Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2024/00291

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 210/МА2024/00291

 

 

М.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б гийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие П ХХК -ийн захирал Л.Т аас Б дүүргийн 0 дугаар хороо , Буянт ухаа, 0 дугаар байр ны 0 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа 25,000,000 төгрөгийг түүнд өгч, орон сууцанд одоог хүртэл амьдарч байна. Өмчлөгч Л.Т т нийт 61,965,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ үүргийн зөрчилгүй байна.

1.1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр -П ХХК -аас 637,100,197 төгрөг гаргуулж Х ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч П ХХК , захирал Л.Т , иргэн Ч.Түвшинжаргал нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар битүүмжлэн, хураасан. Тухайн үед Л.Т нь танд худалдсан орон сууц банкны барьцаанд байсан удахгүй барьцаа хөрөнгийг чөлөөлж, шилжүүлэн өгнө гэсэн боловч утсаа авахгүй алга болсон. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан, ажиллагааны оролцогч биш гээд гаргасан.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/530 дугаар мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээж аваагүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/1301 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эзэмшигчийн эрхийг зөрчсөн байхад шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг танилцуулаагүй, худалдан борлуулсан атлаа 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсоор оршин суугч надад мэдэгдээгүй, эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн.

1.3. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаар шийдвэрээр П ХХК -аас 641,384,049 төгрөгийг гаргуулж Х ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч П ХХК -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Т өмчлөлийн Ү-2206059195 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Тус хураах ажиллагаанд нэхэмжлэгч М.Б нь оролцсон.

2.1. Х ХХК -ийн хүсэлтээр шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах явцад М.Б нэхэмжлэл гаргасны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч гуравдагч этгээдийг хэлнэ. Тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л.Т байдаг. М.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш нь тогтоогдсон. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12347 дугаар захирамжаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрч, Л.Т нь тухайн хөрөнгийг М.Б гийн өмч гэдгийг тогтоож 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хойш 3 сарын дараа ирсэн шийдвэр бөгөөд тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан Х ХХК -ийн төлбөрийг барагдуулна. Цаашид М.Б г өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүссэн гэж үзэж байна. Хэрвээ энэ асуудал шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.Б г өмчлөгчөөр тогтоосон шийдвэр ирсэн учраас мэдэгдэж ажиллагаа хийгдэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ шийдвэр нь 2023 оны 09 дүгээр сард ирсэн. Түүнээс өмнө тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л.Т байсан учраас М.Б д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх шаардлага байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК -ийн тайлбарын агуулга: Манай зүгээс П ХХК болон барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нарыг татаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 12 дугаар сард зээлийн маргаан шийдвэрлүүлсэн. Ингээд 2022 оны 02 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний мөнгийг банк төлбөрт тооцон авч байгаагүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш. Мөн 2023 оны эхээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байгаа. 2023 оны 08 дугаар сард өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч П ХХК -ийн захирал Л.Т болон нэхэмжлэгч тал эвлэрч өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан. Өнөөдрийг хүртэл иргэнийг эд хөрөнгийн өмчлөгч мөн гэдгийг тодорхойлох нь шүүхийн шийдвэр биш. Улсын бүртгэлд бүртгэснээр тухайн этгээд эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоодог. Тухайн хөрөнгө дээр 2019 оны Х ХХК -тай байгуулсан барьцааны гэрээ байгаа. Мөн үнэлгээтэй холбоотой маргаан нь эхэндээ их, бага, дутуу үнэлсэн гэдэгтэй холбоотой маргаан байдаг. Энэ маргаан нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас тухайн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар М.Б гийн нэхэмжлэлтэй, Н т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаар захирамж мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан хугацаанд үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14779 дугаар захирамж, 1349 дугаар гүйцэтгэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12347 дугаар шүүхийн эвлэрэл баталсан захирамжаар М.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй Б дүүргийн 0 дугаар хороо , 0 дугаар байр , 0 тоот орон сууцны өмчлөгч болон нь нотлогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх энэ нотлох баримт дүгнэлт хийлгүй М.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс талууд буюу төлбөр төлөгч, авагч нар гомдлын шаардлага гаргах эрхтэй ба М.Б нь уг нгүүхийн гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж дүгнэсэн нь аль хуулийн аль зүйл заалтаар нэхэмжлэгч гомдол гаргах эрхгүй этгээд нь тодорхойгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад багтахаар буюу ажиллагааны оролцогч байхаар заасан. Үүнээс үзэхэд хариуцагч байгууллагаас ажиллагаа хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, тухайн эрхтэй холбоотойгоор бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд тул хуульд зааснаар ажиллагааны оролцогч байж болохоор байна. Гэтэл энэ үйл баримтад мөн дүгнэлт хийгээгүй. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан тус эрхээ хэрэгжүүлээгүй гэх боловч М.Б нь шүүхийн шийдвэрт тусгаснаар төлбөр авагч, төлөгч этгээдийн аль нэг этгээд биш тул тус эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Шүүх нэхэмжлэгчийн хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан талуудын нэг энэ эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн бол Иргэний хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэр гарах үед ингэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н т холбогдуулан гаргасан Н-ын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

3. Налай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр хариуцагч П ХХК -аас зээлийн гэрээний үүрэгт 637,100,197 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд Л.Т ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206059195 дугаартай, Б дүүргийн 0 дугаар хороо , Буянт-Ухаа хороолол, 0 дугаар байр , 0 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх74-78/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ГХ2021/00233 дугаар албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Н 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх-73, 79/

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Б дүүргийн 0 дугаар хороо , Буянт-Ухаа хороолол, 0 дугаар байр , 0 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 дугаар тогтоолоор хураажээ./хх80-81, 82-83/

4.2. Барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар Л.Т нь 25,510,000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрч, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, Л.Т өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо , Буянт-Ухаа хороолол, 0 дугаар байр , 0 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор М.Б гийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна./ххх94-95/

5.1. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарснаас хойш дээрх шүүхийн шийдвэр гарсан байх тул цаашид орон сууцны өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5.2. Учир нь нэхэмжлэгч уг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй бөгөөд түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь буруу гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

5.3. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш бөгөөд төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг шүүхийн шийдвэрт баримтлах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчийн ...гомдол гаргах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй гэх боловч М.Б нь шүүхийн шийдвэрт тусгаснаар төлбөр авагч, төлөгч этгээдийн аль нэг этгээд биш тул тус эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувьд гомдол гаргасныг тухай бүрт албан бичгээр шийдвэрлэж хариу өгч байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3 гэснийг 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН