Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01002

 

                                                 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00604 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч “М” ХХК, Г.Г нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн 10 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батжаргал нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийг ажиллуулдаг. Өөрийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2 га газар авч 44 айлын орон сууц барих гэж хөөцөлдөж байх хугацаандаа барилгын зураг төсөл боловсруулж зурдаг хүмүүс байгаа, тань руу яриулъя гэж танил нь хэлсэн. Газрын гэрчилгээ гараагүй байсан тул газрын гэрчилгээгээ гарахаар болоё гэж бодож байтал нь “М” ХХК-ийн 4 залуу ирж уулзсан. Н.Даваажавын танилцуулсан Г.Г нь байнга ирээд байсан тул зураг зурах гэрээг хийгээд, ажлын хөлсөнд нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 12 600 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн үедээ газрын зөвшөөрөл гарахаар зураг зуруулна гэдгээ хариуцагч Г.Г-т хэлэхэд “надад мөнгө хэрэгтэй байна, та урьдчилаад мөнгөө өгчих тэгээд газрын зөвшөөрлөө гарахаар зургийн ажлаа ярилцаж байгаад хийе” гэж хэлж харилцан тохиролцсон. 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Б.Батжаргалын газрын зөвшөөрөл нь гарах ёстой боловч гараагүй тул энэ тухайгаа Б.Г-т мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа хэлээд мөнгөө авъя гэхэд нь Г.Г нь таны мөнгийг үрээд дуусгасан мөнгөтэй болохоороо өгье” гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Г-оос мөнгөө удаа дараа нэхээд өгөхгүй болохоор компанийг нь судлуулаад үзтэл хариуцагч Г.Г-ын “М” ХХК нь барилгын зураг төсөл зурах тусгай зөвшөөрөлгүй компани байсан. Тэгээд нэхэмжлэгч нь энэ талаараа Г.Г-т хэлж, цагдаагийн байгууллагад хандана гэхэд Г.Гнь Б.Батжаргалын 5029532324 тоот данс руу 2 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн нэрээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч Г.Г-оос үлдэгдэл мөнгөө нэхээд өгөхгүй болохоор нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасны дагуу 201526022099 тоот Эрүүгийн хэргийг 2017оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлснээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гаргасан. Талууд барилга барих газрын зөвшөөрөл бүтэхгүй болсноор Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоод гэрээнээс татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй тул хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Б.Батжаргалаас авсан 12 600 000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 тоот цагаатгах тогтоолоос харагдаж байна. Мөн Г.Г нь “М” ХХК-д барилгын зураг төслийн зөвшөөрөлгүй болохыг мэдсээр байж нэхэмжлэгч Б.Батжаргалтай гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Г.Г болон хариуцагч “М” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр талуудын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус гэж үзэж хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн маргадаг. Учир нь талуудын хооронд үүссэн маргааныг нэхэмжлэгчийн гомдлоор эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд хариуцагч “М” ХХК нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-гүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон “үйл ажиллагаа эрхлэх эрх”-гүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.Г нь өөрийгөө “зураг зурах эрх”-тэй гэх худал тайлбар гаргасан. Барилга хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “журам шинэчлэн батлах тухай” 11 дугаар тушаалын хавсралтын 1.2-т “энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан тавих шаардлагыг хангасан хуулийн этгээдэд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоно” Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл” 15.14.6-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах барилга засварын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх”-ээр зааснаас харахад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг хувь хүнд биш аж ахуйн нэгжид олгодог нь харагдаж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл авсан этгээд”-ийг нэрлэн зааж өгсөн байх бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах эрхгүй хариуцагч “М” ХХК нь хууль зөрчин “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь хариуцагч нар нь нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар олж өгөөгүй буюу барилгын зураг төслийг боловсруулан хүлээлгэж өгөөгүй буюу барилгын зураг төслийг боловсруулан хүлээлгэж өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч нь ажлын гүйцэтгэх хугацаанд хийж гүйцэтгэн “Х” ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч “М” ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй учир барилгын зураг төслийг баталгаажуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд “М” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын зураг төсөл боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Газрын эскиз зургийг газрын гэрчилгээ, Засаг даргын тусгай зөвшөөрөл гэх мэт 13 төрлийн материал бүрдүүлсний үндсэн дээр схемийг зурж эхэлдэг ба гэрээнд тодорхой тусгаж өгсөн. Газрын гэрчилгээ гарснаар эскиз зураг хүчин төгөлдөр болдог гэдгийг хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар 27.4 дэх хэсэгт заасны дагуу газрын зөвшөөрөлгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу албан бичиг ирснийг Г.Гнь мэдэж байгаа бөгөөд эскиз зураг зураад газар эзэмших гэрчилгээ байхгүй бол хүчин төгөлдөр бус болохыг мөн мэдэж байсан. Талуудын хооронд хийсэн гэрээ газрын гэрчилгээ гарснаар хэрэгжиж эхлэх байсан. Тиймээс Иргэний хуулийн 44 дугаар зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл юм. Нэгэнт газрын гэрчилгээ гарах боломжгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 46 дугаар 46.3 дахь хэсэгт заасны дагуу болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Мөн гэрээний 3.6-д давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд энэхүү гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй бөгөөд энэхүү гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлнэ. Газар өмчлөх эрхийг Төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэрээр цуцалж байгаа нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл биш тул Б.Батжаргалын буруутай үйл ажиллагаа биш байна. “М” ХХК гэх тухайн 1 сар 10 хоногийн хугацаанд хамааралгүй зарлагын падаан, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нотлох баримтаар өгсөн байдаг. Хэрэв “Уран үзэг” ХХК тухайн эскиз зургийг зурсан бол яагаад “М” ХХК-ны ажилчдын цалин, тооцоо, зарлагыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Гэрээг шударгаар биелүүлж байгаа бол яагаад өөрөө энэ ажлаа хийлгүйгээр тамга тэмдэг дарагдаагүй “Уран үзэг” ХХК-иар ажил гүйцэтгүүлж байгаа нь үүрэг шударга байх зарчимд нийцэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасны дагуу анхнаасаа гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн 10 600 000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г нь 2009 онд Монгол улсын шинжлэн ухаан технологийн их сургуулийг Архитектурын мэргэжлээр, 2015 онд мэргэшсэн архитекторын сургалтад сурч төгссөн. Архитектор мэргэжлээрээ 5 жил ажиллаж байхдаа 2013 онд “М” ХХК-ийг барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авах, зураг төслийн гэрээт ажил хийх зорилгоор байгуулсан. 2014 оны 6 сард нэхэмжлэгч Б.Батжаргалтай танил н.Даваажаваар дамжуулан танилцсан. Б.Батжаргал нь бидэнд барилгын зураг төсөл яаралтай хийлгэх хүсэлтэй байгаагаа мөн өөрийн гэх 2 га газартаа 40 айлын таун хаус бариад зарах сонирхолтой байгаагаа хэлсэн. Зураг төслийн ажлыг зун дуусахаас өмнө барилга угсралтын ажлаа дуусгах хэрэгтэй яаралтай зургаа эхлүүлж суурийн хэмжээгээ гаргаж газар шорооны ажлаа эхлүүлмээр байна гэсэн. Ямар загвартай барих сонирхолтой байгаагаа бидэнд танилцуулж Дарь-Эхэд байрлах таун хаус хороололд дагуулж очиж үзүүлсний дараа өөрийн гэх 2 га газарт очиж бидэнд харуулсан. Барилгын зураг төсөл эхлэхэд газрын гэрчилгээ, хөрсний шинжилгээ, кадастр гэх мэт захиалагчаас өгөх бичиг баримтууд асуухад газрын гэрчилгээ 7 хоногийн дотор яаралтай гарна энэ асуудалд сана зовох зүйлгүй, харин хөрсний шинжилгээ хямд хийдэг компани байвал хэлээд өгөөч гэж асуухад нь танил найзынхаа аавын компанитай холбоо тогтоож өгч байсан. Анх уулзахдаа л тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа шинэ компани гэдгээ Б.Батжаргалд хэлж, хийсэн зураг төслийг “Уран үзэг” ХХК-ийн тамга тэмдгээр хотын захиргаа ба улсын магадлалд оруулна гэдгээ ч тайлбарлан хэлсэн. Тэгж болдог л юм бол бидэнд хамаагүй гол нь зураг төсөл маань хурдан зурагдах хэрэгтэй байна гэж байсан. Газар чинь үнэхээр бүтчихсэн гэрчилгээ чинь хэвлэлтэндээ явж байгаа бол газрын кадастрын зургаа өгчих гэхэд эрүүл тэгш 100мх 200м газар байгаа зургийн ажлаа эхлүүлж бай удахгүй бэлэн болно зургаа өөр компаниар хийлгэх гэхээр үнэтэй болоод байна танай компаниар арай хямд хийлгэмээр байна гэрээгээ бэлдээд хүрээд ир гэсэн. Үнэ хөлсөө тохирч гэрээгээ байгуулж, урьдчилгаа мөнгөө аваад эскиз загвар зураг гарган Б.Батжаргал болон түүний нөхөр н.Анхбаяртай 7 хоногийн зайтай 3 удаа уулзаж санааг нь тусгаж эскиз зураг дуусах шатандаа орсон. Уулзах болгондоо утсаар ярих болгондоо эскиз зураг хүчин төгөлдөр болоход шаардлагатай бичиг баримтуудыг шаардахад одоохон бэлэн болно гээд байсан. Гэрээ хийж урьдчилгаа төлбөрөө авсан тул нэн даруй ажлаа эхлүүлж мөн хэрэгтэй бичиг баримтуудыг байнга нэхдэг байсан. Сүүлдээ залгахаар утсаа ч авахгүй байгаад байхаар нь орхисон байтал 2014 оны 10 дугаар сард буюу гэрээ хийснээс хойш 3 сар гарны дараа Б.Батжаргал над руу залгаад газар маань бүтэмж муутай байна түр хүлээж байгаарай гэж ярьсан. Түүнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад 2015 оны 3 дугаар сард холбогдоод газар маань бүтэхээ больсон, төслөө болиод мөнгөө авмаар байна гээд эхэлсэн. Эскиз зураг бэлэн болсон газрын бичиг баримт байвал газар дээр нь тааруулаад танд хэвлэж өгөхөд бэлэн гэхэд хэн ч наадахыг чинь интернетээс хараад хийчихнэ. Интернетээс хэдэн зураг татчих их юм хийсэн гээд байх юм хэмээн ажил ойлгохгүй доромжилсон. Компани зураг хийхэд олон зардал гардаг, танайх яаралтай гэж байсан учир нэмж хүн хүч ажиллуулсан, инженер техникийн ажилд мөнгө төлж заавар зөвлөгөө авсан. Оффис түрээс, ашиглалт, бичиг хэрэг, хоол унаа мэт зардал гардаг хэмээн тайлбарлахад огт ойлгохгүй урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан нэхэж, надад таньдаг цагдаа сэргийлэх зөндөө байна чамайг тус зөвшөөрөлгүй байж зураг хийсэн гэж цагдаад өгнө сүрдүүлсэн тул 2 000 000 төгрөг шилжүүлсэн гэтэл 2015 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан байсан. Цагдаагаас намайг шалгаад гомдлыг хэрэгсэхгүй болготол 2016 оны 01 дүгээр сард харьяа прокуророос дахин сэргээж хэргийг шалгаад 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал орж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ахин шалгагдаж байгаад 2017 он 02 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар цагаадсан Б.Батжаргал Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүхээр давж заалдсан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Манай компани гэрээнийхээ дагуу ажлаа эхлүүлж зураг төсөл боловсруулсны төлөө сэтгэл санаа, цаг хугацаа, өмгөөлөгчийн хөлс мөнгөөр хангалттай хохирсон юм. Зураг төслийг маш олон талаас нь бодож хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө, барьж төлөвлөлт гарган боловсруулж ажилласан. Гэрээний нийт үнийн дүн 42 000 000 төгрөг. Үүнээс 30 хувийн урьдчилгаа нь 12 600 000 төгрөг байсан ба 2 000 000 төгрөг буцаан олгосон байна. Б.Батжаргалын нэхэмжилж байгаа 10 600 000 төгрөг нь зураг бүтээх зардалд зориулагдсан тул буцааж өгөх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Батжаргалын өөрийнх нь хариуцлагагүй ул суурьгүй бизнес төлөвлөгөөнөөс болж гарсан хохиролд нь манай компани хариуцлага үүрэх боломжгүй. “М” ХХК-тай хамтарч ажилладаг “Уран үзэг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхээр хотын захиргаа ба улсын магадлалд оруулах боломж байдаг гэдгийг дуулгахад нэхэмжлэгчийн зүгээс гэрээ хийхийг яаруулж гэрээ хийсэн нь “Уран үзэг” ХХК-ийн захирал Ө.Эрдэнэгэрэл болон Э.Номун Г.Баттуул нарын гэрчийн мэдүүлгээс нотлогддог. Б.Батжаргалын хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг цаашид зүгээр хараад суух боломжгүй байгаа тул гэм буруугийн нэхэмжлэл болон гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргана гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн 25 дугаар талд барилгын ажил, зураг төсөл боловсруулах гэрээг шударгаар байгуулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа барилгын тухай хуулиар тусгай зөвшөөрөлгүй, хууран мэхэлсэн гэж үндэслэлгүйгээр Эрүүгийн хэрэг үүсгэж, бүх шатны шүүх хуралдаанаар цагаатгах тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг үүсгэх гол үндэслэл нь хариуцагчийг тусгай зөвшөөрөлгүй уг ажлыг гүйцэтгэсэн гэдэг. Хариуцагч тухайн газар дээр хэд хэд очиж зураг төсөл хийсэн. Хариуцагчийн дипломын хуулбараар мэргэшсэн архитектурч буюу зураг төсөл хийх эрхтэй юм. Тусгай зөвшөөрөлгүй ч гэсэн зургаа зураад, тухайн зургийг тусгай зөвшөөрөлтэй “Уран үзэг” компани баталгаажуулж хийдэг. Зураг төслийг “Уран үзэг” ХХК-ийн тамга тэмдгээр Хотын захиргаа ба Улсын магадлалд оруулна гэдгээ тайлбарласан. Барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээний 3.2-т бэлэн болсон барилгын ажлын зураг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсны дараа үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ гэж заасан. Ажлаа хийхдээ нэмж 2 хүнийг цалинжуулж, байр түрээсэлсэн, гэтэл компьютероос бэлэн зураг авсан юм шиг ярьж байна. 45 айл амьдрах эскиз зургийг хийж байхад гэрээ байгуулагдсанаас 1 сарын дараа нэхэмжлэгчийн газрын зөвшөөрөл гараагүй тул зургаа больчихлоо гэсэн нь гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Хариуцагч Иргэний хуулийн 189 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлсон. Үнэ хөлс, цаг хугацаа, гэх хүсэл зорилгоо илэрхийлж байгуулсан тул энэ гэрээ хүчин төгөлдөр юм. Тусгай зөвшөөрөлгүй этгээд зургийг зураад өөр бусад этгээд баталгаажуулах боломжтой учраас залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Хавтаст хэргийн 30 дугаар талд зарлагын баримтууд нь 2014 оны 6 дугаар сараас эхэлсэн байдаг. Мөн 122-139 дүгээр талд миний үйлчлүүлэгчийн хэдэн төгрөгийн ажил хийсэн талаарх зөвлөх эдийн засагчийн хийсэн үнэлгээ гарсан. Уг үнэлгээнд нийт 17 208 964 төгрөг болсон нь зөвхөн хариуцагчийн хийсэн ажлын үнэлгээ юм. Г.Г, “М” ХХК-ийн алинаас нь нэхэмжилж, хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 56 дугаар зүйлийн 56.1.9, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, хэрэв хүчин төгөлдөр гэж үзвэл хариуцагч нь зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн эсэхэд буруу дүгнэлт хийснээс иргэний эрх зүй дэх “үүрэг шударга байх” тусгай зарчим зөрчигдөж, гэрээний эдийн засгийн онолын үндсэн агуулга биеллээ олоогүй байна. Талууд нь хоорондоо байгуулсан “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай” гэрээний гол нөхцөлд нь гүйцэтгэгч нь Улаанбаатар хот Б дүүрэгт баригдахаар төлөвлөгдөж буй 45 айлын амины орон сууц” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2 га талбайд аяслын зураг, түүнд багтах 1 000 м.кв үйлчилгээний барилгын зураг төслийг боловсруулах ажил” хэмээн хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь хавтаст хэрэгт гэрээнд заасан 45 айлын орон сууцны биш 40 айлын орон сууцны барилгын зураг төсөл гэсэн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй зургийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгч нь шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь иргэний процессын эрх зүйн “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” тусгай зарчимтай зөрчилджээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан хариу татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй буюу хариу татгалзлаа нотлоогүй. Мөн барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журмаас харахад “барилгын зураг төсөл”-ийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэхээр заасан байдаг богөөд хувь хүн хийж гүйцэтгэхийг хориглосон байдаг. Хариуцагч Г.Г нь туслан гүйцэтгэгчээр “Уран үзэг”ХХК-ийг сонгосон гэдэг ч “Уран үзэг“ ХХК-ийн захирал н.Эрдэнэгэрэл нь тус зургийг зураагүй Г.Г-ын зурсан зургийг баталгаажуулах эрхгүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд н.Эрдэнэгэрэлийн гарын үсэг нь хуурамч болох нь шинжээчийн 3300 тоот дүгнэлтээр тогтоогдсон болно. Барилгын хөгжлийн төвөөс ирсэн бичигт уг зургийг үнэлэх боломжгүй буюу уг зураг ямар ч үнэгүй гэдэг нь тогтоогдсон байтал хариуцагч нарын хувийн компаниар үнэлүүлсэн гэх үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хууль зөрчиж цуглуулсан байхад шүүгч нь уг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүхийн үйл ажиллагаа шударга, хуульд захирагдах тусгай зарчимд нийцээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг хувьд хэн гүйцэтгэх нь хамаагүй боловч гэрээний гол зүйл буюу обьектив шинж нь ажлын үр дүн байдгаараа бусад төсөөтэй гэрээнээс ялгагддаг. Хариуцагч нь “барилгын ажлын зураг төсөл” буюу “ажлын үр дүн”-г нэхэмжлэгчид шилжүүлээгүй, мөн “ажлын үр дүн” хэзээ ч бий болохгүй нь тодорхой байхад үүргээ гүйцэтгэсэн хэмээн шүүгч үзсэн нь хуулийг буруу ойлгож буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэргийн материалаас ирүүлсэн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  миний шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар нэгэн ажлын үр дүн буюу барилгын зураг төслийг хүлээн аваагүй хэмээн удаа дараа дурдсаныг хариуцагч нар нь үгүйсгээгүй байхад шүүх өөрийн санаачлагаар хариуцагч нарыг үүргээ биелүүлсэн, зураг төслийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ биелүүлээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “хүсэл зориг”-ийн онолыг зөв хэрэглээгүй болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг “хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй. Учир нь гэрээний 2.3-д “энэхүү гэрээний хугацааг 4.2-т заасан бичиг баримтуудыг захиалагчаас гүйцэтгэгчид гардуулан өгсөн өдрөөс эхлэн тоолно” хэмээн талууд тохиролцсоноос харахад одоо хүртэл гэрээний хугацааг тоолж эхлээгүй буюу гэрээ хэрэгжиж эхлээгүй, гэрээний 4.2-т заагдсан бичиг баримт нь одоо хүртэл гүйцэтгэгчид шилжээгүй буюу шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь харагдаж байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлэхдээ “гэрээний 4.2-т заасан бичиг баримт нь захиалагч талаас хариуцагчид шилжсэнээр гэрээ хэрэгжиж эхлэхээр тохиролцон” бичгээр гэрээ үйлдэн хүсэл зоригоо илэрхийлжээ. Талууд гэрээ хэрэгжиж эхлэх хугацаагаа “бичиг баримт шилжсэн”-ээр хэмээн тодорхойлсноос харахад талууд болзол тавьж гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцлийн агуулга нь тодорхойгүй байгаа үйл явдал бий болоход хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байхыг шаарддаг. “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-нээс харахад газрын бичиг баримт хэзээ нэхэмжлэгчийн нэр дээр шилжих нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэр дээр газрын гэрчилгээ гарч хариуцагчид бичиг баримт хэзээ шилжих нь тодорхойгүй байгаа нь харагдана. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас харагдаж байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байна. Мөн гэрээний 3.6-д талууд гэрээний үүргээс чөлөөлөгдөх нөхцлөө маш тодорхой тусгаж өгсөн байх ба гэрээ байгуулахаас өмнө хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын зөвшөөрөлгүй байсан болохыг мэдэж байсан байдаг. Нэхэмжлэгчийн худалдаж авахаар төлөвлөсөн газрын зөвшөөрөл нь хүчингүй болсон байсан болох энэ талаараа гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор хариуцагчид мэдэгдсэн болохыг гэрчилдэг бөгөөд нэхэмжлэгчээс шалтгаалалгүйгээр төрийн байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүхэд гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан “барилгын зураг төсөл боловсруулах" гэрээнд ажил гүйцэтгэгч нь тусгай субъект байхыг шаарддаг. Учир нь Монгол улсын үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, эрх бүхий байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэжээ. Барилгын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тухайн үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу явуулахаар тусгайлан зааж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад “М” ХХК нь барилгын засал чимэглэл, Автомашин засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс ажилладаг гэж харагдахаар байна. Мөн “М” ХХК нь барилгын зураг төсөл боловсруулаагүй байж ямар ч хамааралгүй хүмүүсийн цалин нийгмийн даатгал түрээсийн мөнгө, материалын зардал зэргийг шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв туслан гүйцэтгэгч “Уран үзэг” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг хариуцагч нь гаргадаг ч яагаад “Уран үзэг” ХХК-ийн ажилчдын цалин, зарлага тооцоо хийхгүй байгаа нь ойлгомжгүй иймээс хариуцагч нарын гаргаад байгаа тайлбар нотлох баримт нь авцалдаагүй үнэмшилгүй байна. Гэрээний 2.2-т “ажлын үр дүнг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэх”-ээр буюу гэрээний хугацаа нэг сараар тусгаж өгчээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалууд нь цаг хугацааны хувьд тохирохгүй мөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан эсэх “М” ХХК нь худалдан авсан эсэх нь тодорхойгүй байна. “М” ХХК нь хуулиар барилгын зураг төсөл боловсруулах эрх, харилцан үүрэг олгогдоогүй байна. Дээрхээс харахад талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” хэмээн заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байна. Тус гэрээ нь анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус тул тусгайлсан шаардлага гаргах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 10 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх маргаж буй үйл баримттай холбоотой хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК, Г.Г нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 10 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай” 004 дугаартай гэрээг байгуулан, ажил гүйцэтгэгч нь 45 айлын амины орон сууцны хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний 2 га талбайд ажлын зураг, түүнд багтах 1 000 м.кв үйлчилгээний барилгын зураг төслийг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч ажлын хөлсөнд 42 000 000 төгрөг төлөх гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцож тогтоон, талууд гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулжээ. 

Улмаар захиалагч нь гэрээ байгуулсан өдрөө ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 12 600 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “М” ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан, гэрээ байгуулах үед энэ нөхцөл байдлыг мэдээгүй гэж тайлбарлан, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж 10 200 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч Г.Г нь архитектор мэргэжилтэй, мэргэшсэн архитектор цолтойн хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжтой  бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий Уран үзэг ХХК-иар ажлыг хянуулж баталгаажуулан, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулан улсын магадлалд оруулах талаараа захиалагчид урьдчилан мэдэгдсэн, захиалагч уг байдлыг зөвшөөрч гэрээ байгуулсан нь эрүүгийн хэргийг шалгах явцад талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Мөн талуудын байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээс үзвэл захиалагч нь барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэж, холбогдох хууль, журамд зааснаар хянан баталгаажуулсны эцэст барилгын ажлыг гүйцэтгэх журамтайг мэдэхгүйгээр гэрээ байгуулж, захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй бөгөөд хуулиар тогтоосон бүхий л шаардлага, шалгуур, урьдчилсан нөхцөл, үүргийг биелүүлэх нь захиалагчид нэгэн адил хамааралтай, энэ нь гэрээний 1.4-т тусгагдсан байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч М ХХК нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийснийг хожим мэдсэн гэх хариуцагчийн гаргаж буй  үндэслэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар байгуулагдсан гэж үзнэ.

Хэлцэл хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргээ биелүүлэх, аль нэг тал үүргээ зөрчвөл нөгөө тал хуульд заасан журмаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээ хүчин төгөлдөр бус гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч, нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сард газрын зөвшөөрөл гарах ёстой байсан боловч гараагүй тул энэ тухай 7 хоногийн дараа Г.Ганболорт хэлж мөнгөө буцааж авахыг мэдэгдсэн гэж, хариуцагч нь гэрээ хийсний урьдчилгаа мөнгөө аваад эскиз загвар зураг гарган Б.Батжаргал болон түүний нөхөр н.Анхбаяртай 7 хоногийн зайтай 3 удаа уулзаж, санааг нь тусгаж, эскиз зураг дуусах шатандаа орсон, уулзах бүртээ эскиз зураг хүчин төгөлдөр болоход шаардлагатай баримт бичгүүдийг шаардахад бэлэн болно л гэдэг байсан, ингээд гэрээ хийснээс хойш 3 сарын дараа 2014 оны 10 дугаар сард Б.Батжаргал залгаад газар бүтэмж муутай байна, түр хүлээж байгаарай гэж хэлсэн, 2015 оны 3 дугаар сард газар бүтэхээ больсон, төслөө болиод мөнгөө авмаар байна гэж хэлсэн гэж тус тус тайлбар гаргажээ.

Зохигчдын дээрх тайлбарын агуулгыг хэргийн баримттай харьцуулан үзвэл талууд гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэхээр маргаж байх тул маргаантай үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй. 

Захиалагчаас 30 хувийн урьдчилгаа болох 12 600 000 төгрөгийг гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн нь  гэрээний  3.2-т заасны дагуу байх бөгөөд ажил гүйцэтгэгчийн урьдчилгаа төлбөрийн хэмжээнд эх загвар буюу эскиз зургийг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаа үндэслэн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эскиз зургийг зурж, урьдчилгаа төлбөр нь уг ажилд зарцуулагдсан тул 10 200 000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлгүй гэсэн татгалзал гаргаж, уг татгалзлаа нотлох зөвлөх эдийн засагч Ш.Цэвэлрагчаагийн зургийн  ажилд нь хийсэн дүгнэлтийг шүүхэд баримтаар гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан дээрх баримтыг няцаагаагүйгээс гадна 2014 оны 6 дугаар сард газрын зөвшөөрөл гарах ёстой байсан боловч гараагүй тул энэ тухай 7 хоногийн дараа Г.Ганболорт хэлж мөнгөө буцааж авахыг шаардсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн газрын зөвшөөрөлтэй байх, холбогдох бичиг баримтыг ажил гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх үүргийг захиалагч хүлээсэн боловч гэрээний 4.2-т заасан уг үүргээ  биелүүлээгүй байх бөгөөд захиалагч гэрээнээс татгалзсанд ажил гүйцэтгэгч буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд газрын гэрчилгээ гараагүй тохиолдолд ажил эхлэхийг хойшлуулах, гэрчилгээ гарснаар ажлыг эхлүүлэх талаарх нарийвчилсан тохиролцоо байхгүй, зураг хийлгэх шаардлагагүй болсноо 7 хоногийн дараа мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул газрын гэрчилгээ гарснаар хэрэгжиж эхлэх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан өөрчлөгдөх болзлоор хэлцэл хийсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах үед эскиз зургийг хийж гүйцэтгэснээ мэдэгдсэн боловч захиалагч хэн ч ийм зургийг интернетээс хараад хийчихнэ гээд хүлээж аваагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл ажил гүйцэтгэгч М ХХК-ийн урьдчилгаа төлбөрийн хэмжээнд барилгын эскиз зургийг хийсэн гэх тайлбар баримтаар няцаагдаагүй, ажил гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, харин ийнхүү гэрээг цуцалсан тохиолдолд цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого,үр шимийг хасч, хохирлыг нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасан.

Мөн гүйцэтгэгчээс хүлээлгэн өгсөн буюу хүлээлгэн өгөх үеийн зураг төслийн талаар барилга архитектурын мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтэд үндэслээгүй гомдлын шаардлагыг захиалагч гаргавал гүйцэтгэгч хүлээн авахгүй байх эрхтэй гэж гэрээний 6.4-т заажээ.

Иймд урьдчилгаа төлбөрийн хэмжээнд барилгын эскиз зургийг хийж гүйцэтгэсэн тул  10 200 000 төгрөгийг буцаан төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6, гэрээний 6.4 дэх заалтад нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шүүх ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан зохигчдын маргааны агуулга, үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул хууль хэрэглээг зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 56 дугаар зүйлийн 56.1.9” гэснийг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 56 дугаар зүйлийн 56.1.9” гэснийг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

                                                     ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

                                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ