Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Г.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Ц.Сүрэн,

хохирогч Ц.Бадарчин,

шүүгдэгч Ц.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Аршаант овогт Цагааны Бямбасүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010402 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Аршаант овогт Цагааны Бямбасүрэн, Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувийн группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧБ70022872.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39а тоотод байх гэртээ өөрийн төрсөн дүү Ц.Бадарчинтай аккумлятор алга болголоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зүүн бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалж, бие махбодид нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн гялтан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                    

Шүүгдэгч Ц.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би нүүрс авах гэж явж байгаад 2 хүнтэй таарч архи уусан. Тухайн өдрийн өглөө манай дүү Ц.Бадарчин нь надаас аккумлятор гуйж авсан. Орой намайг унтаж байхад Ц.Бадарчин гэрт орж ирээд аккумлятор авлаа гэж надтай маргалдсан. Бадарчин надтай маргалдаж байгаад намайг цохиод авсан...намайг цохисноос хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Цагдаа нар манай гэрт орж ирээд гутлын саван дотор байсан хутгыг аваад юун хутга вэ гэхээр нь манай гэрийн хутга гэхэд цагдаа нар надад хутгыг бариулж байгаад зураг авч байсныг санаж байна. ...зураг авах үед дүү Ц.Бадарчинг хутгалсан гэдгийг мэдсэн. ...Манай гэрт ирсэн цагдаа намайг аккумлятороос болж дүүгээ хутгалсан гэж хэлж байсан гэв.

Хохирогч Ц.Бадарчин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ахаасаа аккумлятор аваад өвөл нь асаагаагүй байсан машинаа асаах гээд дийлэхгүй болохоор нь чирүүлэх гээд дулаан граж руу аваад явсан байсан. Оройн нь 17-18 цагийн үед гэртээ ирэхэд аккумлятор байгаагүй. Тэгэхээр нь ахаасаа та аккумлятор авсан уу, гэр онгорхой байсан юм чинь танаас өөр хэн авдаг юм бэ гэж маргалдсан. Ах нилээн согтуу байсан...би түмбүүшик налахад дээд тал нь уначихсан. Тэгтэл ах чи гэр орон сүйтгээд яагаад байгаа юм бэ гэхээр нь ахыгаа цохиход ширээн дээр унасан. Тухайн үед ах хоол хийх гэж байсан бололтой ширээн дээр гурил...ногоо арилгаад тавьчихсан, хажууд нь хар иштэй хутга байсан...би ч нилээн халамцуу байсан болохоор зүүн гараараа хутгыг аваад чаддаг юм бол энүүгээр хутгалахгүй юу гэсэн. Бямбасүрэн ах чи хутга шөвөг бариад яах гээд байгаа юм бэ гээд миний гарт байсан хутга булаацалдаад...тухайн үед хутгалсан эсэх нь мэдэгддэггүй...сүүлд нь цус гарсан байсан. ...Бямбаа ах намайг хутгалаагүй. Намайг эмнэлэг дээр дөнгөж ирээд байхад араас цагдаа ирээд...ах чинь хутгалсан байна гэж байсан. Би цус их алдаад толгой эргээд байсан учраас юу ярьсанаа сайн мэдэхгүй байна... гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Бадарчингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн орчим нэг хашаанд цуг амьдардаг ах Бямбасүрэнгээс машиных нь аккумляторыг түр гуйж аваад машинаа асаах гэж байгаад болиод гэртээ акумлятороо оруулж тавиад гарсан. ...17 цагийн орчим гэртээ иртэл ахын аккумлятор байхгүй байсан. Тэгэхээр нь ахын гэрт ороод түүнээс аккумлятороо авсан уу гэтэл чи аваа биз дээ, би юу гэж авдаг юм бэ гэхээр нь гэр онгорхой байна, таниас өөр хэн авдаг юм бэ гэтэл чи өглөө аваа биз дээ гээд уурласан. Тэгэхээр нь би гэрт нь аккумлятор хайж байгаад гал тогооны шүүгээг нь газар унагаачихсан юм. Тэгтэл Бямбасүрэн ах чи яагаад гэр орон сүйтгээд байгаа юм бэ гэхээр нь би уурандаа чи чаддаг юм бол хутгалаарай гээд ширээн дээр байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг Бямбасүрэн ах руу түлхсэн. Тэгтэл Бямбасүрэн ах гар чи гээд түлхэхээр нь би Бямбасүрэн ахыг шанаа руу нь нэг удаа цохьсон...Бямбасүрэн ах ширээ налж унахдаа нөгөө хутгыг аваад миний гэрээс гар чи гээд миний зүүн бөөр орчим цохих шиг болсон. Тэгэхээр нь гарч гэр лүүгээ ороод зүүн бөөрний орчмоос цус гараад байхаар нь гадагшаа гараад хүнсний дэлгүүрээс 103 луу залгаж түргэн дуудсан. Гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан болохоор цагдаа нарт гадаа гудамжинд танихгүй хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Тэгээд 103 ирээд намайг аваад цэргийн эмнэлэгт хүргэж өгсөн. Араас цагдаа нар ирэхээр нь би Бямбасүрэн ахад хутгалуулсанаа үнэнээр нь хэлсэн. Би ахтайгаа аккумлятор авсан, өгсөн гэсэн асуудлаас болоод маргалдаад Бямбасүрэн ахад зүүн бөөрний хажуу хэсэгт нэг удаа хутгалуулсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

...намайг тухайн үед Бямбасүрэн ах хар өнгийн иштэй хутгаар миний зүүн бөөрний орчим нэг удаа л хутгалсан. ...миний 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

2. Гэрч Ч.Энхнямын мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой ОХУ-ын Улаан-Үүд хотоос...иртэл Бямбасүрэн юу ч дуугарахгүй сонин байдалтай байхаар нь шалж байгаад асуутал би өчигдөр 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр архи ууж тасраад дүү Бадарчинг хутгалсан юм шиг байна, би өөрөө юу ч санахгүй байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

3. Гэрч А.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамикийн тоосгоны үйлдвэрийн ар талд байх Ивээл хүнсний мухлаг дээр 17-18 цагийн хооронд байж байтал гаднаас нагац ах гадуураа бор өнгийн нэхийтэй орж ирээд ахдаа гар утсаа өгч бай гээд миний утсаар 103 луу залгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),  

4. Гэрч Л.Ундрахмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгэж байтал Ачит 10-аас 18 цаг 38 минутанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39 тоотод хүн хутгалчихлаа гэх дуудлагын дагуу очиход Бадарчин гэгч...хутгалуулсан байдалтай байсан. ...Бадарчинг 103-т хүлээлгэн өгөөд...жижүүрийн бүрэлдэхүүнтэй хамт хэргийн газарт...очсон. Бадарчингийн хашаанд нь байх байшинд ороход түүний төрсөн ах Бямбасүрэн согтуу унтаж байсан ба эд зүйлүүд нь эвдэрч гэмтсэн байсан. Юу болсон талаар Бямбасүрэнгээс асуухад...би дүү Бадарчинтай маргалдаад, намайг дээрэлхээд байхаар нь би түүнийг нэг удаа хутгаар хатгачихсан юм гэж хэлээд хутгаа зааж өгье гээд байшингийн гутлын хайрцагнаас хар өнгийн иштэй жижиг хутга гаргаж ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2473 тоот актад:

...2017 оны 02 дугаар сарын 04-нд хэвтсэн. Зовиур: шархаар өвдөнө...Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхийн зүүн талд хутгалагдсан шархтай. 2017 оны 02 дугаар сарын 04-нд хэвлийн хөндийг нээж хэвлийн гялтангийн цусан хурааг авах мэс заслийн бичлэгээс:...хэвлийн голын дээд зүслэгээр 12 см орчим хэвлийг үечлэн нээхэд...зүүн бөөрний гадна байрлалд гематом харагдаж байв....хэвлийн зүүн талын арын гялтан дор байсан нөжийг гялтангаас 3 см орчим нээж соруулж цэвэрлэж аваад...гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Ц.Бадарчингийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн гялтан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэвтэн эмчлүүлж байгаа Ц.Бадарчинг очиж үзэхэд биеийн байдал дунд зэрэг, бүсэлхийн зүүн талд хутгалагдсан шархтай байсан. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвлийн хөндийн гялтан буюу дотор эрхтэнийг бүрхсэн хальс хутгалагдсаны улмаас дотуур цус алдсаныг мэс засал хийж авсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

6. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Өвчний түүхэнд Бямбасүрэн гэдэг хүнд 17-18 цагийн үед хутгалуулсан гэх баримт (хавтаст хэргийн 80 дахь талын ар),

 

7. Шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад

- сэжигтэнээр өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 04-ний 14 цагийн орчим Төмөрөө, Ганбаа гэх залуучуудтай...2 шил архи хувааж уугаад...гэртээ унтаж байхад ...манай дүү Бадарчин 17 цагийн орчим гэрт орж ирээд өглөө таниас авсан аккумлятор гэрт байхгүй байна, та авсан уу гэхээр нь үгүй би аваагүй гэтэл та өөрийнхөө аккумлятороо аваад архи уучихсан юм уу, эсвэл хамт архи уусан хүмүүс чинь авсан юм уу гэсэн. Би маргааш учрыг нь олъё гээд гэрээс гаргасан. Тэгээд уурандаа гэрт байсан тал шил архийг гаргаж ирээд ганцаараа уусан. ...тэгээд юу болсоноо санахгүй байна. Гаднаас цагдаа нар орж ирэхэд би сэргэсэн. Надад цагдаа нар хэлэхдээ чи дүүгээ хутгалсан байна, дүүг чинь эмнэлэг ирээд аваад явсан гэсэн...би Бадарчинтай аккумляторын асуудлаас болж маргалдсан, тэгээд дүүгээ архи уусан байсан болохоор л хутгалсан байх гэж бодож байна. ...Тухайн үед манай дүү Бадарчин бид хоёр л байсан. Дүү дараа нь надад хэлэхдээ та намайг хутгалсан шүү дээ гэсэн. Би юу ч санахгүй байна... (хавтаст хэргийн 48 дахь тал),

- яллагдагчаар өгсөн: би Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 17),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92), өвчний түүх (хавтаст хэргийн 80-88), амбулториор эмчлүүлсэн карт (хавтаст хэргийн 60-61), хувийн байдал тогтоосон баримт (69-72, 93),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58-59), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 62), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 56-57), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 65-68) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39а тоотод байх гэртээ өөрийн төрсөн дүү Ц.Бадарчинтай аккумлятор алга болголоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалж, бие махбодид нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх үүсгэн улмаар хэвлийн хөндийд цус хуралдсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Бямбасүрэнг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

- хохирогч Ц.Бадарчин би ахдаа хутгалуулаагүй, миний барьсан байсан хутгыг ах Бямбасүрэн авах гэж ноцолдож байх үед би өөртөө гэмтэл учруулсан гэж,

- шүүгдэгч Ц.Бямбасүрэн гэм буруугийн талаар маргаж би хутгалаагүй гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдохгүй байна.

- шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтын шатанд туршилт хийлгүүлэх шаардлагатай гэж тус тус мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгдсэн, шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн үйлдэл холбогдол хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бадарчинд хүнд зэргийн гэмтэл учирсан боловч тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Ц.Бямбасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бямбасүрэнд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бямбасүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгож, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.