Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 197

 

“Гобитекс” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00605/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч О.Нарангэрэл,  С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дугаар шийдвэртэй,    

          Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

          Хариуцагч Чонос овогт Х-гийн О-т  холбогдох  

         “Орон сууцны хөлс 3.299.103 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Х.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

“Гобитекс” ХХК-ийн захирал Х.Батбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Б.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 6 дугаар байрыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Уг байрны 3-03 тоотын орон сууцыг иргэн X.О-т сарын 100 000 төгрөгийн хөлстэй 1 жилийн хугацаатайгаар 2013 оны 5 дугаар  сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан  хөлслүүлсэн. Иргэн X.О- нь орон сууцыг эзэмшиж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд хариуцагчаас байрны хөлс 2 248 236 төгрөг, алданги 897 586 төгрөг, цахилгааны төлбөр 166 881 төгрөг, нотариатын зардал 4400 тегрөг, нийт 3 299 103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Х.О-, түүний өмгөөлөгч Л.Цуурай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 11 сараас 2012 он хүртэл 70 000 төгрөг 2012 оноос 80000 төгрөг, 2013 оноос 90 000 төгрөг төлж байсан. Одоо биднээс 120000 төгрөг гэж нэхэх болсон. Түрээсийн төлбөрт өгсөн мөнгө алданги тооцуулсаар өрөнд орсон. Гэрэл цахилгаанаа 2014 оны 3 сард таслуулсан боловч цахилгааны мөнгө гээд бичээд орж ирдэг. Би тоолуурын заалт хэд гарч байгааг мэдэхгүй. “Гобитекс” ХХК-ийн  ня-бо нь бичээд оруулж ирээд өөрсдөө л авдаг. Доор тооллуур цоожтой байдаг гэсэн. Ийм байдалд би 2 жил амьдарсан учраас энэ компанитай гэрээ хийгээгүй.  Цаашид хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгөө холбогдох газарт нь тооллуураараа төлнө. 2 жил гэрэлгүй харанхуй суусан хугацааны төлбөрийг төлөхгүй.  Ямар үндэслэлээр цахилгааны төлбөр гаргаж байгааг мэдэхгүй байна. Алданги төлөх чадвар ч байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Белозерова Василия Владимирович, Жилинского Сергей Станиславович нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан сумын 4-р баг 22-р хороололын 6-р байрны өмчлөлтэй холбоотой асуудал захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, Оросын Холбооны Улсын өмч мөн гэж шийдвэрлэсэн. Энэ асуудал анх үүсэхдээ энд байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үүссэн. Энд байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгөө ямар нөхцлөөр хэрхэн өмчлөхөө  өөрөө шийднэ. Тиймээс шүүх хуралдааныг гэрээг хүчингүй болгох байдлаар бус нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О- түүний өмгөөлөгч Л Цуурай нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Х.О- миний бие “Гобитекс” ХХК-ийн хууль бус үйлдлээс болж сүүлийн 2 жил гэрэл тоггүй, зарим үед усгүй хохирч байна. Тус компани нь ОХУ-ын өмч болох байрыг айл өрхүүдэд дамжуулан түрээслүүлдэг гэх боловч өмчийн эзэнд мөнгө өгдөг эсэх нь тодорхойгүй бөгөөд ус цахилгаан дулааныг аж ахуйн нэгжийн үнээр биднээс өөрсдөө хураан авч айл бүр хичнээн хэмжээний ус, цахилгаан хэрэглээд байгаагаа мэдэх боломжгүй болгож, бүх тооллууруудыг хураан авч нэг өрөөнд хийгээд цоожилсон. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаагаас гадна хувийн компани биднээс дээрх хэрэглээний мөнгөнөөс алданги тооцон авч бидний амьдралыг дордуулж, маш ихээр хохироож байна. Бид зөвхөн түрээсээ компанид төлье. Бусад хэрэглээгээ холбогдох газруудад нь гэрээ хийж төлье гэхэд аль нь ч хүлээж авдаггүй. Иймд “Гобитекс” ХХК-ийн  айл өрхөөс ус, дулаан, цахилгааны мөнгийг авч алданги тооцдог үйлдлийг таслан зогсоож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж холбогдох газруудтайгаа гэрээ хийж, хэрэглээний үнэ төлж байх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Б.Эрхэмбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Гобитекс” ХХК нь иргэн Х.О- гэгчийг уг орон сууцанд хүчээр оруулж, амьдралыг нь дордуулж хохироосон үйлдэл байхгүй, түүнийг орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж байснаас бус нэг ч айлыг хөөн гаргах, дарамталсан үйлдэл гаргаж байгаагүй, харин ч хүлээцтэй хандаж ирсэн. Мөн өмчлөгч ОХУ-д мөнгө өгдөг эсэх нь хариуцагчид хамаагүй бөгөөд мөнгө өгдөг эсэх нь орон сууцныхаа хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Манай байгууллага хэдийгээр ашгийн төлөө хуулийн этгээд боловч орон сууц хөлслөх үнийг хаа ч байхгүй хямд үнэээр хөлслүүлдэг, өнөөгийн байдлаар хөлсийг сарын эцэст авдаг сарын 100 000 төгрөгөөр хөлсөлдөг, 1 өрөө орон сууц Дархан хотод хаана ч байхгүй бөгөөд шударгаар гэрээнийхээ дагуу байрны хөлс хэрэглээний төлбөрөө төлж байгаа бусад оршин суугчид хариуцагч   Х.О- мэтийн цөөн тооны хүмүүсээс шалтгаалан ус, дулаан, цахилгаанаа хязгаарлуулан хохирох ёсгүй. Талуудын хооронд үүссэн орон сууц хөлслөх, хөлслүүлэх харилцаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд бид хариуцагчийг албан хүчээр байлгаагүй тул, үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг жич нэмэгдүүлэх болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.О-ээс 3.299.103 төгрөг гаргаж нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, зөрчигдсөн эрх сэргээлгэх, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.736 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-ээс 67.736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.О- давж заалдсан гомдолдоо:

2013 оноос эхлэн гэрээндээ өөрчлөлт оруулъя компанид зөвхөн тогтсон түрээсээ төлье гэрэл цахилгаан, усаа холбогдох газарт нь төлье гэхэд үл зөвшөөрөн гэрээгүй ч гэсэн алданги төлбөр тооцсоор 3.299.103 төгрөг шүүхэд нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээгүй хугацаанд алданги тооцсон мөн 2013 оноос эхлэн өнөөг хүртэл бүтэн 3 жил ус, цахилгаангүй амьдарч байна. Би хичнээн төгрөгийн ус цахилгаан хэрэглэсэн, мөн алданги тооцож авсан хоног хугацаан дээр шинжээчийн дүгнэлт гаргуулж дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ тухай хэлэхэд хүлээж авдаггүй. Хэдийгээр би түрээлэн сууж байгаа ч ингэж эрх ашгаа ноцтой зөрчлүүлмээргүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч  Х.О-ийн   давж заалдсан гомдлын  зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй  гэж  үзлээ.

            Нэхэмжлэгч  “Гобитекс”  ХХК  хариуцагч Х.О-т холбогдуулан  орон сууцны хөлс  2.248.236  төгрөг, цахилгааны  төлбөр  166.881  төгрөг, нотариатын зардал  4400  төгрөг, нийт  3.299.103  төгрөг  гаргуулахаар  шаардсаныг,

            Хариуцагч  Х.О-  “...түрээсийн  төлбөрт өгсөн мөнгө алдангид   тооцуулсаар өрөнд орсон,  цахилгааныг  2014 оны 3 сард  таслуулсан боловч  мөнгө  бичдэг, тоолуурын заалт хэд гарч байгаа нь мэдэгддэггүй, цаашид хэрэглээний ус, дулаан  цахилгааны мөнгийг холбогдох газарт нь төлнө, алданги төлөх чадвар байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргасан.

            Х.О-  нь  “Гобитекс”  ХХК-д  холбогдуулан  орон сууц хөлслүүлэгчийн  хууль бус  үйлдлээс болж 2 жил  гэрэл, усгүй хохирсон.  Иймд  “Гобитекс”  ХХК-ийн  айл өрхөөс  ус, дулаан, цахилгааны мөнгийг  авч алданги тооцдог  үйлдлийг  таслан зогсоож, бидний  зөрчигдсөн эрхийг сэргээж, холбогдох газруудтай гэрээ хийж, хэрэглээний мөнгө төлж байх боломжоор хангаж өгнө үү  гэж  сөрөг нэхэмжлэл  гаргасныг,

            “Гобитекс”  ХХК  Дархан сумын  4 дүгээр баг, 22 дугаар  хороололын 6 дугаар байрны өмчлөлтэй холбоотой  асуудлыг  захиргааны хэргийн шүүхээр   Оросын  холбооны улсын өмч мөн гэж эцэслэн  шийдвэрлэсэн. Энд байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Өмчлөгчийн  хувьд  өөрийн эд хөрөнгөө  ямар нөхцлөөр  хэрхэн өмчлөхөө  өөрөө  шийднэ.  Тиймээс  гэрээг хүчингүй болгох байдлаар бус  нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү ? гэж маргажээ.

            “Гобитекс” ХХК  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын  4 дүгээр баг, 22 дугаар хороололын  орон сууцны 4 ба 6 дугаар  байруудыг Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр  эзэмшиж,  бусдад  дамжуулан  хөлслүүлж  ашигладаг  ба  Х.О-т  2013 оны 06 дугаар сарын  14-ний  өдөр 4 дүгээр багийн 22 дугаар хороололын  6 дугаар байрны  3-03 тоот  орон сууцыг  хөлслүүлж, 2013 оны  06 дугаар сарын 01-ний өдрөөс  2013 оны  10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  сарын 90.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш  сарын  100.000 төгрөгөөр   хөлсүүлэх, хэрэглэсэн цахилгааны  төлбөрийг  цахилгааны тоолуураар  төлөхөөр  харилцан  тохиролцсон   байна.

“Гобитекс” ХХК-ийн Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  2005  оны  9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан   524 тоот  Түрээсийн гэрээ \ хх-63-73 дугаар хуудас\,  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  Хэлцэл №3  \хх-74 дүгээр  хуудас\, “Гобитекс”  ХХК  иргэн  Х.О-  нарын  хооронд   байгуулсан  “Орон сууц хөлслөх гэрээ” \хх 5 дугаар  хуудас\-нүүд нь Иргэний хуулийн  302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт  заасан  шаардлагад  нийцсэн,  хуулийн хүчин төгөлдөр   гэрээ  гэж  үзэх үндэслэлтэй   байна.

           Орон сууц хөлслөх  гэрээний дагуу хөлслүүлэгч  “Гобитекс”  ХХК нь  хөлслөгч  Х.О-ээс хөлс төлөхийг  шаардах  эрхтэй  болно.

           Түрээсийн гэрээ  болон  Орон сууц  хөлслөх гэрээнүүдийн  хугацаа  дууссан  хэдий боловч  гэрээний талууд  гэрээг цуцлах талаар санал тавиагүй тул уг гэрээ нь  Иргэний хуулийн  296 дугаар зүйлийн 296.1.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр  гэрээг сунгагдсан гэж тооцох  үндэслэлтэй юм.

 

  Харин  Х.О-  нь гэрээний хугацаа  дууссанаар   эд хөрөнгө буюу  орон сууцыг  хөлслүүлэгчид  буцааж шилжүүлээгүй  үргэлжлүүлэн  эзэмшсээр   байгаа  тохиолдолд   түүнийг  орон сууцны  хөлс  төлөх  үүргээс  чөлөөлөх  боломжгүй байна.

 

  Анхан шатны шүүх зохигчдын хооронд болсон үйл баримтыг  зөв тогтоож,  маргааныг  зохицуулсан  хуулийг   зөв  тайлбарлан  хэрэглэжээ.

 

  Гэвч  шүүх   нэхэмжлэлийн   шаардлагын  үндэслэл болсон  орон сууцны  хөлс, цахилгааны   хөлс  төлөлтийг гэрээ  болон  хэрэгт  авагдсан  нотлох баримтын  хүрээнд  зөв  үнэлээгүй нь  хууль  зөрчсөн  боловч  давж заалдах шатны шүүх  шийдвэрт,  өөрчлөлт   оруулан  алдааг   засах  боломжтой байна.

 

  Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор төлбөрийн  тооцоог  хүснэгтээр  гаргаж  ирүүлсэн ба  уг  тооцоогоор  Х.О- нь  2013-2014 онд  түрээс болон цахилгааны хөлсөнд  нийт 1.309.136  төгрөг, 2014-2016 оны  04 дүгээр сарын 05-ныг  хүртэл хугацаанд   2.466.881  төгрөг,  нийт 3.776.017 төгрөг  төлөх байсан.

 

 Энэ хугацаанд Х.О- 1.700.100 төгрөг /алдангид суутгасан 150300₮+188900₮=339200₮ нийт үнийн дүнд  орсон/  төлж, үлдэх 2.075.917 төгрөгийг  төлөөгүй   болох нь  нотлогдож байна.

 

Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй  татгалзаж  буй  үндэслэлээ  төлбөрт  өгсөн мөнгийг алдангид суутгаж авснаас  өр төлбөр  үүссэн  гэж  тайлбарлаж  байгаа нь  төлбөрт хэдэн  төгрөг  төлсөнөө  бүрэн  нотолж чадаагүй  учир  нэхэмжлэгчийн  ирүүлсэн  нотлох баримтаар  төлсөн төлбөрийн   хэмжээгээр   нотлогдсон  гэж дүгнэж  байна.

 

Х.О- татгалзал  тайлбартаа  цахилгаан  тасалсан, 2 жил  тоггүй байгаа учир  хөлс төлөхгүй гэжээ.

 

Иргэний хуулийн  289 дүгээр зүйлийн 289.2.1-д  хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс  татгалзах эрхтэй, гэхдээ  мөн хуулийн 289 дүгээр зүйлийн  289.1.2-т  эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд төлөх  үүрэгтэй, хөлслөгч үүргээ биелүүлсэн байхад нь  цахилгааныг нь тасалж, цахилгаанаар хангахгүй  байх зэргээр хуулинд заасан бусад эрхийг зөрчсөн бол  хөлс төлөхгүй  байх боломжтой юм.  Харин  хөлслөгч Х.О-  орон сууц, цахилгааны төлбөрийг  гэрээнд  заасан хугацаанд  төлөөгүйн  улмаас   цахилгаан тасалсан  үр дагавар  үүссэн  явдалд  хөлслөгчийг  буруутгах  үндэслэлгүй  байна.

Түүнчлэн тус байрны  ус, цахилгаан, дулаанаар  хангах  гэрээг  өмчлөгч  болон хангагч  байгууллагын зөвшөөрөлгүйгээр  шийдвэрлэх  боломжгүй, түрээсийн  үнийг  гэрээний  талуудын  тохиролцоогоор тогтоодог  учиртай.

         Харин  алданги  тооцсоныг  зөвшөөрөхгүй  гэсэн татгалзлыг  хүлээн авах нь зүйтэй.

 Учир нь:  нэхэмжлэгч  “Гобитекс”  ХХК  нь  Х.О-ээс  гэрээгээр хүлээсэн үүргээ   биелүүлээгүйн   хариуцлага  буюу  алдангид  339.200  төгрөг  тооцохдоо ямар  хугацаатай  холбоотой алданги  болох, гэрээг  хэдийд хэрхэн  зөрчсөн нь  тодорхойгүй байхад  ямар  нэгэн  тооцоонд   үндэслэлгүйгээр  алданги  тооцож  авсан  нь  буруу, мөн  алданги  гаргуулахтай  холбоотой  түүнийг үндэслэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг  бүрэн хангаж  шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн шийдвэрт  дээрх үндэслэлүүдээр  орон сууц, цахилгааны хөлсөнд нийт 2.075.917 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 1.223.186 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагчийн  давж заалдсан гомдолд дурдсан  үндэслэл нь  анхан шатны  шүүхэд гаргасан  татгалзал  тайлбарт давхардуулж  гаргасан  байх ба  дүгнэлтийг  дахин  хийх шаардлагагүй  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтад,

 “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.О-ээс 3.299.103 төгрөг гаргаж нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, зөрчигдсөн эрх сэргээлгэх, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг,

 “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Х.О-ээс 2.075.917 төгрөг гаргаж нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.223.186 төгрөгт холбогдох хэсгийг, “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д  зааснаар Х.О-ээс  “Гобитекс”  ХХК-д  холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай”  гэж, 

 Тогтоох  хэсгийн  2 дахь заалтад  “...хариуцагч Х.О-ээс  67.736  төгрөг...”  гэснийг  “...хариуцагч  Х.О-ээс  48.165  төгрөг ...” гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагч Х.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  67.746 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧИД                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                 С.ЭНХЖАРГАЛ