Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00840

 

“ДЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00566 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ДЦ” ХХК-ийн хариуцагч Н.Ч-д холбогдуулан гаргасан 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч М.А, хариуцагч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “ДЦ” ХХК-ийн үйлдвэрээс 24 тонн Ф13-ын арматурыг 1 тонныг нь 850 000 төгрөгөөр тооцож, нийт 20 400 000 төгрөгийн үнэ бүхий материалыг 7 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж авч авсан. Төлбөрөө төлөхгүй гэрээгээ зөрчсөн тул 20 400 000 төгрөг, нийт алданги 62 000 000 төгрөг боловч 51 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Анх “Их өвөр” гэх компани Хан-Уул дүүрэгт байрладаггүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хариуцагчийн харьяаллын дагуу шилжээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сард хариуцагчаас 40 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед Н.Ч нь “Их өвөр” ХХК-ийг татан буулгасан атлаа манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тайлбарласан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад “Их өвөр” ХХК татан буугдсан, ажиллагаа явуулах боломжгүй байдал үүссэнээр хэргийг дахин шийдвэрлэх болсон тул Н.Ч-ыг хариуцагчаар татсан юм. Хариуцагч И.Нямсүрэн “Их өвөр” ХХК-д инженерээр ажиллаж байсан ба уг арматур, мөнгийг хүлээн авсан, аваагүй гэж маргадаг бөгөөд тэрээр “Их өвөр” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч биш юм. Н.Ч И.Нямсүрэнтэй хамт ирж зээл зээл авсан. И.Нямсүрэн өмнө нь манайхаас арматур зээлээр авч, цаг тухайд нь мөнгийг нь төлж найдвартай харилцагч болсон байсан. “Их өвөр” ХХК татан буугдсан ч Н.Ч уг зээлийг хариуцах ёстой. И.Нямсүрэн энэ хэрэгт хамааралгүй. Нэг хоногийн алданги 102 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл 3 162 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 060 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 162 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 060 000 төгрөг, нийт алданги 15 606 000 төгрөг ба Иргэний хуульд зааснаар алданги нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх тул 5 406 000 төгрөгийн алдангийг хасч 30 600 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 20 400 000 төгрөгийг нэмж, нийт 51 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДЦ” ХХК-ийг хаана байрладаг талаар мэдэхгүй, захирал Ч.Дамдиндоржийг танихгүй тул очиж арматур авах боломжгүй. Манай компани Налайх дүүрэгт байрладаг. И.Нямсүрэнтэй хуучны танилууд байсан гэсэн. И.Нямсүрэн “би 80 тонн арматур авчихлаа. 50 хувийг нь бэлнээр төлөхөөр, 50 хувьд нь байр өгөхөөр С.Сүрэнжавтай ярьж тохирсон. Одоо очиж арматур авъя. Чи бэлэн мөнгө өгөөд 40 тонн арматур авч барилгадаа хэрэглэ. Би чамаас ажлын хөлсөд авах ёстой байрнуудаа арматур болгож цааш нь заръя” гэж хэлсэн тул хамт очиж арматур авсан. Тухайн үед гэрээнд байрны талаар тусгах шаардлага байгаагүй. Би өөрийн авсан арматурын үнийг төлчихсөн байсан тул авсан арматураа барилгадаа хэрэглэсэн. Гэтэл Ч.Дамдиндорж гэнэт гарч ирээд байр авахгүй гэсэн. Тэр үед гэрээ байгуулаагүй амаар тохирсон. Урьдчилгаа гэж яриад байгаа 40 000 000 төгрөгөө өгөөд арматураа ачаад явсан байсан. Гэтэл Ч.Дамдиндорж гарч ирээд “С.Сүрэнжав манай ажилтан тул тохиролцоо хийхийг шийдэхгүй, би арматурын мөнгөндөө байр авахгүй, үлдэгдэл мөнгөө бэлэн мөнгөөр авна” гэсэн. С.Сүрэнжав шүүхэд “бид арматурын мөнгөнд байр өгнө гэж тохирсон. Дараа нь Ч.Дамдиндорж энэ тохиролцоог болиулсан” гэж мэдүүлсэн. И.Нямсүрэнгийн байр зарагдахгүй, би нэхэмжлэгчээс авсан арматурын тал мөнгийг нь өгсөн байсан тул хүний өмнөөс мөнгө өгөх үндэсгүй. Нэхэмжлэгч тал энэ маргаанд И.Нямсүрэнг хамааралгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний талууд гэдэгт И.Нямсүрэн, Н.Ч гэж гарын үсэг зурсан байгаа. Арматур худалдсан гэж үзвэл нэхэмжлэх дээр И.Нямсүрэн, Н.Ч- гэж бичигдсэн байгаа. Гэтэл тус гэрээнүүдийн үүргийг надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бодит байдал дээр би И.Нямсүрэнгээр дамжуулж С.Сүрэнжаваас бэлэн мөнгөөр 48 тонн арматур худалдаж авсан. Би өөрийнхөө өгөх ёстой мөнгийг бүгдийг нь төлсөн. Үлдэгдэл мөнгөнд нь И.Нямсүрэн байр бартераар авсан. Арматур төмрүүд манай компанийн талбай дээр бууж, цааш нь борлуулсан. Би мөнгөө өгөөд гарын үсгээ зурсан. С.Сүрэнжав нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй тул түүний байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус. И.Нямсүрэн гадаадад байгаа нь баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 40 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч-аас 361 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:. “ДЦ” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний оролцогч Н.Ч, И.Нямсүрэн нар гэдэг нь тодорхой байхад нэг талыг барьж гэрээний үүргийг хуваан гаргуулаагүй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу үүрэг хариуцлагыг адил хариуцуулж, талуудаас тэнцүү гаргуулахаар шийдвэрлэх ёстой байхад нотлох баримтыг буруу үнэлж, Н.Ч-аас гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. “ДЦ” ХХК арматур төмөр нийлүүлэх, хариуцагч тал төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч тал төлбөрийг бартераар төлнө гэж маргасан, харин үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг ойлгож байна. Харин төлбөрийн үүргийг хамтран төлөх ёстой гэж үзэж байна. Гэрээнд Н.Ч, И.Нямсүрэн нар гарын үсэг зурсан үйл баримт нотлох бөгөөд гэрээнд гарын үсэг зурна гэдэг нь хүлээх үүрэг хариуцлага байдаг. Гэтэл Анхан шатны шүүх нь гэрээний шууд утгыг дүгнэлгүй гэрээний оролцогч талуудын нэг болох Н.Ч-аар төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шударга бус, Н.Ч нь өмнөх гэрээний дагуу нийлүүлсэн 40 тонн арматурын үнэ 40 000 000 гаруй төгрөгийг ганцаараа төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад дахин Н.Ч-аар үлдэгдэл төлбөрийг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрх ашгийн хохироож байна. Өөрөөр хэлбэл, бусдын төлөх ёстой мөнгөн төлбөрийг үндэслэлгүй шүүхийн шийдвэрээр төлж өөрөө хохирох нөхцөл бололцоо бүрдсэн байна. “ДЦ” ХХК гэрээний дагуу арматур худалдан авахад оролцсон гэрээний нэг тал болох И.Нямсүрэнг анхан шатны шүүхэд хамтран хариуцагчаар татах буюу түүнд бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Учир нь нэхэмжилж буй төлбөрийн 50 хувийг гэрээний нэг тал болох И.Нямсүрэнгээс гаргуулах ёстой. Гэтэл Хариуцагчаар төлбөрийг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, 20 400 000 төгрөгийг нийт төлбөрийн 50 хувь буюу 20 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ДЦ” ХХК нь хариуцагч Н.Ч-д холбогдуулан арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ч эс зөвшөөрч марган, үндэслэлээ гэрээнд И.Нямсүрэн гарын үсэг зурсан тул үүргийг хамтран хариуцах ёстой, өөрийн төлбөл зохих төлбөрийг төлсөн, үлдэх төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлажээ.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06 тоот үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр ф-13 маркийн 24 тонн арматурыг, нэг бүрийн үнэ 850 000 төгрөгөөр үнэлж, нийт 20 400 000 төгрөгийг 5 хоногийн дотор худалдагчид шилжүүлэхээр, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр ф-12 маркийн арматур төмрийг мөн адил нөхцлөөр худалдан авч, төлбөрийг 5 хоногт худалдагчид шилжүүлэхээр тохиролцож, гэрээнд худалдагч талаас С.Сүрэнжав, Ц.Дамдиндорж нар, худалдан авагч талаас Н.Ч, И.Нямсүрэн нар гарын үсэг зурж, “ДЦ” ХХК болон “Их өвөр” ХХК-ийн тамгаар баталгаажуулжээ. /хх4-8/

Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан дээрх хоёр гэрээний хүчин төгөлдөр талаар талууд маргаагүй бөгөөд худалдагч тал арматурыг гэрээнд заасан тоо хэмжээгээр худалдан авагч талд хүлээлгэн өгсөн, худалдан авагч тал 40 800 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй болохыг үгүйсгээгүй, харин худалдан авагч буюу хариуцагч нь худалдан авсан арматурын үнийг гэрээнд гарын үсэг зурсан И.Нямсүрэнтэй адил хэмжээгээр хувааж төлөх ёстой гэж маргажээ.

Талууд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, “Их өвөр” ХХК 40 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж Н.Ч гарын үсэг зурсан /хх29/ баримт хэрэгт авагдсан байна.

Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдож байх тул худалдагч тал төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч Н.Ч нь өөрийн төлбөл зохих төлбөрийг төлсөн, харин гэрээг хамтран хийж гарын үсэг зурсан И.Нямсүрэн төлбөрөө байраар төлөх тохиролцоотой байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Гэвч шүүхэд энэ талаарх нотлох баримтыг гаргаагүй байна.

Түүнчлэн гэрээнд худалдан авагч талаас И.Нямсүрэн Н.Ч нар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул Н.Ч-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан маргаж буй хоёр гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй байна. Иймд анзын гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн хэлбэрийн шаардлага хангагдаагүй байх тул шүүх алдангид шаардсан 10 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 260 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ