Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/03093

 

 

 

 

 

 

 

 

 

                               2022         10            13

                               184/ШШ2022/03093

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********************************************** давхарт байрлах, “************” ХХК /РД:***********************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************************** тоотод оршин суух, Далт овогт ************ ************ /РД:***********************/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбүүвэй, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагч Д.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбүүвэй нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь хариуцагч ************тэй 2018 оны 8 сарын 29-ний өдөр Е-1-14/1402 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж ************************ тоот өрөө, 148.75 м2 талбайтай орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон.

Тус гэрээний дагуу ************тэй орон сууцыг м2 тутмыг 2,600,000 төгрөг, нийт 386,750,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан. Хуваарийн дагуу 2018 оны 8 сарын 30-нд 150,000,000 төгрөг, 12 сарын 25-нд 236,750,000 төгрөг төлөхөөр тохиолцсон. Хариуцагч нь одоогийн байдлаар 279,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, 107,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо болтол биелүүлэхгүй байгаа тул гэрээний 5.3-т заасны дагуу 0.1% алданги тооцож 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчид холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзах, хохирол гаргуулах, байр чөлөөлүүлэх тухай манай нэхэмжлэлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг” гэжээ.

2. Хариуцагч Д.************ хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн ярьсан үйл явц болсон. Байрны үндсэн үлдэгдэл төлбөрийг барагдуулна, харин алдангийг чөлөөлж, төлбөрийг багасгаж өгнө үү. Бид удаа дараа санал тавьж байсан, орон сууцны гэрчилгээг бидний нэр дээр гаргаад өгөөч, тэгээд байраа барьцаалах замаар төлбөрөө төлье гэж хэлж байсан. Төлсөн төлбөр, үлдэгдэл төлбөр дээр маргахгүй, зөвшөөрч байна” гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, орон сууц захиалгаар бариулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 786 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 727 дугаартай магадлал.

 

3.2. Хариуцагч талаас – Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Д.************д холбогдуулан гаргасан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 161,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч талаас “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэсэн, хариуцагч талаас алдангийг зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөрийг төлнө, хууль эрх зүйн мэдлэггүй байснаас гэрээний зарим зүйл, заалтыг ойлгоогүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцдэг ба дээрх гэрээний зүйл болох орон сууцны үнэ 386,750,000 төгрөг, үүнээс 279,000,000 төгрөгийг төлсөн, одоо 107,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “************” ХХК болон хариуцагч ************ нар нь 2018 оны 8 сарын 29-ний өдөр Е-1-14/1402 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Саншайн виллаж нэртэй орон сууцны хотхоны 333-р байрны 1501 тоот өрөө, 148.75 м2 талбайтай орон сууцыг барьж худалдан авагчид хүлээлгэж өгөх, худалдан авагч нь орон сууцны үнэ 386,750,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.  

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай нийцнэ.

 

            5. Энэ талаар буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч орон сууц барьж хүлээлгэн өгөх, хариуцагч орон сууцны төлбөрийн зарим хэсгийг төлөх үүргээ тус тус биелүүлсэн, гэрээний зарим үүрэг биелэгдээгүй талаарх үйл баримтыг дүгнэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 727 дугаартай магадлал гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.4 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу тухайн үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

 

            6. Харин “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т “Захиалагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нэхэмжилж байгаа нь талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4 “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэх ба нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй байна.

 

            7. Тодруулбал, хариуцагч Д.************ нь орон сууцны үнэ болох 386,750,000 төгрөгөөс 2020 оны 5 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 279,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 107,750,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогддог ба энэ үйл баримтын талаар маргаагүй тул 2020 оны 5 сарын 18-ны өдрөөс эхлэн 2022 оны 8 сарын 11-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.

 

            Дээрх хугацааны алдангийг нэхэмжлэгч талаас төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 53,875,000 гэж тодорхойлсон нь “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Д.************гээс орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 107,750,000 төгрөг, алданги 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “************” ХХК-д олгож, мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 966,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тухай мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4. 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Д.************гээс орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 107,750,000 төгрөг, алданги 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “************” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 966,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ