Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 152/2023/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Я.Урнаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТАЗ-ийн,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д (цахим), Р.Ж (цахим),

            Хариуцагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Т.Д-нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТАЗ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. УАЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалаар тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байсан Ш.Бийг ажлаас нь чөлөөлсөн байна. Иргэн Ш.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ/2021/00395 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлал, мөн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 152/ШШ2022/00417 дугаар шийдвэр тус тус гарч Ш.Бийг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу УАЗДТГраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,715,120 төгрөгийг Ш.Бөд ажилгүй байсан хугацааны цалин тооцож олгосон байна. Г.Бийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Г.Бэс гаргуулж өгнө үү. Улмын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг эсхүл улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт нь ТАЗ эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалт нь тухайн гэм буруу нь шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг ТАЗ болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй байна. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. ТАЗ өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас ТАЗийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/1843 дугаартай албан бичиг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04/1597 дугаартай албан бичиг, УАЗДТГрынэ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбар, УАЗДТГрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн хүсэлт №1, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн хүсэлт №2, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2021/00395 дугаар шийдвэрийн хуулбар, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлалын хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00417 дугаар шийдвэрийн хуулбар, ТАЗийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТАЗийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн хүсэлтээр УАЗДТГраас тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаал, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн хүсэлт №1, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн хүсэлт №1 зэрэг баримтыг, Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2021/00395 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлалыг тус тус нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Г.Бд холбогдуулан, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5,715,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1. ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу төрийг төлөөлөн иргэнийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

2.2. Г.Б нь УАЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалаар тус газарт жолоочоор ажиллаж байсан Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба дээрх Б/25 дугаар тушаал эрх зүйн үндэслэлгүй болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2021/00395 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон.

2.3. Хариуцагч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ/2022/00417 дугаар шийдвэрийн дагуу Ш.Бөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,715,120 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

3.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч ТАЗ нь гэм хорыг арилгасан байгууллага биш учраас хохирол нэхэмжлэх эрхгүй этгээд байна.

3.2. Хариуцагч нь төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан ба шууд санаатай эсхүл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэм хор учруулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байна.

3.3. Нэхэмжлэгч ТАЗ нь хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол буюу гэм хорын хохирол нэхэмжлэх талаар нэг удаа албан бичиг ирүүлсэн ба үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй. ТАЗ нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Г.Б нь УАЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус газарт жолоочоор ажиллаж байсан Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

4.2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2021/00395 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлалаар УАЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан УАЗДТГрын жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоосон байна. Улмаар Ш.Б нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00417 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УАЗДТГраас 5,715,120 төгрөг гаргуулж Ш.Бөд олгохоор шийдвэрлэжээ.

4.3. УАЗДТГраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн хүсэлт №1-ээр тус байгууллагын төсвөөс 18,995,843 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн хүсэлт №2-оор 1,795,105 төгрөгийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 152/ШШ2022/00300, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00417 дугаар шийдвэрийн дагуу гаргасан байх бөгөөд гүйлгээний утга дээр Б.Баттулга, Ш.Б шүүхийн шийдвэр, Б.Баттулга, Ш.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж тэмдэглэжээ.

4.4. Нэхэмжлэгч ТАЗөөс 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04/1597 дугаар албан бичгээр иргэн Г.Бд хандаж төрд учруулсан хохирлын нөхөн төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн сан банк дахь ТАЗийн 100900021501 тоот дансанд төлөхийг даалгасан боловч Г.Б нь дурдсан хугацаанд хохирлыг барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

УАЗДТГарт жолооч ажилтай Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хариуцагч Г.Бийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаал хууль бус болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож, түүний улмаас Ш.Бөд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,715,120 төгрөгийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00417 дугаар шийдвэрийн дагуу УАЗДТГраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн хүсэлт №1 баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Г.Бийг албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа хууль бус шийдвэр гаргаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад гэм хор учруулсны улмаас төрд 5,715,120 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Г.Б нь УАЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтад заасан төрийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд аймгийн Засаг даргын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субьект байна. Ийнхүү Г.Б нь төрийн албаны удирдах албан тушаалтны хувьд тухайн байгууллагад ажиллах төрийн албан хаагчийг томилж, чөлөөлөх талаар шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч Г.Б нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус газарт жолоочоор ажиллаж байсан Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг гаргахдаа хууль зөрчиж, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсаны улмаас төрийн байгууллагын төсвөөс Ш.Бөд шүүхийн шийдвэрийн дагуу 5,715,120 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт олгосон байх тул дээрх 5,715,120 төгрөгийг Г.Бийн хууль бус, санаатай үйлдлийн улмаас төрд учирсан хохирол гэж үзнэ.

Хариуцагч Г.Б нь түүний хууль бус шийдвэрийн улмаас Ш.Бөд УАЗДТГрын төсвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,715,120 төгрөг олгосон үйл баримтын талаар маргаагүй боловч гэм хорыг хариуцан арилгасан байгууллага нь ТАЗ бус УАЗДТГар учраас нэхэмжлэгч ТАЗ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирол нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна. Энэ тохиолдолд Г.Бийн хууль бус шийдвэрийн улмаас бусдад учирсан гэм хорыг төсвийн хөрөнгөөс буюу төр хариуцан арилгасан байх тул төр нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу өөрт учирсан хохирлыг Г.Бэс нэхэмжлэх эрхтэй байна. Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол төр буруутай албан тушаалтнаас хохирол нэхэмжлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан өөрийн шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Б нь өөрийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөгийг төрд нөхөн төлөх үүрэгтэй байна. Гэвч хариуцагчийн зүгээс дээрх хохирлыг сайн дураар нөхөн төлөөгүй тул ТАЗөөс төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу төрийг төлөөлж хохирол нэхэмжлэх эрх нь ТАЗд хуулиар олгогдсон байх тул ... ТАЗ нь гэм хорыг хариуцан арилгасан байгууллага биш учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ТАЗ нь хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, ТАЗөөс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04/1597 дугаар албан бичгээр хариуцагч Г.Бд хүргүүлсэн ба энэ тохиолдолд захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаагүй учраас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Бэс 5,715,120 төгрөг гаргуулж, ТАЗд олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч ТАЗ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэс улсын тэмдэгтийн хураамж 106,392 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэс 5,715,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТАЗд олгосугай.

2. Нэхэмжлэгч ТАЗ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэс улсын тэмдэгтийн хураамж 106,392 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БОЛОР

                       ШҮҮГЧ                        Я.УРНАА