Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00998

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00998

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н дүүрэг, . хороо, . хороолол, . тоот хаягт оршин суух, О овогт Б.Н /рд:....../,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, . тоот хаягт оршин суух, Д овогт Г.А /рд:......../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, Ү гудамж , өөрийн байранд оршин байгаа Н төрийн байгууллагад холбогдох,

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар Сутайн жим ХХК-иас 215,795,625 төгрөг гаргуулж, К банк-нд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н дүүрэг, . хороо, . хороолол, . тоот 30 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Иймд Н. төрийн байгууллагаас Н дүүрэг, . хороо, . хороолол, . тоот 30 м.кв талбайтай орон сууцыг 70%-иар буюу 75,450,374 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар Сутайн жим ХХК-иас 215,795,625 төгрөг гаргуулж, К банк-нд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 31-р байр, 66 тоот 26 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Иймд Н. төрийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15-р хороолол, 31-р байр, 66 тоот 26 м.кв орон сууцыг 70 хувиар буюу 56,517,531 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар Сутайн жим ХХК-иас 215,795,625 төгрөгийг гаргуулж К банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 8 сарын 17-ны өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Төлбөр төлөгч Сутайн жим ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Сүхчуулганд төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.А гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 31-р байрны 66 тоот 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн Б.Н гийн өмчлөлийн Н дүүрэг, . хороо, . байр тоот 30 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31-р зүйлд заасны дагуу дээрх орон сууцнуудад үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Г.А гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 31-р байрны 66 тоот 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 80,739,331 төгрөгийн 70 хувиар тооцон 56,517,531 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон, Б.Н гийн өмчлөлийн Н дүүрэг, . хороо, . байр тоот 30 м.кв талбайтай орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 107,786,249 төгрөгийн 70 хувиар тооцон 75,450,374 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 6 сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж явуулахдаа төлбөр төлөгч Сутайн жим ХХК болон барьцааны орон сууцны өмчлөгч нарт байнга мэдэгдэж, тайлбар тодорхойлолт авч ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Г.А , Н.Д нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь түүний өмчлөлийн Н дүүрэг, . хороо, . хороолол, . тоот 30 м.кв талбайтай орон сууцыг 107,786,249 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, нэхэмжлэгч Г.А нь түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 31-р байрны 66 тоот 26 м.кв талбайтай орон сууцыг 80,739,331 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч Н төрийн байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Д нь өөрийн орон сууцыг авто машины зогсоол ихтэй, орчин сайтай, 145,000,000 орчим төгрөгийн үнэ ханштай гэж, нэхэмжлэгч Г.А нь өөрийн орон сууцыг 1 давхрын байр учир бусад ижил хэмжээтэй орон сууцнаас илүү үнэтэй, 88,000,000 төгрөгийн үнэ ханштай гэж тус тус тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нар үнэлгээчний тогтоосон үнэ зах зээлийн ханшнаас хэт доогуур учир хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргадаг.

 

Хариуцагч Н төрийн байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н , Г.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар хариуцагч Сутайн жим ХХК-иас 215,795,625 төгрөгийг гаргуулж К банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 8 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2281 дүгээр тогтоолоор үүсгэжээ. /хх-27-29х/

 

Н төрийн байгууллага 2015 оны 9 сарын 04-ний өдрийн 162/03 тоот тогтоол болон 2015 оны 9 сарын 15-ны өдрийн 162/28 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Н дүүрэг, . хороо, . байр тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 31-р байрны 66 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж /хх-31х, 34х/, 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 162/39 тоот тогтоол болон 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 162/38 тоот тогтоолоор хурааж /хх-36х, 39х/, 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 75 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар шинжээчээр томилжээ. /хх-51х/

 

Улмаар шинжээч нь 2016 оны 4 сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 107,786,249 төгрөгөөр, 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 80,739,331 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-52-81х/

 

Нэхэмжлэгч Б.Н , Г.А нар шинжээч нь тэдгээрийн эзгүйд үнэлэх гэж буй орон сууцанд очсон, өөрсдийн үнэлгээг хэлэх боломжийг олгоогүй, зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг.

 

Н төрийн байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчид үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд Б.Н нь 145,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг өгсөн ба Г.А нь үнийн санал өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Б.Н гийн үнийн санал өгсөн тухай бичиг /хх-41х/, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-40х/, үнийн саналыг судалж байж өгөх тухай Г.А гийн бичиг /хх-43х/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын өөрсдийн үнэлгээг хэлэх боломж олгоогүй гэсэн тайлбар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд өртгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байх ба хөрөнгийн үнэлгээний тайланд хэрхэн үнэлгээ хийсэн арга замыг тодорхой тусгаж, холбогдох фото зүргуудыг хавсаргажээ. /хх-52-81х/

 

Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур байна гэж маргаж байх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй болно. /Зах зээлийн үнэ ханш нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл, сонины зар г.м/

 

Аливаа иргэн, хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгч, өмчлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараатай явагдсан байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээний талаар хэзээ мэдэгдсэн талаар сайн санахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээс үзэхэд /хх-85х, 91х/ нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 5 сарын 18-ны өдөр, нэхэмжлэгч Г.А нь 2015 оны 5 сарын 25-ны өдөр гэхэд шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар баттай мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Н , Г.А нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэсэн хугацаанд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Н төрийн байгууллагад холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай, нэхэмжлэгч Б.Н , Г.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР