Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 118/2017/0023/з |
Дугаар | 221/МА2017/0490 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0490
Э.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Э.*******, нэмэжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхбөлд нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.*******гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрээрийн нэг дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, тус Тамгын газрын дарга “Үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
хоёрдугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн “цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурдаж,
гуравдугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан ажилтны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдээр нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг урьд эрхэлж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ … Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Tамгын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй зэрэг захиргааны байгууллагаас гаргасан тушаал нь хууль бус, хууль зөрчсөн болохыг тогтоосон, шийдвэрт дурдсан хэдий ч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгнийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь ойлгомжгүй байна.
Иймд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчилж нэхэмжлэгч Э.*******гийн ажиллаж байсан Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон Нийгмийн халамж хариуцсан түшмэлийн чиг үүргийг нэгтгэн Нийгмийн халамж, бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалын нэг орон тоотой байхаар баталсны дагуу Засаг даргын Тамгын газрын 2017 оны Б/06 дугаар тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгож, хөдлөмрийн харилцааг дуусгавар болгожээ.
Дээрх Б/06 дугаар тушаалаар төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой нэгэнт байхгүй болсон албан тушаалаас Э.*******г чөлөөлсөн нь гадагшаа чиглээгүй, захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул уг хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх боломжгүй байх тул хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Э.******* нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан сонгох боломжуудаас 3 сарын тэтгэмж олгон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн байна.
Шинээр баталсан Нийгмийн халамж, бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалын чиг үүрэгт нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг байгаа боловч Э.*******гийн гүйцэтгэж байгаагүй нийгмийн халамжтай холбоотой чиг үүрэг нэмэгдэж, албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх Э.*******гийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар “зохих ёсоор сонгон шалгаруулаагүй” тул нэхэмжлэгч болон нийгмийн халамж хариуцсан түшмэлийн албан тушаал эрхэлж байсан албан хаагч нарын дунд сонгон шалгаруулалт явуулж томилох хүртэл Б/06 дугаар тушаалыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэл болон давж заалдах гомдолд “... хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг баримтлаагүй, ... хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байхад дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй ...” гэж дурдсан нь үндэслэлтэй байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг буюу “... ажилд буцаан томилуулах” нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож, мөн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалын 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Э.*******г мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2660606 /хоёр сая зургаан зуун жаран мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг олгохыг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, хоёр дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Э.*******гийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/06 дугаар тушаалын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ