Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00149

 

 

 

 

 

 

 

      2024       01            17                                    210/МА2024/00149

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03734 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-т холбогдох,

Гэм хорын хохиролд 1,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00УБЦ улсын дугаартай, Лексус маркийн автомашин жолоодон явсан Б.А- нь Хөгжим бүжгийн коллежийн уулзвар дээр урдаасаа баруун эргэх үед хоёрдугаар эгнээнээс эргэхдээ миний автомашиныг мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үедээ гэм буруугаа хүлээгээд хохирлыг төлж барагдуулна гэсэн боловч одоо хүртэл хохирлоо төлөөгүй. Би хохирлын үнэлгээний тайлангаар гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Иймд үнэлгээгээр тогтоогдсон 1,410,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 80,000 төгрөг, нотариатын хөлс 40,000 төгрөг, нийт 1,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тухайн ослыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Г.О-р шалгасан бөгөөд тухайн үед хариуцагч хүний тээврийн хэрэгсэл жолоодон явсан тул гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн. Бодит байдал дээр Б.А-ийн гэм буруу байгаагүй, харин Б.Б- нь Б.А-ийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас гэм хорын хохирол 1,490,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 39,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.А-ийн 00-00УБЦ улсын дугаартай автомашинд А ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээний тайлангаар 1,260,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгч Б.Б-ийн 00-00 УНД улсын дугаартай автомашинд АЭ ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээний тайлангаар 1,410,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.А- нь уг зам тээврийн осол нь түүний буруутай үйлдлээс болсон эсэх талаар тухайн үед зам тээврийн осол болсон үед ослын газарт үзлэг хийж, хэмжилт хийн тэмдэглэл үйлдсэн Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Г.О-раас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх явцад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б.А- нь “Клугер машины жолооч харалгүй араас мөргөсөн. Тэр жолооч хоорондоо тохиролцъё гээд байхаар нь би үгүй гээд замын цагдаа дуудаж үзлэг хэмжилт хийлгэсэн. Найз н.Ариунзулын эзэмшлийн автомашин бөгөөд “Монре даатгалд даатгуулсан” гэсэн байдаг. Мөн шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “найз н.А-Ын машиныг жолоодон явсан тул автомашины бичиг баримтыг хураалгахгүйн тулд гэм буруутай гэж хүлээн зөвшөөрсөн” гэсэн атал хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх “гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг” нотлох боломж олгоогүй, Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Цагдаагийн хэсгийн зохицуулагч хэргийн газарт очиж, хэмжилт хийсэн. Зөрчлийн хэрэг үүсгэж, шалгах нь зүйтэй гэж тогтоол гаргасан бөгөөд тус хэргийг 1 сарын хугацаанд шалгасан. Цагдаагийн ахмад Б.Н магадлагаа гаргаж, Б.А-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж осол гарсан гэдгийг тогтоосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.А-т холбогдуулан гэм хорын хохиролд 1,530,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн коллежийн зүүн замд хариуцагч Б.А- нь 00-00УБЦ улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, нэхэмжлэгч Б.Б-ийн жолоодож явсан 00-00 УНД улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3. Тухайн осолд хариуцагч Б.А-, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөн тухай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б.А-ийг зам тээврийн осолд буруутай гэж үзэж 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас зэрэг баримтуудад хариуцагч эрх бүхий байгууллагад маргаагүй байна. /хх8-11, 77/

 

4. Иймд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн АЭ ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн 00-00 УНД улсын дугаартай, Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэлд 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б.А-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосон шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ. /хх10-11/

 

5. Түүнчлэн, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Г.О-рыг асуулгах хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШТ2023/00685 дугаартай шүүхийн тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагч нь энэхүү хүсэлтийн үндэслэлээ тухайн осолд хариуцагчийн гэм буруугүй болохыг  ослын үед үзлэг хийсэн зохицуулагч Г.О-рын хийсэн хэмжилтээр гэрчлүүлнэ гэх ба тэрээр уг этгээд нь ослын гэм бурууг тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд зөрчлийн ажиллагааг хянан шалгах явцад уг хүсэлтээ гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ