| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00388/и |
| Дугаар | 00945 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00945
Э.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00693 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.С-ын хариуцагч Д.А, Э.С, Ч.У нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Э.С-ын өмгөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амралтын газар амарч байгаад хүнсний дэлгүүр орох хэрэг гарсан тул амралтын газрын менежер Ч.У би яваад ирье, та харин мөнгө нэмж төлөөрэй гэхэд нь зөвшөөрч Тоёота Ландкруйзер-200 маркийн 0807 УНЗ улсын дугаартай автомашин болон өөрийн виза картыг өгч явуулсан. Гэтэл Ч.Удур мэдэн Э.С-д автомашиныг шилжүүлэн өгч, Э.С нь Д.А-д дур мэдэн жолоодуулсны улмаас осолд оруулж нийт 20 922 500 төгрөгийн хохирол учруулсан. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20 850 000 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг, нийт 21 665 000 төгрөгийн хохирол учирснаас Д.А нь 4 000 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас учирсан хохирол 17 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.С өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер 200 маркийн 0807 УНЗ улсын дугаартай автомашин болон өөрийн виза картыг Ч.Уөгч бэлэн мөнгөний машинаас 100 000 төгрөг бэлнээр авч 80 000 төгрөгөөр бензин хийж үлдэгдэлд нь хүнсний зүйл аваад ирээрэй гэж хэлсэн байдаг. Э.С- анхнаасаа жолоодох эрхийг Т.У-т өгсөн. Түүнээс Д.А болон Э.С нарт жолоо шилжүүлэх талаар тайлбар өгөөгүйн улмаас нийт 20 922 500 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ талаар замын цагдаагийн газрын ослын зураг, автомашины үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ, зураг зэргээр бүрэн тогтоогддог. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20 850 000 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг, нийт 21 665 000 төгрөгийн хохирол учирснаас Д.А нь тухайн үед 4 000 000 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1 000 000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 16 665 000 төгрөгийг хариуцагч Д.Ааас 2 221 600 төгрөг, хариуцагч Э.Саас 5 000 000 төгрөг, хариуцагч Ч.У-аас 9 443 400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашины эзэн болох Э.С дэлгүүр бэлгэвчинд яваад өгчих гэж гуйсаар байгаад Ч.У-т автомашиныхаа түлхүүрийг шилжүүлсэн. Э.С-ын автомашинд учруулсан хохирлыг зөрчил шалгах явцад 15 000 000 төгрөгөөр тохирч миний бие 5 000 000 төгрөгийг Э.С-т өгсөн үлдэх 2 221 600 төгрөгийг сар бүрийн цалингаасаа төлөх хүсэлтэй талаараа хэлж байсан. Автомашиныг осолд орох үед би жолоодож байсан. Тухайн үед Э.С Ч.У-т автомашиныг хариуцуулан өгч итгэлцлийн үндсэн дээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, Э.С, Ч.У нарын хооронд харилцаа үүссэнээс Э.С, Д.А нартай харилцаа үүсэх боломжгүй. Ч.Убуцах замдаа гэртээ бууж үлдэх эсэхээ тохиролцоогүй байсан бөгөөд жолооны эрхгүй этгээд болох Э.С, Д.А нарт автомашиныг үлдээсэн нь Ч.У-анбаярын буруутай үйлдэл. Д.А, Э.С-аас автомашиныг шилжүүлэн авч осол гаргасан боловч учруулсан гэмтэл болох 5 000 000 төгрөгийг төлсөн тул Д.А-д ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Д.А нь автомашиныг барьж байхад урдуур нь амьтан орж ирээд санаандгүй байдлаар автомашиныг осолдуулсан. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар Ч.Унь тухайн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Э.С нь өөрөө анхнаасаа автомашинаа ашиглуулахыг хүлээн зөвшөөрч өгсөн бөгөөд ажлаа хийж байсан хүмүүсийг хэрэгтэн болгож хохироосон учраас 4 хүн хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ч.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зам тээврийн осол гаргасан хүн Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс буруутай этгээд нь тогтоогдсон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хорыг тухайн гэм хор учруулсан этгээд хариуцна гэж заасан. Ч.Ууганбаярын хувьд амаар тохирч автомашиныг авч явсан хэдий ч тухайн автомашиныг өөр хүнд жолоо шилжүүлэх эсэхийг нэхэмжлэгч талтай тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь дэлгүүр яваад өг гэсэн хүсэлт зоригийг илэрхийлж байсан бөгөөд буцах замдаа жолооны эрхтэй этгээд болох Э.С-д жолоо шилжүүлсэн байдаг. Ч.У нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш тухайн ослыг гаргасан этгээд биш учраас гэм хорыг хариуцах үндэслэлгүй байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрх бүхий этгээд нь Голомт банк ХХК бөгөөд итгэмжлэлийг Э.С-т шилжүүлсэн байдаг. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэх эрх нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний дагуу өмчлөх эрх нь үүссэн бөгөөд энэ өмчлөх эрхийнхээ хүрээнд бусдад учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа. Барьцааны гэрээний 2.3, 2.11-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглаж, гэнэтийн осол гэмтэл гарсан хохирлыг барьцаалуулагч буюу Э.С өөрөө бүрэн хариуцна гэсэн гэрээний заалт байгаа нь Ч.У зохих хэмжээгээр гэм хорыг хариуцах этгээд биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед гэртээ амарч байсан. Д.А амрагчийн хүсэлтээр хамт дэлгүүр явахыг хүссэн ба Ч.У жолоодож Д.А бид хоёр зорчиж явсан бөгөөд дэлгүүрээс түүний захисан бэлгэвч ундаа, тамхи автомашинд бензин аваад цааш явах замд Ч.У гэртээ үлдэж би автомашиныг барьж яваад Д.А-д жолоогоо шилжүүлж байх үед осол болсон. Осол гарах үед би зорчиж явсан. Үнэмлэхгүй жолоо барьсан гэсэн үндэслэлээр 200 000 төгрөгөөр торгуулсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.У-аас 11 665 000 төгрөгийг, хариуцагч Э.С-аас 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгож, хариуцагч Д.А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 265 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 201 950 төгрөг, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.У-аас 11 665 000 төгрөгийг, хариуцагч Э.С-аас 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, Э.С-т олгож, хариуцагч Д.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүхийн үндэслэх хэсэгт "Ч.Унь бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр Э.С-д шилжүүлж, улмаар Д.А-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэлд хохирол учирч болох нь хариуцагч нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна..." гэсэн байна. Үндэслэл болсон 497.1 дүгээр зүлийн 497.1 дэх хэсэгт "гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж зааж өгсөн. Дээрхээс үзэхэд зөвхөн гэм хорыг учруулсан этгээд арилгах үүрэгтэй гэж зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, уг гэм хор учруулахад шалтгаант холбоотой байна гэх үндэслэлээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй. Тухайн зам тээврийн осол гаргасан буруутай этгээдийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тогтоогдсон. Буруутай этгээд нь тогтоогдсоор байтал гэм хорыг арилгах үүргийн ихэнх хэсгийг Ч.У-т ногдуулсан нь үндэслэлгүй. Ч.У нь осол гаргасан этгээдэд жолоог шилжүүлээгүй харин жолоо барих эрхтэй этгээд болох Э.С-д шилжүүлсэн байдаг. Монгол Улсын бүх хуулинд жолоо барих эрх бүхий этгээдэд жолоо шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тээврийн хэрэгсэл ашиглагч нь тээврийн хэрэгслийг өөр этгээдэд шилжүүлж болохгүй гэж Иргэний хуульд заасан. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрлөөр авч явсан Ч.У тээврийн хэрэгслийг ашиглагч/ нь жолоо барих эрх бүхий этгээдэд жолоо шилжүүлснийхээ төлөө, бүр гуравдагч этгээдийн учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. "Шалтгаант холбоотой байх тул" гэсэн байгаа нь хэт нэг талыг барьсан. Ч.У-ыг тухайн тээврийн хэрэгслийн "ашиглагч" гэдгийг хэрэгт цугласан нотлох баримтуудаас олж хараагүй. "Ашиглагч" нь тээврийн хэрэгслийг жолоо барих эрх бүхий этгээдэд шилжүүлж болохгүй гэсэн заалт байхгүй. Харин автомашиныг Ч.У авсан боловч, тухайн автомашиныг нэхэмжлэгчид өөрийн биеэр авчирч өгнө гэсэн зүйл яригдаагүй. Нэхэмжлэгч талаас аман хэлцэл хийсэн гэх боловч тухайн хэлцлийн гол нөхцөл нь "дэлгүүрээс эд зүйл" авчруулах байсан. Хэрэв "дэлгүүрээс эд зүйл" авчруулах биш, автомашин ашиглах, ашиглуулах байсан бол хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Эд зүйл авчруулах гол нөхцөлтэй аман хэлцлийн үндсэн дээр автомашиныг унаж явсан бөгөөд ашиглагчийнхаа хувьд жолоо барих эрх бүхий этгээдэд шилжүүлсэн. Үүнийхээ төлөө гуравдагч этгээдийн учруулсан гэм хорыг шийдвэрийн үндэслэл болж байгаа "шалтгаант холбоотой" гэх үндэслэлээр гэм хорыг арилгах үндэслэлгүй юм. Хэрэв Ч.У гэм хорыг арилгах үндэслэлтэй бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт "тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө уг түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч Голомт банк, Э.С нь мөн тухайн учирсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн уг хэрэгт нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь "Голомт банк". Голомт банк болон Э.С нарын хооронд зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 2.3, 2.11-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглаж, гэнэтийн осол, гэмтэл гарсан хохирлыг барьцаалуулагч буюу Э.С өөрөө бүрэн хариуцна мөн даатгалыг хариуцна гэсэн байдаг. Дээрхээс үзэхэд Э.С нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Мөн автомашин осолдсон учраас даатгал яригдана. Барьцааны гэрээнд заавал даатгалд хамруулахаар заасан. Гэтэл даатгалд хамрагдсан эсэх, даатгалаас ямар нэгэн нөхөн төлбөр авсан аваагүй талаарх баримт хэрэгт байхгүй байхад гэм хорын асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, Ч.У-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, мөн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Д.А, Ч.У, Э.С нарт холбогдуулан гэм хорын хохиролд 17 665 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаа хариуцагч Д.А 1 000 000 төгрөг төлсөн тул 16 665 000 төгрөгийг Д.А-аас 2 221 600 төгрөг, Э.С-аас 5 000 000 төгрөг, Ч.У-аас 9 443 000 төгрөгийг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч Э.С нь өөрийн эзэмшлийн автомашинаа Ч.У-т замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч шилжүүлэн өгсөн, Ч.У нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр Э.С-д автомашиныг шилжүүлсэн, Э.С Д.А-д жолоог шилжүүлж, замын хөдөлгөөнд оролцох явцад осол гарсан үйл баримт тогтоогдсон, зохигчид болсон үйл баримт, хохирлын хэмжээний талаар маргаагүй.
Харин хариуцагч Ч.У нь “осол гарах үед байгаагүй, автомашиныг жолоодоогүй тул хохирлыг хариуцахгүй, мөн Э.С нь эзэмшигч биш тул хохирол нэхэмжлэх эрхгүй гэж татгалзлаа гаргасан бол Д.А өөрийн хариуцах хохирлоо төлсөн, Э.С нь автомашиныг би жолоодож явж байгаад Д.А-д жолоогоо шилжүүлэх үед уг осол гарсан гэж тайлбарлажээ.
Э.С-ын эзэмшиж, ашиглаж байсан Тоёота Ландкруйзер-200 маркийн 0807 УНЗ улсын дугаартай автомашин нь “Голомт банк” ХХК-ийн барьцааны зүйл тул бөгөөд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг Э.С-т олгосон /хх16/ байх тул хариуцагч Ч.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэх эрхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй.
Э.С автомашинаа хариуцагч Ч.У-т итгэмжлэн өгсөн талаар маргаагүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах этгээдийг Ч.У гэж үзнэ. Гэтэл тэрээр эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр Э.С-д автомашиныг шилжүүлсэн, улмаар жолоодох эрхгүй Д.А-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалж осол гарч, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар учирсан гэм хорын хохирлыг хамтран хариуцна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй. Шүүх хариуцагч нарт хохирлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд хариуцагч Э.С, Д.А нараас тус тус 5 000 000 төгрөг, Ч.У-аас 11 665 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Шүүх хэргийн үйл баримт, хохирол учирсан шалтгаант холбоог зөв тодорхойлж хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.У-ын төлсөн 202 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.ОТГОНЦЭЦЭГ