Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/919

 

Ч.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Ч.М-ы өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ч.М-д холбогдох 2109 00000 0458 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-ийн М, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт Багахангай дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, /РД: ... /,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 3.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан;

Ч.М нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн газарт иргэн И.М-ын  хэвлий тус газарт хутгалж, биед нь хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл буюу амь насанд аюул бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Ч.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ч-ийн М-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Stainless steel Japan” гэсэн бичиглэлтэй хүрэн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.М нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Ч.М-ы цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж хууль хэрэглэх журмыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг хэрэглэхээр хуульчилсан байх бөгөөд уг хугацаанаас хойш буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу өршөөл, уучлал үзүүлж ялаас чөлөөлөх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ч.М-ы өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна гээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тэнссэн хугацааны талаар “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх санал гаргасан. Анхан шатны шүүх хөндөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж 5 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ч.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн газарт иргэн И.М-ын хэвлий тус газарт хутгалж, биед нь хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.М-ын: “...Би буугаад буцаад алхтал миний араас хөлийн чимээ гарсан. Би эргээд харахад өндөр шар залуу миний гар руу цохих шиг болсон ба дахин зууралдаад миний зүүн хавирга орчим дахин цохисон бөгөөд тухайн үед жирс гээд эвгүй болохоор нь хутгалчихлаа гэж бодоод түлхэж холдуулаад зугтсан юм. ...” /хх 22/,

гэрч Х.У-ын: “...М хаалга онгойлгохдоо хаалганы хавтсанд байсан хутга аваад буусан. Би машинаа зогсоогоод М-ы араас гүйж очиход М, М хоёр зууралдсан байдалтай байсан бөгөөд М-ы гарт хутга байхаар нь би хутгатай гарын бугуйн дээр нь гараараа цохиод, хутга унахаар нь өшиглөж хутгыг холдуулж найзыгаа татаж аваад, машинд суулгаж, газар байсан хутгыг байсан газар нь хийсэн. ...” /хх 40-41/,

шүүгдэгч Ч.М: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хутга аваад бууж М-тай маргалдаад байж байхад найз араас бууж ирж намайг машинд суулгасан. Тухайн үед хохирогч И.М “Чи Монгол Улсын иргэн мөн үү. Чамайг шалгуулна” гэх зүйл яриад байхаар нь би айлгах санаатай хутга авч буусан. ...” /хх 7-8/ гэх мэдүүлгүүд,

И.М-ын биед хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах гэмтэл бүхий учрах үедээ амь насанд аюултай, хүнд гэмтэл учирсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 51-52/,

гэрч Х.У-ын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 91/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх зэвсэг ашиглаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ч.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.М-д анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ч.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж хуулийг зөв хэрэглэсэн байх тул “Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь уг хуулийг мөрдөн шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, эсхүл шүүхийн тогтоол /шийдвэр/ биелүүлэх зэрэг аль шатанд байгаагаас хамаарч хуулийг хэрэглэх журмыг зохицуулсан зохицуулалт болохоос биш зөвхөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой хэрэг өршөөлд хамрагдах тухай ойлголт биш юм.  

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.М-ы урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуульд заасан журмаар нэмж нэгтгэх, мөн зүйлийн 12.12-т шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулахаар тус тус хуульчилжээ.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг баримтлан Ч.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, прокурор С.Болорзулын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.12 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ы өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ