Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2023/02898

 

2023          08           02                                      184/ШШ2023/02898

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 хороо, архивчдын зам гудамж, шинэ ******* цогцолбор хороолол, ******* байр, 2 тоот хаягт байрлах “******* ******* ******* *******” ХХК /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 24 хороо, хустай 1, 11 тоот хаягт байрлах “******* ” ХХК /РД: /

45 777 308.1 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 63 339 804 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-д холбогдуулан 45 777 308.1 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “******* ******* ******* *******" ХХК нь 2021 оны 04 сарын 16-ны өдөр “******* ” ХХК-тай дугаар D4 барилгын ханын өрлөг, шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний тусгай нөхцөлийн 2.11-д зааснаар гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр 73 786 455.60 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээний дагуу эхний ажлын гүйцэтгэл 10 хувьдаа хүрч талууд ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэнээр дараагийн санхүүжилтийг олгох ёстой боловч гүйцэтгэгч нь гэрээт ажлын 10 хувийг  хийгээгүйгээс дараагийн санхүүжилтийг өгөөгүй. Гүйцэтгэгч 10 хувийн ажил гүйцэтгэсэн гэдэг баримтаа өгсөн бол захиалагч дараагийн санхүүжилт олгож ажил цааш үргэлжлэх боломжтой байсан, хийсэн ажил нь 10 хувьд хүрсэн гэдэг дээр талууд тооцоо нийлээгүй. Хариуцагч санхүүжилт хугацаанд нь өгөөгүйгээс 2 сар сул зогсолт хийсэн гэж байна, гэрээнд гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн санхүүжилт олгохоор заасан, санхүүжилт хүссэн нэхэмжлэл ирээд хоног хугацаа өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэрээний тусгай нөхцөлийн 2.3-д зааснаар 2021 оны 10 сарын 01-ний өдөр нийт ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч гүйцэтгэгч нь 2021 оны 09 сарын 15-ны байдлаар 43 268 250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар баримтыг ирүүлсэн байдаг. Үүнээс хойш гүйцэтгэгч нь ажил хийгээгүй бөгөөд бид удаа дараа ажлаа гүйцэтгэхийг бичгээр шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.14-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь гэж, гэрээний 10.1-д гүйцэтгэгч нь ажлыг орхих, захиалагчийн шаардлагыг үл дагах эсвэл хангалттай биелүүлээгүй, хугацаа хоцорсон, бичгээр урьдчилж мэдэгдэхгүйгээр гэрээний заалтуудыг зөрчих  тохиолдолд захиалагч нь гэрээ цуцлах мэдэгдэл өгч болно гэж зааснаар ажлын гүйцэтгэл алдаатай, дутуу байгааг сануулж гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан тул гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд илүү төлсөн 30 518 205.6 төгрөг болон алданги 56 763 862 төгрөг /хугацаа хэтэрсэн хоног болох 372 хоног * 30 518 205.6*0.5=56 763 862 төгрөг/ гарах боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар алдангийн хэмжээг бууруулж 15 259 102.5 төгрөгийн алданги, нийт 45 777 308.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. 73 786 455 төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотлох нь хариуцагчийн үүрэг, манайх 73 786 455 төгрөг нэхэмжилж болох байсан ч хийсэн ажлыг нь өөрсдөө тооцож үзээд 43 268 250 төгрөгийг хасаж нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд алданги 17 339 800 төгрөгийн тооцоолол байдаггүй, хэрхэн яаж гаргасан талаар баримт байхгүй. 2021 оны 04 сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 14 хоногийн хугацааг тооцож үзвэл алданги нь 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл бодогдох байх, энэ алданги бодсон тооцоололгүй тул тайлбар хийх боломжгүй. Санхүүжилт хүлээж 2 сар сул зогсолт хийх боломжгүй, учир нь ******* ХХК маш олон газар өрлөг, шавардлагын ажил хийж байсан. Ажилчдын цалин 15 000 000 төгрөг үндэсгүй, ажилчдын цалинд хэдэн төгрөг олгосон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, татвар төлсөн эсэх баримт байхгүй. Нэхэмжлэгч нь бусдын хөрөнгө буюу подьёмыг барьцаалааүй, энэ талаар баримт байдаггүй. Мөн гэрээнд ажил гүйцэтгэхтэй холбоотой тоног төхөөрөмж түрээслэх зардлыг гүйцэтгэгч хариуцахаар заасан. Барьцаалсан гээд байгаа контейнерын хувьд барилгын талбайд ямар нэг эд зүйл оруулж, гаргасан бол бүртгэл хийгддэг, талуудын бүртгэлд тийм зүйл байдаггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

            2.Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “******* ” ХХК нь 2021 оны 04 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй “Шинэ *******” орон сууцны цогцолбор хороолол төслийн D4 барилгын дотор засал, шаврын ажлыг 737 864 556 000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулж, 2021 оны 05 сарын 01-ний өдөр ажлын бэлтгэл хангаж, барилгын талбайд ажилтнууд байрласан. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 11-д “урьдчилгаа 73 786 455.60 төгрөгийг гэрээ батлагдсанаар олгоно” гэж зааснаар 2021 оны 04 сарын 16-ны өдөр 73 786 455.60 төгрөгийн нэхэмжлэлээ явуулсан боловч захиалагч урьдчилгааны 50 хувь 36 893 227 төгрөгийг 2021 оны 06 сарын 03-ны өдөр, үлдэх 36 893 227 төгрөгийг 2021 оны 06 сарын 17-ны өдөр тус тус шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил удааширч, цаг хугацаа алдах, үе шаттай ажлууд хийгдэхгүй хүлээгдэж, сул зогсолт үүссэн. Энэ хугацаанд “Ажлын явцын хугацаа алдсан акт”-ыг 7 удаа үйлдэж, 2 талын инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нийт 73 786 455.60 төгрөгийн санхүүжилтээр 2021 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгээд, цаг агаарын болон мөнгө санхүүгийн нөхцөл байдлаас талууд харилцан тохиролцож, барилгын ажлыг 2022 оны хавар болтол түр зогсоосон. Бид захиалагчаас шилжүүлсэн 73 786 455.60 төгрөгөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн тул гэрээний тусгай нөхцөлийн 12-д зааснаар 2021 оны 04 сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 сарын 03-ны өдөр хүртэлх 39 хоногийн алданги нь 14 388 348 төгрөг, дараагийн санхүүжилт олгосон 2021 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл 16 хоногийн алданги 2 951 456 төгрөг нийт алданги 17 339 804 төгрөг болсон. Алдангийн тооцохдоо 73 786 455 х 0,5=368 932 төгрөг буюу 1 өдрийн алданги  368 392 төгрөгийг 2021 оны 06  сарын 3-ны өдөр хүртэл 39 хоногоор тооцоолж 14 381 000 төгрөг, 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл 16 хоногоор тооцоолж 2 950 456 төгрөг болж байна. Захиалагчаас мөнгө, бараа материалаар хангаагүйн улмаас сул зогсолт хийх явцад ажилчиддаа өөрийн нөөц боломжоор цалин хөлс өгч, ажлын явцад хугацаа алдсаны төлбөр 15 000 000 төгрөг нэхэмжилнэ. Гэрээнд “Хүн ба ачааны лифт” буюу /подьём/ түрээслэх зардлыг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасан боловч захиалагч нь манай компанийн бусдаас түрээслэн ажлаа хийж байсан подьёмыг барьцаанд авч одоо ч ажлын талбай дээрээ байлгаж байгаа. Энэ подьёмыг 2021 оны 05 сарын 19-ний өдөр “Эрдэнэ ремикс” ХХК-тай “Хүн ба ачааны лифт түрээслэх” гэрээ байгуулан түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөр хоногийн 150 000 төгрөг, жилд 54 000 000 төгрөг төлөхөөр байгаа боловч “Эрдэнэ ремикс” ХХК нь манай компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж биднээс одоогийн байдлаар 28 000 000 төгрөг шаардсан. Мөн Ц.Жаргалмагнайгаас түрээслэн ашиглаж байсан 20 тонны контейнерыг нэхэмжлэгч барьцаалсаны улмаас Ц.Жаргалмагнай нь манай компаниас 3 000 000 төгрөг нэхэмжилснийг манайх шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Тиймээс дээрх гэрээнээс үүссэн хохирол 3 000 000  төгрөг, нийт 63 339 804 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            3.Нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийн хоорондох өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “******* ” ХХК-ийн шаардахаар авсан бараа материалын нэгтгэл жагсаалт, Капитрон банк ХХК-ийн депозит дансны хуулга, 2021 оны 04 сарын 16-ны өдрийн дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 04/122, 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 01/188, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 01/209 дугаар албан бичиг, D4 Блок өрлөг, шаврын ажлыг засварлаж хүлээлгэн өгөх хугацаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 184/ШЗ2023/03127 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж, /хэргийн 4-23 тал/

            4.Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэх, Ажлын явцад хугацаа алдсан акт, Цалингийн цэс, 2021 оны 05 сарын 19-ний өдрийн “Хүн ба ачааны лифт түрээслэх гэрээ”, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2023/05167 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, иргэн Ц.Жаргалмагнайн 2023 оны 03 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн нэхэмжлэл, гэрээ, 23/05 дугаар нэхэмжлэх, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 184/ШШ2023/02093 дугаар захирамж тус тус бүрдүүлсэн.   /хэргийн 26-29, 43-59, 73, 78 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

            5.“******* ******* ******* *******” ХХК-ийн 45 777 308.1 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,  “******* ” ХХК-ийн  63 339 804 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            6.Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул илүү төлсөн хөлсөө буцаан шаардана, сөрөг нэхэмжлэлийн алдангийг буруу тооцоолсон, ажилчдын сул зогсолтын цалин, түрээсийн зардал, гэрээнээс учирсан хохирлыг нотлох баримтгүй гэж,

            7.Хариуцагч сөрөг нэхэмжлэл, үндсэн нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчийн төлсөн хөлсөөр ажлаа хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул учирсан хохирлоо төлүүлнэ гэж тус тус тайлбарлажээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            8.Захиалагч “******* ******* ******* *******” ХХК, гүйцэтгэгч “******* ” ХХК нь 2021 оны 04 сарын 16-ны өдөр “Шинэ *******” цогцолбор хорооллын D4 барилгын ханын өрлөг, шавар, дотоод заслын ажил гүйцэтгэх 21/307 дугаар гэрээ байгуулжээ. /хэргийн 10-16 тал/

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 1, гэрээний тусгай нөхцөлийн 1-д зааснаар гүйцэтгэгч нь “Шинэ *******” цогцолбор хороолол төслийн D-4 барилгын дотор засал, шавардлага, хана, шал, таазны заслын ажил гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүрэг тус тус хүлээснээр талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

            9.Үндсэн нэхэмжлэл

            9.1.Гэрээний тусгай нөхцөлийн 4-д гэрээний нийт үнэ 737 864 556 төгрөг гэж, 7-д төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 11-д урьдчилгаа 10 хувь болох 73 786 455.60 төгрөгийг гэрээ батлагсанаар гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн олгохоор тусгасан нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлохоор заасныг зөрчөөгүй. Гэрээний талууд ажлын хөлс 73 786 455.60 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухай маргаагүй, энэ нь өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, Капитрон банкны депозит дансны хуулгаар давхар нотлогджээ. /хэргийн 4, 8-9 тал/

            9.2.Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болохоор заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны хавар хүртэл түр хойшлуулсан гэх тайлбар нь хэргийн 17-18 тал дахь нэхэмжлэгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 04/122, 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 01/188 дугаар албан бичгээр нотлогддог бөгөөд талууд гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн хугацааг тохирох эрхтэй.

            9.3.Захиалагч нь хэргийн 19 дүгээр тал дахь 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 01/209 дүгээр албан бичгээр гүйцэтгэгчийг гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тохирсон боловч зөрчил арилаагүй гэж үзэн, ажил гүйцэтгэх гэрээг цуцалжээ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-д гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах ба гүйцэтгэгчийг ажлаа хийж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд шилжүүлсэн 73 786 455.60 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхийг нотлох аливаа баримт хэрэгт цуглараагүй, шүүхийн хэлэлцүүлэгт татгалзлаа дэмжсэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагчийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 43 268 250 төгрөг гэж тооцон илүү өгсөн төлбөрөө нэхэмжилснийг буруутгах аргагүй бөгөөд талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд илүү төлсөн 30 518 205.6 төгрөг шаардах эрхтэй гэж үзлээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний 12.2-д зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 30 518 205.6 төгрөгийн тал хувь 15 259 102.5 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй. 

            10.Сөрөг нэхэмжлэл

            10.1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчсөнөөс үүдэлтэй хохирол шаардсан.

            10.2.Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 11-д төлбөрийн 10 хувь буюу 73 786 455.60 төгрөгийг гэрээ батлагдсанаар гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн олгоно гэж, 12-д захиалагч тал төлбөрийг хоцроосны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохиролцжээ. Ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 04 сарын 16-ны өдөр байгуулж, гүйцэтэгч нь төлбөр төлөх хугацааг 2021 оны 04 сарын 25-ны өдрөөр тооцсон байна. /хэргийн 43 тал/

            10.3.Захиалагч нь гүйцэтгэгчид 73 786 455.60 төгрөгийн төлбөрөөс 36 893 227.80 төгрөгийг 2021 оны 06 сарын 03-ны өдөр, 36 893 227.80 төгрөгийг 2021 оны 06 сарын 17-ны өдөр тус тус шилжүүлжээ. /хэргийн 4, 8, 9 тал/

            10.4.Хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй алданги шаардаж, алданги 17 339 804 төгрөгийг дараах байдлаар тооцжээ. 73 786 455.60 төгрөгийн 2021 оны 04 сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл 1 өдрийн алданги 368 932 төгрөгийг /73 786 455.60 х 0,005 = 368 932/ хугацаа хэтрүүлсэн 39 хоногоор тооцож 14 388 348 төгрөг /368 932 х 39 = 13 388 348/,  36 893 227.80 төгрөгийн 2021 оны 06 сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл 1 өдрийн алданги 184 466 төгрөгийг /36 893 227.80 х 0,005 = 184 466/ хугацаа хэтрүүлсэн 16 хоногоор тооцож 2 951 456 төгрөг /184 466 х 16 = 2 951 456/ нийт 17 339 804 төгрөг /14 388 348 + 2 951 456 = 17 339 804/ шаарджээ. Нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... 2021 оны 04 сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд заасан 14 хоногийн хугацааг тооцож үзвэл 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл бодогдох байх ...” тайлбараар нэхэмжлэгч нь алданги маргаагүй, тооцооллыг маргасан гэх үндэстэй.

            10.5. Хэргийн 44-51 дүгээр тал дахь ажлын явцад хугацаа алдсан акт, 2022 оны 5 сарын цалингийн цэс гэх баримтаас үзэхэд сул зогсолтоос үүдэн хэдэн төгрөгийн зардал /хохирол/ учирсан талаарх баримт байхгүй, ажилтнуудад 1 980 000 төгрөгийн цалин олгосон байх боловч, эдгээр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхой бус өөрөөр хэлбэл тухайн ажилтнууд “******* ” ХХК-ийн ажилтан болохыг нотлох баримтгүй. 15 000 000 төгрөгөөс хэд нь сул зогсолтын гэх хохирол, хэд нь ажилтны цалин болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

            10.6. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 17-д гүйцэтгэгч тал нь подьём, подьёмны түрээс ... зардлыг бүрэн хариуцана, ерөнхий нөхцөлийн 3.1.2-д гүйцэтгэгч нь ажлаа гүйцэтгэхдээ гэрээнд заасан материал, шаардлагатай бүх тоног төхөөрөмж, ... хангахаар тус тус зааснаар хариуцагч нь “Эрдэнэ ремикс” ХХК-аар түрээслэсэн өргүүр /подьём/-ийн түрээсийн төлбөрийг хариуцана. Өргүүр /подьём/, чингэлэг /контейнер/-ийг нэхэмжлэгч барьцаалсан гэх баримт хэрэгт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар зохигч нэхэмжлэл, татгалзлаа нотлох баримтыг өөрөө цуглуулж, бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь сул зогсолт, цалин, түрээслэсэн эд хөрөнгийн хохирлоо нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлсэнгүй. 

            11. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30 518 205.6 төгрөг, алданги 15 259 102.5 төгрөг, нийт 45 777 308.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-аас алданги 17 339 804 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 46 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 17 339 804 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 244 649 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30 518 205.6 төгрөг, алданги 15 259 102.5 төгрөг, нийт 45 777 308.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-аас 17 339 804 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 46 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д, нэхэмжлэгчээс 244 649 төгрөг гаргуулан хариуцагч “******* ” ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХТӨР