Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Одтөрд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энэрэл,

ялтан Б.Одтөрийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Одтөр, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Одтөрд холбогдох 201726010104 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чандмань овогт Баярын Одтөр, 1995 оны 8 дугаар сарын 26-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УУ95082610/;

 

Б.Одтөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжид найз эмэгтэйтэйгээ маргалдаж байхад хөндлөнгөөс оролцлоо гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн Ж.Амарболдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Одтөрд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чандмань овогт Баярын Одтөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Одтөрийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Одтөрд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, Б.Одтөр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Одтөрөөс 558,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Амарболдод олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.Одтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Одтөр давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Миний бие эхнэр, 2 хүүхдийн /бага хүү 8 сартай, том охин 1 нас 10 сартай/ хамт амьдардаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Одтөрийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Одтөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч Ж.Амарболд нь хохирол болон эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг нотариатаар баталгаажуулсан. Б.Одтөр нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх буюу амьжиргааны түвшний 360, 1783 босго онооноос доогуурт ордог иргэн юм. Энэ байдлуудыг нь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Одтөрийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Б.Одтөр учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зүйл ажиглагддаг. Б.Одтөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх боломжтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Б.Одтөрд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Б.Одтөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжид “...найз эмэгтэйтэйгээ маргалдаж байхад хөндлөнгөөс оролцлоо...” гэх шалтгаанаар бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ж.Амарболдыг зодож, түүний бие махбодид “...зүүн 9 дүгээр хавирганы хугарал, баруун зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын доор шарх, хуйханд зулгаралт, баруун хацарт нөсөө, цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Амарболдын “...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Цэцүүлээ” цэцэрлэгээс эхнэрээ тосохоор машинаа найз Мөнгөнтулгаар бариулж цэцэрлэгийн гадаа очоод эхнэртэйгээ уулзчихаад гадаа хүлээж байхад цэцэрлэгийн урд блокон хашааны хавьцаа 25-30 орчим насны хоёр залуу нэг хүүхэнтэй явж байгаад нэг залуу нь салаад явахад үлдсэн залуу хамт явсан эмэгтэйтэйгээ муудалцаж байснаа зодоод эхэлсэн. Тэгээд нилээн удаан зодоод байхаар нь би аргагүйн эрхэнд очоод тэр залууг “одоо боль” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэхээр нь надад хамаагүй л дээ гэхдээ чи арай дэндүү байна шүү дээ гэтэл дуугүй цаашаа зайл гээд хэл амаар доромжлоод байтал араас гэнэт зүүн мөр лүү нэг хүн цохиод авсан. Миний зүүн тал эвгүй болоод ...унахад дээрээс.өшиглөөд эхэлсэн. Би нүүрээ дараад хэвтэж байтал нэг эмэгтэй “хүүе болиоч” гэж орилоход тэд нар нарийн гудамжаар зүүн тийшээ зугтаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр хөөгөөд нэг айл руу яваад орчихоор нь манай эхнэр наадуул чинь наанаас чинь холдохгүй хоёулаа цагдаа дуудъя гэж хэлээд цагдаа дуудсан. Тэр үед айлаас нэг залуу гараад ирэхээр нь бид хоёр болсон зүйлийн талаар хэлээд танайх руу зодсон хүмүүс орчихлоо гэтэл мэдэхгүй манай хашаагаар өчнөөн хүмүүс дамжиж ордог мэдэхгүй гээд гэр лүүгээ яваад орсон...” /хх-ийн 18-19 тал/,

гэрч Д.Урантуяагийн “...манай нөхөр ажил дээр орж ирэхэд нь хүүхдүүдээ тараачихаад араас чинь гаръя гээд нөхөр Амарболдыг түрүүлээд гаргасан. Тэгээд би хүүхдүүдээ тараачихаад 20 цагийн орчим ажлаасаа гараад урд хаалганы хажууд зогсож байсан машин дээрээ очоод Мөнгөнтулгаас “Амарболд хаана байна” гэж асуухад “сая энд авгай, нөхөр хоёр муудалцаад салгах гээд явсан чинь ирдэггүй, би машинаасаа холдож чадахгүй байна” гэхээр нь цэцэрлэгийн урд хаалганы зүүн талд байдаг нарийн гудамжид хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь “хүүе” гээд орилтол цаашаа хүн зугтаагаад яваад өгсөн манай нөхөр газар хэвтэж байсан. Тэгэхээр нь Амарболдыг босгож ирээд гар утасныхаа гэрлээр царайг нь харахад хамар амнаас нь цус гарсан байсан ба “би сая хүнд зодуулчихлаа, хоёулаа араас нь хөөе” гэхээр нь араас нь хөөтөл наана нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн, цаана нь эрэгтэй хүн байснаа бид нараас зугтаад айлын хашаа руу орохоор нь хаалгыг нь нүдтэл 1 залуу гарч ирэхээр нь орсон хүмүүсийг асуухад мэдэхгүй гэхээр нь цагдаа дуудсан...” /хх-ийн 21 тал/,

гэрч Л.Мөнгөнтулгын “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цагийн орчим гэртээ байхад Амарболд над руу утсаар залгаад “би пиво уучихлаа, машин бариад өгөөч, эхнэрээ тосох гэсэн юм” гэхээр нь би гэрт нь очоод машиныг нь бариад Амарболдын хамт “Цэцүүлээ” цэцэрлэгийн автобусны буудлын орчим очтол 1 шар залуу 1 эмэгтэйтэй маргалдаад зогсож байтал Амарболд машинаас буугаад нөгөө залууг “болиоч ээ, эмэгтэй хүн дээрэлхлээ” гэтэл нөгөө залуу “чамд хамаагүй, чи явдаг мөрөөрөө яв” гээд маргалдаад хоорондоо барьцалдаад, цохилцоод байхаар нь очиж салгасан. Тэгтэл тэр хүүхэн, залуу хоёр цаашаа “Цэцүүлээ” цэцэрлэгийн нарийн гудамж руу зүглээд гүйгээд явахад Амарболд араас нь яваад, Амарболдын эхнэр Урнаа гарч ирж таараад Амарболдын араас гүйсэн. Амарболдыг тэр залуу л зодсон, өөр хүн зодоогүй...” /хх-ийн 23-24 тал/,

гэрч Ш.Ханджавын “...Одтөр бид хоёр дэлгүүрээс 1 шил архи аваад гарч явахдаа би Одтөрийг нэг охинтой хардаж маргалдаад “Цэцүүлээ” цэцэрлэгийн урд талын нарийн гудамжны орчим иртэл нэг 40 орчим насны ах... “чи яагаад эмэгтэй хүн рүү орилоод байгаа юм” гэж Одтөрд хэлэхээр нь би “танд хамаагүй” гэтэл нөгөө хүн Одтөрийн куртикнээс зулгаагаад байхаар нь би болиулах гэтэл болихгүй... Одтөрийг цохих гээд байсан. Тэгтэл Одтөр тэр ахыг хөлөөрөө хавирч унагаагаад бид хоёр нарийн гудамжаар өгсөөд зугтаасан. Араас нөгөө ах хөөгөөд байсан, тэгтэл өөдөөс Тэмүүлэн гарч ирээд бид нар Энхтүвшингийн гэрт орсон. Тэгээд байж байтал хаалга нүдээд байхаар нь Энхтүвшин гарч уулзаад бид хоёрыг орж ирээгүй гэж хэлээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь ахин хаалга нүдээд байхаар нь буйдангийн араар Одтөр бид хоёр орж нуугдахад нөгөө согтуу ах цагдаа нартай орж ирээд бөөн асуудал болж байгаад Тэмүүлэн, Энхтүвшин хоёрыг аваад явсан. Одтөр зууралдаж байхдаа тэр согтуу хүний нүүр лүү цохисон байхыг үгүйсгэхгүй...” /хх-ийн 25-26 тал/,

гэрч О.Тэмүүлэнгийн “...би гараад гудамж уруудаж яваад Одтөр, Хандаа хоёртой таарахад Одтөр надад “автобусны буудал дээр Хандаа бид хоёр юм яриад зогсож байтал жижиг машинтай эрэгтэй хүн ирээд яагаад эмэгтэй хүнтэй маргалдаад байгаа юм гээд куртикнээс татахаар нь нөгөө эрэгтэй хүнийг гараараа нүүр лүү нь цохисон” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Энхтүвшингийн гэр лүү гүйгээд ороход Одтөр болсон асуудлыг гэрт байгаа хүмүүст ярьсан. Удалгүй хаалга нүдээд байхаар нь Энхтүвшин гарч ирээд “танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн танай хашаа руу танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн намайг зодчихоод орсон гэж хэлэхээр нь мэдэхгүй гээд хэлчихлээ” гэсэн. Тэгээд бөөнөөрөө архи ууж байтал удалгүй хаалга нүдэхэд Энхтүвшин цагдаа ирсэн байна” гэхэд Одтөр, Хандаа хоёр орон доогуур нуугдсан. Тухайн үед Одтөрийн зүүн билүү баруун гарын дунд хурууны орчим арьс нь хуураад цус болсон байсан...” /хх-ийн 27-28 тал/,

гэрч О.Энхтүвшингийн “...гаднаас Ханджав, Одтөр хоёр орж ирээд Одтөр “гудамжид 1 согтуу хүн намайг цохисон” гэж байсан. Тэгээд удаагүй хашааны хаалга нүдэхээр нь гарахад 1 согтуу залуу “нэг залуу намайг цохиод, би араас нь хөөхөд танай гэр лүү орсон” гэхээр нь би “мэдэхгүй” гэхэд тэр хоёр явсан. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад ахин хашааны хаалга нүдэхээр нь гартал 2 цагдаа орж ирээд манай гэрийг шалгахад Одтөр, Хандаа хоёр нуугдсаныг анзаараагүй. Цагдаа нартай орж ирсэн согтуу ах Тэмүүлэнг заагаад, Тэмүүлэн бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Хандаа хэлэхдээ “Одтөртэй муудалцаж байхад тэр согтуу хажуунаас оролцоод байсан” гэж хэлсэн. Одтөр “тэр согтуу залууг хэрүүл хийгээд байхаар нь явуулах гээд түлхтэл намайг зодсон...” /хх-ийн 29-31 тал/,

гэрч С.Батчимэгийн “...Одтөр, Ханджавын хамт орж ирээд доор нэг согтуу хүнтэй муудалцлаа гэж Одтөр ярьсан. Удаагүй хаалга нүдэхэд Энхтүвшин гарч орж ирээд согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн хашаа руу чинь орсон гэхээр нь ирээгүй гээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалга нүдэхэд Энхтүвшин ахин гарахад Одтөр, Ханджав хоёр ор, буйдангийн араар нуугдахад 1 согтуу хүн цагдаатай орж ирээд Тэмүүлэнг зодсон гэж согтуу хүн заагаад цагдаа нар Тэмүүлэн, Энхтүвшин хоёрыг аваад явсан. Одтөр орж ирэхдээ тэр согтуу хүнийг газар хавираад унагачихаад зугтаад ирлээ  гэж байсан...” /хх-ийн 32-33 тал/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...2016 оны 12 дугаар сарын 27-нд иргэн Ж.Амарболдыг үзэхэд зүүн хавирга, зүүн мөрөөр өвдөнө гэсэн зовиуртай, үзэхэд баруун зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын доор шарх хуйханд зулгаралт, баруун хацарт нөсөө, цус хуралт гэмтэлтэй байсан. Амбулаторын картад гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэгт зүүн хавирга, мөр өвдөнө гэсэн зовиуртай, үзэхэд зүүн 9 дүгээр хавирга, зүүн мөр эмзэглэлтэй. Онош нь зүүн 9 дүгээр хавирганы бага хугарал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэсэн байна. Дээрхийг үндэслэн хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулан дүгнэлтийг гаргасан. ...үүдэн шүд унасан талаар хэлээгүй, яриагүй. Хэрэв хэлсэн бол дүгнэлтэд тусгах байсан. Гэмтлийн эмчийн үзсэн амбулаторын картанд үүдэн 3 хиймэл   шүд  унасан  талаар  дурдаагүй  байсан. Ж.Амарболдын хиймэл шүд гадны нөлөөллөөс унасан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл хиймэл шүднүүд нь өөрийн биеийн эрхтэн биш учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амарболдын дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Хоёр нүдний цус хуралт унаж ойчиход, яг 2 нүдэнд гэмтэл учрахад боломж муутай. Харин бусад гэмтлүүд нь унаж ойчиход үүсэх боломжтой...” /хх-ийн 43-44 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 801 дугаар “...Амарболдын биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал, баруун зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын доор шарх, хуйханд зулгаралт, баруун хацарт нөсөө, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны
өдрийн 433 дугаар “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 801 дугаартай дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үзүүлсэн Ж.Амарболдын зовиур, биед ил харагдах гэмтэл амбулаторын картыг үндэслэсэн. Дээрх дүгнэлтийг гаргахдаа хохирогч Ж.Амарболдын зовиурыг асууж, биед дагуу үзлэг хийж дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлэгт байнгын шүд гэмтлийн гаралтай унасан тохиолдолд гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн тогтонги алдалтыг тогтоодог. Тиймээс 3 ширхэг хиймэл шүдний хугарал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-112 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Одтөрийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжинд “...найз эмэгтэйтэйгээ маргалдаж байхад хөндлөнгөөс оролцлоо...” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, олон нийтийн газар болох гудамжинд, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн Ж.Амарболдыг зодож, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.2.1 дэх заалтад заасан “...догшин авирлаж...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх Б.Одтөрийн үйлдлийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин ялтан Б.Одтөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй болсон болох нь хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Жадамба овогтой Амарболд би Баяр овогтой Одтөрийн аав Ц.Баяраас хохирлын мөнгө 1,000,000 төгрөг хүлээн авлаа. Цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул Б.Одтөрд хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 156 тал/-ээр нотлогдож байх тул түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, “...эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдардаг...” зэрэг хувийн байдлуудыг харгалзан ялтан Б.Одтөр, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын “...хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Б.Одтөрд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Одтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

            2. Б.Одтөр нь 25 /хорин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            3. Б.Одтөрийг нэн даруй сулласугай

 

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ