Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01791

 

 

 

 

 

 

 

   2023       09          22                                    210/МА2023/01791

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/02898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК-д холбогдох,

45,777,308 төгрөг гаргуулах үндсэн, 63,339,804 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр А ХХК-тай 21/037 дугаар D4 барилгын ханын өрлөг, шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний тусгай нөхцлийн 2.11-д зааснаар гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр 73,786,455 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээний дагуу эхний ажлын гүйцэтгэл 10 хувьдаа хүрч талууд ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэнээр дараагийн санхүүжилтийг олгох ёстой боловч гүйцэтгэгч нь гэрээт ажлын 10 хувийг хийгээгүйгээс дараагийн санхүүжилтийг өгөөгүй. Гүйцэтгэгч 10 хувийн ажил гүйцэтгэсэн гэх баримтаа өгсөн бол захиалагч дараагийн санхүүжилт олгож ажил цааш үргэлжлэх боломжтой байсан, хийсэн ажил нь 10 хувьд хүрсэн гэдэг дээр талууд тооцоо нийлээгүй. Хариуцагч санхүүжилт хугацаанд нь өгөөгүйгээс 2 сар сул зогсолт хийсэн гэж байна, гэрээнд гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн санхүүжилт олгохоор заасан, санхүүжилт хүссэн нэхэмжлэл ирээд хоног хугацаа өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэрээний тусгай нөхцлийн 2.3-т зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийт ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч гүйцэтгэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 43,268,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар баримтыг ирүүлсэн. Үүнээс хойш гүйцэтгэгч нь ажил хийгээгүй бөгөөд бид удаа дараа ажлаа гүйцэтгэхийг бичгээр шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.14-т алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь гэж, гэрээний 10.1-д гүйцэтгэгч нь ажлыг орхих, захиалагчийн шаардлагыг үл дагах эсвэл хангалттай биелүүлээгүй, хугацаа хоцорсон, бичгээр урьдчилж мэдэгдэхгүйгээр гэрээний заалтуудыг зөрчих тохиолдолд захиалагч нь гэрээ цуцлах мэдэгдэл өгч болно гаж зааснаар ажлын гүйцэтгэл алдаатай, дутуу байгааг сануулж гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан тул гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд илүү төлсөн 30,518,205 төгрөг болон алданги 56,763,862 төгрөг /хугацаа хэтэрсэн хоног болох 372 хоног *30,518,205.6*0.5=56,763,862 төгрөг/ гарах боловч Иргэний хулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг бууруул 15,259,102 төгрөгийн алданги, нийт 45,777,308 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн D4 барилгын дотор засал, шаврын ажлыг 737,864,556,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлын бэлтгэл хангаж, барилгын талбайд ажилтнууд байрласан. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 11-д “Урьдчилгаа 73,786,455 төгрөгийг гэрээ батлагдсанаар олгоно” гэж зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 73,786,455 төгрөгийн нэхэмжлэл явуулсан боловч захиалагч урьдчилгааны 50 хувь 36,893,227 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, үлдэх 36,893,227 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус тус шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил удааширч, цаг хугацаа алдах, үе шаттай ажлууд хийгдэхгүй хүлээгдэж, сул зогсолт үүссэн. Энэ хугацаанд “Ажлын явцын хугацаа алдсан акт”-ыг 7 удаа үйлдэж, 2 талын инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нийт 73,786,455 төгрөгийн санхүүжилтээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгээд, цаг агаарын болон мөнгө санхүүгийн нөхцөл байдлаас талууд харилцан тохиролцож, барилгын ажлыг 2022 оны хавар болтол түр зогсоосон.

Гэрээнд зааснаар бол 10 сар хүртэл ажил явагдах байсан боловч сул зогсолт хийж ажилчдын цалин, ажил хийж гүйцэтгэхэд ашиглах лифт, ажилчдыг байрлуулж байсан контейнер зэргийг түрээсэлж байсан. 73,786,455 төгрөгийн үнийн дүнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн цаашлаад үүнээс давсан ажлыг хийж гүйцэтгэсэн байх боломжтой. Энэ хийсэн ажил дээрээ шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах гэхээр дараагийн компани нэмээд ажил хийгээд барилга ашиглалтад орох болчихсон болохоор ямар ч боломжгүй болсон гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Бид захиалагчаас шилжүүлсэн 73,786,455 төгрөгөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн тул гэрээний тусгай нөхцөлийн 12-т зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 39 хоногийн алданги нь 14,388,348 төгрөг, дараагийн санхүүжилт олгосон 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 16 хоногийн алданги 2,951,456 төгрөг, нийт алданги 17,339,804 төгрөг болсон. Алдангийн тооцохдоо 73,786,455 х 0,5=368,932 төгрөг буюу 1 өдрийн алданги 368,392 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 39 хоногоор тооцоолж 14,381,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 16 хоногоор тооцоолж 2,950,456 төгрөг болж байна. Захиалагчаас мөнгө бараа материалаар хангаагүйн улмаас сул зогсолт хийх явцад ажилчдадаа өөрийн нөөц боломжоор цалин хөлс өгч, ажлын явцад хугацаа алдсаны төлбөр 15,000,000 төгрөг нэхэмжилнэ. Гэрээнд “Хүн ба ачааны лифт” буюу /подьём/ түрээслэх зардлыг гүйцэтгэгч тал хариуцна гаж заасан боловч захиалагч нь манай компанийн бусдаас түрээслэн ажлаа хийж байсан подьёмыг барьцаанд авч одоо ч ажлын талбай дээрээ байлгаж байгаа. Энэ подьёмыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э ХХК-тай “Хүн ба ачааны лифт түрээслэх” гэрээ байгуулан түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөр хоногийн 150,000 төгрөг, жилд 54,000,000 төгрөг төлөхөөр байгаа боловч “Эрдэнэ ремикс” XXК нь манай компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж биднээс одоогийн байдлаар 28,000,000 төгрөг шаардсан. Мөн Ц.Ж-гаас түрээслэн ашиглаж байсан 20 тонны контейнерыг нэхэмжлэгч барьцаалсны улмаас Ц.Ж- нь манай компаниас 3,000,000 төгрөг нэхэмжилснийг манайх шүүхэд хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Иймд дээрх гэрээнээс үүссэн хохирол 3,000,000 төгрөг, нийт 63,339,804 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

73,786,455 төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотлох нь хариуцагчийн үүрэг, манайх 73,786,455 төгрөг нэхэмжилж болох байсан ч хийсэн ажлыг нь өөрсдөө тооцож үзээд 43,268,250 төгрөгийг хасаж нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд алданги 17,339,800 төгрөгийн тооцоолол байдаггүй, хэрхэн гаргасан талаар баримт байхгүй. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 14 хоногийн хугацааг тооцож үзвэл алданги нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бодогдох байх, энэ алданги бодсон тооцоололгүй тул тайлбар хийх боломжгүй. Санхүүжилт хүлээж 2 сар сул зогсолт хийх боломжгүй, учир нь А ХХК маш олон газар өрлөг, шавардлагын ажил хийж байсан. Ажилчдын цалинд 15,000,000 төгрөг үндэслэлгүй, ажилчдын цалинд хэдэн төгрөг олгосон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, татвар төлсөн эсэх баримт байхгүй. Нэхэмжлэгч нь бусдын хөрөнгө буюу подьёмыг барьцаалаагүй, энэ талаар баримтгүй. Мөн гэрээнд ажил гүйцэтгэхтэй холбоотой тоног төхөөрөмж түрээслэх зардлыг гүйцэтгэгч хариуцахаар заасан. Барьцаалсан гээд байгаа контейнерын хувьд барилгын талбайд ямар нэг эд зүйл оруулж, гаргасан бол бүртгэл хийгддэг, талуудын бүртгэлд тийм зүйл байдаггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30,518,205.6 төгрөг, алданги 15,259,102.5 төгрөг, нийт 45,777,308.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Н ХХК-аас 17,339,804 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 46,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д нэхэмжлэгчээс 244,649 төгрөг гаргуулан хариуцагч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс орж ирээгүй, гэрээ байгуулсан өдөр А ХХК нь ажлын хөлсний урьдчилгаа хүлээн авах нэхэмжлэхээ илгээсэн үүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 36,893,227 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 36,893,227 төгрөг нийт 73,786,455 төгрөг орж ирсэн. Хэдийгээр эхний санхүүжилт орж ирээгүй байсан боловч А ХХК нь гэрээ байгуулсан даруйдаа Н ХХК-ийн төсөл хэрэгжиж байгаа ажлын талбайд ажилтнууд болон техник тоног төхөөрөмжөө байршуулсан. Эхний санхүүжилт орж ирсэн даруйд А ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ хийж дуусгасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 1-д зааснаар дундын санхүүжилт авах гэтэл нэхэмжлэгч компанийн дундын санхүүжилт олгох хугацаа нь хойшилсоор байсан. Энэ хугацаанд А ХХК нь ажилтнуудаа ажлын талбайд сул зогсолт хийлгэсээр байсан. Дундын санхүүжилт орж ирэхгүй байсан тул 2021 оны 09 дүгээр сард ажлын талбайг орхисон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах болсон үндэслэлээ ямар учраас хэрэгт авагдсан аль нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах болсон үндэслэлээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 45,777,308 төгрөгийг хэрхэн гаргаж ирсэн тоо, хэрхэн тооцсон тухай баримтгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс энэ тоог хэрхэн гаргаж ирсэн талаар асуухад баримжаагаар тооцсон гэдэг. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжилж буй шаардлагаа нотолсон баримтгүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргаж ирсэн тоог үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. А ХХК нь эхний санхүүжилтийн дагуу олгогдсон 73,786,455 төгрөгт ноогдох ажил үүргээ биелүүлж дуусгаж, дараагийн санхүүжилтээ шаардаж удаа дараа хүсэлт гаргаж мөн хугацаа хоцорсон акт үйлдэж байсан тухай баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нэхэмжлэгч компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаандаа дундын санхүүжилт олгоогүй улмаас А ХХК нь ажилтнуудын ажлын хөлс болон техникийн түрээсийн өрөнд орж хохирол учирсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2022 оны 04 дүгээр сард А ХХК-д мэдэгдэл өгч, ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхийг шаардсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл санхүүжилтийг нь олгож чадаагүй. Уг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Хариуцагчаас алданги тооцох учраас нэхэмжлэлийн шаардлагыг 45,000,000 төгрөгөөр тооцсон. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн байгууллагад ажил гүйцэтгэсэн төлбөрийг тооцож гаргасан. Манай байгууллагаас хариуцагчид гүйцэтгэлийн актаа үйлдэхийг мэдэгдсэн. А ХХК урьдчилгаа төлбөрийн 10 хувиа хийсэн тохиолдолд дараагийн санхүүжилтээ авах эрх нь гэрээний ерөнхий нөхцөлд тусгагдсан. Гэтэл манай байгууллагаас дараагийн санхүүжилтээ хүссэн бичгийг өгөөгүй бөгөөд эхний 10 хувийн талаар тайлан гаргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 45,777,308 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 63,339,804 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 21/307 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Шинэ яармаг цогцолбор хорооллын D4 барилгын ханын өрлөг, шавар, дотоод заслын ажлыг хариуцагч А ХХК гүйцэтгэхээр, нэхэмжлэгч Н ХХК-тай харилцан тохиролцож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх10-16/

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч талд гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрт гэрээт ажлын 10 хувь буюу 73,786,455 төгрөгийг шилжүүлсэн боловч гүйцэтгэх ёстой 10 хувийн ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 43,268,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар баримтыг ирүүлсэн учраас хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд илүү төлсөн 30,518,205 төгрөг болон гэрээгээр тохиролцсон алдангид 15,259,102 төгрөг, нийт 45,777,308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдагдсан “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 43,268,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар баримтыг хариуцагчаас ирүүлсэн” гэх баримт нь хэрэгт авагдаагүй байна.

 

4. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагаа нотолсон ямар баримтад үндэслэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн      25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

6. Түүнчлэн, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

7. Анхан шатны шүүх дээрх ажиллагааг бүрэн хийгээгүй, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/02898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ