Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Д.Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н.Ч-д холбогдох

  51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч Н.Ч, гэрч  Ц.Д, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Ч нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ДЦХХК-ийн арматурын үйлдвэрээс 24 тонн Ф13-ын арматурыг 1 тонныг нь 850 000 төгрөгөөр тооцож, нийт 20 400 000 төгрөгийн үнэ бүхий материалыг 7 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, авч авсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй итгэл эвдэж гэрээгээ зөрчсөөр байгаа тул 20 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги 62 000 000 төгрөг боловч алдангийн дундаа хийе гэж бодож 51 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Анх  Их өвөр гэх компани Хан-Уул дүүрэгт байрладаггүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хариуцагчийн харъяаллын дагуу шилжээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сард хариуцагчаас 40 800 000 төгрөг гаргуулахаар шийдэрлэсэн. Тухайн үед Н.Ч нь Их өвөр ХХК-ийг татан буулгачихаад манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тайлбарласан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад Их өвөр ХХК татан буугдсан, ажиллагаа явуулах боломжгүй байдал үүссэнээр хэргийг дахин шийдвэрлэх болж, харуицагчаар Н.Чыг татсан юм.  Хариуцагч н.Нямсүрэн Их өвөр ХХК-д инженерээр ажиллаж байсан ба уг арматур, мөнгийг хүлээн авсан, аваагүй гэж маргадаг бөгөөд тэрээр Их өвөр ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч биш юм.  Н.Чыг манайхаас зээл авах гээд ирэхэд нь өгөхгүй гэхэд н.Нямсүрэнг дагуулж ирж зээл авсан. н.Нямсүрэн өмнө нь манайхаас арматур зээлээр авч, цаг тухайд нь мөнгийг нь төлж найдвартай харилцагч болсон байсан. Нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхтэй байдаг тул тус хэрэгт Н.Чыг хариуцагчаар татаж байгаа. Их өвөр ХХК татан буугдсан ч Н.Ч уг зээл, төлбөрийг хариуцах ёстой. Н.Ч өөрөө компанийнхаа тамгыг дараад аваад явсан. н.Нямсүрэн гэх хүн энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед Н.Ч, н.Нямсүрэн нарын хооронд Иймд хариуцагч Н.Чаас зээл болон зээлийн алдангийг гэрээнд заагдсаны дагуу дараах нөхцлөөр нэхэмжилж байна. Үүнд: 20 400 000 төгрөгийн нэг хоногийн алданги 102 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл 102 000*31 хоног=3 162 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 102 000*31 хоног=3 162 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 102 000*30 хоног=3 060 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 102 000*31 хоног=3 162 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 102 000*30 хоног=3 060 000 төгрөг, нийт алданги 15 606 000 төгрөг ба Иргэний хуулийн дагуу алданги нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх тул 5 406 000 төгрөгийн алдангийг хасч 20 400 000+10 200 000=30 600 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 20 400 000 төгрөгийг нэмээд 30 600 000+20 400 000=51 000 000 төгрөгийг шүүхээр нэхэмжилж байгаа тул манай хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДЦХХК-ийг хаана байрладаг талаар би мэдэхгүй. Мөн тус компанийн захирал Ч.Д гэх хүнийг ч танихгүй байж яаж очиж арматур зээлээр авсан байх вэ. Нэхэмжлэгч компани Налайх дүүрэгт байрладаг. Манай найз Н.Нямсүрэн бас Налайхад амьдардаг ба тэд хуучны танилууд байсан. Н.Нямсүрэн надад хэлэхдээ “би 80 тонн арматур авчихлаа. 50 хувийг нь бэлэн мөнгөөр төлөхөөр, 50 хувьд нь байр өгөхөөр С.Стай ярьж тохирсон. Одоо очиж арматур авъя. Чи бэлэн мөнгө өгөөд 40 тонн арматур авч барилгадаа хэрэглэ. Би чамаас ажлын хөлсөнд авах ёстой байрнуудаа арматур болгож цааш нь заръя” гэсэн. Тэгээд би хамт очиж арматур авсан. Тухайн үед гэрээнд байрны талаар тусгах шаардлага байгаагүй.  Би өөрийн авсан арматурын үнийг төлчихсөн байсан тул авсан арматураа барилгадаа хэрэглэсэн. Гэтэл Ч.Д гэнэт гарч ирээд байр авахгүй гэсэн. Тэр үед гэрээ байгуулаагүй амаар тохирсон. Урьдчилгаа гэж яриад байгаа 40 000 000 төгрөгөө өгөөд арматураа ачаад явсан байсан. Гэтэл Ч.Д гарч ирээд “С.Сманай ажилтан тул тохиролцоо хийхийг шийдэхгүй, би арматурын мөнгөндөө байр авахгүй, үлдэгдэл мөнгөө бэлэн мөнгөөр авна” гэсэн. С.С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “бид арматурын мөнгөнд байр өгнө гэж тохирсон. Дараа нь Ч.Д энэ тохиролцоог болиулсан” гэсэн байдаг. н.Нямсүрэнгийн байр зарагдахгүй, би нэхэмжлэгчээс авсан арматурын тал мөнгийг нь өгсөн байсан тул хүний өмнөөс мөнгө өгч болохгүй байсан.  Бид гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан. Нөхөж гэрээ байгуулахад “Чи ирээд тамга дарахгүй бол болохгүй” байна. Захирал нь Хятад хүн байдаг юм гэсэн. Би очиж нэг Хятад хүнтэй уулзсан. Тэр хүнтэй нь орчуулагчаар нь дамжуулж, орчуулга хийлгэж ярилцсан. Гэтэл одоо намайг залилсан юм шиг ярьдаг. н.Нямсүрэн манай инженер биш. Тэр хаусуудыг барихад гүйцэтгэх компаниар ажиллаж байсан. Би н.Нямсүрэнгээр дамжуулж С.Стай танилцаж, С.Саас арматур авсан. Тухайн үед би Ч.Дийг таньдаггүй байсан бөгөөд байрны асуудал гарахад Ч.Д гарч ирсэн. Тухайн үед нэхэмжлэгч компанид өгөх байр нь байсан. учраас тохирсоноороо байраа ав гэхдээ алданги тооцно гэж их мөнгө нэхэж, эсхүл манай байрыг голсон. Ямар ч барилгын компани бартер хийдэг. Анх ярьж тохирсноороо мөнгөө төлөөд арматураа авсан. Нэхэмжлэгч тал энэ маргаанд н.Нямсүрэнг хамааралгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний талууд гэдэгт Ц.Н, Н.Ч гэж гарын үсэг зурсан байгаа. Арматур худалдсан гэж үзвэл нэхэмжлэх дээр Ц.Н, Н.Ч гэж бичигдсэн байгаа. Гэтэл тус гэрээнүүдийн үүргийг н.Нямсүрэн бид хоёроос нэхэмжлэхгүй яагаан ганцхан надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бодит байдал дээр би Ц.Нгэх хүнээр дамжуулж С.Сгэх хүнээс бэлэн мөнгөө өгч 48 тонн арматур худалдаж авсан. Би өөрийнхөө өгөх ёстой мөнгийг бүгдийг нь төлчихсөн. Үлдэгдэл мөнгөнд нь Ц.Нбайр бартердахаар авсан. Гэтэл одоо намайг авсан юм шиг ярьж байна. Арматур төмрүүд манай компанийн талбай дээр буусан. Гэхдээ тэндээсээ цааш нь борлуулсан. Би мөнгөө өгөөд гарын үсгээ зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн уг гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. С.Снь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд тул түүний байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Тус гэрээний талууд нь н.Нямдорж, Н.Ч гэх хүмүүс байгаа. Ц.Нг гадаадад байгаа гэх боловч нотолсон баримт байхгүй, тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ДЦХХК арматур худалдах худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Н.Чаас шаардаж, гэрээг Н.Чтай байгуулж түүнд арматурыг хүлээлгэн өгсөн тул шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд гэрээг нэг талаас ДЦХХК, нөгөө талаас Н.Ч, Ц.Ннар байгуулсан, төлвөл зохих 48 тн арматурын үнийг төлсөн тул үлдэх төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Зохигч, аман болон бичгийн хэлбэрээр байгуулагдсан 4 удаагийн худалдах-худалдан авах гэрээний дагуу Ф-12, Ф-13 маркын тонн тутам нь 850 000 төгрөгийн үнэ бүхий 96 тонн арматур худалдан авахаар тохиролцсон, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан, дээрх гэрээнүүдийн төлбөрт 40 800 000 төгрөгийг хариуцагч Н.Ч төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин гэрээний талуудын тухайд, гэрээний үүргийг хэн хэрхэн хариуцах, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаантай байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар, талууд 2015.06.30-ны өдөр үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, тонн тутам нь 850 000 төгрөгийн үнэ бүхий Ф-13 маркын 24 тонн арматурыг худалдан авч төлбөрийг 5 хоногийн дотор худалдагчид шилжүүлэхээр, 2015.07.10-ны өдөр тонн тутам нь 850 000 төгрөгийн үнэ бүхий Ф-12 тус маркын 24 тонн арматурыг худалдан авч төлбөрийг мөн 5 хоногийн дотор худалдагчид шилжүүлэхээр тохиролцсон гэрээг бичгээр байгуулж, худалдагч талыг төлөөлж С.С, Ч.Д нар гарын үсэг зурж, ДЦХХК-ний тамга тэмдгээр, худалдан авагч талыг төлөөлж Ц.Н, Н.Ч нар гарын үсэг зурж, Их өвөр ХХК-ний тамгаар тус тус баталгаажуулжээ. /хх 4-5, 7-8 ху, /

 

Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх тул гэрээний үндсэн төлбөрт 40 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Харин алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь, зохигч 2015.06.30-ны өдөр байгуулсан гэрээгээр төлбөрийг 5 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон ба ДЦХХК-ний кассын орлогын ордер гэх баримтад 2015.07.06-ны өдөр төлөгдсөн 20 400 000 төгрөгийг “06.30-ны 24 тонны үнэ” гэж тэмдэглэсэн, 2015.07.16-ны өдөр төлөгдсөн 20 400 000 төгрөгийг 2015.07.05-ны өдрийн аман хэлцлээр авсан арматурын үнэд, эсхүл 2015.07.10-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр авсан арматурын алиных нь үнэд төлсөн нь тодорхойгүй байна. /хх 29,  67 ху, /

Иймд нэг талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэгэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр, нөгөө талаас 2015.06.30-ны өдрийн гэрээний үүргээ худалдан авагч тал хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох 10 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн татгалзлын тухайд, хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагч талыг төлөөлж Ц.Н, Н.Ч нар гарын үсэг зурсан байх боловч энэ үйл баримт нь хариуцагч Н.Чыг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д хамтран үүрэг гүйцтгэгч нарыг тодорхойлж, 243.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаар зохицуулсан тул хариуцагч Н.Чаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40 800 000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.

Нөгөө талаас, шүүх Ц.Нгэрээний оролцогч мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагч Н.Ч Ц.Нтэй арматурын төлбөрийг хувь тэнцүүлэн хувааж төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа хариуцагч нотлоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагч гэрээг С.Стай байгуулсан ба С.Снь ДЦХХК-г төлөөлөх эрхгүй этгээд байгаа нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан боловч гэрээнд ДЦХХК-г итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох Ч.Д гарын үсэг зурсан нь нотлогдож байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. /хх 62 ху/

Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Чаас 40 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ДЦХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ч-аас 40 800 000 /дөчин сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДЦ ХХК /РД:5607493/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 200 000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Чаас 361 950 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч ДЦХХК-д олгож, нэхэмжлэгч ДЦХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ