Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/шш2023/03734

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/03734

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Б вилла хотхоны *** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Б овогтой Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р харш хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, А овогтой Б-ын Б-т холбогдох,

Гэм хорын хохиролд 1.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Б холбогдуулан гэм хорын хохиролд 1.530.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн коллежийн уулзвар дээр урдаасаа баруун эргэх үйлдэл хийх үед Л маркийн, ******** улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Б нь миний машиныг хоёрдугаар эгнээнээс эргэн орж ирж, мөргөөд гэмтэл учруулсан. Тухайн үедээ гэм буруугаа хүлээгээд хохирлыг төлж барагдуулна гэсэн боловч одоо хүртэл намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Би хохирлын үнэлгээний тайлангаар гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Иймд үнэлгээгээр тогтоогдсон 1.410.000 төгрөг, үнэлгээний хөлсөд төлсөн 80.000 төгрөг, нотариатын хөлс 40.000 төгрөг, нийт 1.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн уулзвар дээр ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хойноос урагш чиглэлтэй уулзвараар баруун тийш эргэх явцад уг зам тээврийн осол болсон бөгөөд Б.Б нь Б.Б-ийн барьж явсан тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөж, осол гаргасан. Тухайн ослыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Г.О шалгасан бөгөөд тухайн үед хариуцагч хүний тээврийн хэрэгсэл жолоодон явсан тул гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн. Бодит байдал дээр Б.Б-ийн гэм буруу байгаагүй, харин Б.Б, Б.Б-ийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 39.500 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэн А.А-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, А ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас О.Б-д олгосон итгэмжлэл ирсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс ******** дугаар зөрчлийн хэрэг ирсэн нь авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. ********* дугаартай Зөрчлийн хэрэг-т авагдсан баримт болон нэхэмжлэгч Б.Б, харуцагч Б.Б нарын шүүхэд өгсөн тайлбараар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн коллежийн зүүн замд Б.Б  нь Л маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.Б-ийн жолоодон явсан Тоёота к маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан, уг осолд жолооч Б.Б-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдож, тэрээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******** Шийтгэлийн хуудас-аар торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б Нэхэмжлэгч өөрөө Б.Б-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасан хэмээн маргасан боловч энэхүү нөхцөл байдлыг тухайн ********** тоот зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолгох нь зүйтэй байсан бөгөөд одоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн асуудал шийдвэрлэгдэхгүй болно.

4. Нэхэмжлэгч Б.Б-ийн эд хөрөнгө буюу түүний эзэмшлийн ****** улсын дугаартай, Тоёота К маркийн тээврийн хэрэгсэлд А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлангаар 1.410.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгч нь уг үнэлгээний компанид хөлс 80.000 төгрөг төлсөн нь хэргийн 9 дүгээр талд авагдсан бэлэн мөнгөний баримтаар тогтоогдов.

Харин нотариатын хөлсөд 40.000 төгрөг төлөгдсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас гэм хорын хохирол 1.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 38.790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгоно.

7. Иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхэд татгалзахгүй хэмээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас гэм хорын хохирол 1.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 39.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

Ц.ОЮУНБИЛЭГ