Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/03891

 

 

 

 

 

 

 

 

                              2023       10            19

                               184/ШШ2023/03891

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***************** хаягт байрлах, "*************" ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************** тоот хаягт байрлах, "*************" ХХК /РД:************/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 17,052.640 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, түүний өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч*************" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд хандсан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“*************” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2022/05/15-1 тоот “Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу “*************” ХХК-д 5012 хэмжээтэй пум хоног тутам 270 төгрөгөөр тооцож 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 144 ширхэг, 25.4-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 168 ширхэг, V2 маркийн сапуд хоног тутамд 100 төгрөгөөр тооцож 747 ширхэг эд зүйлсийг түрээсэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл түрээсийн үлдэгдэл төлбөр 12,697,640 төгрөг байсан ба “*************” ХХК нь хариуцагч “*************” ХХК-ийн захиалгаар барилга барилга эзэмшилтийн үйл ажиллагаанд түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаж байсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  №2022/9/15-1 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулж  “*************” ХХК-ийн түрээсийн эд зүйлийг буюу 5012 хэмжээтэй пум хоног тутам 270 төгрөгөөр тооцож 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 2.4-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 168 ширхэг, V2 маркийн сапуд хоног тутам 100 төгрөгөөр тооцож 947 ширхэг, нийт 1376 ширхэг эд зүйлийг үргэлжлүүлэн түрээсэлсэн.

Хариуцагч “*************” ХХК нь “*************” ХХК-ийн түрээсийн үлдэгдэл төлбөр болох 12,697,640 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа болно.

Мөн хариуцагч “*************” ХХК нь түрээсийн эд зүйл болох нэг бүр нь 85,000 төгрөгийг үнэтэй 2012 хэмжээтэй пум 2 ширхэг, нэг бүр нь 55,000 төгрөгийн үнэтэй 1.2-ийн хэмжээтэй  гадар булан 2 ширхэг, нэг бүр нь 49,000 төгрөгийн үнэтэй V2 маркийн сапуд 4 ширхэг зэрэг 51 ширхэг буюу 4,002,000 төгрөгийн эд зүйлийг үрэгдүүлж хохирол учруулсан. Түүнчлэн түрээсийн эд зүйл эвдрэл гэмтэл учирсныг засварлахад 353,000 төгрөг зарцуулсан болно. Иймд хариуцагч “*************” ХХК-аас нийт 17,052,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнээс гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийн барьцааг хохирлоос хасч тооцон энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэжээ.

 

2. Хариуцагч "*************" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Манай зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “*************” ХХК нь “*************” ХХК-тай хамтран ажиллаж байсан. “*************” ХХК нь  “*************” ХХК-г гүйцэтгэгчээр сонгож ажиллуулсан юм.  “*************” ХХК нь нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлд дурдсан 12,697,640 төгрөгийн түрээсийн  эд зүйлийг өгөөгүй байж байгаад, дараа нь “*************” ХХК нь нэхэмжлэгч байгууллагатай түрээсийн гэрээ хийсэн. Үрэгдүүлсэн гэх эд зүйлийн хохирол, засвар хийгдсэн гэх зардлаа нотлох материалуудаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. 4,002,000 төгрөгийг нотлох баримт байхгүй, мөн үнэлгээ байхгүй. Засвар хийсэн гэдэг. Ямар төмөр, юу нь эвдэрсэн бэ, тайхийсан уу, гагнасан уу, алийг нь эвдрэл гэж үзээд байгаа вэ, яг бодит хохирол байна уу гэдгийг мэдэхгүй. 353,000 төгрөгийг ямар баримтаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 

“*************” ХХК-ийн ерөнхий захирал нь н.*************гэсэн хүн байхад гэрээнд гарын үсгийг н. ************* зурсан байгаа. Хавтаст хэргийн 9 дүгээр талд барилга хариуцсан захирал гэдэгт н.************* зурсан байгаа. Энэ гарын үсэг нь гэрээний гарын үсэгтэй яг адилхан байгаа тул эргэлзээтэй байдал үүсэхгүй, шинжээч томилох хүсэлт гаргаагүй, гарын үсэг нь илэрхий байгаа юм. Гэхдээ тодорхой хэмжээнд манайх түрээсийн эд зүйлийг ашигласан учир  төлбөрийг нь төлөх нь зөв. Үндэслэлгүйгээр биднээс авсан барьцаа хөрөнгө 3,000,000 төгрөг байгаа, энэ мөнгийг дутсан болон эвдрэл гэмтэл үүсгэсэн гэсэн энэ 2 асуудал дээр авчхаж байгаа юм. 

Батлан даалтаар баталгаа гаргасан байгаа. Энэ нь өөрөө бас хэдэн сарын хэдний өдөр ямар газраас гаргаад байгаа, хаанаас хэнд гаргаад байгаа нь тодорхойгүй гараар бичсэн байна. Хуульд заасан хэлбэр шаардлага хангаагүй байна. Энэ нь байгууллага төлөөлөх ямар нэгэн эрхгүй, гэрээ хийх итгэмжлэл ч олгогдоогүй байсан үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч “*************” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ иргэний хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч маань Компанийн тухай хуулийн 84.1, 84.7, 84.6-д заасны дагуу эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна гэж үзэж байгаа ч Иргэний хуулийн 56.1-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд Компанийн тухай хуулийн 84.8 заавал дурдаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хувьцаа эзэмшигч ч байлаа гээд тухайн гэрээнд гарын үсэг зурсан бол, тухайн гэрээг үндэслэн тухайн компанийг хариуцагчаар татаж болохгүй, хариуцагчийг тодорхойлох эрх нэхэмжлэгчид өөрт байдаг, мөн үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

“*************” ХХК батлан даалт гаргах нь гэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах гээд байгаа юм шиг. Хэдийгээр “*************” ХХК-ийн тамга дарагдсан ч гэсэн эрх бүхий этгээд нь гарын үсэг зурагдсан байх ёстой, дээр нь зохих этгээдийн зөвшөөрөл гэдэгт аливаа хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлнө. Тамага нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн л гарын үсгийг баталгаажуулна. Бусад этгээдүүд төлөөлөхдөө тухайн эрх бүхий албан тушаалтнаас итгэмжлэл авсан байх замаар гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан байх ёстой. Тэгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан энэ гэрээнд н.*************гарын үсэг зурсан нь өөрөө манай байгууллагыг хариуцагчаар татах үндэслэл бүрдэхгүй юм. Хэдэн сард гаргаж гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй батлан даалтын асуудал мөн адил н.************* гарын үсэг зурсан, бөгөөд гарын үсэг зураг эрх олгоогүй байгаа асуудлыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байна.

Тодруулбал, "*************" ХХК /рд:6829783/-ийн Гүйцэтгэх захирлаар 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд *************ажиллаж байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, "*************" ХХК-ийн дүрмийн 6.1-т тус тус зааснаар манай компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар заасан. Гэтэл 80 хувийн хувьцаа эзэмшигч нь хууль болон дүрмээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, "ерөнхий захирал" гэх компанийн дүрмээр тодорхойлогдоогүй албан тушаалын нэршил ашиглан бусадтай дур мэдэн гэрээ байгуулсан нь Гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" нь байгуулагдсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчлагдсан тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2022/9/15-1 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Манай зүгээс хариуцагч компанитай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар н.*************80 хувь, н.************* 5 хувь, н.Намуун 15 хувь компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. Гэрээтэй холбоотой хохирол учирсан гэдэг талаар Компанийн тухай хуулийн 84.1, 84.6, 84.7-д зааснаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан учир нэхэмжлэх нь зөв гэж харж байна. Гэрээтэй холбоотойгоор хүчин төгөлдөр бусад тооцуулах нь 56.5 заасан үр дагаврыг шаарддаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор манайх 9 сарын 15-ны өдөр түрээсэлсэн бараа материалыг тоо ёсоор нь хүлээж аваад н.*************  гэдэг барилга хариуцсан захирал нь гарын үсэг зураад авсан, өөрөө бас нэмж авсан, энэ түрээсийн материал өөрөө их ярвигтай байдаг, нэг өдөр нь 100 нэмж аваад,  5, 6 хоногийн дараа 200-г нэмж болдог юм. Үнэлгээтэй холбоотой асуудлыг хавсралтад тодорхой заасан байгаа. Хариуцагч талаас үнэлгээ хийлгэнэ гэсэн хүсэлт гаргаагүй тул маргаагүй гэж харж байна. н.*************тэй ярьсан, 5,990,000 төгрөг нь 30 хоногийн түрээсийн төлбөр байгаа, 30 хоног хэрэглэнэ гээд бараг 40 хоносон байх,  3,000,000 төгрөгийн барьцааны баримт олдохгүй байсан өнөөдөр олдож байгаа. Үүнээс үрэгдүүлсэн эд хөрөнгө гэж 3,000,000 төгрөгийг тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хэлцэл хүчин төгөлдөр юм, барилга хариуцсан гэх захирал гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэгээ дарсан байдаг. Эрх бүхий албан тушаалтан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хохирол учруулсан этгээд нараас нэхэмжлэх эрхтэйгээс бус ************* компаниас шаардах эрхгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

 

5.1. Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 9 сарын 15-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, гэрээний хавсралт, тодорхойлолт, батлан даалт гэх баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 5 сарын 15-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, 2022/5/15-1 дугаартай нэхэмжлэх, Хаан банк ХХК-ийн дансны хуулга.

 

5.2. Хариуцагч талаас- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  итгэмжлэл, “*************” ХХК-ийн дүрэм, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************* ХХК нь хариуцагч “*************” ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 12,697,640 төгрөг, түрээсийн гэрээний үүргийн хохиролд 4,355,000 төгрөг, нийт 17,052,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 9 сарын 15-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...баталгааны баримтаар хариуцагч “*************” ХХК нь “*************” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, түрээсэлсэн эд хөрөнгийг дахин түрээслэх гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан этгээд компанийг төлөөлөх эрхгүй гэж байгаа бол хариуцагч хохирлоо түүнээс шаардаж болно гэх агуулгаар тайлбарлаж, хариуцагч тал эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ ...түрээсийн гэрээ болон баталгааг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй, гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус, шаардлага үндэслэлгүй, хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэх агуулгаар тайлбарлаж, харилцан мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “нотлох баримт эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх, хэргийн оролцогч бус этгээдээс хуулбар үнэн тэмдэгтэй байна” гэх хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “тайлбар бодит үнэнд нийцсэн” байх болон 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан хэргийн оролцогчийн хүлээсэн “үнэн зөв тайлбар гаргах” үүргийн хүрээнд талуудаас гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа болон хариуцагчаас гуравдагч этгээдийн үүргийг гүйцэтгэх баталгаа гаргасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах, шаардах эрх бүхий харилцаа үүссэн гэж үзэв.

 

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний тухайд:

 

3.1.1. 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 тоот “Барилга угсралтын материал түрээслэх” тухай гэрээг нэг талаас “*************” ХХК, захирал *************нөгөө талаас “*************” ХХК, ерөнхий захирал *************төлөөлж Б.************* гарыг үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулан байгуулсан байна. /хх 4-6/

 

Гэрээгээр “...Түрээслүүлэгч нь барилга угсралтын материалыг Түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон нөхцөл, хэлбэрээр түрээслүүлэгч талд түрээсийн төлбөр төлөхтэй холбоотой талуудын эрх, үүргийн харилцааг зохицуулна. Түрээслүүлэгч тал нь түрээслэгч талд түрээсэлж байгаа эд зүйлийг гэрээний Хавсралт 1-д заасан төрөл, тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгнө” гэж тохиролцжээ.

 

Түрээсэнд гарсан бараа материал 2022/09/15 гэрээний хавсралт гэх баримтанд 4 нэр төрлийн эд зүйл, тоо ширхэг, түрээс тооцох хоног, хоногийн үнэлгээг зааж түрээсийн дүн 5,940,000 төгрөг, барьцаа 3,000,000 төгрөг гэж заасан бөгөөд эд зүйлийг Б.************* хүлээн авч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогддог.

 

3.1.2. Харин хариуцагч талаас ...Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд түрээсийн гэрээг байгуулаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр шаардлага гарган маргадаг.

 

Тэрээр ...Б.************* нь 2023 оны 06 сарын 05-ны өдөр тухайн хуулийн этгээдийн 5% хувьцааг эзэмшиж эхэлсэн, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, түүнд төлөөлөл хэрэгжүүлэх итгэмжлэлийг олгоогүй, барилга хариуцсан захирал гэх ажил, албан тушаал байхгүй гэх тайлбарыг гаргадаг хэдий ч үйл баримтын хувьд Б.************* нь “*************” ХХК-ийн ерөнхий захирал *************төлөөлж гарыг үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан, тус гэрээнд утас - барилга хариуцсан захирал Б.************* 80956060, нябо Дэлгэрмаа 86220001, инженер Чинхүслэн 99522535 гэх мэдээлэл авагдсан, *************сургуулиас гаргасан 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 22 дугаартай “Бямбасүрэн овогтой ************* /ЖЙ87062172/ нь *************сургуулийн төслийн Барилга хариуцсан захирал мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтод ерөнхий захирал Ж.*************гарын үсэг зурж “************* НҮТББ сургалтын алба” гэх тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх 8/ 

 

3.1.3. Хариуцагч талаас ...Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бол гүйцэтгэх захирал О.Намуун, түүнтэй хэлцэл байгуулаагүй, Компанийн тухай хуулийг зөрчсөн гэдэг. Хэдийгээр ************* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хуулийн этгээдийн гэрчилгээнд /хх 21/ зааснаар гүйцэтгэх захирал *************байх боловч түрээсийн гэрээнд “*************” ХХК-ийг төлөөлж Б.************* гарын үсэг зурсан, байгууллагын тэмдэг дарагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж, 84.2-т “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж, 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан бөгөөд энэ зохицуулалтын дагуу “*************” ХХК нь компанийн дүрмийн 3.13-т “Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байна.

 

Хэрэв Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зураагүй гэж үзвэл буруутай этгээд нь “*************” ХХК бус, хариуцагч “*************” ХХК өөрөө болох бөгөөд энэ нь байгууллагын дотогшоо чиглэсэн асуудал болно. Иймд, эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зураагүй, зөвшөөрөлгүй тэмдэг дардас ашиглсан хариуцлагыг энэ талаар мэдэх боломжгүй, эсхүл мэдээгүй этгээд болох “*************” ХХК-д хүлээлгэх учиргүй.

 

Мөн Б.*************гийн зүгээс хэлцэлд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулж байгаа нь нэхэмжлэгч талд тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мэт харагдах, итгэл төрүүлэх үйлдлийг илэрхийлсэн гэж үзнэ.

 

Байгууллагын нэр бүхий тэмдэг дардсыг хэрэглэж байгаа асуудлыг тодруулбал Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасны дагуу Засгийн газраас 2021 ны 8 дугаар сарын 4-ний өдрийн 226 дугаар тогтоолоор тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах, хамгаалах, хяналт тавих журмыг тогтоосон бөгөөд тухайн журмаар хуулийн этгээд тэмдгийг хэрэглэх, хадгалах, хамгаалах асуудлыг зохицуулсан байдаг. Байгууллагын нэршилтэй, дугаартай, регистртэй тэмдгийг хадгалах, хамгаалах асуудал нь тухайн байгууллагын хувьд дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа байна. Тиймээс ч ************* ХХК нь дүрмийн 2.1, 2.2-т “Компанийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, өөрийн бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ” гэж тусган компанийн эрхийг тодорхойлжээ.

 

Нөгөө талаас, Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд компанийн гадагшаа чиглэсэн харилцааг буюу бусадтай гэрээ хэлцэл байгуулах харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулахгүй. Тухайн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах учиртай.

 

3.1.4. Зохигчдын тайлбар болон дээр судалсан баримтуудаас үзвэл “*************” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Б.*************г гэрээ байгуулж буй нөгөө тал болох “*************” ХХК нь “*************” ХХК-иас эрх олгогдсон эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байжээ.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ...Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний нэг тал ************* ХХК-ийн дотоод харилцаан дахь алдаа дутагдал, зөрчлийг гадаад харилцаанд “*************” ХХК-нд халдаахаас сэргийлсэн, гэрээ байгуулж буй гуравдагч этгээдийн итгэл үнэмшлийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт юм.

 

3.1.5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “*************” ХХК, хариуцагч “*************” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн гол нөхцлийг тохирч гэрээндээ тусган, нэг талаас түрээсийн гэрээнд заасан эд зүйлийг хүлээлгэн өгсөн, нөгөө талаас түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогддог тул хүчин төгөлдөр хэлцэл юм.

 

Иймээс 2022 оны 9 сарын 15-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 5.1.4-т “Түрээслэгч нь түрээсийн эд зүйлд эвдрэл гэмтэл учруулсан, үрэгдүүлсэн тохиолдолд барьцаа мөнгөнөөс суутгах бөгөөд барьцааны зүйл хүрэхгүй тохиолдолд нөхөн төлбөр, учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч тал энэ эрхийн хүрээнд шаардлага гаргажээ.

 

3.1.6. Нэхэмжлэгч засварын үнэ 353,000 төгрөг, үрэгдүүлсэн материалын үнэ 4,002,000  төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн нотлох үүргээ биелүүлээгүй тул энэ талаарх хариуцагч талын татгалзлыг үндэслэл бүхий гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын засварын үнэ, үрэгдүүлсэн материалын үнэ нийт 4,355,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн энэ үндэслэлээр барьцааны мөнгө болох 3,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь үндэслэлгүй болно.

 

3.2. Нэхэмжлэлийн шаардлагын нөгөө үндэслэл болох “Батлан даалт гаргах нь ************* ХХК” гэх баримтын тухайд:

 

3.2.1. “Батлан даалт гаргах нь ************* ХХК, Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дээр баригдаж буй 250 хүүхдийн *************сургуулийн барилгын ажилд 2022/05/15-1 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээ “Гүүд Вэй интерпрайс” ХХК түрээсээр ашиглаж байсан төлбөрийн үлдэгдэл болох 12,697,640 төгрөгийн түрээсийн мөнгийг Цонжин кибер ХХК-ны 09-р сарын 25-ны өдөр төлж барагдуулна” гэсэн бичмэл баримтыг Барилга хариуцсан захирал гэх албан тушаал, нэршлээр Б.************* үйлдэж, гарын үсэг зурж, “*************” ХХК-ийн тэмдгийг даран баталгаажуулжээ.

 

3.2.2. Дээрх баримтыг үйлдсэн Б.*************г мөн адил хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдээс үүрэг хүлээсэн баримт үйлдсэн, манай компанид хамааралгүй... гэх агуулгаар хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “*************” ХХК, хариуцагч “*************” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 сарын 15-ны өдрийн 2022/09/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”, “*************” ХХК, “Гүүд вэй интерпрайс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 5 сарын 15-ны өдрийн 2022/05/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”, 2022 оны 9 сарын 15-ны өдрийн ...7 нэр төрлийн эд зүйлийн тоо хэмжээ, нэгж үнэ, түрээсий хугацаа, төлбөр төлөх огноог тодорхойлсон, нийт 24,180,140 төгрөгөөс 12,697,640 үлдэгдэл төлбөрийг “*************” ХХК-ийн “Гүүд вэй интерпрайс” ХХК-иас нэхэмжилсэн 2022/5/15-1 дугаартай нэхэмжлэх зэргээс үзэхэд нэхэмжлэгч талын “...Гүүд вэй интерпрайс ХХК манай эд зүйлийг түрээсэлж байсан, түрээсийн тооцоо өр төлбөртэй байсан, тухайн төлбөрийг төлөх баталгааг хариуцагч тал гаргасан, улмаар хариуцагчтай тухайн эд зүйлийг үргэлжлүүлэн түрээслэхээр болсон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Тодруулбал, нэг цаг хугацаанд буюу 2022 оны 9 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан, өмнөх түрээсийн гэрээний үүргийг буюу бусдын гэрээний үүргийг биелүүлэх баталгаа гаргасан үйл баримт бий болсон байх бөгөөд Б.*************гийн гэрээ байгуулсан, баталгаа гаргасан үйлдлийг харилцан холбоо бүхий үйл явдал тул 2 талын болон нэг талын хэлцлүүд хүчин төгөлдөр болно.

 

3.2.3. Дээрх баримтаас үзэхэд нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэл байх бөгөөд энэхүү хэлцлийн саналд хариуцагч “*************” ХХК-ийн зүгээс “Гүүд вэй интерпрайс” ХХК-ийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар баталгаа гаргажээ. Энэ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж заасантай нийцэх ба үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлж бусдын үүргийг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх харилцаа талуудын хооронд үүссэн, улмаар мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх баталгаа гаргасан үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. 

 

Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч талын үйлдэл нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн нэг талын хэлцэл бөгөөд түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх “Гүүд вэй интерпрайс” ХХК-ийн үндсэн үүргээс үл хамаарч тухайн төлбөрийг төлөх баталгаа гаргасан хариуцагч “*************” ХХК-иас баталгааны үүрэг болох 12,697,640 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуульд нийцнэ.

 

3.3. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагын хувьд өмнө дурдсан, судалсан, дүгнэсэнчлэн нэхэмжлэгч “*************” ХХК, хариуцагч “*************” ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 тоот “Барилга угсралтын материал түрээслэх” тухай гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч талын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “*************” ХХК-ийн сөрөг шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

4. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “*************” ХХК-иас 12,697,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-нд олгож, үлдэх 4,355,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч талын гаргасан сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 218,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*************” ХХК-иас 12,697,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,355,000 төгрөг гаргуулах шаардлагыг болон хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 218,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243,215 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ