Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 224/МА2024/00005

 

 

 

 

 

 

 

2024        01          22                                        224/МА2024/00005

 

 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн

нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00513 дугаар шийдвэртэй,

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт: Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт : иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт: Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалаар тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байсан Ш.Бийг ажлаас нь чөлөөлсөн байна. Иргэн Ш.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ/2021/00395 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлал, мөн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 152/ШШ2022/00417 дугаар шийдвэр тус тус гарч, Ш.Бийг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,715,120 төгрөгийг Ш.Б-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна.

Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Г.Бэс гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. Хариуцагч Г.Б-ийн татгалзлын үндэслэл: “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт: Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т : Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.

Нэхэмжлэлд дурдагдсан, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалт нь тухайн гэм буруу нь шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй байна.

Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. Төрийн албаны зөвлөл өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд ТАЗ нь гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан “ нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00513 дугаар шийдвэрээр:

           - Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэс 5,715,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд олгож,

- нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 106,392 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 5.Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасныг баримталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Гэвч Иргэний хуулийн тус хэсэгт заасан үндэслэл бий болсон талаар тайлбарлаж чадаагүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.5-т: “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол ...хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

Иймд шүүх дээрх хуульд заасны дагуу санаатай гэм бурууг эсвэл илтэд болгоомжгүй хандсан гэм бурууг нотлох шаардлагатай билээ. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа намайг шийдвэр гаргахдаа шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй хандсан гэж буруутгаагүй.

 5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь тал/ 4.4 гэсэн дугаарлалт бүхий хэсэг/-д: “Г.Б-ийг албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа хууль бус шийдвэр гаргаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад гэм хор учруулсны улмаас төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэвч дурдагдаж буй шүүхийн шийдвэрүүдэд намайг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шийдвэр гаргасан гэж буруутгаагүй. Би төрийн албан хаагчийн хувиар шийдвэр гаргахдаа шууд санаатай байдлаар хандаагүй. Өөрөөр хэлбэл, бид тухайн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн шийдвэрээ л гаргасан болохоос хууль бус гэдгийг мэдсээр байж, зориуд, шууд санаатай байдлаар шийдвэр гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх намайг яагаад гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хандсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй.

5.3. Хууль бус шийдвэр гаргасан тохиолдол болгоныг гэм буруугийн шууд санаатай хэлбэр байсан гэж үзэх үндэслэлгүй.Тухайлбал, шүүгч цугларсан нотлох баримтыг үнэлж,  хууль хэрэглэж, тухайн хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Гэвч давж заалдах шатны шүүхээс, эсхүл УДШ-ээс түүний шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байдаг. Энэ нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэдийгээр хууль бус байсан ч тухайн шүүгчийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг шийдвэрийг гаргасан гэх үндэслэлгүй юм.

         5.4. Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны маш олон шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгодог. Тухайн тохиолдол болгоныг “гэм буруугийн шууд санаатай хэлбэр” гэж үзэх огт үндэслэлгүй юм. Хууль бус шийдвэр гаргасан төрийн албан хаагч бүрийг хожим “ шууд санаатай”  байсан гэж үзэж хохирол гаргуулах нь үндэслэлгүй.            

5.5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “...шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан” гэж заасан. Энэ нь хууль бус шийдвэр, үйл ажиллагаа бүрт төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхгүй гэсэн агуулга юм. Хэрэв хуулийг тэгж тайлбарлахгүй бол хууль бус шийдвэр гаргасан төрийн албан хаагч бүр өөрийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх үр дагавар үүснэ. Үүний үр дүнд төрд ажиллах хүн олдохгүй эсвэл төрийн алба хаагчид өөрөө хохирол хариуцахгүй байх үүднээс шийдвэр гаргахаас зайлсхийхэд хүрэх болно.

5.6. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Учир нь нотлох баримтыг эх хувиар нь гаргаж өгөх, хэрэв эх хувиар гаргаж өгөх боломжгүй бол нотариотчаар гэрчлүүлсэн байдлаар гаргаж өгөх шаардлага тавигддаг. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан.

Мөн өөрийн үйлдээгүй, бусад байгууллагуудын баримтуудад “хуулбар үнэн” дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Иймд тэдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтын чадвараа алдсан тул тэдгээрт үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Б-д аймгийн Тамгын газраас цалин хөлсний нөхөн олговрын мөнгийг олгож, хохиролгүй болгосон нь үнэн. Харин Төрийн албаны зөвлөл уг зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гарсан мөнгийг Төрийн албаны зөвлөлд төвлөрүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 7 үндэслэлийн хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргасан.

Намайг шийдвэр гаргахдаа  шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэдгийг тогтоогоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэрт энэ  гэм буруугийн асуудлын талаар тодорхой тусгагдаагүй байсан.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Анхан шатны шүүх миний гаргасан тушаалын үндэслэлийг нарийн судалж үзэх ёстой байсан гэж үзэж байна. Би шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол, Төсвийн хэмнэлтийн тухай хууль зэргийг харгалзан үзэж эрх зүйн акт гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахаас өмнө надаас нарийвчилсан тайлбар авах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны зөвлөлд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Миний эрх үүрэгтэй холбоотой асуудлыг өнөөдөр хүртэл гацаасан байдалтай байлгаж байгаа тул тухайн ажлаа Төрийн албаны зөвлөл хийгээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Төрийн албаны зөвлөлөөс ямар албан тушаалтай, хэн гэх хүн оролцож байгааг мэдэхгүй байна. Миний давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн хариу тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй учир гомдлыг  хүлээн зөвшөөрч байгаа юм болов уу гэсэн ойлголттой байна.

Төрийн албаны зөвлөлөөс Ш.Бийг ажлаас чөлөөлсөн үйлдэл санаатай үйлдэл байсан гэж үзэж байгаа нь гүтгэлэг гэж үзэж байна. Миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл нарийн сайн судалж үзээгүй юм байна. Намайг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэдгийг бүрэн гүйцэт нотолж чадахгүй байна. Би анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж өг гэсний дагуу гаргаж өгсөн. Төрийн албаны зөвлөл хохирол гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм” гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Төрийн албаны зөвлөл хийх ажилгүйдээ төрд учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх тайлбарыг хариуцагч тал гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд: “Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй” гэж заасан байх тул хууль хэрэгжүүлэн ажиллаж байна. Хариуцагчийн зүгээс гэм буруутайг тогтоогоогүй гэсэн зүйл ярьж байна.

Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өөрийг нь жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр Ш.Б-ийг ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлалаар баталгаажуулсан байдаг.

Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаал нь хууль бус болохыг тогтоож, бүтцийн өөрчлөлтөөр Ш.Бийн чөлөөлсөн нь буруу гэсэн шийдвэр гарснаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож байгаа юм. Ш.Б нь урьд дурдагдсан шүүхийн шийдвэрүүдэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй байдаг.

Ш.Б нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаар шүүхийн шийдвэрээр 5,715,125 төгрөгийг гаргуулж Ш.Б-д олгох шийдвэр гарсан. Уг шийдвэрийг биелүүлж Засаг даргын Тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд Ш.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 5,715,125 төгрөгийг гаргуулснаар төрд бодит хохирол учирсан гэж үзэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд Г.Б-д төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 513 дугаар шүүхийн шийдвэр гарсан.

Уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Төрийн албан тушаалтны хувьд гаргасан шийдвэрийнхээ хариуцлага хүлээх ёстой. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б өөрийн гаргасан тушаалын эрх зүйн үр дагаврыг хүлээх ёстой. Тухайн эрх зүйн үр дагавартай холбоотой шүүхийн шийдвэрүүд гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэр, магадлалыг хагас дутуу биелүүлсэн байдаг. Ш.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон боловч Ш.Б-ийг эргүүлэн ажил албан тушаалд нь томилоогүй байдаг. Дээрх шүүхийн шийдвэр биелүүлээгүйтэй холбоотойгоор төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх болно. Цаашид эрх зүйн үр дагаврыг өөрийн биеэр хариуцах учир гаргаж байгаа тушаал шийдвэрээ сайн хянаж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж байгаасай гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                        ҮНДЭСЛЭХ нь:

          1. Хариуцагч Г.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00513 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Н.Бд холбогдуулан, төрд учирсан хохирол 5.715.120 / таван сая долоон зуун арван таван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ : “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “ Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” Б/25 дугаар тушаалаар тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байсан Ш.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн байна. Ш.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ/2021/00395 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 224/МА2021/00020 дугаар магадлал, мөн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 152/ШШ2022/00417 дугаар шийдвэр тус тус гарч, Ш.Бийг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,715,120 төгрөгийг Ш.Бөд ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхэээр нэхэмжлэх  гаргах эрхтэй тул тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,715,120 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан. 

3. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

3.1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд гэм хорын хариуцлага хүлээлгэх шууд үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасан : энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалтыг үндэслэхийн тулд тухайн этгээдийн гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардана. Шууд санаатай, эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй байна.

3.2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т : Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар бол уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан. Төрийн албаны зөвлөл нь гэм хорыг төлж арилгаагүй тул гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно.

 3.3. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь надад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэжээ.

             4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Төрийн Албаны Зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.                

            5. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.       

            5.1. Хэрэгт, Ш.Бийг Увс аймгийн Засаг даргын Тамгын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 20 дугаартай магадлал, мөн  Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.715.120 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 417 дугаар шийдвэр тус тус авагдсан байна.

           Дээрх  шүүхийн шийдвэрүүдээр, хариуцагч Г.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Ш.Б-ийг орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болохыг, мөн нэхэмжлэгч Ш.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний  олговорт аймгийн Засаг даргын Тамгын газраас 5.715.120 төгрөг гаргуулахаар тус тус тогтоожээ.

          Хариуцагч нь Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.715.120 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 417 дугаар шийдвэрийг биелүүлж, тус тамгын газрын төсвөөс 5.715.120 төгрөг гаргуулан Ш.Бөд олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

          5.2. Нэхэмжлэгч нь тус тамгын газрын төсвөөс Ш.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.715.120 төгрөг гаргуулсан нь хариуцагчийн хууль бус шийдвэр буюу 2021 оны 5 сарын 10-ны өдрийн “ Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалын үр дагавар тул төрд учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан этгээд хариуцна гэж, хариуцагч тал Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасан илтэд санаатай буюу  болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсныг нотлоогүй” гэж  тус тус маргасан.  

           5.3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т: “ Энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

           Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч Төрийн Албаны Зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, хариуцагч Г.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд гэм хор учруулсан гэж дүгнэхдээ  хариуцагчийн ямар үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.  

           Түүнчлэн шүүх шийдвэртээ: хариуцагч нь Ш.Б-ийг жолоочийн ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэм хор учруулсны улмаас  төрд 5.715.120 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдийг үндэслэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрүүдээр хариуцагчийн гэм буруу шууд тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй болно.   

          5.4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т : Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

         мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т : “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар тус тус зааж, харин уг гэм хорыг төрийн байгууллага буюу төр хариуцан арилгасан бол тухайн буруутай албан хаагчаас буцаан шаардаж гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зохицуулжээ.

          Ийнхүү төр / төрийн байгууллага/-ийг төлөөлөн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөлд олгосон байх тул аль нэг этгээдийн хүсэлт, итгэмжлэл шаардахгүйгээр шүүхэд шууд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.  Энэ талаар маргасан хариуцагчийн “Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх  тайлбар үндэслэлгүй  болно.

          5.5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтаар  гэм хор учруулсан гэх этгээдийн гэм буруу заавал тогтоогдсон байхыг, тодруулбал, гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр гэм хор учруулсан байхыг шаардсан байна.

          Энэ агуулгаараа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т  заасан гэм буруугийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байх урьдач нөхцөл хангагдсан тохиолдолд гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан байна.            

            6. Хариуцагч Г.Б нь илтэд санаатай үйлдлээр жолоочоор ажиллаж байсан Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

          Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар тус Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, Нийтлэг үйлчилгээний алба 34 орон тоотой байхаар, үүнд жолооч 7 орон тоотой байсныг 5 болгон цөөрүүлсэн үйл баримт тогтоогдсон талаар хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 20 дугаартай магадлалд тус тус дүгнэсэн байна.

            Тухайн үед Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Г.Б нь Увс аймгийн Засаг даргын “Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” шийдвэрийг биелүүлэхдээ, эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасныг шүүхээс тогтоосон байх боловч уг шүүхийн шийдвэрүүдээр хариуцагчийг ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй  байна.  

           Өөрөөр хэлбэл,  хариуцагчид /Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсны хувьд/ тухайн цаг хугацаанд орон тоо, бүтэц тогтоосон Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж, жолоочийн ажлын байрны тоог цөөрүүлсэн шийдвэрт нийцүүлэн өмнө нь жолоочоор ажиллаж байсан ажилтнуудын заримынх нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зайлшгүй шаардлага үүссэн, энэхүү шаардлагын улмаас жолоочоор ажиллаж байсан Ш.Бийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна.   

           Хариуцагчийн энэхүү шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүхээс : “ тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд өмнө нь ажиллаж байсан 7 жолоочоос Ш.Б-ийг сонгож ажлаас чөлөөлсөн үндэслэл, шалтгаанаа нотолж  чадаагүй” гэх үндэслэлээр буруутгасан байна.

           Нэхэмжлэгч Ш.Б-ийг ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Б-ийн гэм буруу буюу шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нэгэнт тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт” гэж үзэхгүй болно. Учир нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч Г.Б нь албаны бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдоогүй байна.            

           7. Хариуцагчийг Увс аймгийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй ба нэхэмжлэгч энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй байна.  

           8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн гэм хорын хохирол 5,715,120 /таван сая долоон зуун арван таван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах тухай гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            9. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 106.392 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж олгох үндэслэлтэй байна.                

          Иргэний хэрэг шүүхэд шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б-ээс гэм хорын хохиролд 5,715,120 / таван сая долоон зуун арван таван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,392 /нэг зуун зургаан мянга гурван зуун ерөн хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн  сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.МӨНХЖАРГАЛ 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.ЖАМБАЛСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                      Л.АЛТАН