Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2046

 

Б.**, Г.** нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нарантуяа даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00998 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**, Г.** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч **нд холбогдох,

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар “**” ХХК-иас 215 795 625 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 1** хороо, 13 дугаар хороолол, ** байр, ** 30 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж байгаад гомдолтой байна.

Иймд **наас дээрх орон сууцыг 70 хувиар буюу                    75 450 374 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0** сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар “**" ХХК-иас 215 795 625 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1** хороолол, 31 дүгээр байр, 66 тоот 26 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж байгаад гомдолтой байна.

Иймд **наас дээрх орон сууцыг 70 хувиар буюу 56 517 531 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0** сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар “**” ХХК-иас 215 795 625 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч “**” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.**д төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1** хороолол, 31 дүгээр байрны 66 тоот 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн Б.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1** хороо, 13 дугаар хороолол, ** байрны ** 30 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дээрх орон сууцнуудад үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Г.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1** хороолол, 31 дүгээр байрны 66 тоот 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 80 739 331 төгрөгийн 70 хувиар тооцон 56 517 531 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон, Б.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1** хороо, 13 дугаар хороолол, ** байрны ** 30 м.кв талбайтай орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 107 786 249 төгрөгийн 70 хувиар тооцон 75 450 374 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж явуулахдаа төлбөр төлөгч “**” ХХК болон барьцааны орон сууцны өмчлөгч нарт байнга мэдэгдэж, тайлбар тодорхойлолт авч ажилласан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Г.**, Д.** нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон **нд холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.**, Г.** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч **наас шинжээчээр хөрөнгө үнэлгээний “**” ХХК-ийг томилсон 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 тоот тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь хуульд заасан журмыг зөрсөн.

Шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт хариуцагч шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр шинжээчийг татгалзан гаргах боломж бүрдэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэдслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.**, Г.** нар нь хариуцагч **нд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны **  сарын 21-ний өдрийн 3682 дугаар захирамжаар “**” ХХК нь 215 178 703 төгрөгийг Капитал банкинд тогтоосон хугацааны дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2484 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны  өдрийн 2281 тоот  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Б.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 1** хороо, 13 дугаар хороолол, ** байрны **од оршин байх 2 өрөө, 30 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн Г.**гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1** хороолол, 31 дүгээр байрны 66 тоотод оршин байх 2 өрөө, 26 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжлэн, хураасан ажиллагааны талаар талууд маргаагүй. 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар талууд тохиролцож чадаагүй тул **наас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7** тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “**” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

“**” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэд барьцаа хөрөнгө болох Д.**гийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг 107 786 249 төгрөгөөр, Г.**гийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг 80 739 331 төгрөгөөр тогтоосон, ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг  үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож, Д.**гийн орон сууцны хувьд        75 450 374 төгрөгөөр, Г.**гийн орон сууцны хувьд 56 517 531 төгрөгөөр тогтоож, мэдэгдлийг 2016 оны 0** сарын 18-ны өдөр Б.**д /хх 85 дахь тал/, Г.**д 2016 оны 0** сарын 25-ны өдөр /хх 91 дэх тал/ тус тус гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх шүүхэд гомдлоо үнэлгээ тогтоосон хугацаанаас хойш 7 хоногийн дотор гаргах байтал Б.** нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргаснаар 14 хоног, Г.** нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргаснаар 9 хоногоор тус тус хэтрүүлсэн, гомдлыг хугацаанд нь гаргаагүй талаарх хүндэтгэх үзэх шалтгаангүй байх тул хуульд заасан хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд түүнээс гадна нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх баримтыг гаргаж өгөөгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлт танилцуулаагүйгээс шинжээчээс татгалзах эрхийг хэрэгжүүлж чадаагүй гэж мэтгэлцээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заана гэж заасан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь найруулгын хувьд алдаатай болсон ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэж өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “заасныг удирдлага болгон” гэснийг “зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.**, Г.** нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА