Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00039

 

 

..............-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/03093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..............-ХХК-ийн хариуцагч .........-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбүүвэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ..............-ХХК нь .........-тэй 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Е-1-14/1402 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sunshine Village хотхоны 333 дугаар байрны ......- тоот өрөө, 148,75 м.кв талбайтай орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх, захиалагч нь 1 м.кв талбайн үнийг 2,600,000 төгрөгөөр тооцож, нийт 386,750,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. .........- 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 236,750,000 төгрөг төлөхөөр тохиолцсон. .........- нь орон сууцны үнэд 279,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 107,750,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна.

1.2. Гэрээний 5.3-т Захиалагч орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алданги 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.                Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлнө. Орон сууцны гэрчилгээг гаргуулж барьцаанд тавих талаар удаа хүсэлт гаргасан. Орон сууцны төлбөрт төлсөн дүнгийн талаар маргахгүй. Харин алдангийг чөлөөлж, багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч .........-гээс орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 107,750,000 төгрөг, алданги 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............-ХХК-д олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 966,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх .........-г өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульч, өмгөөлөгч байхад шүүх хурлыг хийсэн нь шударга бус болсон. .........- ..............-ХХК-д гэрчилгээг гаргаад өгвөл барьцаанд тавьж зээл аваад төлбөрийг хийх хэрэгтэй байгаа талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, ийм байдлаар орон сууцыг авах гэж байна. ..

4.2. .........- шүүхэд алдангийг чөлөөлж эсвэл багасгаж өгнө үү гэсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг хасаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдөр орон сууц захиалах гэрээний үнийн дүнг бүхэлд нь төлснөөр гэрээнд заасны дагуу өмчлөлийг шилжүүлж байрны гэрчилгээг гаргаж өгөх ёстой байсан. Үүний дагуу байрны үнийн дүнг бүхэлд нь хэсэгчлэн төлж 106,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнээс хойш манай компанид төлөлт хийж байсан бол алдангийн талаар бодолцож үзэх боломжтой байсан. .........-д манай байрны борлуулалтын менежер мэдэгддэг байсан. Үүний хариуд .........-гийн хүүхэд нь манайх нэг ажил авч байгаа, тэрийг болчихоор төлнө гэж хэлдэг байсан. Үүний дагуу 2 жил хүлээсний эцэст шүүхэд хандсан. Алдангийн тухайд төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 53,875,000 төгрөг болсон. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товлогдож нэг удаа хойшилсон. Энэ хугацаанд хариуцагчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж өмгөөлөх бүрэн эрхтэй байсан. Мөн хэрэгт өмгөөлөгч авсан талаар хүсэлт, гэрээ байхгүй. Манай компаний зүгээс алдангийг багасгах боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ..............-ХХК хариуцагч .........-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үлдэгдэл төлбөр 107,750,000 төгрөг, алданги 53,875,000 төгрөг, нийт 161,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч алданги гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1.1. ..............-ХХК болон .........- нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ..............-ХХК Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт баригдаж буй Shunshine Village хотхоны 333 дугаар байрны 15 дугаар давхрын 4 тоот хаягт байрлах 148,75 м.кв орон сууцыг гэрээнд хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч .........- орон сууцны үнэ 386,750,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч ..............-ХХК дээрх гэрээний дагуу орон сууцыг барьж хариуцагч .........-д хүлээлгэн өгсөн болон хариуцагч орон сууцны үнэд 279,000,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ..............-ХХК нь хариуцагч .........-гээс орон сууцны үлдэгдэл төлбөр 107,750,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч .........-гээс орон сууцны үлдэгдэл төлбөр 107,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............-ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

2. Талууд гэрээний 5.3-т Захиалагч орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч .........- нь орон сууцны үнэ 386,750,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр 236,750,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон боловч хариуцагч энэ тохиролцоогоо зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхтэй. (хх-8-10)

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул анхан шатны шүүх алдангийн хэмжээг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарласан нь үндэслэлтэй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг дахин багасгах боломжгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2022/14825 дугаар захирамжаар хариуцагч .........- болон түүний өмгөөлөгч О.Баясгалан нарын гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08:30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжтой байсан ба энэ эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/03093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 427,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ