Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Өмгөөлөгч С.Чулуунбаатар

Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луужин овогт Пүрэвдоржийн Бямба-Очир, Хиат овогт Баасандоржийн Ганцолмон, Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиат овогт Баасандоржийн Ганцолмон нарт холбогдох эрүүгийн 201710010015 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо 9-18 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Луужин овогт Пүрэвдоржийн Бямба-Очир /РД: ЧГ77121779/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайханы 12-31 тоотод оршин суух хаягтай, Шанх транс ХХК-д жолоочоор ажиллаж байсан, Хиат овогт Баасандоржийн Ганцолмон /РД: ЧГ84070973/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 03 сарын 26-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох 33.000.000 төгрөгийн үнэтэй 5 тооны халиун бугын түүхий эд буюу чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Ганцолмон нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугийн түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч П.Бямба-Очир шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2016 оны 03 сарын 24-ны өдөр Эрээн хотоос ДСП хавтан наадаг наалтын машины жижиг мотор худалдаж авах зорилгоор Замын-Үүд суманд танихгүй хувь хүний таксигаар 25-ны өдөр 0800  цагийн үед ирсэн. Ингээд өглөө вогзал дээрээс хил гарах машинд суух гээд ганцаараа явж байтал Улаанбаатар хотод нэг гудамжинд амьдарч байсан Гансэлэм гээд найзын төрсөн дүү Ганцолмон тааралдсан. Миний хувьд Эрээн хот руу анх удаа гарч үзэж байсан болохоор машины жижиг мотор хаана зардагыг Ганцолмонгоос асуусан чинь “өө ахаа би тэр машины эд ангийг чинь хаана хямд зардагыг нь мэднэ, би заагаад өгье, харин та хилээр ганц юм гаргахад туслаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд юу болохыг тодруулж асуутал “жоохон ангын юм байгаа юм аа, биедээ хийх гэсэн боловч багтахгүй эндээс холгүй байшинд үлдээчихсэн байгаа” гэж хэлсэн. Ингээд Ганцолмонгын хамт түүний үлдээсэн гэх газарт эзэнгүй тоосгон байшинд очиход хар өнгийн уутанд ороосон 4 хэсэг жижиг зүйлийг булангаас гаргаж ирсэн. Тухайн үед би яг юу гэдгийг сайн мэдээгүй бөгөөд ангын юм гэхээр нь за хил дээр баригдсан ч гайгүй байлгүй дээ гэж бодоод 4 хэсэг зүйлээ биедээ буюу салтаандаа скочироор тогтоосон, харин Ганцолмонгын биед надад өгсөнтэй адил 5 хэсэг хар өнгийн ууттай жижиг зүйлийг салтаандаа скочидсон байсан. Ингээд бид хоёр вогзал руу буцаж алхаад улсын хил гарах УАЗ 469 маркийн автомашинд суугаад АЗШНБ-ийн зорчигчийн хэсгээр орох гэж байгаад МУ-ын гаалийн улсын байцаагчид саатуулагдсан. Би Ганцолмонтой дээрх эд зүйлийг улсын хилээр гаргаж өгснийхөө төлөө ямар нэг шан харамж авна гэж ярилцаагүй бөгөөд гаалийн улсын байцаагчид өгсөн анхны тайлбартаа ингээд хэлчихвэл гайгүй байдаг юм болов уу гэж бодоод сандарсандаа “Ганцолмон эдгээрийг гаргаад өгөөч ээ, 300 юань өгнө гэсэн” гэж тайлбарласан, уг нь би хүний нутагт нутгийнхаа дүүтэй уулзаад нэг нэгэндээ туслаад өгье гэж бодсон боловч ийм хэрэгт холбогдлоо, бугын чив, сүүл байсан гэснийг мэдээгүй, сүүлд уутыг задлахад мэдсэн. Анх уутны гадна талаас нь харахад яг юу байсныг мэдээгүй бөгөөд уутыг нь задалж үзэхэд өмхийрч муудсан байдалтай бугын сүүл 5 ширхэг, чив 4 ширхэг байсан гэв.

-Шүүгдэгч Б.Ганцолмоны шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Эрээн хотоос 6 ширхэг харбин пивотой Замын-Үүд суманд суудлын автомашинаар орж ирсэн, тэгээд тэр өдрөө суудлаар гэртээ харих гэсэн боловч суудлаасаа хоцроод Улаанбаатар хот руу машин хайгаад вокзал дээгүүр явж байгаад сааданд очоод сууж байтал үл таних 35-40 насны, намхан нуруутай залуу над дээр ирээд “тамхилаач” гэхээр нь тамхинаасаа гаргаж өгөөд түүнтэй танилцсан. Надад анх өөрийгөө танилцуулахдаа “намайг Батбаатар гэдэг би эндэхийнх” гэж хэлээд яриа өдөхөөр нь авч явсан пивоноосоо задалж өгөөд хаана юу хийдэг, цаашид яах гэж байгаа талаараа хоорондоо ойр юм яриад яриа өрнүүлсэн. Тэгсэн энгэрээсээ нэг шил Улаанбаатар архи гаргаж ирээд “өнөөдөр хоёулаа сайхан танилцнаа, 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэг биз дээ, эр хүний замын хүзүү урт” гээд архинаас нь хувааж уугаад сууж байтал энгэрээсээ хар ууттай жижиг зүйлүүд гаргаж ирээд “хөгшөөн саяхан Замын-Үүд сумын дуудлага худалдаагаар хэдэн ангын эд зүйл хямдхан авсан, найз нь Эрээн рүү гаргаж зарах гэсэн боловч паспортны хугацаа дуусчихлаа, тийм болохоор чамд үүнийг хямдхан өгчихье” гэсэн. Тэгээд би байсан зүйлүүдийг нь сонирхоод юу байгааг нь хальт харахад өмхий үнэртэй үсэрхэг, мах шиг зүйлүүдийг жижиг хар уутанд боосон нийт 9 ширхэг зүйл байхаар нь Батбаатараас “энэ чинь юу вэ” гэж асуусан, тэгсэн “бугын чив, сүүл гэдэг чинь энэ байна, Эрээний юань авдаг хүмүүс наадахыг чинь 1 сая гаруй төгрөгөөр дор хаяж худалдаж авна, чамд мөнгө байна уу, байвал мөнгөнд чинь найз нь өгчихье” гэж хэлсэн. Тухайн үед “надад байгаа нь 300.000 төгрөг байна” гэж хэлсэн чинь “өө өнөөдөр хоёулаа сайхан танилцлаа, уг нь би эдгээр зүйлсийг 500.000 төргөрөөр зарах гэж байсан юм, эр хүмүүс байна, чамд байгаа мөнгөнд чинь өгчихье” гээд надаас 300.000 төгрөг авснаа “түрүүвчийг чинь хоосон үлдээгээд яахав” гэж хэлээд 10.000 төгрөгийг минь буцааж өгсөн. Тэгээд би Батбаатараас яаж хилээр гаргах талаар асуухад “наад хэдээ салтаандаа скочирдоод улсын хилээр гаргачихдаг юм, ямар ч асуудал байхгүй, хэрвээ баригдлаа гэхэд захиргааны арга хэмжээ авагдаад, юм аа хураалгана” гэж хэлээд намайг “одоо наанаа сууж бай, би архинд яваад ирье, тэгээд хоёулаа буудалд сайхан юм ярьж хоноё” гэснээ алга болчихсон. Ойролцоогоор 1 цаг гаруй хүлээгээд ирэхгүй байхаар нь саад болон вогзал хавиар хайгаад олоогүй ээ, тэгээд архи уучихсан халамцуу байсан болохоор маргааш өглөө хил гаръя гэж бодоод өндөр тоосгон худгын хойшоо чигээрээ яваад цонх шил нь хагарчихсан эзэнгүй хоосон байшинд орж унтсан. Ингээд өглөө сэрэнгүүтээ дэлгүүрээс скоч худалдаж аваад Батбаатарын хэлснээр биедээ буюу салтаандаа скочирдож үзсэн чинь 5 уут нь багтаж байхаар нь үлдсэн хэдийг нь хоносон эзэнгүй байшиндаа үлдээсэн. Тэгээд вокзал дээр хил гарах машин хайгаад явж байтал төрсөн ах Б.Гансэлэмийн найз Бямба-Очир ахтай тааралдсан. Тэр үед Бямбаа ах “Улаанбаатар хотоос өглөө замын машинаар Эрээн рүү анх удаа гарахаар ирлээ, Эрээнээс машины мотор худалдаж авах гэсэн чинь хаана зардагыг сайн мэдэхгүй байна, чамд таньж мэдэх хүн байна уу” гэхээр нь би “тэр хавиар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мотор зардаг газрыг мэднэ, хамт яваад олоод өгч болно” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод амьдарч байхдаа Бямба-Очир ахыг гэртээ нэг гудамжинд байдаг байсан бөгөөд Өмнөговь аймаг руу явсанаас хойш 4-5 жил хоорондоо уулзалдаагүй байсан болохоор хоорондоо ойр зуурын юм яриад цуг Эрээн гарахаар болсон. Тэгээд нэгэнт хамт Эрээн гарах гэж байгаа юм чинь гэж дотроо бодоод нөгөө байшинд үлдээсэн зүйлээ ахыг аваад гарчих гэж гуйгаад зөвшөөрүүлсэн. Ингээд биз хоёр хоосон байшин дээрээ буцаж очоод үлдсэн 4 ширхэг ууттай зүйлийг Бямбаа ахын салтаанд скочирдож өгөөд хил гарах машинд суугаад хилээр гарах гэж байгаад Монгол Улсын гаалийн улсын байцаагчид баригдсан. Баригдсаныхаа дараа буюу гаалийн хяналт шалгалтын өрөөнд ороод биедээ скочирдсон эд зүйлсээ нэг нэгээр нь задалж үзэхэд 4 ширхэг сүүл, 5 ширхэг чив байсан, тэгээд би анх удаа тийм зүйл харж байгаа болохоор бугын чив, сүүл гэж юм байна даа гэж бодсон. Энэ хэрэгт П.Бямба-Очир ах ямар ч хамаагүй, би Бямбаа ахыг ангийн мах байгаа юм аа гэж гуйсаар байгаад өгчихсөн, тэрнээс улсын хилээр гаргаад өгвөл шан харамж өгнө гэж ярилцсан зүйл байхгүй гэв.

-Иргэний нэхэмжлэгч Т.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Шинжээчийн дүгнэлтээр 4 чив, 5 сүүл гэж гарсан тул 5 эр халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр хохиролоо нэхэмжилнэ, мөн амьтны тухай хуулинд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн байдаг гэжээ. /хх-ийн 66/

-Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр би албаны даргын баталсан хувиарын дагуу Замын-Үүд дэх АЗШНЦ 1-ийн гарах талын зорчигчийн зааланд гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн ба хүний биеийн рентген хяналтын аппарат ажиллахгүй байсан учир гаднаас орж ирсэн зорчигч нарыг нүдээрээ харан, сэжиг бүхий хүмүүст хяналт тавьж ажилласан. Өглөө 10-11 цагийн хооронд гарах талын зорчигчийн хаалгаар биедээ юм нуусан байж магадгүй гэх, нэлээн сандарсан байдалтай 30-35 орчим насны 2 залуу хамт орж ирсэн бөгөөд биед нь үзлэг хийхэд  өмдний дотор тал буюу салтаа хэсэгт нь хатуу зүйл мэдрэгдсэн. Ингээд хоёр залууг гаалийн гүнзгийрүүлэн шалгах албаны өрөөнд оруулан гадуур хувцсыг нь тайлуулахад эхний залуугийн биед буюу салтааных нь дотор талд хар өнгиийн гялгар уутаар скочирдож багласан 5 хэсэг жижиг зүйл байсан ба дараагийн залуугийн салтаанд мөн адил хар өнгийн гялгар уутаар скочирдож багласан 4 хэсэг жижиг зүйлүүд гарч ирсэн. Тэгээд юу болохыг нь зорчигч нараас тухайн үед асуухад “зүгээр ангын мах байгаа юм аа, бид хоёр ингээд явчихъя тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь гялгар ууттай зүйлүүдийг нэг нэгээр нь задалж үзэхэд ангын гаралтай 4 ширхэг бугын чив, 5 ширхэг бугын сүүл мэт зүйл байсан. Ингээд зохих журмын дагуу дээрхи эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан Ганцолмон, Бямба-Очир гэгч 2 иргэнийг саатуулж, гаалийн зөрчлийн албанд эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн. Мөн гаалийн хяналт шалгалтын явцад дээрх 2 зорчигчийн сууж ирсэн тээврийн хэрэгслийг шалгах гэсэн боловч хил рүү явдаг такси буюу явганаар гаалийн хяналтын бүсэд орж ирсэн байсан ба биеэс өөр ямар нэгэн эд зүйл илрээгүй болно. Үзлэгийн явцад Ганцолмон гэгч залуу нь дээрх эд эрхтэний талаар надад хэлэхдээ “...танихгүй хүн хилээр гаргаад өгвөл 2000 юань өгнө гэж хэлсэн, тэр хүнийг би одоо танихгүй, Эрээнээс хүн тосож авна” гэж байсан ба Бямба-Очир нь юм ярихгүй үг дуугүй зогсоод байсан гэжээ. /хх-ийн 68/

-Гэрч Д.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тухайн үед 11 цагийн үед АЗШНЦ 1-ийн зорчигчийн гарах талд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн хяналтын улсын байцаагч Б.Билгүүн над руу утсаар яриад “П.Бямба-Очир, Б.Ганцолмон гэгч зорчигч нар нь биедээ МУ-ын ховор амьтны эд эрхтэн болох бугын чив, сүүлийг биедээ нууж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдлаа, та хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Ингээд уг мэдээллийг үндэслэн гарах талын зорчигчийн чиглэлд байрлах хяналт шалгалтын гүнзгийрүүлсэн өрөөнд ороход П.Бямба-Очир, Б.Ганцолмон нар нь гаалийн улсын байцаагч Б.Билгүүний хамт зогсож байсан ба Б.Билгүүнээс юу болсон талаар асуухад “эдгээр хүмүүсийн биеэс буюу салтаа хэсгээс нийт 4 ширхэг бугын чив, 5 ширхэг бугын сүүл гарч ирсэн” гэж хэлсэн. Мөн дээрх иргэд нь салтаа хэсэгтээ буюу өмднийхөө дотор талд скочироор нааж нуусан байсан гэсэн. Тухайн үед дээрх амьтны гаралтай эд эрхтэнүүдийг хар өнгийн гялгар уутаар битүү ороосон байсан бөгөөд уут тус бүрийг задлахад муудсан болов уу гэмээр өмхий үнэр маш ихээр үнэртэж байсан. Ингээд хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд амьтны гаралтай эд эрхтэнийг тэмдэглэл үйлдэн хураан авч, П.Бямба-Очир, Б.Ганцолмон нараас тайлбар авахад Б.Ганцолмон нь “...би Улаанбаатар хотоос Батбаатар гэдэг хүнээс дээрх эд зүйлийг худалдаж аваад хил гаргаж мөнгө олох гэж байсан юм” гэдэг бөгөөд П.Бямба-Очирын хувьд “...дээрх амьтны гаралтай эд эрхтэнийг улсын хилээр гаргаад өгвөл надад 300 юань өгнө гэсэн гэж хэлсэн” гэснээс өөр зүйл яриагүй гэжээ.  /хх-ийн 69/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгуулах тухай тогтоол /хх-ийн 5/

-Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 9, 17/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10, 20/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-13, 18/

-Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/

-Гаалийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/

-Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-43, 45/

-Эд зүйл устгалд оруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 63/

-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77-81/

-Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96,110/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-155/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нар нь бүлэглэн 2016 оны 03 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох 5 тооны халиун бугын түүхий эд буюу чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг биедээ нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Ганцолмон нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Билгүүний “...Өглөө 10-11 цагийн хооронд гарах талын зорчигчийн хаалгаар биедээ юм нуусан байж магадгүй гэх, нэлээн сандарсан байдалтай 30-35 орчим насны 2 залуу хамт орж ирсэн бөгөөд биед нь үзлэг хийхэд өмдний дотор тал буюу салтаа хэсэгт нь хатуу зүйл мэдрэгдсэн. Ингээд хоёр залууг гаалийн гүнзгийрүүлэн шалгах албаны өрөөнд оруулан гадуур хувцсыг нь тайлуулахад эхний залуугийн биед буюу салтааных нь дотор талд хар өнгийн гялгар уутаар скочирдож багласан 5 хэсэг жижиг зүйл байсан ба дараагийн залуугийн салтаанд мөн адил хар өнгийн гялгар уутаар скочирдож багласан 4 хэсэг жижиг зүйлүүд гарч ирсэн. Тэгээд юу болохыг нь зорчигч нараас тухайн үед асуухад “зүгээр ангын мах байгаа юм аа, бид хоёр ингээд явчихъя тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь гялгар ууттай зүйлүүдийг нэг нэгээр нь задалж үзэхэд ангын гаралтай 4 ширхэг бугын чив, 5 ширхэг бугын сүүл мэт зүйл байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхболдын “...Ингээд хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд амьтны гаралтай эд эрхтэнийг тэмдэглэл үйлдэн хураан авч, П.Бямба-Очир, Б.Ганцолмон нараас тайлбар авахад Б.Ганцолмон нь “...би Улаанбаатар хотоос Батбаатар гэдэг хүнээс дээрх эд зүйлийг худалдаж аваад хил гаргаж мөнгө олох гэж байсан юм” гэдэг бөгөөд П.Бямба-Очирын хувьд “...дээрх амьтны гаралтай эд эрхтэнийг улсын хилээр гаргаад өгвөл надад 300 юань өгнө гэсэн гэж хэлсэн” гэснээс өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Уранчимэгийн “Шинжээчийн дүгнэлтээр 4 чив, 5 сүүл гэж гарсан тул 5 эр халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ, мөн амьтны тухай хуулинд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ хоёр дахин өсгөж тогтооно гэсэн байдаг” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ганцолмон нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж худалдан авснаар Амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ...худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, мөн хуулийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар  Халиун бугын үнэлгээг эрийг нь 6.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Ганцолмонг 33.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны халиун бугийн түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч улсад 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нар нь үйлдсэн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нарыг бүлэглэн 2016 оны 03 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйлийг биедээ нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Б.Ганцолмонг 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нарын 2016 оны 03 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйлийг биедээ нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Б.Ганцолмонгийн 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугийн түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэгдэх бөгөөд уг хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ганцолмон нь улсад учруулсан хохирлоо төлөөгүй байгаа тул түүнээс 66.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Пүрэвдоржийн Бямба-Очир, Баасандоржийн Ганцолмон нарт зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 болгож, шүүгдэгч Баасандоржийн Ганцолмонд зүйлчилж ирүүлсэн /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-г, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-г болгон, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Луужин овогт Пүрэвдоржийн Бямба-Очир, Хиат овогт Баасандоржийн Ганцолмон нарыг бүлэглэн хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Хиат овогт Баасандоржийн Ганцолмонг ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Пүрэвдоржийн Бямба-Очир, Баасандоржийн Ганцолмон нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Баасандоржийн Ганцолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Шүүгдэгч П.Бямба-Очир, Б.Ганцолмон нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхэгийг хэрэгт хавсрагсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганцолмонгоос 66.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, П.Бямба-Очир, Б.Ганцолмон, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Э.БОЛОРМАА