Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2023/00489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д*******гийн Э******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д*******ийн Б******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 44,190,000 /дөчин дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00597/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э*******,

Хариуцагч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Д.Б*******ад холбогдуулан 44,190,000 /дөчин дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Д.Э******* би Д.Б*******, эхнэр А******* хоёрт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 138,369,000 төгрөгийн хонь, үхрийн мах зээлээр өгсөн. Мах авахдаа Б******* эхнэрийн хамт ирж үзэж зээлээр авсан.

Манайх нөөцийн мах гаргадаг 3 дугаар сарын 01-ний өдрөөс махаа зараад 4 дүгээр сарын 01-ний өдөр 60 хувь, 5 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдлийг өгч бүрэн дуусгана, 200,000,000 төгрөгийн зээл бүтэж байгаа гэж ярьсан. Би махаа өгөхдөө та хоёрыг танихгүй гээд Э******* хотын мах маркетаас урьдчилгаа 91,000,000 төгрөгөө буцааж үйлдвэрийн дансанд хийж энэ 2 хүнд өгсөн. Өгөхдөө би ноолуур авна шүү мөнгөө 5 дугаар сарын 01-ний өдөр өгөөрэй гэж тохирсон. Б*******, А******* 2 мөнгө 4 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг өгөөд хугацаа дууссан. Э******* би 5 дугаар сарын 9-ний өдөр утсаар яриад борлуулж чадахгүй бол би буцааж авч мөнгөө гаргаж авъя гээд 10 тонны м*******интай ирээд хагас ачаатай 6 цаг хүлээж буцсан... 5 дугаар сарын 12-ны өдөр махаа буцааж ав гэхээр нь 10 тонны м*******интай, 3 ачигч, м*******ины хөлсөнд 450,000 төгрөгийг төлөн очсон. Эхнэр А******* нь Э*******эд бүх махыг жижиглэнгээр зарж дуусгасан. Мөн 1 кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал авсан. Урамшуулал авах үед нь сахиж байж мөнгө авсан.

Энэ 2 хүн 200 эр хонь авчирч зараад мөнгөө өдий болтол өгөхгүй байна. Чи шүүхээр ороод олж ав гэсэн. Б*******, А******* 2 худлаа хэлж миний мөнгөөр наймаа хийж өр зээлээ дарж, м*******ин авч унаж байгаа нь миний нүдэнд ил байна.

Б*******аас 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 23,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг авсан. Хонины мах 3745кг*6800=25,466,000 төгрөг, мөн хонины мах 50кг*6800=340,000 төгрөг, үх 23кг*9200=211,000 төгрөг, амьд хонь 50 толгой=үнэ 10,000,000 төгрөг нийт 96,017,000 төгрөг авсан.

Үлдэх авах махны үнэ 138,369,000-96,017,000=42,352,000 төгрөг, бензин 1,488,000 төгрөг, м*******ины хөлс 350,000 төгрөг, нийт 44,190,000 төгрөг байна.

Энэхүү гэрээг Д.Б*******тай хийсэн тул Д.Б*******аас 44,190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Э*******аас үхэр хонины махыг гуйсных нь дагуу хиллэж авч хагас тооцоог нь бэлэн хийж, үлдэгдэл 138,369,000 төгрөгийг Б******* аймгийн хаврын нөөцийн махны борлуулалтын дараа төлж барагдуулахаар тохиролцож гэрээ хийсэн. Тухайн үед 3 сард нөөцийн махны худалдаа борлуулалт эхлэх байсан боловч Аймгийн Засаг дарга, Б******* сумын Засаг дарга нарын захирамж 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон 4 дүгээр сарын 13-ны өдөр гарч 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нөөцийн мах дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дахин сунгалт хийж, хаврын тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж ажилласан. Нөөцийн үхрийн махыг 10,600 төгрөг, хонины махыг 8,600 төгрөгөөр худалдаж, борлуулсан махны 1 кг тутамд 2,500 төгрөгийн зөрүү урамшууллыг Аймгийн Засаг Даргын Тамгын газраас гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Уг борлуулалтын мөнгө, зөрүү урамшууллын мөнгө зэргийг тухайн үед нь Д.Э*******ын ХААН банкны 5273******* данс, эхнэр С.Должинсүрэнгийн 5093 дансуудад нийт 60,000,000 төгрөг шилжүүлэн өгч байсан.

Д.Э******* бид хоёр гэрээ хийхдээ махны үнэ мөнгийг өгөлцөж, авч тооцоо хийнэ гэж гэрээ хийсэн. Мах буцааж өгч авна гэж гэрээ хийгээгүй. Харин 2023 оны 5 сард харилцан тохирч 1 кг махыг 12,000 төгрөгөөр үнэлж тооцож үлдсэн үлдэгдэл үнийн дүнгээсээ хасч Д.Э*******т 3909.9 тн хонины мах ачиж өгсөн. Д.Э******* нь хот руу борлуулж би өөрөө *******гаа гаргаж авна гэж байсан. ...Д.Э******* нь шөнө оройн цагаар ирж мах ачиж явахдаа хөргүүрийн хаалга эвдсэн, хиллэсэн махныхаа тооцоог гаргаж гэрээ баримт хийлгүй явсан... 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сар хонины махыг хөргүүрт хадгалж, хөргүүрт багтахгүй махыг 4 хүнийг 2 сарын хугацаатай түр ажиллуулан махыг хөрөөдөж, зүсч савлан, хаяг шошго нааж нөөцийн маханд бэлдэж хураасан. Э******* мах маркетын хөргүүрээс 18.808 махыг 2 том амбаартай м*******ин тус бүрд 600,000 төгрөг, 4 хүн грушикээр ажиллуулсан. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс махны хөргүүрийг ажиллуулж тогны мөнгө 916,609 төгрөг төлж байсан. Энэ мэтчилэн зардал их гарсныг үл тоож харанхуйг далимдуулан 3 сар хөлдөөж зардал гаргасныг минь үл тоон, ачсан махыг 02 дугаар сарын 15-ны өдөр надад өгсөн үнээр үнэлж нийт тооцооноос хасна гэж луйвар хийж хүн дээрэлхэж, дарамталж байна...

Одоогийн байдлаар Д.Э*******т 60,000,000 төгрөг дансаар өгсөн. Хонины мах 3909.9кг*12,000 төгрөг=46,918,800 төгрөг, Э*******эд авсан хонины мах 50кг*12,000 төгрөг=600,000 төгрөг, үхрийн гуя 32.6кг*15,500=505,300 төгрөг, 50 ширхэг хонь*250,000 төгрөг=12,500,000 төгрөг, хөргүүрийн хаалга, тээврийн болон ажлын хөлс 2,300,000 төгрөг, нийт 122,824,100 төгрөгийг өгч 15,544,900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү гэв.

,

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-р хуудас/,

-Зохигчийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Мах худалдаж авч өгсөн гэрээний хуулбар гэх гэрээ /хэргийн 7-р хуудас/

-Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 8-р хуудас/

-Хаан банкны шилжүүлэгийн баримтын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-баримтуудын хуулбар болон эх хувь /хэргийн 10-15-р хуудас/,

-Б******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 105 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хэргийн 64-65-р хуудас/

 

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Э******* мах маркетаас мах авч байсан үеийн тэмдэглэл, Эрдэнэбаатарт ачуулсан махны тухайн үед тэмдэглэсэн тэмдэглэл гэх баримт /хэргийн 25-26-р хуудас/,

-Хаан банкны шилжүүлгийн баримтуудын хуулбар /хэргийн 27-31-р хуудас/,

-Д.Б*******ын 5270 дугаартай депозит дансны хуулга /хэргийн 32-р хуудас/,

-Л.Ны тодорхойлолт /хэргийн 33-р хуудас/,

нө М бын 5286 дугаартай депозит дансны хуулга /хэргийн 34-р хуудас/,

-Гэрэл зургууд /хэргийн 35-38-р хуудас/,

-2 дугаартай хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 39-р хуудас/,

-Бараа материалын орлогын баримт /хэргийн 40-43-р хуудас/,

-Төлбөрийн хүсэлтийн хуулбар /хэргийн 44-45-р хуудас/,

-Нөөцийн махны борлуулалтын хуулбар /хэргийн 46-47-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/101 дугаартай захирамж болон хавсралтууд /хэргийн 48-50-р хуудас/,

-Мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулахад хяналт тавих гэрээ /хэргийн 51-54-р хуудас/,

-Ш.Б, Б.О нарын тодорхойлолт /хэргийн 68-69-р хуудас/,

-Б******* аймгийн Х- сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 70-р хуудас/,

-А- ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 71-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 42,351,400 төгрөгийг хангаж, 1,488,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Д.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 138,369,000 төгрөгийн хонь, үхрийн мах зээлээр авсан. Нийт 96,017,000 төгрөгийг авсан. Үлдэх 42,352,000 төгрөг, бензиний мөнгө 1,488,000 төгрөг, м*******ины хөлс 350 нийт 44,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Д.Б******* нь Д.Э*******т нийт 122,824,100 төгрөгийг өгч одоо 15,544,900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Д.Б******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үхрийн 1,087кг мах, хонины 18,805 кг мах худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

4.2.Үхрийн махны үнийг 1 кг-ийг 9,200 төгрөг, хонины махны үнийг 1 кг-ийг 6,800 төгрөгөөр тогтоосон байна. Үхрийн мах 10,000,000 /1,087*9200/ төгрөг, хонины мах 127,874,000 /18,805*6800/ төгрөг болсон ба ачилтын хөлс 495,000 төгрөг нийт 138,369,000 төгрөгийг хариуцагч Д.Б******* 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарт өгөхөөр харилцан тохиролцсон байна.

4.3.Хариуцагч Д.Б******* нэхэмжлэгч Д.Э*******т 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 23,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5270 дугаартай данснаасаа шилжүүлсэн байна.

 

5.Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэгч Д.Э*******т 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт 138,369,000 төгрөг төлөх байсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдааны шатанд гаргасан.

 

6.Нэхэмжлэгч 50 ширхэг хонь 10,000,000 /50*200,000/ төгрөг, 3,475 кг хонины мах 25,466,000 /3,745*6800/ төгрөг, 50 кг хонины мах 340,000 /50*6800/ төгрөг, 23 кг үхрийн мах 211000 /23*9200/ төгрөг болсон тул хариуцагчаас 44,190,000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.

7.Харин хариуцагч 50 ширхэг хонь 12,500,000 /50*250,000/ төгрөг, 3,909,9 кг хонины мах 46,918,800 /3,909,9*12000/ төгрөг, 50 кг хонины мах 600,000 /50*12000/ төгрөг, 32,6 кг үхрийн мах 505,300 /32,6*15500/ төгрөг, хөргүүрийн хаалга эвдсэн тул үнэ 2,300,000 төгрөг нийт 122,824,100 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн үлдэгдэл 15,544,900 төгрөг төлнө гэж махны кг, үнийн дүн дээр зохигч маргадаг.

 

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

9.Зохигчийг хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Д.Э******* нь хариуцагч Д.Б*******аас гэрээний үнийг шаардах эрхтэй.

 

Мөн Д.Э******* гэрээний дагуу Д.Б*******ад үхрийн 1,087кг мах, хонины 18,805 кг махыг тус тус хүлээлгэн өгсөн тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, махны үнийг төлөх үүрэгтэй байна.

 

10.Хариуцагч Д.Б******* гэрээний үнийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах байсан боловч 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг Д.Э*******т шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаандаа төлөөгүй байна.

 

2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл болон энэ өдрөөс хойш Д.Э*******, Д.Б*******ад төлбөрөө төлөхийг олон удаа сануулж, шаардаж, өөрийн биеэр хариуцагчийн оршин суугаа хаягт ирж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

11.Нэхэмжлэгч Д.Э******* Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт /талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Д.Б*******ад үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

 

12.Нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биед байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон *******гийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Д.Э******* гэрээнээс татгалзсан тул Д.Б*******ад өгсөн үхрийн 1,087кг мах, хонины 18,805 кг махыг, Д.Б******* нь Д.Э*******т өгсөн махны үнээ тус тус буцаан авах эрхтэй юм.

 

Биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлж болно гэж хуульд зохицуулсан байна.

 

13.Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Д.Б*******аас 3,745 кг+50 кг =3795 кг хонины мах, 23 кг үхрийн мах авч байгаа нь хариуцагчаас мах худалдан авч байгаа үйл явдал биш харин гэрээнээсээ татгалзаж, түүнд өгсөн махаа буцаан авч байгаа явдал юм. Иймээс махны үнийг зохигчийн хооронд байгуулсан 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнээр тооцох нь хуульд нийцнэ. Буцаан авсан махны үнэ 26,017,600 төгрөг болж байна. 3795кг*6800=25,806,000 төгрөг хонины махны үнэ. 23кг*9200=211,600 төгрөг үхрийн махны үнэ.

 

Хариуцагч дээрхээс өөр махыг биет байдлаар нь нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй байсан тул үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлж байсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 23,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 3,909,9кг мах ачуулсан гэж үүнийгээ нотлохоор хэргийн 26-р хуудсанд авагдсан тоо бичсэн DATE гэсэн бичвэртэй хуудсыг өгсөн. Энэхүү баримтыг шүүх хуралдаанд судлуулсан. Энэхүү баримтанд 3,909,9*12,000 нийт 46,918,800 гэж бичсэн байгаа боловч цаасны баруун дунд хэсэгт 3,745,000 гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч 156 кг авах аваагүй гэх тайлбарыг гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн 3,745 кг махыг нэхэмжлэгч авсан гэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн.

 

14.Нэхэмжлэгч хариуцагчаас 50 ширхэг хонь /50*200,000/ 10,000,000 төгрөгт тооцон авсан гэж, хариуцагч би айлаас хонь 200,000 төгрөгөөр худалдан авч 250,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан тул 12,500,000 төгрөгөөр нэхэмжлэгчид тооцон өгсөн гэж маргаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчид нэг хонийг 250,000 төгрөгөөр худалдан борлуулж, төлөх ёстой байсан төлбөрөөсөө 12,500,000 төгрөг хасуулсан гэдгээ нотолж чадаагүй. Харин хариуцагч 50 ширхэг хонь айлаас 200,000 төгрөгөөр авсан гэж, нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан хонь бүгд эр хонь байгаагүй бүх насны хонь байсан гэж тайлбарласан зэргийг дүгнэхэд 50 ширхэг хонийг 10,000,000 төгрөгт тохиролцож авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч хэрэгт өгөөгүй болно.

 

15.Нэхэмжлэгч хариуцагчаас бензиний үнэ 1,488,000 төгрөг, ажлын хөлс 350,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэхүү шаардлага нь хэрэгт авагдсан Eбаримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас бензиний зардал болон ажлын хөлс нийт 1,838,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэж байна.

 

16.хариуцагч Д.Б******* нь шүүх хуралдааны шатанд Д.Э*******аас авсан махыг олон сар хөргүүрт хадгалахад тогны зардал гарсан, 3 сард мах гэсэх үед махыг зүсэж, ууталж, савлахад хүн авч ажиллуулсан гэх тайлбарыг гаргасан боловч эдгээр зардлыг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

17.Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул хариуцагчаас 42,351,400 /138,369,000-60,000,000-26,017,600-10,000,000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,838,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,900 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 369,707 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б*******аас 42,351,400 /дөчин хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,838,000 /нэг сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,900 /гурван зуун далан найман мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 369,707 /гурван зуун жаран есөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР