Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,

улсын яллагч П.Болормаа,

шинжээч эмч Т.Сэлэнгэ, М.Туяа,

гэрч Б.Уранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туул,

шүүгдэгч Б.Тэрбиш, түүний өмгөөлөгчид Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0362), Ц.Раашзэвэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0634) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Балжиннямын Тэрбишийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010139 дугаартай, 2 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Балжиннямын Тэрбиш, Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШЖ69032475.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Тэрбиш нь согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-8 тоот хашаанд хохирогч Г.Жаргалсайханыг “чи миний гар утсыг авсан байна” гэж үл ялих зүйлээр шалтаглан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж бие махбодид нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайн цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, зодож танхайран санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Тэрбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр...намайг тосож ав гэж хэлэхээр нь би гэртээ гал түлчихээд хэвтэж байгаад унтсан байсан. Гэтэл намайг унтаж байхад манай гэрт хүн орж гараад байхаар нь эхнэрээ ирсэн байна гэж бодоод сэрсэн чинь эхнэр ирээгүй...цаг харсан чинь 21-22 цаг болох гэж байсан. Эхнэр ирэхгүй удаад байхаар нь эхнэр рүүгээ залгах гээд утсаа хайсан чинь миний утас алга болсон байсан. ...би Жаргалсайхан ахын гэрт ороод та миний утсыг хулгайлаад авсан юм уу, би эхнэр рүүгээ утсаар ярих гэсэн чинь алга болсон байна гэхэд Жаргалсайхан ах би чиний утсыг аваагүй, мөн танай гэр рүү ороогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та манай гэр рүү орж гарсан юм биш үү, намайг унтаж байхад гэрийн хаалга дуугараад байсан гэж хэлэхэд Жаргалсайхан ах би чамайг байгаа эсэхийг мэдэх гэж очсон чинь гэр чинь цоожтой байхаар нь буцаад явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Жаргалсайхан ахыг та битгий худлаа яриад бай. Энэ хашаан дотор та бид хоёроос өөр хүн алга байна. Та манай гэрт орж миний утсыг авсан байна, утас өгчих, манай эхнэр ирэхгүй сэтгэл зовоод байна гэж хэлсэн. Гэтэл Жаргалсайхан ах чиний тэр гичий ирнэ үү, байна уу надад ямар хамаатай юм гэхээр нь би таныг цагдаа дуудаж өгнө. Энэ хашаанд бид хоёроос өөр хүн байхгүй шүү гэж би хэлчихээд буцаад Жаргалсайхан ахын гэрээс гараад явсан. Тэгээд машинаас асаагуурын гэрэл аваад буцаад Жаргалсайхан ахын гэрт ороход Жаргалсайхан гэрийнхээ зүүн талд зуухны хажууд сууж байсан. Тэгэхээр нь би гэрийн баруун талаар тойроод хоймрын орон дээр нь очоод хөнжлийг нь татсан чинь миний гар утас байсан. Тэгээд утсаа аваад та миний гар утсыг аваагүй гээд байсан авсан байна. Таныг ах дүү нарт чинь хэлнэ шүү, таныг хэн харж үзэж байгаа гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлчихээд гэрээс гарах гээд явж байхад талийгаач Жаргалсайхан гартаа нэг зүйл барьсан намайг цохиж, над руу дайрсан. Тэгэхээр нь би намайг цохисон зүйлийг нь булаацалдаж гэрээс нь гарч ирээд талийгаачийн гартаа барьсан зүйлийг нь булааж аваад хөл рүү нь цохисон байсан. Тэгээд энэ хэрэг болоод дууссан хойно хашааны гадна машин ирээд зогссон чинь манай эхнэр байсан. Тэгээд манай эхнэр юу болоод байгаа юм бэ гэхээр нь Жаргалсайхан ах миний гар утсыг хулгайлсан байсан, утсаа авах гэж орж ирээд ноцолдож байгаад ийм зүйл болсон гэж хэлэхэд манай эхнэр намайг гэртээ ороод байж бай гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Жаргалсайхан ахыг гэрт нь оруулсан...хөлнөөс нь цус гараад байна. Намайг ороод хараадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утасны гэрэл тусгаад Жаргалсайхан ахын гэрт ороход өвдөгөөс нь цус гарсан, өмд нь цоорсон...таны бие зүгээр үү гэхэд юу хуцаад байгаа юм гэж...би Жаргалсайхан ахыг согтуу байгаа юм байна гэж бодоод ямар нэг зүйл хэлээгүй гэрээс нь гараад Нандинцэцэгт түргэн тусламж дуудаж өгье...гэтэл Нандинцэцэг түргэн тусламж дуудаад хэрэггүй. Харин Туул эгчид хэлье гэж хэлсэн. Тэгээд Нандинцэцэг намайг явж бай, Жаргалсайханы ах дүү нар ирж байгаа. Одоо бөөн хэрүүл болно. Маргааш гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн...би гэрээсээ явсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Нандинцэцэг над руу утасдаад Жаргалсайхан ах, Б.Тэрбиш хоёр архи уусан зодолдоод байна гэж хэлэхэд нь би яагаад зодолддог юм бэ, чи саяхан Жаргалсайханыг Б.Тэрбишээр өмдөө татуулах гээд байсан гэж хэлсэн биз дээ. Өмдөө татаж чадахгүй хүн яахаараа хүнтэй зодолддог юм бэ гэж хэлэхэд Нандинцэцэг утсаа салгасан. Нандинцэцэгтэй яриад 10 минут болоогүй байхад манай том ахын эхнэр утсаар залгаад Б.Тэрбиш Жаргалсайханыг цустай нь хольсон байна, очиж авахгүй бол болохгүй. Өлзийжаргалын машинаар очиж авъя, танайд хүн байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.Сэлэнгэ эгчийн хоёр залуу болох Гүррагчаа, Бямбасүрэн, Чинбат гурвыг очоод Жаргалсайханыг аваад ир гэж явуулсан. Тэд удалгүй Жаргалсайханыг хөнжил дээр тэгнэсэн байдлаар авчирсан. Жаргалсайханы энэ тэндээс нь цус гараад байсан. Тэгээд би талийгаачаас чи Б.Тэрбишийн утсыг авсан юм уу, архи дарс уусан юм уу гэж асуухад Жаргалсайхан архи уугаагүй. Харин Нандинцэцэгийг ирсэн эсэхийг мэдэх гэж Б.Тэрбишийн хаалгыг татаж үзсэн. Б.Тэрбиш орон дээрээ унтаж байхаар нь буцаад гараад явсан. Гэтэл удаагүй Б.Тэрбиш гэрт орж ирээд утас, машины түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд миний зүүн гарыг сойсон байсан зузаан резенээр намайг оосорлож гэрээс гаргаж байгаад зодсон. ...Тухайн үед Б.Тэрбиш нь зугтаагаад явсан. Архи уудаг, хог түүдэг хүн байлаа ч, хүн ш дээ. ...Тухайн үед Өлзий ах ирсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Талийгаач өмдөндөө бие зассан байхаар нь солих гэсэн чинь түргэний эмч битгий соль, наад хүн чинь гадаа нилээн байсан байна. Мөн хөлдөнгөтэй байна гэж хэлээд аваад явсан. Тэгээд талийгаачийг эмнэлэгт хүргэж өгчихөөд гэртээ ирээд хоол, цай хийх гээд байж байсан чинь утас дуугараад нас барсан гэх дуудлага ирсэн. Бид нар эхээс 9-лээ, одоо 8-лаа үлдсэн. Тийм учраас маш их гомдолтой байна. Тухайн үед ах дүүсийн дунд хэрүүл маргаан байсан боловч бие биедээ хайргүй байна гэж байхгүй. Тэр тусмаа талийгаачид маш их хайртай байсан. Сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч Ө.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би нөхөр Б.Тэрбишийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 08 тоотод амьдардаг. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу хоёр дахь өдөр “Нарантуул” зах амардаг тул нөхөр Б.Тэрбиш гэртээ үлдээд би Толгойтод байх хүүхдүүд дээрээ байсан. Би Толгойтод байж байгаад орой 22 цагийн орчим гэртээ ирэхэд..гэр, байшин хоёрын дунд манай нөхөр Б.Тэрбиш зогсчихсон, хажууд нь газар Жаргалсайхан ах суучихсан хоорондоо хэрэлдээд...байсан. Тухайн үед Б.Тэрбиш талийгаач Жаргалсайханд “та миний утсыг гаргаад өгчих” гэж хэлсэн чинь талийгаач “би утсыг чинь аваагүй” гээд маргаад байхаар нь би “юун утас яриад байгаа юм бэ” гэж асуухад Тэрбиш “гэртээ унтаж байхад гэрийн хаалга онгойлгож хүн орж ирээд гарах шиг болохоор нь чамайг ирж байна гэж бодсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би утсаа аваад чам руу залгах гэтэл утас байхгүй байсан. Тэгээд би Жаргалсайхан ахаас гар утсаа асуутал би танайд орох нь орсон, гэхдээ би утсыг чинь аваагүй гэж...хэлсэн гэсэн.”

Тэр үед Б.Тэрбиш их уурлачихсан байсан бөгөөд талийгаачийн баруун талынх нь гарнаас цус гарч харагдахаар нь алив бос даарчихлаа гэртээ ор гэж хэлтэл тэрээр хөл болохгүй босч чадахгүй байна гэхээр нь би өөрийн том хүү Тэгшбуян, дүү Ганхуяг хоёрыг дуудаж өргүүлээд талийгаачийг гэрт нь оруулж...өгсөн. Тэгээд би Б.Тэрбишийн гар утсыг гадуур хайсан боловч олохгүй болохоор нь тэр хоёрын байсан газар очоод хайтал гар утас нь цасан дотор хэвтэж байсан. Би Б.Тэрбишийн утсыг нь олчихоод гэртээ нууцаар оруулж тавиад түүнд “утас чинь энэ л байна ш дээ, юмаа сайн үзэхэд яадаг юм” гэж хэлтэл тэрээр “утсаа барьж үзсэнээ үгүй энэ утас хүйтэн байна, хэрэв гэрт байвал ийм хүйтэн байх ёсгүй” гэж хэлсэн байсан.

Би дахиад талийгаачийн гэрт ороод “та яаж байна” гэж асуухад “хөл өвдөөд байна” гэж хэлсэн, мөн баруун талынх нь гарнаас цус гараад байхаар нь гар нүүрийн алчуураар гарыг нь боож өгөөд хот руу ах дүү нар луугаа утсаар залгаж хэлсэн. ...Тухайн үед Б.Тэрбиш жаахан архи уучихсан бага зэрэг халамцуу байсан бөгөөд танайхан ирж байгаа юм бол би явлаа гэж хэлээд машинаа асаагаад хашааны хаалгаар гараад явсан. Намайг гэртээ ирэхэд Б.Тэрбишийн нүүр аманд ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харин талийгаачийн баруун талын гарны тохойноос дээш булчингаас болон баруун талын хөлний өвдөгний доод хэсгээс цус гарч байсан. Мөн талийгаачийн хамар цус болсон харагдсан ба өөрийн өмсдөг куртикээ доороо хийгээд газар суучихсан байсан. Талийгаач надад юунаас болсон талаар тодорхой зүйл хэлээгүй. Харин Б.Тэрбиш хэлэхдээ гар утас авсан, аваагүй гэж хэрэлдэж байтал талийгаач миний араас төмөр бариад цохих гэхээр нь би тэр төмрийг нь аваад нэг удаа цохисон гэж хэлсэн. Талийгаач нь миний эцгийн төрсөн дүү, миний авга ах,...талийгаач одоогоос 4 жилийн өмнө байх...цус харваад өрөөсөн тал нь мэдээгүй болчихсон. Түүнээс хойш энэ тэнд унаж татаж байна гэж их сонсогдох болсон. Жаргалсайхан ах манай хашаанд 2015 оны 8 дугаар сарын дунд үеэс гэр барьж амьдрах болсон. Нөхөр бид хоёр талийгаачийг Багануурт хэцүү байгаад байхаар нь авчирсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32, 33),

2. Насанд хүрээгүй гэрч Б.Тэгшбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21-22 цагийн үед...ээж Нандинцэцэг, ээжийн дүү Ө.Ганхуяг ах бид гурав хашаанд ороход байшингийн урд талд Б.Тэрбиш, Г.Жаргалсайхан хоёр байж байсан. Жаргалсайхан ах газар хэвтчихсэн, Б.Тэрбиш хажууд нь зогсож байсан. ...Жаргалсайхан ахыг Ганхуяг ах бид хоёр суган доогуур нь гараа оруулж байгаад чирээд гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлсэн. Тухайн үед Жаргалсайхан ахаас та яаж байна гэж асуухад, хөл жаахан өвдөөд байна, зүгээр гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 30, 31),

3. Гэрч Ө.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 13-ны орой эгч Ө.Нандинцэцэг “Баруун туруун луу хүргүүлнэ шүү” гэж утсаар ярихаар нь орой 22 цагийн үед “Толгойт”-д байх аавын гэрт очиж эгчийг түүний хүү Тэгшбуянгийн хамт аваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 08 тоотод гэрт нь хүргэж өгч буулгасан. Эгчийг үүдэнд нь буулгаж өгөөд Тэгшбуян надтай хамт хөдөө явна гэж байсан болохоор гэр лүүгээ ороод юм аваад гараад ирье гэж хэлээд ээжтэйгээ хамт орсон. Тэгтэл 20 орчим минутын дараа Тэгшбуян гарч ирээд намайг дуудаад “ороод ир” гэж хэлэхээр нь “юу болов” гэхэд Жаргалсайхан ах босохгүй байна. Тэрбиш ахтай муудалцаад байна гэж хэлэхээр нь би машинаас буугаад хашаанд нь ортол хашааны үүдэн хэсэгт Жаргалсайхан газар хэвтсэн байдалтай, Тэрбиш хажууд нь дээл нөмөрчихсөн зогсож байсан, намайг хараад Тэрбиш цаашаа яваад гэр лүүгээ орсон. Нандинцэцэг Жаргалсайхан ахын хажууд зогсож байсан. Би Тэгшбуянтай нийлээд гадаа хүйтэн байна даарчихлаа гээд Жаргалсайхан ахыг цээж, хөлнөөс нь дамнаж өргөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлээд юмаар хучаад би Тэгшбуянтай хамт гараад шууд хөдөө явсан. …Жаргалсайхан ах надад Тэрбиш намайг гар утас авлаа гэж арматурын төмрөөр зодсон гэж хэлсэн. ...Би Тэрбишийн гэрт нь явж ороод юу болсон талаар асуухад Тэрбиш надад ахынх нь гар утас алга болоод Жаргалсайхан авчихсан болохоор нь би зодчихлоо гэж хэлсэн. ...Жаргалсайхан архи уугаагүй байсан, архи үнэртээгүй. Тэрбиш архи уучихсан...халамцуу байдалтай байсан. Жаргалсайхан ах тэр үед гар, хөл өвдөж байна гэж хэлж байсан, хугарсан гэж хэлээгүй. Гадаа харанхуй гэгээ тасарсан байсан, Жаргалсайханы гэр нь гэрэлгүй харанхуй байсан болохоор би нүүр зүс царайг нь сайн анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 221),

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулын мөрдөн байцаалтад өгсөн:

- “...2016 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад...манай ахын охин Ө.Нандинцэцэг над руу утсаар залгаад “Жаргалсайхан ах, Тэрбиш хоёр архи уучихсан зодолдоод байна” гэж хэлэхээр нь “наад хоёр чинь юу боллоо гэж зодолдож байдаг юм бэ, архи ууцгаасан юм уу, Жаргалсайхан чинь бараг өмдөө татаж чадахгүй байж” гэж хэлтэл Нандинцэцэг утсаа салгасан.

Түүнээс хойш 10-аад минутын дараа Нандинцэцэгийн ээж Бум-Эрдэнэ над руу залгаад “Тэрбиш нь Жаргалсайханыг цустай нь хутгаад хаясан цус нь тогтохгүй байна гэнэ, хот руу авч ирэхгүй бол болохгүй юм шиг байна, танайд явах хүн байна уу гэж утсаар яриад байж байтал...том ах Өлзийжаргал ганцаараа машинаа бариад манай гэрт ирсэн. Тэр үед манай гэрт эгчийн хоёр хүүхэд болох Бямбасүрэн, Гүррагчаа, дүү Энхжаргал нар байсан учир ах Өлзийжаргалыг гэрт үлдээгээд тэр гурвыг Тэрбишийн гэр лүү явуулж Жаргалсайханыг очиж авчруулсан. Манай гэрт Жаргалсайханыг ирэхэд түүний зүүн талын гар болон баруун талын хөл нь хугараад эргэчихсэн, гар, хөлнөөс нь цус гарч байсан. Тэр үед би Жаргалсайханаас юу болсон талаар асуухад “би Нандинцэцэгийг байгаа эсэхийг харахаар Тэрбишийн байшингийн хаалгаар шагайхад тэрээр гэртээ байхгүй, харин Тэрбиш орон дээр хэвтэж байхаар нь буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал Тэрбиш араас орж ирээд “гар утас, машины түлхүүр хаана байна” гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл гэрээс чирч гаргаад арматурын төмрөөр зодсон...” гэж надад хэлсэн...Жаргалсайханыг манай гэрт 23 цаг 40 минутын орчим авчирсан ба 5 минут болоогүй түргэн ирээд аваад явсан...эмч нар бидэнд хэлэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 50 минутад Жаргалсайханыг нас барсан гэж хэлсэн. 

…Бид нар эхээс есүүлээ, талийгаач манай 5 дахь хүүхэд...талийгаач маань 2013 онд тал цус харваад биеийнх нь зүүн тал тэр чигээрээ мэдээгүй болчихсон, группэд 75 хувьтай гарсан байсан. Үе үе татдаг, баг зэрэг даралт ихсэх, багасах асуудал байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26, 27),

- “....Тэрбиш нь миний төрсөн ах Г.Өлзийжаргалын охин Ө.Нандинцэцэгийн нөхөр байгаа юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28),

- “…Миний хувьд оршуулгын зардлын үлдэгдэл болох 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 186),

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 164),

5. Гэрч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Ө.Нандинцэцэг миний төрсөн охин, Г.Жаргалсайхан миний төрсөн дүү, Б.Тэрбиш миний төрсөн охин болох Ө.Нандинцэцэгтэй гэр бүл болсон хамтран амьдрагч нь байгаа юм. …2016 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө манай хөгшин болох Бум-Эрдэнэ бид хоёрыг байж байхад 23 цагийн орчим төрсөн дүү Туул над руу утсаар яриад “Тэрбиш, Жаргалсайханыг зодсон байна, та машинаа аваад ирээч” гэж ярихаар нь би машинаа асаагаад ганцаараа...Туулын гэрт очоод машинаа дүүгийнхээ хүүхэд болох Гүррагчаад өгөөд Бямбасүрэн, Чинбат нарын хамт Тэрбишийн гэр лүү явуулсан. 30-40 минутын дараа тэр гурав Жаргалсайханыг  аваад Туулын гэрт ирсэн ба өмсөж байсан хувцастай нь хөнжилд ороож боогоод дамжлаад өргөөд оруулж ирсэн. Тухайн үед Жаргалсайханы гар, хөл нь цус болчихсон, хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ...Жаргалсайхан тэр үед надад “намайг Тэрбиш гар утас, машины түлхүүр хулгай хийлээ гэх шалтгаанаар төмрөөр цохиж зодсон” гэж хэлэхээр нь би “машины түлхүүр, гар утсыг нь авсан юм уу” гэж асуухад “би яалаа гэж авах юм, аваагүй байхад зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 219),

6. Гэрч Э.Гүррагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр...23 цаг өнгөрч байхад би төрсөн дүү Бямбасүрэн, ээжийн бага дүү Чинбат нарын хамт Тэрбишийнд очиход Жаргалсайхан гэрийнхээ хойд орон дээрээ ганцаараа нилээн зодуулчихсан байдалтай баруун, зүүн гар хөлнөөс нь цус гарчихсан, хөдөлж болохгүй өвдөөд байна гэсэн сууж байсан. Харанхуй тоггүй байсан учраас утасныхаа гэрэл тусгаж харчихаад хурдхан аваад явъя гээд хөнжил дээр нь хэвтүүлээд дамжилж машинд суулгаад Туул эгчийн гэрт очсон. Гэрт оруулаад харахад хөл гарнаас нь цус их гараад байхаар нь хөдөлгөөд яахав гэж бодоод шууд түргэн дуудаад үзүүлсэн чинь нилээн зодуулсан байна, хөл гар нь хугарсан байна, нэг юмаар хатгасан байна гээд аваад явсан. …анх очоод юу болсон талаар асуухад Жаргалсайхан ах хэлэхдээ “Тэрбиш намайг миний машины түлхүүр, гар утас хоёр алга байна чи авсан” гэх шалтгаанаар цохиж зодсон, зодохдоо арматурын төмрөөр болон дэгээ төмрөөр зодсон, гэрээс чирч гаргаад зодсон, өөр хүн зодоогүй гэж хэлж байсан. Тэрбишийг архи уусан согтуу байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 184),

7. Гэрч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Жаргалсайхан ахын гэр лүү Гүррагчаа, Чинбат ах нартай хамт...шөнө 23 цагийн орчим очиход...Жаргалсайхан ах гэрийнхээ хойд орон дээр зодуулчихсан, зүүн талын харвасан мэдээгүй талын гар нь эргэчихсэн хугарсан, баруун хөлний шилбэнээс нь цус гараад тогтохгүй хугарсан хөдөлж болохгүй байдалтай байсан... Тухайн үед Жаргалсайхан ах, Нандинцэцэг нар архи уугаагүй эрүүл байсан. Нандинцэцэг надад хэлэхдээ Тэрбишийг архи уусан байсан гэж хэлсэн. Гэрт нь Нандинцэцэг, Жаргалсайхан нараас өөр хүн байгаагүй, Тэрбиш машинаа унаад бид нарыг ирэхээс өмнө...явсан гэж хэлсэн. …Жаргалсайхан ахтай уулзсан чинь “Тэрбиш гар утас авлаа гэх шалтгаанаар гэрээс чирч гаргаад гадаа арматурын төмрөөр зодсон, чамайг тамлаж ална” гэж заналхийлж зодсон гэсэн. Зодуулчихаад цаг гаруй гадаа цасан дээр...хэвтсэн...Тэрбишийг архи уусан согтуу байсан гэж хэлж байсан. ...Жаргалсайхан ах өөрөө бие муутай архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185),

8. Гэрч Г.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Жаргалсайхан миний төрсөн ах, Тэрбиш нь миний төрсөн ах Өлзийжаргалын охин Нандинцэцэгийн хамтран амьдрагч. Миний албан ёсны нэр Готовдоржийн Чинбат, манай гэр бүл, ах дүүс багаас минь Энхжаргал гэж дууддаг. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бага наранд төрсөн эгч Туулын гэрт байхад Туул эгчийн утас руу Нандинцэцэг залгаад “Тэрбиш Жаргалсайхан ахыг зодоод цус нөжтэй нь холиод хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Туул эгч Өлзийжаргал ах руу яриад Өлзийжаргал ах машинтайгаа ирээд, Өлзийжаргал ахын машиныг манай эгчийн хүүхэд Гүррагчаа, Бямбасүрэн бид 3 аваад Баруун туруун руу Тэрбишийнх руу явсан. Хашаанд нь ороход Нандинцэцэг ганцаараа хашаандаа зогсож байсан ба Тэрбиш байхгүй байсан. Жаргалсайхан ахын гэрт ороход тэрээр гэрийнхээ хойморт байх орон дээрээ цусаа гоожуулчихсан нилээд зодуулсан шинжтэй ганцаараа байж байсан. Жаргалсайхан тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Хөл, гар нь ямар ч хөдөлгөөнгүй болсон ёолоод л байсан. Яав, юу болов гэж асуухад Тэрбиш намайг зодчихлоо гэж хэлсэн. ....Тухайн үед Жаргалсайхан ахын хөл, гар нь хугараад эргэчихсэн, яс нь цоороод арьсанд нь нүх гарчихсан, тэр нүхээр нь цус гоожоод тогтохгүй байсан. Тэрбиш намайг ийм болтол зодчихлоо гэж хэлээд ёолоод байсан. Жаргалсайхан ахын тухайд бол бие муутай, биеийн тал хэсэг нь мэдээгүй 70 хувийн групптэй хүн байсан. Хүний өмнөөс зодолдож ноцолдоод эсэргүүцэл үзүүлж чадахгүй, өөрийгөө л үлгэн салган авч явдаг байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 46-47),

9. Гэрч Ж.Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач Жаргалсайханы хүүхэд байгаа юм. Би айлын хамгийн том охин нь, би дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. ...Аав маань 2012 онд харваад групп тогтоолгож гэртээ байх болсон. ...Аавын зүүн тал нь мэдээгүй зүүн талынх нь гар, хөл муу байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 40),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн хэргийн хавтаст материалын 340 тоот 3 шинжээчийн дүгнэлт

“...С-184 тоот эд эсийн шинжилгээг дахин харуулахад

Тархи: эс ба судас тойрсон нейроны гүн тэжээл хувирал, эдийн бичил судсууд авчмал эдэд олон тооны гипокси биенцэрүүд үүссэн. 1 зүслэгт зөөлөн бүрхүүл өөмөгшиж зузаарсан аалзан бүрхүүл доор гемосидрен хуримтлагдсан лимфоцит давамгайлсан холимог эдийн нэвчдэстэй энэ хэсгийн тархины эд зөөлөрч сиймгэр болсон гли эсийн олшролтой зөөлөн бүрхүүлийн судасны хана зузаан Дүгнэлт: тархины эдийн голомтлог зөөлрөл /маляция/ зөөлөн бүрхүүлийн зузаарал гемосидрон хуримтлал, хаван цусны эргэлтийн хямрал, зөөлөн бүрхүүлийн судас хатуурал, архаг хүчилтөрөгчийн дутагдал.

Уушиг: цулцангийн авчилт тэлэлт, зарим цулцангийн хөндийд гемосидрофагтай, заримд нь улаан эс нэвчсэн, бронх тойрсон сийрэг үрэвсэлтэй, зарим бронхын хөдийд эпител гуужсан салс болон эсүүдийн холимог масстай зарим цулцангийн ханын капилярт дугуй болон зууван хэлбэрийн өөхөн дуслуудтай. Артероскелероз. Дүгнэлт өөхөн бөглөөдөс гемосидерфаг артероскелероз...ДҮГНЭЛТ

1.Талийгаач Г.Жаргалсайханы цогцост баруун шилбэ тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...

3. Талийгаач Г.Жаргалсайхан нь баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарлын улмаас уушигны судас өөхөн бөглөөдсөөр бөглөрснөөс нас баржээ.

4.Талийгаач тархины эдийн голомтлог зөөлрөл, зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хатуурал бүхий архаг өвчтэй байсан ба үхэлд нөлөөлөөгүй болно.

5.Шинжээч эмчийн 2016.02.19-ний өдрийн 189 тоот дүгнэлтийн 1,4-р хариулт үндэслэлгүй байна. Шинжээч эмч А.Амгаланболд, М.Энхтайван, М.Золжаргал (1 хавтаст хэргийн 55-57),

11. Шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтад өгсөн:

-“…Дүгнэлтээр цогцост баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацар, зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн үхэлд хүргэсэн шалтгаан нь баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарлын улмаас уушигны судас өөхөн бөглөөдсөөр бөглөрснөөс болж нас барсан. Яагаад энэ дүгнэлтэд хүрсэн гэхээр С-184 тоот эд эсийн шинжилгээг дахин гаргуулахад уушгинд өөхөн бөглөөдсүүд илэрсэний улмаас үхлийн шалтгаан гэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43, 44),

- “…Би шинжээч эмч М.Энхтайван, М.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 340 тоот дүгнэлтийг...ахалж гаргасан. Уг дүгнэлтийн сүүлийн хуудсанд буюу дүгнэлт хэсгийн 5 дахь заалтанд өмнөх шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 184 тоот дүгнэлтийг 189 гэж андуурч бичсэн байна лээ. Санаатай буруу бичсэн зүйлгүй. …” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 233),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн хэргийн хавтаст материалын 569 тоот 5 шинжээчийн дүгнэлт

“...2/. Эд эсийн шинжилгээ 184 тоот материалыг дахин уншуулсан хариуд:

Зүрх, уушиг, элэг, тархи- Суданаар будуулахаар өгөв. Судсанд байгаа биетүүд

Тархи: эс тойрсон зай өргөссөн. Судсууд цус дүүрэлттэй. Зарим талбайд тархины эд сиймгэр бүтэцтэй болсон, нэг дор олон судасжилт үүссэн. Зөөлөн бүрхүүл зузаарсан, хэсэг талбайд тархины эдэд зөөлөрсөн голомттой. Соривжсон. Гемосидероз үүссэн, няцралын сорвижсон голомттой.

Уушиг: цулцангууд хавангийн шингэнтэй, зарим судас тромбожсон, ихэнх цулцан авчиж зарим нь тэлсэн. Зарим бронх тахиралдсан. Агшсан....ДҮГНЭЛТ.

1. Г.Жаргалсайханы бие цогцост баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...

3. Г.Жаргалсайхан нь баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтлийн хүндрэл уушигны судас тромбоор бөлөрсний улмаас нас баржээ.

4. Тархины эдийн голомтлог зөөлрөл, зүрхний булчингийн эмгэгшил бүхий архаг өвчтэй байгаа нь үхэлд нөлөөлөөгүй байна.

5. Урьд хэргийн материалаар гарсан 340 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” Шинжээч эмч Б.Ундармаа, С.Одончимэг, М.Отгонбаатар, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Ханхүү (1 хавтаст хэргийн 198-200),

- Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 569 тоот дүгнэлтийг 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр, санал нэгтэйгээр гаргаж, миний бие ахлах эмчээр нь оролцсон. ...Урьд хэргийн материалаар гаргасан 340 тоот дүгнэлт үндэслэлтэй ба шинжээч эмч нар санал нэгтэйгээр гаргасан. ...шинжээч эмч Н.Туяагийн 184 тоот дүгнэлтэд дурдсан талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн баруун тал бөмбөлөгийн тархины идээт үрэвслийн улмаас нас баржээ гэснийг тодруулахаар эд эсийн шинжилгээ давтан харуулахад тархины идээт үрэвсэл нь тогтоогдоогүй, илрээгүй болно...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 203, 204), 

 

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 991 дүгээр 5 шинжээчийн дүгнэлт

“...1.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 85 см урттай арматур төмрийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг үзүүр нь бариул хэлбэртэй болгосон дэгээ төмрийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

2. Гэмтлүүдийг хэвтээ болон босоо байрлалын аль алинд авах боломжтой.

3. Талийгаачийн биед учирсан баруун шилбэний шаант яс, зүүн гарын атгаал ясны ил хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөлийн тахилзуур ясны ил хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн биед учирсан бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” шинжээч эмч Т.Амартүвшин, М.Энхбаяр, Г.Ханхүү, Ц.Оюун-Эрдэнэ, М.Отгонбаатар (1 хавтаст хэргийн 225-227),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийгдсэн 1206 тоот 7 шинжээчийн дүгнэлт

“...С184 /16г/ 3 шил, 8 блок эдийг харав...

Уушиг- Цулцан хоорондын таславч нимгэн цулцангууд авчиж тэлсэн, ихэнх цулцангийн хөндийнүүдэд гемосидерофаг эсүүд үүссэн, цулцангийн ханын цусны судсууд тэлсэн, зөв дугираг хэлбэрийн хоосовч хэлбэртэй болсон /өөхөн эмболи/ харагдах ба10-н өсөлтөд харах талбайд 4-8 харагдан, зарим капилляр судсуудад улаан эсийн тромботой, венийн судсууд тэлж саажсан, бронхын хучуур намссан. Дүгнэлт Уушигны өөхөн эмболи. ...Тархи- Нейроны тэжээл хувирал, тархины эдийн голомтлог зөөлрөл, гемосидероз, архаг үрэввсэл, эс ба судас тойрсон хаван. ...ДҮГНЭЛТ 

1. ШШҮХ-н ШЭХШ-н шинжээч эмч Н.Туяагийн 2016.02.19-ний өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, шинжээч эмч А.Амгаланболд, М.Энхтайван, М.Золжаргал нарын 2016.03.28-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт, тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ундармаа, С.Одончимэг, шинжээч эмч М.Отгонбаатар, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Ханхүү нарын 2016.06.02-ны 569 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Амь хохирогч Г.Жаргалсайханы цогцсонд баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирчээ...

4. Талийгаачид үүссэн баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал нь уушигны судас өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэжээ.

5. Талийгаач нь судас хатуурал, зүрхний цус хомсрох архаг өвчин, тархины цус харвалтын дараах тархи зөөлрөлийн голомттой байх ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна...” Шинжээч эмч С.Чулуунсүх, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Г.Энхбаатар, Ж.Ганцэнгэл, Ц.Ганболд, Т.Чимэд-Очир (2 хавтаст хэргийн 14-16),

- Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “…Амь хохирогч Г.Жаргалсайханы цогцсонд баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацар зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирсан ба амь хохирогчийн биед үүссэн баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал нь уушигны судас өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэсэн болох нь тогтоогдсон. …Уушигны судас өөхөн бөглөөдсөөр бөглөрч үхэлд хүргэсэн шалтгаан нь баруун шаант, тахилзуур яс, зүүн атгаал ясны ил хугарал зэрэг чөмөгт яснуудын хугарлын улмаас өөхны эд, чөмөгний эд хураагуур судсанд орж улмаар уушигны судсыг бөглөж үхэлд хүргэсэн байна. Өөхөн бөглөөдөс үүсгэснийг харуулсан эд эсийн шинжилгээний зургийг дүгнэлтэд хавсаргасан болно. …” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 20, 21),

           

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 468 тоот 7 шинжээчийн дүгнэлт

“...2/. Гэмтэл Согог судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхээс...Өвчний түүхийн №14043. Эмнэлэгт хэвтсэн -2016.01.13. 00 цаг 28 минут. Нас барсан-2016.01.13 07 цаг 50 минут. Ор хоног -07 цаг. ...хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын бугалага доод 1/3 хэсгээр хөндлөн хугарсан, баруун хөлийн шилбэ болон тахилзуур яс хөндлөн зөрөөтэй хугарсан, хугарлын түвшинд ил шархтай, хаван хавдартай. Мөчдөд хэлбэр дүрс алдагдсан ясны хавиралдах чимээтэй. Баруун бугалага, шуу болон зүүн шилбээр шархтай, шарханд оёдол тавигдсан. ...Жижүүр эмчийн үзлэгт:Өвчтний бие байдал хүнд хөөрлийн байдалтай. Асуултад хариулахгүй боловч команд биелүүлнэ... Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарт гөлтгөнөн бэхэлгээтэй. Баруун шилбэ ясанд ясны зөөлөн татлага хийгдсэн. Шилбэний дунд 1/3 хэсгээр шарханд боолт хийгдсэн. Шарх цус нэвчилттэй байна. Зүүн чамархайд цус зулгарсан шархтай...Клиникийн төгсгөлийн онош: Хавсарсан гэмтэл,...зүүн атгаал ясны ил хугарал, баруун шилбэний ил хугарал,...эмийн эмчилгээ хийгдэж байх явцад тромбо эмболийн хүндэрлээр амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсож өвчтөн гэнэт нас барав.

3/. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношлогооны эмчийн рентген зурагт хийсэн тайлбарт /2016.01.16-ны өдрийн аарцаг, цээжний хэнхэрцэгийн эгц, баруун өвдөгний үе, шилбэ, зүүн сарвуу, тохой, мөрний үе, гавлын ясны 2 байрлалын рентген зурагт/ ...Зүүн бугалага ясны доод хэсэгт хөндлөн, зөрүүтэй ясны сул сэлтэрхий бүхий хугаралтай, баруун шаант ясны дээд 1/3 хэсэгт ташуу, зөрөөгүй, ясны сул сэлтэрхий бүхий, тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт хөндлөн, зөрөөгүй хугаралтай, зүүн 5, 6-р хавирга далны шугамаар бороололт үүссэн хуучин хугаралтай, бусад яс, үенд гэмтэлгүй...гэжээ.

4/. Эд эсийн шинжилгээний 184 тоот материалыг дахин уншуулсан хариунд:...Уушиг-Цулцангууд жигд бус тэлэгдсэн. Зарим цулцангийн хөндийд улаан эс, гемосидерофаг эсийн масстай. Цулцангийн капилляр судсууд зууван, дугуй хэлбэрээр тэлэгдсэн. Бронхийн хучуурууд хөндийдөө эвдэрсэн. Зарим том бронхийн хөндийд улаан эсийн масстай. Судсууд жигд бус цус дүүрэлттэй, сийвэн тунасан. Закл: Уушиг судасны өөхөн бөглөрөл, цулцангийн цус харвалт, дистелектаз...эд эсийн шинжээч Б.Энхжин 2017.04.13 гэжээ. ДҮГНЭЛТ

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №184 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, хавтаст хэргийн материалаар гаргасан №340 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн хэргийн хавтаст материалын №569 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №991 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №1206 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Талийгаач Г.Жаргалсайханы бие цогцост баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалага, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирчээ.

Хавтаст хэрэгт авагдсан №14043 дугаартай өвчний түүхэнд зүүн гарын бугалага доод 1/3 хэсгээр хөндлөн хугарсан, баруун хөлийн шилбэ болон тахилзуур яс хөндлөн зөрөөтэй хугарсан, хугарлын түвшинд ил шархтай, хаван хавдартай. Онош хэсэгт...Зүүн атгаал ясны ил хугарал, баруун шилбэний ил хугарал гэж тэмдэглэгдсэн байна. 2016.01.16-ны өдрийн рентген зургуудад зүүн атгаал ясны доод хэсэгт, баруун шаант яс, тахилзуур ясны дээд хэсэгт хугарал байна.

Талийгаач Г.Жаргалсайханд учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь уушигны судсанд өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэсэн байх ба уг үхлийн шалтгаан эд эсийн шинжилгээгээр бүрэн батлагдаж байна.

Талийгаач нь судас хатуурал, тархины цус харвалтын дараах тархины эдийн голомтлог зөөлрөл, зүрхний булчингийн эмгэгшил бүхий архаг өвчтэй байгаа нь үхэлд нөлөөлөөгүй байна.” гэх дүгнэлт. Шинжээч эмч Д.Чулуунбаатар, Ч.Эрдэмболор, Ц.Бадрал, Т.Сэлэнгэ, О.Болороо, Ш.Цэцэгмаа, Н.Энхцолмон (2 хавтаст хэргийн 177-181),

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Эрүүгийн 201626010139 тоот хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан 14043 дугаартай өвчний түүхэнд зүүн гарын бугалга доод гуравны нэг хэсгээр хөндлөн хугарсан, баруун хөлийн шилбэ болон тахилзуур яс хөндлөн зөрөөтэй хугарсан, хугарлын түвшинд ил шархтай, хаван хавдартай. Онош хэсэгт: ...зүүн атгаал ясны ил хугарал, баруун шилбэний ил хугарал гэж тэмдэглэсэн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн рентген зургуудад зүүн атгаал ясны доод хэсэгт баруун шаант яс, тахилзуур ясны дээд хэсэгт хугаралтай байсан. Шинжилгээг хийхдээ хавтаст хэрэгт авагдсан дүрс оношлогооны рентген зургуудыг мэргэжлийн эмчээр уншуулж хариуг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Талийгаач Г.Жаргалсайханд учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь уушигны судсанд өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэсэн. Энэ нь удаа дарааллан хийгдсэн эд эсийн шинжилгээгээр бүрэн батлагдаж байна” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 172),

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаач Г.Жаргалсайханы бие цогцост баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ зүүн атгаал яс, шаант тахилзуур ясны ил хугарлууд нь гэмтлийн ГССҮТ-ийн 14043 дугаартай өвчний түүх, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, талийгаачийн амьд үед авагдсан рентген зургуудаар батлагдаж байна. Бусад гэмтлүүд нь мөн өвчний түүх, задлан шинжилгээний протоколд дурдагдсан, фото зургаар бэхжүүлэгдсэн байсан. ...Өвчний түүхэнд тэмдэглэсэн болон авагдсан рентген зургаас үзэхэд зүүн гарын атгаал яс, баруун шилбэний шаант тахилзуур яснууд хугарсан байсан. Атгаал, шаант яснууд нь голоороо хөндий чөмөг бүхий яс байдаг. Эдгээрийг чөмөгт яс гэдэг. ...Өөхөн бөглөөдөс гэдэг нь гэмтлийн улмаас өөхөн эдийн хэсэг судсанд орж цусны урсгалаар урсан уушиг, зүрх гэх мэт амьдралын чухал эрхтэнүүдийн судсыг бөглөж үхэлд хүргэдэг гэмтлээс үүссэн хүндрэл юм. Талийгаачийн хувьд зүүн гарын атгаал, баруун шилбэний шаант буюу чөмөгт яснуудын их хугарлын улмаас ясны чөмөг хугарлын түвшний няцарч гэмтсэн зөөлөн эдийн өөхөн хэсэг судас цусны урсгалаар орж уушигны судсыг бөглөснөөс үхэлд хүргэсэн байна. ...Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дээр дурдсан ясны хугарлууд нь тус бүртээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлийн улмаас дээрх гэмтлүүд учирч байгаа учраас талийгаач ямар ч байрлалд байх боломжтой. ...Талийгаачид гавал тархины шинэ гэмтэл тогтоогдоогүй, харин тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсэгт хуучин цус харвалтын голомтон дээр үүссэн тархины эдийн зөөлрөл тогтоогдсон. Энэ нь үхлийн шалтгаанд ямар нэг нөлөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 173-174),

- Шинжээч эмч Д.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаачийн цогцост баруун шилбэний шаант, танхилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирчээ. Үүнээс үзэхэд аливаа чөмөгт ясны ил хугарал гэдэг нь ясны хугарлын түвшинд булчин болон арьс бүрэн бүтэн байдлаа алдаж хугаран ил харагдаж байхыг ойлгож болно. Ил хугарлын үед гэмтлийн дараах аливаа хүндрэл болон халдвар тухайн шарханд орох нь богино хугацаанд түргэн явагдана. Ийм учраас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заагдсанаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарагдана. Ил хугарлын үед булчин арьс бүрэн бүтэн байдлаа алдсанаас уг шарханд гадаад орчинтой шууд харьцаж байгаа тул гаднаас аливаа халдвар орж шархыг идээлэх болон бусад хүндрэлүүд өгөх бүрэн бололцоо нээгддэг. Мөн арьс булчин бүрэн бүтэн байдлаа алдсан тэр хэсэгт судсууд тасарч цус руу гадны биет цусны элементээс өөр элемент орох жишээлбэл өөх, нян, агаар гэх мэт орж хүндрэл гарч болно. Судсан дахь цусанд орсон гадны биет нь аль нэг судсыг бөглөхийг эмболи буюу бөглөөдөс гэж нэрлэдэг. Тухайн энэ хэрэгт ил хугарлын улмаас үүссэн өөхөн эдийн бөглөөдөс болж үхэлд хүргэжээ. Энэ нь өвчний түүх, рентген зураг, задлан шинжилгээний протокол, эд эсийн шинжилгээнүүдээр тогтоогдож байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 175-176),

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 1364 дүгээр дүгнэлт

“...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.

- Хар куртиканд гарсан 4х5х3мм, 3х3х1мм, 8х9мм, 25х2мм, хар хүрэн тэлээтэй бор хүрэн өмдөнд гарсан 11х9мм уранхайнууд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ гогдсон уранхайнууд байна.

- Хар куртиканд гарсан 8мм, 4мм, 4мм, 3мм, 7мм уранхайнууд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхайнууд байна...” гэх дүгнэлт. (1 хавтаст хэргийн 63-67),

 

17. Шүүгдэгч Б.Тэрбишийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Жаргалсайхан гэдэг хүн манай эхнэр Нандинцэцэгийн төрсөн эцэг Өлзийжаргалын төрсөн дүү. …Жаргалсайхан ахыг 2015 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамж, 8 тоотод Багануураас авч ирсэн. Түүнээс хойш манай хашаанд амьдарч байсан юм. …2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зах амардаг болохоор би гэртээ ганцаараа амарч байсан. Орой 18 цагийн үед хоол хийж идээд галаа түлчихээд унтаж байгаад 22 цагийн үед даараад байхаар нь босч галаа түлчихээд “эхнэр орой ирнэ, яагаад ирэхгүй байгаа юм бол” гэж бодоод гэрээсээ гарахад Жаргалсайханы гэрийн яндангаас утаа гарч байхаар нь тэднийхээр шагайж харахад Жаргалсайхан гэрийнхээ хойд талын орон дээр...тамхи татаж байгаа бололтой харагдахаар нь “та хэзээ ирсэн юм бэ, манайх руу орсон уу, гэрт байсан гар утас алга болчихсон байна” гэж хэлсэн чинь Жаргалсайхан “чамайг байна уу гэж хаалгаар чинь шагайж харчихаад ирсэн, танай гэрт ороогүй” гэж хэлэхээр нь “та юу яриад байгаа юм, гэрт хүн байгаа нь тодорхой гэрэлтэй байгаа биз дээ, таниас өөр хэн авах юм бэ, авсан бол миний гар утсыг өгчих, янз бүрийн юм ярихгүй, Нандиа ирнэ гэсэн ирээгүй байна, би утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлтэл Жаргалсайхан “чи битгий хуц, чиний утсыг би яахаараа мэдэх ёстой юм бэ” гэж хэлэхээр нь “та арай ч дээ, хүний юмыг аваад гүрийгээд байхдаа яахав дээ, би цагдаад өгнө” гэж хэлээд буцаж гэр лүүгээ орохоор явж байгаад гэнэт буцаж алхаад Жаргалсайхан дээр очиж гэрийнх нь хаалгаар шагайгаад “хоёулаа хамт цагдаа руу явъя” гэж хэлсэн. Жаргалсайхан өөдөөс “чиний цагдаа намайг яах юм” гээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би өөрийнхөө машин руу алхаж очоод машин дотроосоо асаагуур авч Жаргалсайханы гэр лүү буцаж очоод шууд гэр лүү нь ороход Жаргалсайхан гэрийнхээ зүүн талд зуухныхаа хажууд сууж байхаар нь би баруун талаар тойрч очоод орон дээр нь байсан хөнжлийг татаж харахад миний гар утас орон дээр нь байхаар нь утсаа аваад “та аваагүй гээд байсан, хулгай хийгээд авчихсан байна” гэж хэлээд буцаад баруун талаар нь тойроод гарах гэтэл Жаргалсайхан “чи юу хуцаад байгаа юм бэ” гээд над руу ухасхийгээд миний урдуур нэг юмаар хальт цохиод авахаар нь юугаар цохисон юм бол гээд гэрэл тусгаад хартал төмөр харагдахаар нь тэр төмрийг гараараа шүүрээд автал төмөрний нөгөө талаас Жаргалсайхан тавихгүй бид хоёр төмөрөө таталцаад гэрээс гарсан. Би гэрийн үүдээр ноцолдож гараад төмрийг нь булааж аваад Жаргалсайханы хөл хавьд нь нэг удаа цохисон, намайг Жаргалсайханыг цохих үед босоод зогсож байсан. Тэр үед нь би хөл рүү нэг удаа цохисон, намайг цохих үед Жаргалсайхан унатал би дээрээс нь дараад уначихсан. Жаргалсайхан уначихаад хэвтээгээрээ миний өөдөөс битгий хуцаа би чамайг яасан ч яадаг юм гээд хэрэлдээд байж байтал манай хашааны гадаа машины гэрэл тусаад манай эхнэр Нандинцэцэг хашаанд орж ирээд “юу болоод байна” гэж асуухаар нь “Жаргалсайхан ах миний гар утсыг хулгай хийж аваад бид хоёр хэрэлдээд байж байна” гэж хэлсэн. Тэр үед Нандинцэцэгийн төрсөн ах Ганхуяг, хүү Тэгшжаргал хоёр хамт ирсэн байсан. ...Тэгээд Нандинцэцэг чи одоо явж бай, нөгөө ах дүү нар нь ирээд бөөн юм болно гэж хэлэхээр нь би гараад явсан. …Би Жаргалсайханы барьж байсан 1 метр арай хүрэхгүй бөөрөнхий биржгэр арматурын төмрөөр баруун зүүн гэдгийг нь санахгүй байна мөн аль хэсэгт цохисон гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан хөл хавьд нь нэг удаа цохисон…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85, 86),

 

18. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 614 дүгээр дүгнэлт

“...1.Б.Тэрбиш нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2. Б.Тэрбишийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх мэдээлэл алга байна.

3. Б.Тэрбиш нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна.

4. Б.Тэрбиш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.        

5. Б.Тэрбиш нь хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Тэрбишид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Б.Тэрбиш нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан байх боломжтой байна /Энгийн сэтгэл цочрол/...” гэх дүгнэлт. Шинжээч эмч Н.Туяа, С.Дашпэлжээ, С.Мөнхтуяа (1 хавтаст хэргийн 194-195),

- Шинжээч эмч С.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний оюун санааг сааруулж зан үйлийн сэдэлт өдөөлтийн үед сонголт хийх боломжийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж өөрийн үйлдлийг зөв үнэлэх байдлыг хүндрүүлж өөрийн зан үйлийн үр дагаварыг хянах боломжийг бууруулах байдлыг хэлнэ. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах, энгийн сэтгэл цочирдол хоёр нь нэг ойлголт юм. Энэ нь эмгэг сэтгэл цочирдлоос ялгаатай ойлголт болно. …Энгийн сэтгэл цочирдол нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг биш юм. …Энэ нь тухайн хүний зан авир, төлөвшил зэрэгтэй тодорхой хэмжээгээр холбогдоно. …Тэрбиш нь тухайн үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан гэдгийг шууд тогтоох боломжгүй. Тэрбишийн биед үзлэг шинжилгээ хийж байх явцад шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд тавигдсан асуултын дагуу энгийн сэтгэл цочирдолд орсон байж болзошгүй гэж үзэж 7 дахь асуултанд хариулсан. Энэ нь сэтгэл цочрон давчдсан гэж шууд ойлгох үндэслэл биш юм. …Тэрбиш тухайн үед өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай ба хэрэг хариуцах чадвартай гэж комисс дүгнэсэн болно. …” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 48, 49),

- Шинжээч эмч С.Дашпэлжээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Богино хугацаанд үргэлжилдэг, гэнэтийн эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг сэтгэл цочирдол гэнэ. Сэтгэл цочирдлыг энгийн болон эмзэг сэтгэл цочирдол гэж 2 ангилж үздэг. Сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл хүнд үүсдэг, огцом богино хугацаанд үүсч үргэлжилдэг сэтгэл цочирдлыг энгийн сэтгэл цочирдол гэнэ. Сэтгэл санаа хүчтэй давчдах, энгийн сэтгэл цочирдол 2 нэг ойлголт. Энэ үед ухаан балардаггүй тул хүн гадаад орчин болон өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлах чадвартай байдаг. …Тэрбиш тухайн үед өөрийн үйлдсэн хэргийг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. Тухайн үед энэ хүний ухаан балартаагүй учир өөрийн байдлыг бүрэн ухаарах чадвартай байсан байна.  …” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 50),

19. Гэрч Б.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэрбиш миний төрсөн ах юм. ...2016 оны 01 дүгээр сарын 13 билүү 14-нд хөдөө явж байтал утасны сүлжээ ороод над руу танихгүй дугаар залгахаар нь утсаа аваад ярихад “ах нь байнаа” гэж хэлээд уйлаад байхаар нь та яасан бэ, юу болсон юм бэ гэж асуухад уйлаад юу болсон талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41, 42),

           

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 6-13), цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 16-18), хураан авах тогтоол, тэмдэглэл (2 хавтаст хэргийн 160, 161), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 180, 2 хавтаст хэргийн 162), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар (2 хавтаст хэргийн 30, 29, 31-33), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 184 тоот актын гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 68, 69), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх (1 хавтаст хэргийн 109-131),

- Амь хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 160), нас барсаны гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 161), Гэмтэл согог судлалын үндэсний төвд урьд өмнө нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (1 хавтаст хэргийн 88-97), Нийслэлийн Засаг даргын дэргэдэх амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн нөхцөл байдлын үнэлгээ (1 хавтаст хэргийн 101-107),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 152), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 154), гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, тайлбар (1 хавтаст хэргийн 88, 89) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн болон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх Б.Тэрбишид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Б.Тэрбиш нь согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 8 дугаар гудамжны 08 тоот өөрийн хашаанд Г.Жаргалсайханыг  “чи миний гар утсыг авсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж түүний бие махбодид “баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайн цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан болох нь,

1. Гэрч Ө.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн үед Б.Тэрбиш талийгаач Жаргалсайханд “та миний утсыг гаргаад өгчих” гэж хэлсэн чинь талийгаач “би утсыг чинь аваагүй” гээд маргаад байсан. ...Тэр үед Б.Тэрбиш их уурлачихсан...талийгаачийн баруун талынх нь гарнаас цус гарч харагдсан ...Тухайн үед Б.Тэрбиш жаахан архи уучихсан бага зэрэг халамцуу  байсан. ...Намайг гэртээ ирэхэд Б.Тэрбишийн нүүр аманд ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харин талийгаачийн баруун талын гарны тохойноос дээш булчингаас болон баруун талын хөлний өвдөгний доод хэсгээс цус гарч байсан. Мөн талийгаачийн хамар цус болсон харагдсан. ...Б.Тэрбиш хэлэхдээ гар утас авсан, аваагүй гэж хэрэлдэж байтал талийгаач миний араас төмөр бариад цохих гэхээр нь би тэр төмрийг нь аваад нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32, 33),

2. Гэрч Ө.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Жаргалсайхан ах надад Тэрбиш намайг гар утас авлаа гэж арматурын төмрөөр зодсон гэж хэлсэн. ...Би Тэрбишийн гэрт нь явж ороод юу болсон талаар асуухад Тэрбиш надад ахынх нь гар утас алга болоод Жаргалсайхан авчихсан болохоор нь би зодчихлоо гэж хэлсэн. ...Тэрбиш архи уучихсан...халамцуу байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 221),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад...манай гэрт Жаргалсайханыг ирэхэд түүний зүүн талын гар болон баруун талын хөл нь хугараад эргэчихсэн, гар, хөлнөөс нь цус гарч байсан. Тэр үед би Жаргалсайханаас юу болсон талаар асуухад...Тэрбиш араас орж ирээд “гар утас, машины түлхүүр” хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл гэрээс чирч гаргаад арматурын төмрөөр зодсон...” гэж надад хэлсэн...Жаргалсайханыг манай гэрт 23 цаг 40 минутын орчим авчирсан ...талийгаач маань 2013 онд тал цус харваад биеийнх нь зүүн тал тэр чигээрээ мэдээгүй болчихсон, группэд 75 хувьтай гарсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26, 27),

4. Гэрч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн үед Жаргалсайханыг гар, хөл нь цус болчихсон, хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ...Жаргалсайхан тэр үед надад “намайг Тэрбиш гар утас, машины түлхүүр хулгай хийлээ гэх шалтгаанаар төмрөөр цохиж зодсон” гэж хэлэхээр нь би “машины түлхүүр, гар утсыг нь авсан юм уу” гэж асуухад “би яалаа гэж авах юм, аваагүй байхад зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 219),

5. Гэрч Э.Гүррагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэрбишийнд очиход Жаргалсайхан гэрийнхээ хойд орон дээрээ ганцаараа нилээн зодуулчихсан байдалтай баруун, зүүн гар хөлнөөс нь цус гарчихсан, хөдөлж болохгүй өвдөөд байна гэсэн сууж байсан. …анх очоод юу болсон талаар асуухад Жаргалсайхан ах хэлэхдээ “Тэрбиш намайг миний машины түлхүүр, гар утас хоёр алга байна чи авсан” гэх шалтгаанаар цохиж зодсон, зодохдоо арматурын төмрөөр болон дэгээ төмрөөр зодсон, гэрээс чирч гаргаад зодсон, өөр хүн зодоогүй гэж хэлж байсан. Тэрбишийг архи уусан согтуу байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 184),

6. Гэрч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Жаргалсайхан ах гэрийнхээ хойд орон дээр зодуулчихсан зүүн талын харвасан мэдээгүй талын гар нь эргэчихсэн хугарсан, баруун хөлний шилбэнээс нь цус гараад тогтохгүй хугарсан хөдөлж болохгүй байдалтай байсан...Тухайн үед Жаргалсайхан ах, Нандинцэцэг нар архи уугаагүй эрүүл байсан. Нандинцэцэг надад хэлэхдээ Тэрбишийг архи уусан байсан гэж хэлсэн. …Жаргалсайхан ахтай уулзсан чинь “Тэрбиш гар утас авлаа гэх шалтгаанаар гэрээс чирч гаргаад гадаа арматурын төмрөөр зодсон, чамайг тамлаж ална” гэж заналхийлж зодсон...гэж хэлж байсан. ...Жаргалсайхан ах өөрөө бие муутай архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185),

7. Гэрч Г.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Жаргалсайхан ахын гэрт ороход тэрээр гэрийнхээ хойморт байх орон дээрээ цусаа гоожуулчихсан нилээд зодуулсан шинжтэй ганцаараа байж байсан. Жаргалсайхан тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Хөл, гар нь ямар ч хөдөлгөөнгүй болсон ёолоод л байсан. Яав юу болов гэж асуухад Тэрбиш намайг зодчихлоо гэж хэлсэн. ...Тухайн үед Жаргалсайхан ахын хөл, гар нь хугараад эргэчихсэн, яс нь цоороод арьсанд нь нүх гарчихсан, тэр нүхээр нь цус гоожоод тогтохгүй байсан. Тэрбиш намайг ийм болтол зодчихлоо гэж хэлээд ёолоод байсан. Жаргалсайхан ахын тухайд бол бие муутай, биеийн тал хэсэг нь мэдээгүй 70 хувийн групптэй хүн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 46-47),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны Шүүх эмнэлгийн хэргийн хавтаст материалын 340 тоот 3 шинжээчийн, 569 тоот 5 шинжээчийн, Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 991 дүгээр 5 шинжээчийн, Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийгдсэн 1206 тоот 7 шинжээчийн, 2017 оны Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 468 тоот 7 шинжээчийн (1 хавтаст хэргийн 55-57, 198-200, 225-227, 2 хавтаст хэргийн 14-16, 177-181),

9. Шинжээч эмч А.Амгаланболд, Б.Ундармаа, Ц.Ганболд нарын мөрдөн байцаалтад өгсөн: (1 хавтаст хэргийн 43, 44, 203, 204, 2 хавтаст хэргийн 20, 21),

10. Амь хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй буюу хөдөлмөрийн чадвараа I60 онош буюу аалзавч доорхи цус харвалт өвчний улмаас 70 хувиар алдсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд урьд өмнө нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (1 хавтаст хэргийн 88-97), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэвэрийн дэвтрийн хуулбар (2 хавтаст хэргийн 30, 29, 31-33)  болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэрбишийн

- өмгөөлөгч Ц.Раашзэвэгээс хохирогчийн хууль ёсны төлөлөөгчийг зөв тогтоогоогүй, амь хохирогчийн 4 хүүхэд байсаар байхад түүний эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь буруу болсон. Нөгөө талаар талийгаачийн хүүхдүүд хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж яллаж байгаа боловч тухай хэрэг болох үед шүүгдэгч, амь хохирогч хоёрын дунд “гар утас алга болсон” асуудлаас болж маргаан үүссэн болох нь хэрэгт цугларсан баримтаар харагддаг. Мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар талийгаачийг алсан гэж байгаа боловч тухайн хэсгийн гол шинж нь хүнийг зовоон тарчлаах, хоол ундаар хорих, өлсгөх, цангаах, түлэх, олон удаа хутгалах гэх мэтийг шинжийг агуулсан байхыг шаарддаг. Гэтэл Б.Тэрбиш талийгаачийг нэг удаа хөл рүү нь цохьсон, давхралдаж унасан, бусад зүйлийг санахгүй байна гэж мэдүүлж байхад түүнийг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулсан гэж үзэж яллаж болохгүй. Түүнчлэн талийгаач нь 60 нас хүрч байгаа, ясны сийрэгжилттэй, зүүн талын гар хөл нь саажилттай хүн байдаг. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан талийгаачийн зүүн атгаал ясны хугарал нь шүүгдэгч, амь хохирогч хоёр давхралдаж унахад үүссэн байх боломжой. Хэргийн газраас хураан авч эд мөрийн баримтаар тооцсон төмөр алх, галын дэгээ төмөр, арматурын төмөр зэргээс цусны ул мөр илрээгүй байхад түүнийг төмрөөр цохисон гэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл талийгаачид учруулсан гэмтлийг юугаар цохисоныг зөв тогтоогоогүй. Талийгаач л арматурын төмрөөр цохьсон гэж хэлснийг үндэслэл болгож хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Талийгаачийн үхлийн шалтгааныг зөв тогтоогоогүй. Шинжээчийн 184 дүгээр дүгнэлтэд талийгаачийг тархины идээт үрэвслийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлтэй байхад бусад шинжээчийн дүгнэлтэд өөхөн бөглөрлийн улмаас нас барсан гэсэн нь ойлгомжгүй. Шинжээчийн 184 дүгээр дүгнэлтээс бусад дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтыг хангаж чадахгүй байна. Шинжээч эмч нар талийгаачийг үхэлд хүргэсэн гэх өөхөн бөглөөдөс түүнд учруулсан ямар гэмтлийн улмаас үүссэн гэдгийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл зүүн атгаал ясны ил хугарлаас болсон уу аль эсхүл баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарлаас болж үхэлд хүргэсэн үү гэдгийг зөв тогтоож чадаагүй. Б.Тэрбиш нь 1994 онд тархиндаа хүнд гэмтэл аваад үүнээс болоод сэтгэцийн өвчтэй болсоныг үгүйсгэхгүй. Энэ талаар түүний эгч Б.Уранчимэг гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт дээрх байдлын талаар баримтыг гаргаж өгсөн зэргээс үзэхэд Б.Тэрбишийн сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж, 

- Өмгөөлөгч Э.Ганбатаас Б.Тэрбишид холбогдох хэргийн зүйлчлэлийн танхайн сэдэлтээр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж шууд ялимгүй зүйлээр шалтаглаж танхайн сэдэлттэй үйлдсэн гэж үзсэн. Мөн мөрдөн байцаалтаар тэр хоёрын маргааны гол зүйл болсон гар утсыг ямар маркийн, ямар үнэтэй гэдгийг тогтоогоогүй байж ялимгүй зүйлээр шалтгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Талийгаачийн биед учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалага, зүүн шилбэний няцарсан шарх гэмтэл учирсан ба эдгээр гэмтлийг хэдэн удаагийн цохилтын улмаас учирсан бэ гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй. Мөн талийгаач нь эмчлэгдэж байгаад өөхөн бөглөрлийн улмаас гэнэт нас барсан байхад Б.Тэрбишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ялласан. Б.Тэрбиш нь талийгаачийг харвасан гэдгийг мэдэх боломжгүй байсан.  Харин ч талийгаач нь архи уугаад явж байдаг, эрүүл хүн шиг байсан гэж мэдүүлсэн байхад түүнийг мөн хүндрүүлж ялалсан. Шинжээчийн дүгнэлтүүдэд амь хохирогчийн үхлийг 3 шалтгааны улмаас болсон гэж дүгнэсэн. Энэ нь 1.тархины идээт үрэвсэл, 2.цусны нөжөөр бөглөрч, 3.өөхөн бөглөөдсөөс болж нас барсан гэж гаргасан байгаа нь эргэлзээтэй. Хэрэв өөхөн бөглөөдсөөр үхсэн бол бусад эрхтэнд өөхөн бөглөөдсийн шинж тэмдэг мөн илэрдэг. Мөн талийгаачийн бие эрхтэний ямар судас тасарсаны улмаас үхэлд хүргэсэн гэмтэл учирсан гэдгийг тогтоогоогүй. Талийгаачийн зүүн атгаал ясны хугарлыг ил хугарал гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэмтлийн эмнэлгийн оношд ил хугарал гэж байхгүй байгаа тул шарилыг дахин шинжилгээ хийж аль гэмтэл нь ил болохыг тогтоох, судас гэмтсэн асуудлыг нэг мөр тогтоох нь зүйтэй байгаа тул дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл өмгөөлөгчдийн мэтгэлцсэн дээрх нөхцөл байдал нь гэрч, шинжээч дүгнэлт, шинжээчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчдийн гаргасан мөрдөн байцаалтад буцаалгах саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн амь хохирогчийн төрсөн охин Ж.Хэрлэнчимэгээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон хүсэлтийг прокурорын газар гаргасан байх ба хүсэлтдээ “ах дүү бид Багануур дүүрэгт оршин суудаг тул тус хэрэгт аавын төрсөн дүү болох Г.Туулыг хохирогчоор оролцуулахад татгалзах зүйлгүй” гэсэн байна. Мөрдөн байцаалтад дээрх хүсэлтийг үндэслэн Г.Туулыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдийг эс зөвшөөрч, маргаж байх боловч анхны задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Туяа “талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн баруун тал бөмбөлөгийн идээт үрэвслийн улмаас нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд дүгнэлтээ тайлбарлахдаа “Эд эсийн шинжилгээ хийхэд өөхөн бөглөрөл илрээгүй учраас тархины идээт үрэвслээс болж нас барсан” гэж үзэж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл эд эсийн шинжээч эд эсийг хараад надад бичиж өгсөн дүгнэлтийг үндэслэн би дүгнэлт гаргадаг. Өөхөн бөглөрөл гэдэг нь тусгай багажаар харахад өөхөн дусал харагддаг. Эдийн эсийн шинжээч өөхөн бөглөрлийг харсан бол миний гаргах дүгнэлт өөр байх байсан гэж мэдүүлснээр түүний гаргасан дүгнэлтийн эх сурвалж болсон эдийн эсийн шинжээчийн дүгнэлт нь шаардлага хангаагүйн улмаас тус шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй байна. Иймд удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр шинжээч М.Туяагийн гаргасан дүгнэлт үгүйсгэгдэж, харин 7 бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 468 тоот дүгнэлтээр талийгаач нь баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь уушигний судсанд өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн, үүнийг няцаах, үгүйсгэх үндэслэл байхгүй.

Иймд шүүгдэгч Б.Тэрбишийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Б.Тэрбишийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар.

1.Шүүгдэгч Б.Тэрбишийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулаас оршуулгын зардалд 8.300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэнээс, мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал болох 8.300.000 төгрөг бүрэн төлөгдсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хүний зовиур, шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй ба энэ нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Тэрбиш нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (1 хавтаст хэргийн 154)

Шүүхээс шүүгдэгч Б.Тэрбишид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 8.300.000 төгрөгийг нөхөн төлснийг болон үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин шүүгдэгчийн хувийн байдал, оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Тэрбиш нь энэ хэргийн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 74) 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 495 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж  ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Тэрбишийн цэнхэр өнгийн судалтай майк, цахилгаантай хөх өнгийн оруулгатай цагаан цамц, цахилгаантай ногоон эрээн өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн куртик,  саарал өнгийн ноосон өмд, ногоон өнгийн даавуун өмд, бор өнгийн тэлээ, хар хөх өнгийн оймс, цахилгаантай хар өнгийн гутлыг түүний хүсэлтээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, арматурын төмөр, иштэй том алх, галын дэгээ төмөр, цагаан шаргал өнгийн алчуур, гялгар уутанд хийсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сальфетка зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.