Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 458

 

 

Ц.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх  даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Энх-Оюун,

Хохирогч Ц.Бадарчин,

Ялтан Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ц.Бадарчин, ялтан Ц.Бямбасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Ц.Бямбасүрэнд холбогдох 201726010402 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Аршаант овогт Цагааны Бямбасүрэн, 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧБ70022872/,

Ц.Бямбасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39А тоотод байх гэртээ төрсөн дүү Ц.Бадарчинтай “аккумлятор алга боллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж, биед нь “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн гялтан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Бямбасүрэнд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бямбасүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бямбасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Бямбасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие тухайн хэрэг гарах үед төрсөн дүү Ц.Бадарчинтай аккумлятороос болж маргалдан түүний биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж, их зүйлийг ухаарч, өөрийн хууль бус үйлдлээс болж, эрх чөлөөгөө хасуулан сууж байгаадаа маш их харамсаж байна. Би 1988 онд цэргийн алба хааж ирээд зүүн нүдний хараа эрс муудаж, нүдний болор унасны улмаас хагалгаанд орж, зүүн нүдээ авахуулан хиймэл нүд хийлгэсэн. Мөн миний баруун нүдний хараа муудан хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж группт орсон. Миний дүү Ц.Бадарчин гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд дээрх нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, энэрэнгүй ёсны үүднээс шүүхээс оногдуулсан хорих ялыг тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Ц.Бадарчин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч миний буруутай үйлдэлтэй шууд холбоотой, тухайн өдөр аккумлятороос болж ахтайгаа маргаан үүсгэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүнийг цохиж хэл амаар доромжилсноос болж уг хэрэг гарсан. Хохирогч миний зүгээс төрсөн ах Ц.Бямбасүрэнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндийн байдал хэвийн болсон зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Бямбасүрэн нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Мөн дээрх гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд, төрсөн ах, дүү нарын хооронд аккумлятор алга болголоо гэх хувийн таарамжгүй харилцаа үүсч улмаар ширээн дээр байсан хутгыг авч хохирогчийн зүүн бөөрөн тус газарт нэг удаа хутгалан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, Ц.Бямбасүрэнгийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, зүйлчлэл тохирсон, ял шийтгэл, дэглэм тохирсон. Шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Бадарчин, ялтан Ц.Бямбасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Ц.Бямбасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 39А тоотод байх гэртээ төрсөн дүү Ц.Бадарчинтай “аккумлятор алга боллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зүүн бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж, биед нь “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн гялтан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ц.Бадарчингийн “...2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 10 цагийн орчим ах Ц.Бямбасүрэнгийн аккумляторыг гуйж аваад гэртээ орхиод гэрээ түгжилгүй гарсан. Тэгээд найзынхаа хашаанд машиныг нь засаж байгаад 0.33 литрийн “Ерөөл” архи ганцаараа уучихаад 17 цагийн орчим гэртээ иртэл аккумлятор байхгүй байхаар нь ахынх руу ороод “аккумлятороо авсан уу” гэхэд “чи авсан биз дээ, би юу гэж авдаг юм” гэхээр нь “гэр онгорхой байна, танаас өөр хэн авах бэ” гэсэн. Түүнийг уурлаад байхаар нь гэрээс нь аккумлятор хайж байгаад шүүгээг нь унагаачихсан. Гэтэл ах “чи яагаад гэр орон сүйтгээд байгаа юм бэ” гэхээр нь би уурандаа “чаддаг юм бол хутгалаарай” гээд ширээн дээр байсан хар иштэй жижиг хутгыг түлхэхэд намайг “гар” гэж хөөхөөр нь түүний шанаа руу нэг удаа цохисон. Ц.Бямбасүрэн ах ширээ налж унахдаа нөгөө хутгыг аваад миний зүүн бөөр орчим цохих шиг болсон. Тэгээд гэр лүүгээ ороход зүүн бөөрний орчмоос цус гараад байхаар нь гэрийн ойролцоо байх хүнсний дэлгүүрээс 103 руу залгаж түргэн дуудсан. Ахаасаа нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, эмчилгээний бүх зардлыг гаргасан...” /хх-18-20/,

Гэрч Ч.Энхнямын “...2017 оны 2 дугаар сарын 5-ны орой Улаан-Үүд рүү яваад иртэл Ц.Бямбасүрэн юу ч дуугарахгүй сонин байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “өчигдөр архи ууж тасраад дүү Ц.Бадарчинг хутгалсан юм шиг байна, би өөрөө сайн санахгүй байна” гэсэн. Тухайн үед байгаагүй болохоор болсон зүйлийн талаар мэдэхгүй байна...” /хх-26-27/,

Гэрч А.Батчулууны “...2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамикийн тоосгоны үйлдвэрийн ар талд байх “Ивээл” хүнсний мухлаг дээр 17-18 цагийн хооронд байж байтал гаднаас нагац ах орж ирээд “ахдаа гар утсаа өгч бай” гээд 103 руу залгаад нэр хаягаа хэлээд “гудамжинд явж байгаад хүнд хутгалуулсан” гэж дуудлага өгөөд удалгүй гараад явсан. Ц.Бадарчин ах нэхийтэй явсан учраас зүүн бөөрний орчмоос цус гарсан эсэхийг анзаараагүй...” /хх-28-29/,

Гэрч Л.Ундрахмөрөнгийн “...2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ачит-115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит-10-аас 18 цаг 38 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-39 тоотод “хүнд хутгалуулчихлаа” гэх дуудлагын дагуу очиход Ц.Бадарчин гэх залуу зүүн бөөр хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “хорооны урд талын гудамжинд танихгүй хүнд хутгалуулсан” гэж хэлсэн. Тэгээд хутгалуулсан байж болох ул мөрийг гудамжнаас хайхад ямар нэг ул мөр олдоогүй ба Ц.Бадарчингийн төрсөн ах Ц.Бямбасүрэнгийн гэрт ороход согтуу унтаж байсан. Гэрийн эд зүйл эвдэрч гэмтсэн байхаар нь юу болсон талаар асуухад мэдэхгүй гээд байснаа дүү Ц.Бадарчинтай маргалдаад намайг дээрлэхээд байхаар нь түүнийг нэг удаа хутгаар хатгачихсан гээд гутлын хайрцагнаас хар өнгийн иштэй жижиг хутга гаргаж ирсэн...” /хх-32-33/,

Ц.Бямбасүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 14 цагийн орчим Төмрөө, Ганбаа гэх залуучуудтай хоёр шил архи хувааж уугаад гэртээ ирээд унтаж байтал Ц.Бадарчин орж ирээд “таниас авсан аккумлятор гэрт байхгүй байна, авсан уу” гэхээр нь “үгүй, аваагүй” гэтэл “өөрийнхөө аккумляторыг зараад архи уучихсан юм уу, эсвэл хамт уусан хүмүүс чинь авсан юм уу” гэхээр нь “маргааш учрыг нь олъё” гээд гаргасан. Тэгээд уурандаа хоолны ширээн дотор байсан тал шил архийг ганцаараа уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, цагдаа нар гаднаас орж ирэхэд сэргэсэн...” /хх-47-48/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Ц.Бадарчинг үзэхэд биеийн байдал дунд зэрэг бүсэлхийн зүүн талд хутгалагдсан шархтай байсан. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсч, хэвлийн хөндийн гялтан буюу дотор эрхтний бүрхсэн хальс хутгалагдсаны улмаас дотуур цус алдсаныг мэс засал хийж авсан байна. Дэлүүний баруун талд хуучин наалдацтай байсан...” /хх-34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн 2473 дугаар “...Ц.Бадарчингийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн гялтан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-36/ гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/, өвчний түүх /хх-80-88/ болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.   

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар Ц.Бямбасүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Ц.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн байх бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирчээ.

Гэвч хохирогч Ц.Бадарчин нь давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Ц.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба Ц.Бямбасүрэнг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнээс гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчид учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Ц.Бямбасүрэн, хохирогч Ц.Бадарчин нарын гаргасан “...хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбасүрэнд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНСҮХ

 

           ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                               Н.БАТСАЙХАН