Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00605/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 22-р хороолол, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Ч*** О*** т холбогдох

 

3.299.103 төгрөг гаргуулах,

 

Хариуцагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, *** ХХК-ны хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М**, Б.Э** , хариуцагч Х.О*** , хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, орчуулагч Ж.Г*** , гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж*** , *** , нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-ны захирал Х.Б*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, Б.Э** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар байрыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Уг байрны *** тоотын орон сууцыг иргэн Х.О*** т сарын 100 000 төгрөгийн хөлстэй, 1 жилийн хугацаатайгаар 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан түүнд хөлслүүлсэн. Иргэн Х.О*** нь орон сууцыг эзэмшиж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд хариуцагчаас байрны хөлс 2 248 236 төгрөг, алданги 897 586 төгрөг, цахилгааны төлбөр 166 881 төгрөг, нотариатын зардал 4400 төгрөг нийт 3 299 103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.О*** , түүний өмгөөлөгч Л.Цуурай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 оны 11 сард *** ХХК-тай гэрээ байгуулж сар бүр 70 000 төгрөгийн түрээс төлөх болж *** тоот 1 өрөөг эзэмших болсон юм. Анх ороход *** ХХК-ны захирал Б*** ОХУ-д түрээс төлж дамжуулан түрээслэж байгааг хэлсэн боловч ОХУ-тай хийсэн гэрээ хэлцлийг бидэнд огт үзүүлээгүй билээ. Би 2011 оны 11 сараас 2012 он хүртэл 70 000 төгрөг, 2012 оноос 80000 төгрөг, 2013 оноос 90 000 төгрөг төлж байсан. Одоо биднээс 120000 төгрөг гэж нэхэх болсон. *** ХХК-ны шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн задаргааг харахад 2013 оны 10 сараас хойш 100 000 төгрөг гэж бичсэн байна. энэ гэрээний түрээсийн төлбөр нэмэгдэхэд бидэнтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй, шууд дуртай үедээ нэмж орж ирдэг. Түрээсээ төлөхөөр авч очиход хэзээний хэд хоногийн алданги гэдгийг тайлбарладаггүй шууд л алдангид тооцож авлаа гээд авдаг бөгөөд үндсэн түрээсийн төлбөр хэвээр үлддэг. Мөн цахилгааны төлбөрөөс ч алданги тооцдог. Ийм эрх байдаг эсэхийг мэдэхгүй. Энэ байдлаар түрээсийн төлбөрт өгсөн мөнгө алдангид тооцуулсаар өрөнд орсон. Миний хувьд ажилгүй, ам бүл 3. 2 хүүхдийн хамт амьдардаг. Энд тэнд хүний лангуунд түр сууж хэдэн төгрөг олдог боловч түрээсээ төлөх гэж өгөөд алдангид хураалгадаг. Гэрэл цахилгаанаа 2014 оны 3 сард таслуулсан боловч цахилгааны мөнгө гээд бичээд орж ирдэг юм. Би тоолуурын заалт хэд гарч байгааг мэдэхгүй. *** ХХК-ны ня-бо нь бичээд оруулж ирээд өөрсдөө л авдаг. Доор тоолуур цоожтой байдаг гэсэн. Ийм байдалд би 2 жил амьдарсан учраас энэ компанитай гэрээ хийгээгүй. Гэрээ хийхгүй байгаагийн учир нь тус компани хүний эрхийг хэтэрхий зөрчиж, өөрсдийн дураараа бидний ус цахилгааныг хязгаарладаг. Гэрт хүн байсан байгаагүй хамаагүй, цоож цуургыг эвдэж, коридорт гэрийн эд хогшлыг гаргаж тавьдаг. Манайхыг ингээгүй ч олон айлын эрхэнд ингэж халдаж байсан. Цаашид хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгөө холбогдох газарт нь тоолуураараа төлнө. Түрээсийн мөнгийг ОХУ-тай гэрээтэй эсэхийг нь үзэж байж тохиролцож төлнө. *** ХХК-ны нэхэмжилсэн тохиролцож гэрээнд тусгаагүй түрээсийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар гаргаж ирвэл төлнө. Гэхдээ 2 жил гэрэлгүй харанхуй суусан хугацааны төлбөр гэгчийг төлөхгүй. Ямар үндэслэлээр цахилгааны төлбөр гаргаж байгааг мэдэхгүй байна. Алдаанги төлөх чадвар ч байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж*** , Б*** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан сумын 4-р баг *** байрны өмчлөлтэй холбоотой асуудал захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, Оросын Холбооны Улсын өмч мөн гэж шийдвэрлэсэн. Энэ асуудал анх үүсэхдээ энд байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үүссэн. Энд байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгөө ямар нөхцлөөр хэрхэн өмчлөхөө өмчлөгч өөрөө шийднэ. Тиймээс шүүх хуралдааныг гэрээг хүчингүй болгох байдлаар бус нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.О*** , түүний өмгөөлөгч Л.Цуурай нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Х.О*** миний бие *** ХХК-ны хууль бус үйлдлээс болж сүүлийн 2 жил гэрэл тоггүй, зарим үед усгүй хохирч байна. Тус компани нь ОХУ-ын өмч болох байрыг айл өрхүүдэд дамжуулан түрээслүүлдэг гэх боловч өмчийн эзэнд мөнгө өгдөг эсэх нь тодорхойгүй бөгөөд ус цахилгаан дулааныг аж ахуйн нэгжийн үнээр биднээс өөрсдөө хураан авч айл бүр хичнээн хэмжээний ус, цахилгаан хэрэглээд байгаагаа мэдэх боломжгүй болгож, бүх тоолууруудыг хураан авч нэг өрөөнд хийгээд цоожилсон. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаагаас гадна хувийн компани биднээс дээрхи хэрэглээний мөнгөнөөс алданги тооцон авч бидний амьдралыг дордуулж, маш ихээр хохироож байна. Цахилгаан шугам сүлжээ, дулаан, ус ашиглалтын газрууд ч гэсэн тус 12-р байранд 90 айл амьдарч байхад аж ахуйн нэгжийн байранд байгаа мэтээр үзэж , зөвхөн *** ХХК-тай гэрээ хийж бидэнтэй гэрээ хийдэггүй. *** ХХК-ны өмч биш байранд амьдарч байгаа болохоос *** ХХК-ны өөрийнх нь хөрөнгөд бид орж суугаагүй. Тус компани нь халуун зунаар ус хаагаад хэдэн сар болдог. Бүтэн 2 жил гэрэл, тоггүй байлгаж байгаа нь эрүүл амьдрах, гэрэл цахилгаан хэрэглэж, хэрэглэснийхээ хэрээр холбогдох газарт хөлс төлөх эрхийг маань маш ноцтой зөрчиж байна. Телевиз, радио үзэж харах ямар ч боломжгүй, бүдүүлэг харанхуй орчинд байлгасаар байна. Бид зөвхөн түрээсээ компанид төлье. Бусад хэрэглээгээ холбогдох газруудад нь гэрээ хийж төлье гэхэд аль нь ч хүлээж авдаггүй. Зөвхөн *** -д хамааралтай гэж хариу ирүүлдэг. Бид яваагүй газаргүй, холбогдох бүх дулаан, ус, цахилгаан сүлжээ гэх газруудад хандсан. Харин ч бүр *** ХХК-ны удирдлага дэд захирал М*** төлж чадахгүй бол гар, зайл гэж хөөх, нялх нойтон хүүхдүүдтэй айлыг шууд цоож, цуургыг нь эвдэж, эд хогшлыг нь коридорт гарган хаядаг. Ийм агуу эрхтэй улс өнөөдөр бусдын өмчөөр ашиг олж, ядарсан иргэдийг дарамтлан хүссэн хэмжээгээрээ шулж, үндэслэлгүй хөрөнгөжих үйлдэл явуулж байна. Иймд *** ХХК-ны айл өрхөөс ус, дулаан, цахилгааны мөнгийг авч алданги тооцдог үйлдлийг таслан зогсоож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж холбогдох газруудтайгаа гэрээ хийж, хэрэглээний үнэ төлж байх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, Б.Э** нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.О*** нь сөрөг нэхэмжлэлдээ ...*** ХХК-ийн хууль бус үйлдлээс болж 2 жил тог усгүй хохирч байна. ...ОХУ-ын өмчийн байрыг айл өрхүүдэд дамжуулан түрээслүүлдэг гэх боловч өмчийн эзэнд мөнгө өгдөг эсэх нь тодорхойгүй, хэрэглээний мөнгөнөөс алданги тооцон авч бидний амьдралыг дордуулж маш ихээр хохироож байна ...гэж бичсэн нь бодит үнэнд нийцээгүй байна.

*** ХХК нь иргэн Х.О*** гэгчийг уг орон сууцанд хүчээр оруулж, амьдралыг нь дордуулж хохироосон үйлдэл байхгүй, түүнийг орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж байснаас бус нэг ч айлыг хөөн гаргах, дарамталсан үйлдал гаргаж байгаагүй, харин ч хүлээцтэй хандаж ирсэн. Мөн өмчлөгч ОХУ-д мөнгө өгдөг эсэх нь хариуцагчид хамаагүй бөгөөд мөнгө өгдөг эсэх нь орон сууцныхаа хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Тэрээр хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй, хэрэглэсэн ус, дулаан, цахилгааныхаа мөнгийг төлөөгүй атлаа хөлслүүлэгч манай байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Манай байгууллага хэдийгээр ашгийн төлөө хуулийн этгээд боловч орон сууц хөлслөх үнийг хаана ч байхгүй хямд үнэээр хөлслүүлдэг, өнөөгийн байдлаар хөлсийг сарын эцэст авдаг, сарын 100 000 төгрөгөөр хөлсөлдөг, 1 өрөө орон сууц Дархан хотод хаана ч байхгүй бөгөөд шударгаар гэрээнийхээ дагуу байрны хөлс, хэрэглээний төлбөрөө төлж байгаа бусад оршин суугчид хариуцагч Х.О*** мэтийн цөөн тооны хүмүүсээс шалтгаалан ус, дулаан, цахилгаанаа хязгаарлуулан хохирох ёсгүй. Нөгөө талаар эдгээрээс шалтгаалан өмчлөгчид төлөх ёстой төлбөр төлөгдөөгүйгээс манай өр хурамтлагдсаар байна. хариуцагчид таатай нөхцлөөр орон сууцыг хөлслөх боломж олгосоор байхад хууль болон гэрээнд заасны дагуу орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани ус, дулааны өрөнд орсноос хангагч байгууллага хэрэглээг хязгаарлах нь хууль ёсны бөгөөд хэрэглээг хязгаарласан нь хариуцагч Х.О*** ийн эрүүл амьдрах эрхийг зөрчсөн үйлдэл биш. Талуудын хооронд үүссэн орон сууц хөлслөх, хөлслүүлэх харилцаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд бид хариуцагчийг албан хүчээр байлгаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг жич нэмэгдүүлэх болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Х.О*** т холбогдуулан түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр 3 299 103 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч Х.О*** нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч *** ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар” Холбооны Засгийн газрын Үйлдвэртэй 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай Түрээсийн гэрээ байгуулан түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан Монгол Улс Дархан хот 22-р хороолол *** байрыг 1 ам метр талбайг сарын 0,5 доллараар, жилийн 16 927,5 доллараар, 2008 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ,  гэрээний 1, 2 дугаар хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 63-73/

 

Талууд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *** тоот түрээсийн гэрээний нэмэлт хэлцэл №3-ийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Хэлцэл №3, гэрээний хавсралт 1, 2 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 74-84/

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Х.О*** тэй 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын 4-р баг *** байрны *** тоот 1 өрөөг, 12 сарын хугацаатай буюу 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 90 000 төгрөгөөр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 100 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцох, хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ны дотор төлөх, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлөх, дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сар хүртэл гэрээнд зааснаар байрны түрээс, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 259 336 төгрөг, алданги 14 700 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сар хүртэл байрны түрээс 2 300 000 төгрөг, цахилгааны  төлбөр 166 881 төгрөг нийт байрны түрээсийн төлбөр 2 248 236 төгрөг, цахилгааны төлбөр 166 881 төгрөг, алданги 879 586 төгрөг, нотариатын зардал 4 400 нийт 3 299 103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.О*** 2014 оны 3 сараас тог тасалсан, мөнгө өгөхөөр алданги гээд авчихдаг, байрны үнийг гэрээнд зааснаар илүү үнээр нэхдэг тул гэрээнд тусгаагүй түрээсийн төлбөрийг төлөхгүй, хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлнө, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

      Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 5.3-д “Гэрээний хугацаа дуусмагц хөлслүүлэгч талын зөвшөөрлөөр гэрээг сунгах ба цуцална” гэж заасан боловч гэрээг албан ёсоор бичгээр сунгаагүй, хариуцагч нь одоог хүртэл амьдарч байгаа зэрэг нь нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

      Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК-ны бичгээр гэрээ байгуулсан хугацааны буюу 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сар хүртэл гэрээнд зааснаар байрны түрээс 2 248 236 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 166 881 төгрөг, алданги 879 586 төгрөг, нотариатын зардал 4 400 төгрөг нийт 3 299 103 төгрөгийг хариуцагч Х.О*** ээс гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

 

      Хариуцагч Х.О*** нь байрны үнийг гэрээнд зааснаас илүү үнээр нэхдэг, алданги төлөхгүй, тог тасалсан гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 1.2-т “Хөлслүүлж буй орон сууцны сарын түрээсийн төлбөр нь 2013.06.01-ний өдрөөс 2013.10.01-ний өдөр хүртэл 90 000 төгрөг, 2013.10.01-ний өдрөөс хойш 100 000 төгрөг бөгөөд хөлслөгч орон сууцны хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ний дотор төлнө”, 1.3-д “Хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлнө”, 1.4-д “Дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно”, 2.5-д “Төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд цахилгаан болон усны хязгаарлалт хийх” гэж заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

      Сөрөг нэхэмжлэлийн талаар

      Хариуцагч Х.О*** нь *** ХХК-ны хууль бус үйлдлээс болж сүүлийн 2 жил гэрэл тоггүй, зарим үед усгүй хохирч байна. Тус компани нь ОХУ-ын өмч болох байрыг айл өрхүүдэд дамжуулан түрээслүүлдэг гэх боловч өмчийн эзэнд мөнгө өгдөг эсэх нь тодорхойгүй бөгөөд ус цахилгаан дулааныг аж ахуйн нэгжийн үнээр биднээс өөрсдөө хураан авч айл бүр хичнээн хэмжээний ус, цахилгаан хэрэглээд байгаагаа мэдэх боломжгүй болгож, бүх тоолууруудыг хураан авч нэг өрөөнд хийгээд цоожилсон. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаагаас гадна хувийн компани биднээс дээрхи хэрэглээний мөнгөнөөс алданги тооцон авч бидний амьдралыг дордуулж, маш ихээр хохироож байна. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж, *** ХХК-ны хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

*** ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар” Холбооны Засгийн газрын Үйлдвэртэй 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай Түрээсийн гэрээ байгуулан түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан Монгол Улс Дархан хот 22-р хороолол *** байрыг 1 ам метр талбайг сарын 0,5 доллараар, жилийн 16 927,5 доллараар, 2008 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гуравдагч этгээд ОХУ-ын Гадаад өмчийн асуудал эрхлэх нэгтгэлийн Монгол Улс дахь төлөөлөгч С.С.Жилинский, Белозерова Василия Владимирович нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь *** ХХК-ны хууль бус үйлдлээс болж сүүлийн 2 жил гэрэл тоггүй, зарим үед усгүй хохирч байна, хэрэглээний мөнгөнөөс алданги тооцон авч бидний амьдралыг дордуулж, маш ихээр хохироож байна гэж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч *** ХХК нь гэрээнд заасан хугацааны алдангийг нэхэмжилсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон, хүчингүй болсон эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Мөн *** ХХК нь шүүх хуралдаанд өгсөн... тус байр нь ОХУ-ын өмчлөлийн орон сууц тул манай байгууллага ус, дулаан, цахилгааны гэрээг тухайн байгууллагуудтай байгуулсан, тоолуур байранд байдаг түүний бичилтийн дагуу бид төлбөрийг дээрхи байгууллагуудад төлдөг, айл өрхүүд хэрэглэсэн ус, цахилгааны төлбөрөө  төлөөгүй учраас дээрхи байгууллагуудаас тасалсан гэсэн тайлбар, Орон сууц хөлслөх гэрээний 2.5-д “Төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд цахилгаан болон усны хязгаарлалт хийх”, Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ, 32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 32.2.2.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан, 32.7.Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй гэж заасан байх тул зөрчигдсөн эрхийг сэргээж, *** ХХК-ны хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.О*** ээс 3.299.103 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, зөрчигдсөн эрх сэргээлгэх, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 67.736 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О*** ээс 67.736  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА