Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 104/шш2023/00532

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 412 дугаар байр, 20 тоот хаягт оршин суух, Барга овогт Мягмарын Бямбаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Номин, Т.Цэрэнням,

Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр Прайм повер технологи ХХК-иас 637,100,197 төгрөг гаргуулж Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Прайм повер технологи ХХК, захирал Л.Түвшинбаатар, иргэн Ч.Түвшинжаргал нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар битүүмжлэн, хурааж, хөрөнгийн үнэлгээг тогтоож, 2023 оны 3-р сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Нэхэмжлэгч М.Бямбаа би Прайм повер технологи ХХК-ийн захирал Л.Түвшинбаатараас Хан- уул дүүргийн 16-р хороо, Буянт ухаа, 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан, гэрээний урьдчилгаа 25 сая төгрөгийг түүнд өгч, орон сууцандаа одоог хүртэл амьдарч байна. Өмчлөгч Л.Түвшинбаатарт cap бүр зээлээ төлж, одоогоор нийт 61,965,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ үүргийн зөрчилгүй байна. Гэтэл хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Цэрэнням нь 2023 оны cap шинийн дараа Прайм повер технологи ХХК-ийн захирал Л.Түвшинбаатар ахтай хамт манай гэрт орж ирээд, энэ орон сууц банкны барьцааны хөрөнгө учраас битүүмжлэл тогтоож байна гэсэн зүйл хэлсэн бөгөөд нэг акт үйлдээд гарын үсэг зур гээд надад хувийг өгөх ёсгүй гээд гараад явсан. Би тэр үед айж сандраад юу болоод байгааг ойлгоогүй, Л.Түвшинбаатар ах Би чамд зарсан орон сууцыг банканд барьцаалсан, удахгүй би зээлээ төлөөд орон сууцыг барьцаанаас суллаад өмчлөлийг чамд шилжүүлнэ, асуудалгүй гэсэн. Түүнээс хойш Л.Түвшинбаатар ах утсаа авахгүй болохоор нь би ээжтэйгээ хамт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт очиж шийдвэр гүйцэтгэгч Т.Цэрэннямтай уулзахад Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан, та нарт хамаагүй, ажиллагааны оролцогч биш гээд гаргасан. Иймээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчөөрөө дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-р зүйл, 44.4-т тус тус заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэгч Ц.Номинд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гомдлыг гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/530 дугаар мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээж аваагүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт 2023 оны 04 сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/1301 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээд миний хуулиар олгогдсон эзэмшигчийн эрхийг зөрчсөөр байхад шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Цэрэнням ажиллагаагаа огт танилцуулаагүй, худалдан борлуулсан атлаа 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т заасны дагуу хууль ёсоор оршин сууж надад мэдэгдээгүй, эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дээрх орон сууцанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээд М.Бямбаа миний Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад заасан хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206059195 дугаарт бүртгэгдсэн Л.Түвшинбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 17120, 412 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 69.35 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасны дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 276 дугаартай шүүхийн шийдвэрээр Худалдаа хөгжлийн банк ХХК төлбөр авагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэсэн зохицуулалтын дагуу гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш М.Бямбаа болон түүний өмгөөлөгч, төлөөлөгч удаа дараа гомдол гаргаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас хүлээж авахгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл хавтаст хэргийн 92-95 дугаар хуудаст авагдсан баримтын хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 347 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Түвшинбаатарын өмчлөлд байгаа орон сууц нь М.Бямбаагийн өмчлөлийн орон сууц юм байна гэж үзээд тухайн орон сууцыг М.Бямбаагийн өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гарсан. Тухайн захирамж, гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Үүнээс харахад М.Бямбаагийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Учир нь энд өмчлөлийн маргаан байгаа учраас. Тухайн хөрөнгө нь М.Бямбаагийн өмч гэдгийг улсын бүртгэлд бүртгүүлэх гээд хүргүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг агуулгаар өмчлөгчийг өөрчлөхгүй байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрээр Б.Бямбаагийн өмч гээд шийдвэр гарч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөнгөдөгдөөд байна гээд хүсэлтээ гаргахаар хүлээж авдаггүй. Энэ хөрөнгө дуудлага худалдаанд орлоо гэхэд худалдаж авсан этгээд эрсдэлд орох магадлалтай. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69,1 дэх хэсэгт зааснаар Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараах мэдээллийг тусгана гэж заасан байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт өмчлөгчийн тухай гээд заасан байхад тухайн өмч М.Бямбаагийн өмч юм уу Л.Түвшинбаатарын өмч юм уу гэдэг нь тодорхойгүй. Хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр тухайн орон сууц М.Бямбаагийн өмч гэдэг нь тодорхой болчхоод байгаа юм. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол яаж үндэслэлтэй байх юм бэ? Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Бид эрхээ эдлээд хэрэгжүүлээд явъя гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс маргааныг дуустал хөрөнгийг шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Дуудлага худалдааг явуулж байгаа мэдээллийг тусгана гэж заасан нь тухайн хөрөнгөд өмчлөлийн маргаан байгаа эсэх дээр хүмүүст бодитой мэдээллийг хүргэх ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээс гарсан тогтоолд ямар ч бодитой гаргасан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бие даасан гуравдагч этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх үүрэгтэй. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12347 дугаар захирамжаар уг байрыг Түвшинбаатар нь Бямбаад өгөхөөр эвлэрсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудал юм. Энэ ажиллагаанд М.Бямбааг оролцуулсан баримт байхгүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол нь хүчин төгөлдөр байх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням, Ц.Номин нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаар шийдвэрээр Прайм повер технологи ХХК-аас 641,384,049 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Прайм повер техногоги ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Түвшинбаатар өмчлөлийн Ү-2206059195 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт ухаа, 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 22310106/06 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож тогтоосон байна. Тус баримт бичгийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хураасан байдаг. Тус хураах ажиллагаанд нэхэмжлэгч М.Бямбаа нь оролцсон байдаг. Тус хөрөнгийг Л.Түвшинбаатар нэг хүний өмчлөлтэй хөрөнгө гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоосон байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг заасны дагуу талууд харилцан тохиролцож, Худалдаа хөгжлийн банкны хүсэлтээр шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах явцад М.Бямбаа нэхэмжлэл гаргасны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал манайд мэдэгдээгүй гэдэг зүйл яриад байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч гуравдагч этгээдийг хэлнэ. Тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л.Түвшинбаатар байдаг. М.Бямбаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш нь тогтоогдсон байдаг. 2023 оны 06 дугаар 27-ны өдөр 12347 дугаар захирамжаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрч Л.Түвшинбаатар нь тухайн хөрөнгийг М.Бямбаагийн өмч гэдгийг тогтоож 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар түдгэлзсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хойш 3 сарын дараа ирсэн шийдвэр бөгөөд тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан Худалдаа хөгжлийн банкны төлбөрийг барагдуулна. Цаашид М.Бямбааг өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүссэн гэж үзэж байна. Хэрвээ энэ асуудал шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.Бямбааг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр ирсэн учраас мэдэгдэж ажиллагаа хийгдэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ шийдвэр нь 09 дүгээр сард ирсэн. Түүнээс өмнө тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л.Түвшинбаатар байсан учраас М.Бямбаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх шаардлага байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай зүгээс Прайм Повер Технологи ХХК болон барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нарыг татаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 12 дугаар сард зээлийн маргаан шийдүүлж байсан. Үүнээс хойш хариуцагч талын дурдсанчлан 2022 оны 02 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л.Түвшинбаатар нь тодорхой хэмжээний нэлээн хэдэн төлөлтийг зөрчиж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Худалдаа хөгжлийн банканд нэг ч төгрөгийн төллөлт төлөөгүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаас харахад Л.Түвшинбаатар бид хоёр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байсан юм гэдэг зүйлийг ярьж байна. Тухайн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр орж ирсэн мөнгийг Худалдаа хөгжлийн банк нэг ч төгрөг авч байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Өнөөдрийн Худалдаа хөгжлийн банкны байр суурийн тухайд гэвэл нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Тодруулбал хариуцагч талын дурдсанчлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш. Мөн тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа, хурааж байгаа, битүүмжилж байгаа ажиллагаа нь өөрөө 2023 оны эхээр хийгдсэн ажиллагаанууд байдаг. Мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тайлбар хэлж байна. 2023 оны 08 сард өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэл гаргасан. Үүнд Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л.Түвшинбаатар болон нэхэмжлэгч тал эвлэрч өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж байгаа. Үүнээс хойш өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан юм байна. Өнөөдрийг хүртэл иргэнийг эд хөрөнгийн өмчлөгч мөн гэдгийг тодорхойлох нь шүүхийн шийдвэр биш. Улсын бүртгэлд бүртгэснээр тухайн хүн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоодог. Мөн тухайн хөрөнгө дээр 2019 оны Худалдаа хөгжлийн банкны барьцааны гэрээ байгаа. Тухайн гэрээнд Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгсэл, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн хөрөнгөөр худалдан борлуулж зээлийг төлнө гэсэн агуулгатайгаар аль эрт гэрээ байгуулагдсан. Уг нь өнөөдөр нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш. Худалдаа хөгжлийн банк болон Прайм Повер Технологи ХХК орж байхад банк барьцаанд байгаа зүйлийн тэмдэглэлтэй эсэх нь улсын бүртгэлд байгаагүй. Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л.Түвшинбаатарын өмчлөлийн эд хөрөнгө байсан. Анхнаасаа байгаагүй ч шүүхийн шийдвэр гарсан. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж Худалдаа хөгжлийн банкны зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэг хүнд мөнгө өгөөд нөгөө хүн тухайн эд хөрөнгийг банканд барьцаалсан байгаа энэ үйл баримтыг ойлгож байна. Яагаад Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа юм. Улсын бүртгэлд бүртгүүлэх юм бол энэ нь захиргааны хэргийн маргаан болж явах байсан. Ийм учраас нэгэнт хурал эхэлсэн учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдэх боломжгүй. Мөн үнэлгээтэй холбоотой маргаан нь эхэндээ их, бага, дутуу үнэлсэн гэдэгтэй холбоотой маргаан байдаг. Энэ маргаан нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас тухайн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5.1 Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 303 дугаартай ...М.Бямбаа Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны 412 байр, 20 тоотод ам бүл 2 хамт оршин суудаг нь үнэн гэх.. тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

 

5.2 Прайм повер технологи ХХК, М.Бямбаа нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ (хх-ийн 07 хуудас),

 

5.3 М.Бямбаагийн Хаан банк ХК-ийн деспозит дансны хуулга (хх-ийн 08-32 хуудас),

 

5.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 33-34 хуудас),

 

5.5 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35-43 хуудас),

 

5.6 Л.Түвшинбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байр, 20 тоот, 69.35 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалтай гэх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44 хуудас),

 

5.7 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 45-46 хуудас),

 

5.8 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 47 хуудас),

 

5.9 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас),

 

5.10 Өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Номинд гаргасан гомдол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 49-50 хуудас),

 

5.11 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оын 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/530 дугаартай гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 51 хуудас),

 

5.12 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14779 дугаар захирамж нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 92-93 хуудас),

 

5.13 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1349 дугаар гүйцэтгэх хуудасны нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 94 хуудас),

 

5.14 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12347 дугаар захирамж нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 92-93 хуудас),

 

6.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 

6.1 Хариуцагч талын хариу тайлбар (хх-ийн 71 хуудас)

 

6.2 Л.Түвшинбаатарын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байр, 20 тоот, 69.35 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалтай гэх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ (хх-ийн 72 хуудас),

 

6.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 73 хуудас),

 

6.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 74-78 хуудас),

 

6.5 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1366 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 79 хуудас),

 

6.6 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 80 хуудас),

 

6.7 Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 81 хуудас),

 

6.8 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 82 хуудас),

6.9 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 83 хуудас),

 

6.10 Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/2097 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 84 хуудас) зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Бямбаа нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.Бямбаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан гуравдагч этгээд М.Бямбааг оролцуулаагүй, Бямбаа нь уг байрыг Түвшинбаатараас худалдан авсныг мэдсээр байж албадан дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12347 захирамжаар уг байрны өмчлөгчөөр Бямбаа тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.... гэж,

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр Прайм повер технологи ХХК-аас 641,384,049 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Прайм повер техногоги ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Түвшинбаатар өмчлөлийн Ү-2206059195 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт ухаа, 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 22310106/06 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргаж байна.

Өөрөөр хэлбэл зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд маргаж байна.

4.Нэхэмжлэгч М.Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 4113 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хуульд нийцэж гарсан эсэхээр тодорхойлогдоно.

5.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
Прайм повер технологи ХХК-д холбогдох иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр хариуцагч Прайм повер технологи ХХК-иас зээлийн гэрээний үүр
эгт 637,100,197.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд..... Л.Түвшинбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206059195 дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа, 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /үл хөдлөх эд хөрөнгө/-ыг..... худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. (хх-ийн 35-43 хуудас),

6.Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө Хан-уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт ухаа, 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан битүүмжилж хураасан байна. /хх-73-83 хуудас/

7.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байхаас гадна нэхэмжлэгч М.Бямбаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2.-т төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргах хэдий ч ..... тухайн орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд шаардлага гаргах эрх нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээдэд байна гэж үзнэ.

9.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 145 дугаар зүйлийн145.1.-д Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ, 145.2.-т Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан боловч нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан /44 дүгээр хуудас/ Ү-2206059195 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Луузангийн Түвшинбаатар болох нь үл хөдлөх эрх дөхөргийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заажээ.

11.Нэхэмжлэгч талаас хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14779 дугаартай Шүүгчийн захирамж албдан гүйцэтгэх тухай захирамж, 1349 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12347 дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж /хх-ийн 92-95 хуудас/-ийг хавсарган ирүүлж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот үл хөдлөх хөрөнгийг М.Бямбаагийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан боловч энэ нь цаг хугацааны хувьд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах 4113 дугаартай тогтоолоос хойш болсон үйл баримт байна.

12.Нэхэмжлэгч... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг хангаагүй, удаа дараа гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, Хан-Уул дүүргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Анхны албадан дуудлага худалдаа явуулсан тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна.

13.Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Бямбаа нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 20 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны М.Бямбаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй, талууд буюу төлбөр төлөгч төлбөр авагч нар гомдлын шаардлага гаргах эрхтэй ба М.Бямбаа нь уг шүүхийн гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 4113 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар М.Бямбаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаар захирамж мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА