Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00323

 

 

 

 

 

 

 

    2024          02            16                                             210/МА2024/00323                          

 

 

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03891 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* кибер *******” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон учирсан хохиролд нийт 17,052,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “******* *******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2022/05/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээний дагуу “******* ******* *******” ХХК-д 5012 хэмжээтэй пум хоног тутам 270 төгрөгөөр тооцож 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 144 ширхэг, 25.4-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр тооцож 168 ширхэг, V2 маркийн сапуд хоног тутамд 100 төгрөгөөр тооцож 747 ширхэг эд зүйлсийг түрээсэлсэн. “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* кибер *******” ХХК-ийн захиалгаар барилга угсралтын үйл ажиллагаанд эзэмшиж ашиглаж байсан болно.

1.2. Хариуцагч “******* кибер *******” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ” байгуулж “******* ******* *******” ХХК-ийн түрээсийн эд зүйлийг буюу 5012 хэмжээтэй пум хоног тутам 270 төгрөгөөр, 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр,11 ширхэг, 2.4-ийн хэмжээтэй гадар булан хоног тутам 200 төгрөгөөр,168 ширхэг, V2 маркийн 947 ширхэг сапуд хоног тутам 100 төгрөгөөр тус тус тооцож зэрэг нийт 1376 ширхэг эд зүйлийг үргэлжлүүлэн түрээсэлсэн.

1.3. Хариуцагч “******* кибер *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөр болох 12,697,640 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээн, өр төлбөрийг шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

1.4. Мөн хариуцагч “******* кибер *******” ХХК нь түрээсийн эд зүйл болох нэг бүр нь 85,000 төгрөгийг үнэтэй 2012 хэмжээтэй пум 2 ширхэг, нэг бүр нь 55,000 төгрөгийн үнэтэй 1.2-ийн хэмжээтэй гадар булан 2 ширхэг, нэг бүр нь 49,000 төгрөгийн үнэтэй V2 маркийн сапуд 4 ширхэг зэрэг 51 ширхэг буюу 4,002,000 төгрөгийн эд зүйлийг үрэгдүүлж хохирол учруулсан.

 1.5.Түрээсийн эд зүйл эвдрэл гэмтэл учирсныг засварлахад 353,000 төгрөг зардал гарсан. Иймд хариуцагч “******* кибер *******” ХХК-аас нийт 17,052,640 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нийт төлөх үүргээс гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийн барьцааг хасаж тооцон, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Манай компанитай хамтран ажиллаж байсан “Хос зургаан гал” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож ажиллуулсан. “******* ******* *******” ХХК нь “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 12,697,640 төгрөгийн түрээсийн эд зүйлийг өгөөгүй байхад дараа нь “******* кибер *******” ХХК нь “******* *******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу V2 маркийн сапуд 747 ширхгийг түрээсэлсэн, гэтэл 947 ширхэг буюу 200 ширхгийг нэмж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч,002,000 төгрөгтэй холбогдох нотлох баримт болон үнэлгээ байхгүй. 353,000 төгрөгийг ямар баримтаар шаардаж байгаа нь тодорхойгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд түрээсийн эд зүйлийг ашигласан учир төлбөрийг нь төлөх нь зөв.

2.3. Харин үндэслэлгүйгээр биднээс авсан барьцаа хөрөнгө 3,000,000 төгрөгийг  эвдрэл гэмтэл үүсгэсэн гэх үндэслэлээр суутгасан. Дутсан гэх зүйл нь хэр дутсан нь тодорхойгүй.

2.4. Гаргасан баталгаа хуульд заасан хэлбэр шаардлага хангаагүй байна. Энэ гэрээний огноо болон н.Даваахүүгийн хувьцаа эзэмшсэн огноо хоорондоо зөрүүтэй тул төлөөлөх ямар нэгэн эрхгүй, гэрээ хийх итгэмжлэл ч олгогдоогүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

3.1. “******* кибер *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Шижир нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ” байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг зөрчиж байгуулсан хэлцэл гэж үзэж байна. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл О.Намуун ажиллаж байна.

3.2. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, компанийн дүрмийн 6.1-т тус тус зааснаар эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан. Гэтэл 80 хувийн хувьцаа эзэмшигч нь хууль болон дүрмээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “ерөнхий захирал” гэх компанийн дүрмээр тодорхойлогдоогүй албан тушаалын нэршил ашиглан бусадтай дур мэдэн гэрээ байгуулсан нь гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй хийсэн.

3.3. Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.5-д “...“зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна” гэж тайлбарласан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул  2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2022/9/15-1 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Шижир 80 хувь, Б.Даваахүү 5 хувь, О.Намуун 15 хувь хувьцаа тус тус эзэмшдэг юм байна. Гэрээтэй холбоотой хохирол учирсан гэдэг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.6, 84.7-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

4.2. Хариуцагч тал үнэлгээ хийлгэх гэсэн хүсэлт гаргаагүй тул маргаагүй гэж үзнэ гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* кибер *******” ХХК-иас 12,697,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,355,000 төгрөг гаргуулах шаардлагыг болон хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 218,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243,215 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03891 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд эс зөвшөөрч байна.

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд, анхан шатны шүүх компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг зурсан үйл баримтыг тогтоосон боловч үүнийг компанийн дотогш чиглэсэн асуудал гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Компанийн баталгааны тэмдэг нь хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй, зөвхөн гарын үсгийн баталгаажуулалт байдаг.

Хэлцэл хийж баталгаажуулахад компанийг төлөөлөн гарын үсэг зурсан бол итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай бөгөөд компанийн тэмдгээр баталгаажуулсан нь хэлцэл хийхэд зайлшгүй тавигдах шаардлага болохгүй гэж үзэж байна.

6.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, итгэл үнэмшлийг хамгаалах асуудал нь үүргийн хэлцэлд бус өмчийн хэлцэлд хамаардаг байхад үүргийн гүйцэтгэлтэй холбоотой тэр дундаа төлөөллийн харилцаанд итгэл үнэмшил хамгаалах асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Мөн “******* кибер *******” ХХК-ийн дотоод харилцаан дахь алдаа дутагдал, зөрчил гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй.

6.3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн.

6.4. Мөн шүүх Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.5-д заасан тайлбараас өөр байдлаар тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03891 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

             

2.  Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* кибер *******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон учирсан хохиролд нийт 17,052,640 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй...” гэсэн агуулгаар тайлбарлан, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг  нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3. “******* *******” ХХК болон “******* ******* интерпрайс” ХХК нар 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2022/05/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулж, түрээслүүлэгч “******* *******” ХХК нь 5012 хэмжээтэй пумыг хоног тутам 270 төгрөгөөр тооцож 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар буланг хоног тутам 200 төгрөгөөр тооцож 144 ширхэг, 25.4-ийн хэмжээтэй гадар буланг хоног тутам 200 төгрөгөөр тооцож 168 ширхэг, V2 маркийн сапудыг хоног тутамд 100 төгрөгөөр тооцож 747 ширхэг эд зүйлийг түрээслүүлэх, түрээслэгч “******* ******* *******” ХХК нь түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

 

4. “******* кибер *******” ХХК нь “******* *******” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ” байгуулж “******* ******* *******” ХХК-ийн түрээсэлсэн эд зүйл болох 5012 хэмжээтэй пумыг хоног тутам 270 төгрөгөөр тооцож 250 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар буланг хоног тутам 200 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 2.4-ийн хэмжээтэй гадар буланг хоног тутам 200 төгрөгөөр тооцож 168 ширхэг, V2 маркийн сапудыг хоног тутам 100 төгрөгөөр тооцож 947 ширхэг, нийт 1376 ширхэг эд зүйлийг үргэлжлүүлэн түрээслэхээр харилцан тохиролцжээ.  

4.1. Гэрээний дагуу “******* *******” ХХК  түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, уг эд зүйлийг “******* кибер *******” ХХК-ийн барилга угсралтын ажилд ашигласан үйл баримтад талууд маргаагүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байна. Тодруулбал, дээрх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах эсэх талаар талууд маргасан байна.

 

5. Хэргийн нотлох баримтаас үзвэл, хариуцагч “******* кибер *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар О.Намуун бүртгэгджээ. /хх-7/

“******* кибер *******” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 80 хувийн хувьцааг Ж.Шижир, 15 хувийн хувьцааг О.Намуун, 5 хувийн хувьцааг Б.Даваахүү тус тус эзэмшдэг талаар компанийн дүрмийн 5.2.1-д тусгагдсан байна. /хх-24/

Хариуцагч компанийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичигт Б.Даваахүүг “******* кибер боардинг” сургуулийн төслийн барилга хариуцсан захирал мөн болохыг тодорхойлж, ерөнхий захирал Ж.Шижир гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулжээ. /хх-8/

5.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-нд түрээслүүлэгч “******* *******” ХХК-ийн захирал А.Ганбат, түрээслэгч “******* кибер *******” ХХК-ийн  ерөнхий захирал Ж.Шижирийг төлөөлж тус компанийн барилга хариуцсан захирал Б.Даваахүү нар гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд гэрээний дагуу түрээслүүлэгчээс түрээсийн эд зүйлийг Б.Даваахүү хүлээн авсан байна. /хх-6/

5.2. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд Б.Даваахүү нь хариуцагч “******* кибер *******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголт өгөх нөхцөлийг бүрдүүлсэн, нэхэмжлэгч “******* *******” ХХК нь түүнийг төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгон гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцжээ.

5.3. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ” нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.  

5.4. Анхан шатны шүүх хэргийн 9 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч талаас түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр болох 12,697,640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Тодруулбал, хариуцагч тал “******* кибэр боардинг” сургуулийн барилгын ажилд түрээсийн эд зүйлийг ашигласан үйл баримтад маргаагүй, мөн гүйцэтгэгч “******* ******* интерпресс” ХХК-ийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 12,697,640 төгрөгийг хариуцагч “******* кибер *******” ХХК төлж барагдуулах тухай баримт үйлдэж, тус компанийн Барилга хариуцсан захирал Б.Даваахүү гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх-9/  

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон учирсан хохирол 4,355,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/9/15-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03891 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,113 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

   ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

 

   Ч.ЦЭНД