгаалан сууцны үндсэн хийц, бүтээц хэв гажилтад орж /суурь, дотор, гадна хана, хучилт, хаалга, цонх/ ташуу, хөндлөн нэвт хагарал цууралт их хэмжээгээр үүссэн, цахилгаан холболт тасарсан, хаалга цонхнууд хэв гажилтад орж хаагдаж нээгдэхээ больсон, эвдэрсэн, газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь хүний амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулахуйц байна гээд Амины орон сууцны барилга нь газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзэлхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх, тогтвортой байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна гэж тогтоосон.

Дээрх дүгнэлтээр болон эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх гэрэл зургууд, мөн бичгийн бусад баримтуудаар талуудын байгуулсан гэрээнд заасан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон, даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэл бий болсон байгаа тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иймд М ХК-иас даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Хариуцагчийн зүгээс даатгалын тохиолдол биш гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Учир нь, Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө нь 136 м.кв байх бөгөөд зуслангийн зориулалттай газар дээр баригдсан, бие даасан дэд бүтэцтэй байгаагаас харвал нэг айлын сууц буюу Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилгад хамаарч байна гэж үзэхээр байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд Амины сууцны барилга нь газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгьш ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх; хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл Барилгын тухай хуулийн энэ заалтад нийцүүлэн барилгыг барих үүрэг нь тухайн амины сууцыг барьж, ашиглалтанд оруулсан этгээдийн үүрэг болох нь хуулиас харагдана.

Өөрөөр хэлбэл, энэ шаардлагад нийцүүлэн тухайн барилгыг барьсан, хуульд болон норм дүрэмд нийцүүлж барих үүргээ биелүүлээгүйгээс эрсдэл үүссэн гэж үзэж байна.

Мөн хөрсний шинж чанар нь гэнэт өөрчлөгдөөд байдаг байгалийн эрсдэл биш байх бөгөөд анх амины орон сууцыг барих үед хөрсөнд инженер геологийн судалгаа хийлгэж, хөрсний шинж чанарыг тодорхойлсоны үндсэн дээр тухайн газарт барилга барих, ямар барилга барих эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан.

Гэтэл дээрх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтүүдээс харахад анхнаасаа тухайн барилга нь зураг төсөлгүй, инженер геологийн судалгаагүй, нэг айлын сууцны норм, барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангаж баригдаагүй болох нь харагдаж байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.24-т энэ хуулийн 10.1.11-д заасан ангилалд хамаарах барилгын ажлыг холбогдох зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх гэсэн хуулын хэм хэмжээг зөрчиж барилга барьсан үйлдэл байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Г нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон /18230/ гудамж, 17/5 тоот хаягт байрлалтай амины сууцыг иргэн Э.Б нь 2016 оны намраас хөлслөн сууж байгаад улмаар 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Өмчлөгч Э.Б нь 2 жил орчим уг байрыг хөлсөлж суусан. Хөлслөх үед тухайн байранд гал тогооны тавилга, ширээ, сандал, хөргөгч, зочны өрөөнд буйдан зэрэг тавилгатай хүлээлгэн өгч байсан.

Тухайн байшинг худалдах үед уг хөрөнгө нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдолгүй байсан. Иргэн Э.Б өөрөө хүлээн авч гэрээ байгуулан байшинг шилжүүлэн өгсөн.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны хавар 3 дугаар сард Өргөө хаус ХХК нь гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барьж, ашиглалтад оруулж байсан.

Өргөө хаус ХХК нь манай нөхөр П.Цогтсайханы үүсгэн байгуулсан компани бөгөөд тухайн үед гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь миний нэр дээр байсан учир уг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон /18230/ гудамж, 17/5 тоот хаягт байрлалтай амины сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ З.Г миний нэр дээр гарсан байсан.

Байшингийн цууралт, газар зүйн өөрчлөлт нь их хэмжээний ус бороо орсон, газрын чичирхийллээс үүсэх боломжтой учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд

3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13255113798 дугаар Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, М ХК-иас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 дүгээр албан бичгийн хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 дугаар дүгнэлтийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооноос М ХК-д хүргүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 дугаар албан бичгийн хуулбар, М ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хариу албан бичгийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05/528 дугаар хариу албан бичиг /хавсралтаар барилгын төлөв байдлыг харуулсан гэрэл зураг/-ийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045752 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 18628319702656 дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн 000731408 дугаар гэрчилгээний хуулбар, Голомтбанктай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ3255113798 дугаар Зээлийн гэрээ /хавсралтаар эргэн төлөлтийн график/-ний хуулбар, амины орон сууцны доторх болон гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Д-12/02 дугаар дүгнэлтийн хуулбар, М ХК-д гаргасан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт, М ХК-иас ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/647 дугаар нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичиг, Э.М , Ю.Батболд нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /1хх 5-26, 36-42, 63, 197/-ийг,

 

3.2. Хариуцагчаас: Э.Оюунболор, Б.Тунгалагтуяа, Г.Сувданбилэг, Э.О нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрэм Нэг айлын сууц-ийн хувилсан хувь /1хх 28-29, 33, 173, 212, 232-250, 2хх 1-4/-ийг,

 

3.3. Гуравдагч этгээдээс: нэгж талбарын 18628319702656 дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн 000606962 дугаар гэрчилгээ, амины орон сууцны доторх болон гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Э.Б тай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3449 дүгээр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045752 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн хуулбар /1хх 228-234/-ыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр: тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08944 дүгээр захирамжийн дагуу Инженер геодези ХХК-ийн ЗТ11-240/17 дугаар дүгнэлт, хавсралтаар гэрэл зургийн хамт /1хх 75-78, 1 хавтас 20 хуудастай/,

- 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/03340 дугаар захирамжийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаар дүгнэлт /1хх 91-123/,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01-07/3294 дүгээр тайлбар бүхий албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04/2636 дугаар хариу албан бичиг /1хх 128, 130/

- 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/07053 дугаар захирамжийн дагуу Монгол улсын зөвлөх инженер О.Нарантуяагийн боловсруулсан ЗТ16-1077/17 дугаар дүгнэлт /1хх 216-219, 1 хавтас 43 хуудастай/, Уран-Асар ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/2023 дугаар дүгнэлт /1хх 214-215, 1 хавтас 28 хуудастай/ зэргийг тус тус бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М ХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн буюу байгалийн эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тул нөхөн төлбөр шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: байгалийн эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учраагүй. Хөрсний шинж байдал өөрчлөгдөх нь байгалийн эрсдэл биш. Цэвдэгтэй хөрсөн дээр зураг төсөлгүй, холбогдох стандартыг зөрчиж барилга барьсантай холбоотой хохирол учирсан нь даатгалын гэрээний 7.2.4, 7.2.13, 7.2.15-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна хэмээн маргажээ.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж /18230/, 17/5 тоот хаягт байршилтай 136 м.кв талбайтай, амины орон сууцыг 2016 оны хавар Өргөө хаус ХХК гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барьж, ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч Э.Б нь 2016 оны намраас эхлэн хөлсөлж байсан гэх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахаар З.Г тэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3449 дүгээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

4.2. Улмаар амины орон сууц худалдан авахаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ3255113798 дугаар Зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 4.1.6-д заасан үүргийнхээ дагуу М ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 163,200,000 төгрөгөөр үнэлэн даатгуулжээ.

 

Ингэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу даатгалын гэрээг бичгээр байгуулж, зохих нөхцөлийг бүрэн тусгасан байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж тодорхойлсон.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний даатгалын хамгаалалтад галын эрсдэл /гал түймэр, дэлбэрэлт/, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүчний эрсдэл, гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдлийг тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

4.3. Гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хөрс овойж, хөдөлгөөн бий болсноор даатгалын зүйл болох амины орон сууцны хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсч хохирол учирсан гэх бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 дугаар дүгнэлт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Д-12/02 дугаар дүгнэлтэд дурджээ.

 

Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт М ХК-д гаргахад ...даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас хохирол учирсан... гэж үзэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 дүгээр албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

 

4.4. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус хороо хянаад 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

М ХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн тухайн зүйл, хэсэгт заасны дагуу шүүхэд давж заалдаагүй байна.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгуулагч хураамжийг сар бүр төлж байсан талаар маргаагүй.

 

Харин тухайн тохиолдол нь даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэлд хамаарах эсэх, даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхэд маргаж байна.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч талын хүсэлтээр томилсон шинжээч Инженер геодези ХХК нь амины орон сууц баригдсан газрын хөрсний шинж чанар, хохирол учрахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар гаргасан 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтдээ ...тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилтад орсон. ... гэж,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь амины орон сууцыг засварлахад орох зардлын хэмжээний талаар гаргасан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтдээ ...амины орон сууцны нийт хохирлын дүн 170,136,800 төгрөг, үүнээс тавилга эд хогшилын хохирол 3,231,700 төгрөг... болохыг тодорхойлсны сацуу ...үнэлж буй хөрөнгө байрлаж буй хөрс нь цэвдэгтэй, намагтай хөрс байсан. Цэвдэгтэй хөрсөнд тохирсон технологиор байшингийн суурийг хийгээгүй, дулаан тусгаарлалт муу хийсэн учир шалны халаалтын дулаан доош алдагдаж цэвдэгтэй хөрсийг гэсгээж суурийн хөрсөнд овойлт, суулт өгч байшингийн суурь, хана зэрэг хийц хэсгүүд хөдөлгөөнд орж байшин эвдэрсэн... гэж тус тус дурдсан байдаг.

 

7. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор хариуцагч талын хүсэлтээр дахин шинжээч томилоход Монгол Улсын зөвлөх инженер О.Нарантуяа /Жоншт-Уул ХХК/ нь дүгнэлтдээ ...барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын гольдрил дээр барилгыг барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтад орсон байна. Одоо байгаа барилга хүн амьдрах боломжгүй тул бүрэн нурааж, барилгын суурийг зөв хөрсөнд шийдэх, инженер-геологийн судалгааны дүгнэлтийн дагуу зураг төслийг тооцож, барилгын талбайг гадаргуугийн болон хөрсний уснаас хамгаалсан зураг төслөөр хангах шаардлагатай... гэж,

Уран-Асар ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтдээ ...барилгын буурь хөрс болох хүчтэй овойлт үүсгэх хар өнгийн шавранцар ул хөрс нь хөрсний болон гадаргуугийн усны нөлөөгөөр усанд ханасан байдалтай, газрын гадаргуу нэлэнхүйдээ усанд автсан намгархаг шинж төлөвтэй болсон байгаа зэргээс улирлын хөлдөлт, гэсэлтийн улмаас өвөлдөө хөлдөж овойх дулааны улиралд гэсэж суулт үүсгэх болсон нь барилгын хэв гажилтад оруулах гол нөлөөг үзүүлсэн. ...засвар хүчитгэл хийх боломжгүй байгаа учир уг барилгыг бүрэн нурааж уг талбай дээр дахин барилга барих бол талбайн инженер геологийн судалгааны үндсэн дээр барилгыг төлөвлөн, хөрсний ус болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээг тусгасан батлагдсан цогц зураг төслөөр барих шаардлагатай... гэж тус тус дурджээ.

 

8. Үүнээс үзвэл, тухайн амины орон сууц баригдсан газрын хөрсний шинж чанар нь улирлын нөхцөлөөс шалтгаалан хөдөлгөөнд оршдог ба анхлан барилгын суурийг хөрсний онцлогт тохируулан шийдээгүйн улмаас ийнхүү хохирол учрахад нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

 

Даатгалын эрсдэл, тэр дундаа байгалийн эрсдэл нь хүний ухамсарт үйл ажиллагаанаас ангид урьдчилан таамаглах, сэргийлэх боломжгүй, давагдашгүй хүчний шинжтэй үзэгдэл билээ.

 

Хэдийгээр тухайн амины орон сууц нь технологийн алдаатай, барилгын стандартад нийцээгүй баригдсан байхыг үгүйсгэхгүй боловч дээр дурдсан нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох боломжгүй гэж үзэх, хүний хүчин зүйлээс гадуур байгалийн хүчин зүйлд шууд хамаатуулах үндэслэлгүй юм.

 

Энэ тохиолдолд даатгалын эрсдлийг гэрээнд зааснаар хариуцах үүрэггүй тул хариуцагчийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан; үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймээс хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН