Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0562

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 09 өдөр                   Дугаар 221/МА2017/0562                          Улаанбаатар хот

        

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ж.*******ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ж.*******ийн ажилгүй байсан хугацааны олговор 4 457 318 /дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга гурван зуун арван найман/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33,5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай” гэжээ.

Анхан шатны шүүх Ж.*******ийн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасан нь ойлгомжгүй байна.

Учир нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр хэвээр байхад Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу “Газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан. Энэ тушаалын хавсралтаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтэс 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан. Иймд Ж.*******ийг цаашид ажиллуулах боломжгүй болж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дугаартай шийдвэрээр Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг даалгасан нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ... Ж.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай гэснийг, мөн тогтоох хэсгийн 2 дахь болон 3 дахь заалтыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.*******ийг Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “... хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулаагүй, өөрт таалагдсан хүмүүсээ авсан, ... ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн ...” гэж маргаж, “дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон нь яг ямар албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч ямар албан тушаалыг дүйцсэн гэж үзэж, томилох нь тодорхойгүй нөхцөл үүссэн байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах нэмэгдэл баталгаанд “дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах” гэх баталгаа байхгүй, харин “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” баталгаагаар хангагдахаар зохицуулсан.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тооны хязгаарыг 35 байхаар тогтоосны дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан ...” гэж маргаж байх тул нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар урьд нь ямар бүтэц, орон тоотой байж байгаад одоо ямар болж, хэрхэн өөрчлөгдсөн болох, хэдэн орон тоо хасагдсан талаарх нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дараа хариуцагч нийт хэдэн албан хаагчийг ажлаас чөлөөлж, ямар, ямар албан хаагчийг буцаан томилсон болох, албан хаагчдыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулснаар хариуцагчийн үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасантай нийцсэн эсэх, нэхэмжлэгч Ж.******* нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

Хэрэгт нэхэмжлэгчийн эрхэлж байсан хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг хуваан хариуцуулсан гэх Мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, Хууль, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, Төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтний 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө дээрх чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг мөн нотлох баримтаар авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэргээс давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН