Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Б.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1824),

шүүгдэгч Ш.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хөхнүдэн овогт Шагдарын Баасанжавыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726010970 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөхнүдэн овогт Шагдарын Баасанжав, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгат суманд 1958 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-86 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧД58113019.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ш.Баасанжав нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-85 тоот хашаанд байх гэрийнхээ дээвэр дээр сууж байсан хохирогч Б.Пүрэвсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар тоосгоны хэлтэрхийг зэвсгийн чанартай хэрэглэн шидсэний улмаас толгойг нь онож бие махбодид нь зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ш.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-82 тоот...өөрийнхөө гэрийн дээвэр дээр гарчихсан өрхөө оёж байсан юм. Тэгтэл Баасанжав ах хашаан дотроо манай хүүхэд болох Төгөлдөрийг хашаанаасаа гар гээд хөөгөөд уурлаад байхаар нь би гэр дээрээсээ харчихаад Баасанжав ах руу та яагаад манай хүүхдийг хашаанаасаа хөөгөөд байгаа юм бэ гэтэл Баасанжав ах над руу уурлаад чамд ямар хамаатай юм бэ гээд янхан, гичий гээд хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд маргалдаж байгаад би гэр дээрээс буух гээд байж байтал Баасанжав ах над руу гаранд багтахаар алганы хэмжээтэй тоосго авч шидсэн юм. Тэгтэл тэр тоосго нь миний зүүн чихний ойролцлл онож толгой хагалсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч  Ч.Занданхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-86 тоот хашаандаа нөхөр болох Баасанжав, бас танил болох залуугийнхаа хамт жорлонгийн нүх ухаж янзалж байсан. Тухайн үед Баасанжав нөгөө нүх ухаж байсан залуугийн хамт 1 шил архи уусан юм. Би гэр рүү ороод байж байтал гадаа хүмүүс маргалдаж байгаа чимээ сонсогдохоор нь би гарч хартал манай хажуу хашаанд амьдардаг манай эгчийн хүүхэд болох Пүрэвсүрэнтэй манай нөхөр болох Баасанжав нь хүүхэд хашаанаас хөөлөө гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж байсан юм. Тухайн үед Баасанжав хашаан дотроо байсан ба харин Пүрэвсүрэн өөрийнхөө хашаан дотор гэрийнхээ дээвэр дээр гарчихсан хоорондоо маргалдаж байсан юм. Тэгээд би нэг их тоолгүй буцаад гэртээ...ороод байж байтал толгой хагалчихлаа гээд эмэгтэй хүн орилоод...гэрээсээ гартал Пүрэвсүрэн чихээ дараад гэр дээрээс бууж байсан юм. ...Тэгээд хартал Пүрэвсүрэнгийн толгой хэсгээс нь цус гарчихсан байсан ба манай нөхөр Баасанжавыг тоосго шидээд толгой хагалчихлаа гэж байсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-107 тоот хашаан дотроо байж байтал 14 цагийн орчим манай эгч болох Пүрэвсүрэн гаднаас уйлчихсан, толгойнооснь цус гарчихсан Баасанжав ах над руу тоосго шидээд миний толгойг хагалчихлаа гэж хэлээд хашаан дотор явж орж ирсэн юм. Тэгээд хартал манай эгч Пүрэвсүрэнгийн  зүүн талын чихний ойролцоо толгойноос нь цус гарчихсан байсан юм. ...Баасанжав ахыг та яагаад манай эгчийн толгойг хагалж байгаа юм бэ гэтэл танай эгч чинь өөрөө эхэлсэн, танай эгч чинь миний өмнөөс хэрэлдсэн, хохь чинь гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Ч.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-85 тоот хашаандаа байж байсан ба тухайн үед Пүрэвсүрэн гэр дээр гарчихсан өрх оёж байсан юм. Харин би доор нь өрхний оосор бариад зогсож байсан...гэнэт манай хүргэн болох Баасанжав хашаан дотроосоо манай охин Пүрэвсүрэнтэй маргалдаад эхэлсэн юм. ...Тэгтэл Баасанжав хашаан дотроосоо тоосго авч манай охин луу шидсэн бөгөөд тэр шидсэн тоосго нь манай охины толгойг нь онох шиг болсон юм. Тэгээд Пүрэвсүрэн толгойгоо бариад гэр дээрээс бууж ирээд шууд дүү Батжаргалын гэр рүү нь гүйсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6267 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт:Зүүн чамархайн хуйханд 1.5*0.2см оёдол тавигдсан шархтай шарханд боолт хийгдсэн, зүүн чихний дэлбэнд 1.5*0.8см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн хацарт 8*6см хөх ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ:

1. Б.Пүрэвсүрэнгийн биед зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн хацарт  зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

- Шүүгдэгч Ш.Баасанжавын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай ач, зээ нар хашаандаа тоглож байгаад манай хөрш айл болох манай эхнэр Занданхүүгийн эгчийнх нь хүүхэд болох Пүрэвсүрэнгийн хашаа руу явж ортол Пүрэвсүрэн нь манай ач, зээ нарыг хашаанаасаа хөөгөөд байсан юм. Тэгэхээр нь би хүүхдүүдээ хашаандаа оруултал манай хүүхдүүдтэй тухайн үед хамт тоглож байсан Пүрэвсүрэнгийн хүүхэд нь манай хашаанд хамт ороод ирсэн. Тэгээд би тэр хүүхдийг нь бас адилхан хашаанаас гар гэж хөөж гаргаад тэднийхтэй залгасан хаалгаа түгжээд чулуугаар хаагаад тавьчихсан юм. Тэгтэл Пүрэвсүрэн гэрийнхээ дээвэр дээр байж байхдаа надтай хэрэлдээд...над руу хашаагаа давуулж 2-3 удаа чулуу болон тоосго шидэхээр нь би уурлаад Пүрэвсүрэнтэй маргалдсан юм. Тэгтэл Пүрэвсүрэн намайг гуйлгачин, луйварчин хашаа суллаж өгөөд хашаанаас зайлаарай гээд байхаар нь би Пүрэвсүрэнгийн над руу шидсэн гарын алганы тал тоосгыг нь аваад Пүрэвсүрэн лүү шидтэл тэр тоосго толгойг нь оночихсон чинь Пүрэвсүрэн гэр дээрээсээ буугаад миний толгойг хагалчихлаа гээд толгойгоо дараад яваад өгсөн...

...Би хашаандаа Даваа гэх танилаараа жорлонгийн нүх ухуулж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Даваагийн хамт хашаан дотроо 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан юм. ...би Пүрэвсүрэнгийн над руу шидсэн гарын алганы тал тоосгыг нь аваад Пүрэвсүрэн лүү шидтэл тэр тоосго толгойг нь оночихсон чинь Пүрэвсүрэн гэр дээрээсээ буугаад миний толгойг хагалчихлаа гээд толгойгоо дараад яваад өгсөн юм. Тэгээд би хашаандаа байж байтал Пүрэвсүрэн дүү Батжаргалтай хамт ирээд надтай дүү нь маргалдаад тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 31 дахь тал),

 

- Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 8), шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32-33, 38), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32-33), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн баталгаа (хавтаст хэргийн 35-36) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Ш.Баасанжав нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-85 тоот хашаанд байх гэрийнхээ дээвэр дээр сууж байсан хохирогч Б.Пүрэвсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар тоосгоны хэлтэрхийг зэвсгийн чанартай хэрэглэн шидсэний улмаас толгойг нь онож бие махбодид нь зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх хэрэг нь шүүгдэгч Ш.Баасанжав, хохирогч Б.Пүрэвсүрэн нарын тухайн үеийн хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн, хувийн сэдэлттэй байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг хүлээж авсан, шүүгдэгч Ш.Баасанжавтай сайн дураараа эвлэрч гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү (хавтаст хэргийн 5) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ш.Баасанжав нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32-33)-р тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь...шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж,

Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Ш.Баасанжав нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байгаа боловч хөнгөн гэмт хэргийн хохирогч Б.Пүрэвсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баасанжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн, прокурорын оногдуулахаар санал болгосон ялын талаар саналын зөрүү байхгүй, хохирлын талаар маргаангүй байх тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.