Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1418

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С, Д.О нарт холбогдох

           

          2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 500 000 төгрөг гаргуулах тухай ирэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз Г.Соёлмөнхийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, “Хаш” рестораны 1 давхарыг автомат тоглоомын зориулалтаар түрээслэхээр Д.Отай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн данснаас урьдчилгаа 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулах үед би бичиг баримтгүй байсан тул миний найз Г.Соёлмөнх гэрээ хийсэн. Байрыг хүлээн авахад өмнө нь ажиллуулж байсан автомат тоглоомуудыг аваагүй байсан. Миний бие байранд тоглоом суурилуулсан ч цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон учраас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Д.Сд үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар мэдэгдэхэд байрны түлхүүрийг жижүүр н.Баярцэцэгт өг гэсэн. Ингээд уг байранд үйл  ажиллагаа явуулаагүй  учраас хариуцагч нараас мөнгөө нэхэхэд дараагийн түрээслэгч нар орохоос өмнө мөнгө өгнө гэж хэлсэн. Гэрээнд байрны эзэн Д.О нь Д.Сд түрээсийн гэрээ байгуулж, төлбөр авах зөвшөөрөл өгсөн учраас Д.С гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас маргааныг иргэний журмаар шалгуулж гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд автомат тоглоомын газар ажиллуулах гэж тодорхой бичсэн байдаг. Өмнө нь уг байранд автомат тоглоом тоглуулахаар түрээсэлж, цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөл хураасан байсан. Зөрчлийн тухай хуулийн 57 дугаар зүйлд мөрийтэй тоглоом зохион байгуулахыг зөрчилд тооцохоор заасан. Түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар бүртгэл хийгдээгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд түрээсийн гэрээ баигуулагдаж, нэхэмжлэгч байранд тоглоом байрлуулж үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 2 дугаар сарын эхээр хариуцагч байгууллагад ажиллаж байсан н.Баярцэцэгт түлхүүр үлдээсэн байсан. Нэхэмжлэгч тодорхой хугацаанд байранд түрээсийн үйл ажиллагаа явуулчихаад байр түрээслээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний гол шинж түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийг тухайн зориулалтаар тохижуулсан байхыг шаарддаг. Гэтэл талуудын түрээслэсэн гэх обьект хоосон заал байсан. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг автомат тоглоомын үйл ажиллагаа явуулахаар тохижуулаагүй тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Хэрэв талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бол улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Гэтэл эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан учраас бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй. Автомат тоглоомын үйл ажиллагаа явуулах хүсэл зориг нэхэмжлэгчид байсан. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дах хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл авдаг. Нэхэмжлэгч тал автомат тоглоом тоглуулах тусгай зөвшөөрлийг холбогдох газраас хөөцөлдөж авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл аваагүйгээс түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан. Хариуцагчаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг шаардсан мөртлөө гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.С, Д.О нараас 2 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Год олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 149 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Год олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан боловч шүүх түрээсийн гэрээ гэж үзсэн. Түрээсийн гэрээний гол шинж нь түрээслүүлэгч тухайн хөрөнгийг түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар тохижуулсан, мөн тухайн хөрөнгөөс ашиг олох байдлаар түрээслүүлэгчид төлбөр төлөхийг шаарддаг. Хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Год автомат тоглоом явуулахаар тохижуулсан байр бус хоосон заал түрээслүүлсэн.

          Нэхэмжлэгч Ж.Г түрээсийн байранд автомат тоглоом байршуулж үйл ажиллагаа явуулах хүсэл зоригтой байсан нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, гэрч Г.Соёлмөнхийн мэдүүлэг зэргээс харагддаг. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь түрээслүүлэгчийн түрээслүүлсэн эд хөрөнгөөс бус өөрсдийн байршуулсан автомат тоглоомоос ашиг олох хүсэл зоригтой байсан.

          Гэвч нэхэмжлэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй, тодорхой хугацаанд түрээсийн байрыг ашиглан түрээслүүлэгчээс шалтгаалаагүй үндэслэлээр гэрээгээ цуцалсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний обьект болох үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд байсан эсэх дээр шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ж.Гын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл холбогдох тайлбар, гэрч Г.Соёлмөнх, Н.Баярцэцэг нарын мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч Ж.Г, түүний найз Г.Соёлмөнх нар түрээсийн байранд тодорхой хугацаанд байсан нь харагддаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хүсэл зориг, түрээсийн байранд нэхэмжлэгч байсан эсэх талаар дүгнэлт хийлгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож 2 500 000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Д.С, Д.О нарт холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Оын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35/2 тоот, 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгө болох “Хаш” ресторан төвийг нэхэмжлэгч Ж.Г нь Г.Соёлмөнхтэй хамтран автомат тоглоомийн зориулалтаар, сарын 2 500 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр хариуцагч Д.Стай тохиролцон, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулжээ. Уг гэрээнд түрээслэгчийг төлөөлж Г.Соёлмөнх, өмчлөгч Д.Отгонняын өмнөөс Д.С гарын үсэг зурсан мөн гэрээний дагуу 2 500 000 төгрөгийг хариуцагч Д.Сд шилжүүлсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хэргийн 8-11 дүгээр тал/

 

Дээрх ажлын байрны түрээсийн гэрээний дагуу тухайн обьектыг нэхэмжлэгч Ж.Г, Г.Соёлмөнх нар хариуцагч Д.С, Д.О нартай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35/2 тоот, 1 дүгээр давхарт байрлах, 228 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хариуцагч Д.О болох нь улсын бүртгэлийн Ү-2205061629 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 39 дүгээр тал/

 

Уг түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг үчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 2 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хүсэл зориг болон уг обьектод байсан эсэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54 950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Д.ЦОГТСАЙХАН