Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01897

 

2022.10.19 №210/МА2022/01897

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01704 дугаар шийдвэртэй,

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй

“Даатгал” ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.Б- нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Овоот тосгон гудамжны 17/5 тоот хаягт байрлалтай 136 м.кв талбайтай амины орон сууцыг “Банк” ХХК-ийн ипотекийн зээлээр 2018 оны 10 дугаар сард худалдан авахдаа амь насны болон барьцаа хөрөнгийг "Даатгал" ХК-д даатгуулж, даатгалын ***** тоот гэрээг байгуулсан.

"Даатгал" ХК нь гэрээ байгуулахдаа дээрх амины орон сууцыг үзэж шалгасан, даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалтыг галын эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүч болон гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл зэргийг хамааруулан, даатгалын үнэлгээг 163,200,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Хураамжийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр төлсөн.

1.2. Нэхэмжлэгч 2018 оноос хойш тус амины орон сууцанд амьдарч байна. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэнэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрс овойж, хөрсний хөдөлгөөний улмаас байшин өргөгдөж, хагарч цуурч хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон тул "Даатгал" ХК-д даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан.

1.3. "Даатгал" ХК нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.4. Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот албан бичгээр даатгуулагчид даатгалын тохиолдол бий болсныг дурдаад даатгалын нөхөн төлбөр олгохыг “Даатгал” ХК-д үүрэг болгосон.

1.5. Байшинд учирсан хохирол хүний үйлдлээс бус байгалийн хүчин зүйлээс болсон нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр нотлогдсон.

1.6. Иймд "Даатгал" ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

2.1. Анхнаасаа хөрс нь цэвдэгтэй, шавартай хөрс байгаа тохиолдолд тохирсон барилгыг барих ёстой байтал Барилгын тухай хуульд заасан стандартыг зөрчсөнөөс тухайн барилга нь хэв гажилтанд орж хохирол учирсан байна.

2.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд “амины сууцны барилга нь газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн.

Барилга хот байгуулалтын сайдын 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалаар Нэг айлын орон сууцны стандартыг баталсан. Тухайн барилгыг барихдаа тус стандартын 5.3, 5.4-т тус тус заасныг баримтлаагүйгээс эрсдэл үүссэн.

2.3. Нэхэмжлэгч нь банкны барьцаанд тавьсан хөрөнгөө даатгуулсан. Барилгын стандартын дагуу баригдсан эсэхийг шалгах нь даатгалын компанийн үүрэг биш, харин барилгыг барьсан этгээдэд хуулиар ногдуулсан үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ эрсдэл учирсан нь даатгалд хамаарахгүй.

2.4. Тус барилга нь стандартын дагуу баригдсан талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хүний хүсэл зоригоос үл хамааралтай үүссэн гэсэн баримт байхгүй. ИГйн дүгнэлтийн 2 дахь хэсэгт: “амины орон сууцыг баригдахаас өмнө ИГйн судалгаа хийлгэж уг хөрсөнд физик, механикийн тооцооны үзүүлэлтэд үндэслэн барилгын зураг төслийг зохиодог. Барилгын зураг төслийн дагуу барилгыг төлөвлөн барьснаар ийм нөхцөлийн улмаас барилгад үүсч болох хэв гажилт, овойлт гэх мэт эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд хөрс асуудалтай байна гэжээ. Хууль, журам, гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж энэ эрсдэл үүссэн байна.

2.5. Даатгалын гэрээний 7.2.15, 7.2.18-д заасан аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөнөөс хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар "Даатгал” ХК-аас 146,880,000 төгрөгийг гаргуулан Э.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 892,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даатгалын тохиолдолд тооцож тухайн эрсдэлээс хамгаалдаг. Урьдчилан сэргийлэх боломжтой, даатгуулагчийн зөрчил, хайхрамжгүй үйлдлийн улмаас үүссэн эрсдэлийг даатгалын тохиолдол гэж үзэхгүй.

4.2. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол буюу эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн байх үүргээ биелүүлээгүйгээс болж тухайн эрсдэл үүссэн нь тогтоогддог.

Урьдчилан сэргийлэх үүрэг нь даатгуулагчид хуулиар ногдуулсаар байхад шүүх урьдчилан сэргийлэх боломж байсан ч эрсдэл үүссэн тул даатгалын тохиолдол мөн тул нөхөн төлбөрийг олго гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

4.3. Хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох зорилгоор хоёр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.

4.3.1. Инженер геологийн үйл ажиллагаа явуулдаг компанийн мэргэшсэн инженерээр иргэн Э.Б-гийн өмчлөлийн, амины орон сууц байрлах хөрс цэвдэгтэй, намагтай эсэх, энэхүү нөхцөл байдал нь барилга хэв гажилтанд ороход нөлөөлсөн эсэх, тухайн барилгыг барихдаа хөрсний шинж чанарыг харгалзан технологийн дагуу зөв барьсан эсэхийг тогтоолгохоор хүсэлтийг гаргасан. Энэ нь хөрөнгийн үнэлгээний компани болон “ИГ” ХХК-ийн зөрүүтэй дүгнэлтийг нэг мөр болгох зорилготой байсан.

4.3.2. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т барилга зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхыг тус тус зөрчиж нэг айлын сууцанд мөрдөх стандартыг баримтлаагүй барилгыг ашиглалтад оруулж, бусдад худалдаж, хохирол учруулсан үйлдэл нь тухайн барилгыг ашиглалтад оруулсан этгээдийн хүлээх үүрэг юм. Иймд нэхэмжлэгч Э.Б-д уг хувийн сууцыг барьж, худалдсан иргэн З.Ганцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан.

4.4. Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломж, нөхцөлийг хязгаарласан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талыг нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “ИГ” ХХК-ийн дүгнэлтэд хөрсний овойлт нь байгалийн эрсдэл бөгөөд үүнийг урьдчилан тооцоолох боломжгүй гэсэн нь үндэслэлтэй.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд зохигчийн эрх ашгийг хөндсөн асуудал гараагүй. "Даатгал" ХК-ийн зүгээс гаргасан дүгнэлт гаргуулах, шинжээч томилуулах, үнэлгээ хийлгэх бүхий л хүсэлтийг 2 жилийн хугацаанд шүүх хүлээн авсан. Харин гарсан үнэлгээнд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаагүй нь үндэслэлтэй.

5.3. Даатгалын тохиолдлыг дүгнэх гэж байгаа тул гэрээний харилцаанд ороогүй барилгын компанийг татан оруулах шаардлага байхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нотлох ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй тул давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч “Даатгал” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зээлдэгч Э.Б- болон “Банк” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амины орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээний 4.1.6-д заасны дагуу Э.Б- нь “Даатгал” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамжны 17/5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 163,200,000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр хоёр удаа шинжээч томилсон байх бөгөөд “ИГ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэд “... Тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилт орсон” гэж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэд “Үнэлж буй хөрөнгө байрлаж буй хөрс нь цэвдэгтэй, намагтай хөрс байсан. Цэвдэгтэй хөрсөнд тохирсон технологиор байшингийн суурийг хийгээгүй, дулаан тусгаарлалт муу хийсэн учир шалны халаалтын дулаан доош алдагдаж цэвдэгтэй хөрсийг гэсгээж суурийн хөрсөнд овоолт, суулт өгч байшингийн суурь, хана зэрэг хийц хэсгүүд хөдөлгөөнд орж байшин эвдэрсэн байна” гэжээ.

 

Шинжээчийн дээрх дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байна гэх үндэслэлээр хариуцагч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлүүлэх эрх хангагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

 

5. Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал болох З.Ганцэцэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагч талын хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Даатгал” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА