Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0373

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр                   Дугаар 221/МА2017/0373                          Улаанбаатар хот

        

“Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шинэцэрэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Дамдинсүрэн нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган “Дэвшил Увс” ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон 0175015 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үлдсэн “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-г хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий газрыг анх “Дэвшил Увс” ХХК 2001 онд эзэмшиж байсан бөгөөд тухайн үед байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд сольж шинээр олгосон байдаг. Гэтэл “Увс чацаргана” ХК нь уг газрыг өөрийн 1999 онд эзэмшиж байсан 427 га газар болон 2010 оноос гэрчилгээгээ шинэчилсэн 344,5 га газрын хил хязгаар дотор “Дэвшил Увс” ХХК-д газар олгосон байна гэж маргаж байна. “Дэвшил Увс” ХХК-ийн зүгээс энэ газар нь хуучин Улаантолгой чацарганы аж ахуйн газар мөн боловч 1981 оноос хойш ашиглагдаагүй газар бөгөөд эрх бүхий байгууллага болох Улаангом сумын Засаг дарга захирамж гарган олгосон бөгөөд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө гарган үйл ажиллагаа явуулсан, одоо маргаж байгаа “Увс чацаргана” ХК нь Улаантолгой чацарганы аж ахуйн бүхий л газрыг эзэмшээгүй эрх шилжсэн компани биш, тийм болохоор манай компани эзэмших эрхтэй гэж маргаж байна.

...“Увс чацаргана” ХК-нд 1999 оны үеийн хуучин бор гэрчилгээ байгаа. Гэхдээ энэ гэрчилгээг 2008-2009 оны хооронд сольсон. Тэгтэл тэр гэрчилгээ хураалгаагүй байна. Улаантолгойн чацарганы аж ахуй 1994 оны 07 дугаар сард хувьчлагдсан “Увс чацаргана” ХК нь 1996 онд байгуулагдсан энэ үедээ авсан газрын гэрчилгээ байхгүй 3 жилийн дараа авсан гэрчилгээгээр 477,2 га газар байна. Энэ гэрчилгээг 2009 онд шинэчлэхдээ 344,5 га болсон. Уг компани 2001-2003 оны хооронд 155 га газар бусдад шилжүүлсэн байдаг. 411,2 га-аас 155 га-г хасахад 322,5 га газар үлдэж байна. Энэ нь гэрчилгээн дээр байгаа газрын хэмжээтэй зөрж байгаагаас гадна 68 га газрын гэрчилгээ мөн байдаг. Мөн 1999 оны 477,2 га газрын хил хязгаарын талаар ямар ч мэдээлэл байхгүй, өөрөөр хэлбэл, тэр үеийн 477,2 га газартай давхацсан эсэхийг магадлах боломжгүй юм. Мөн анх Улаантолгой чацарганы аж ахуй хэдэн га газар эзэмшиж байсан үүнээс хэдийг нь “Увс чацаргана” ХК хувьчилж авсан, газрын нь хил хязгаар хаагуур байсан нь тодорхойгүй байхад шүүх цаасан дээр байгаа тоог харж давхацсан гэж дүгнэсэн байна. Google-ийн зургаас харахад 2001 оноос эхлэн “Дэвшил Увс” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нь харагдаж байхад 2002-2009 оны хооронд авсан зургаар “Увс чацаргана” ХК эзэмшиж байсан нь тогтоогдож байна гэсэн нь учир дутагдалтай болжээ.

...Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байгаа улсын бүртгэлийн дэвтэр нь 2009 оноос эхлэн газар олголтыг бүртгэсэн. Гэтэл “Дэвшил Увс” ХХК нь 2001 онд газар эзэмшээд 2008 онд гэрчилгээгээ солиулсан энэ үед улсын бүртгэлийн дэвтэр гэж байгаагүй. Мөн 2008 онд анх “Гео сет” ХХК Увс аймагт газрын кадастрын зураг хийхэд “Дэвшил Увс” ХХК маргаан бүхий газарт кадастрын зураг хийлгэсэн нь хавтаст хэрэгт байгаа.

...Улаангом сумын Засаг даргын 2008 оны 07 тоот захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор нийтлэг утга агуулгатай гарсан нь үнэн. Гэхдээ “Дэвшил Увс” компани нь газар эзэмших эрхийн хугацааг сунгах гэж хүсэлт өгөөгүй газрын гэрчилгээ шинэчлэгдсэн тул өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг сольж шинэ гэрчилгээ авах гэж газрын албанд хандаж гэрчилгээгээ солиулсан, харин хугацааг 20 жилээр тавьсан нь тухайн үеийн газрын даамлын алдаа байж болох юм.

...2001 оноос эхлэн эзэмшиж ашиглаж байсан нь Googlе-ийн зураг болон гэрч О.Лхагва болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, газар дээр нь үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдсон.

...Газрын хувийн хэрэг нээх, хөтлөх асуудал нь эрх бүхий байгууллага болох газрын албаны үүрэг. Үүнийг “Дэвшил Увс” ХХК хийхгүй, мөн архиваас шүүж үзэхэд Улаангом сумын Засаг даргын 2001 онд гарсан захирамжууд бүгд архивт ороогүй дутуу байсан. Тэгэхээр шууд “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж байхгүй гэж дүгнэх боломжгүй юм. Тухайн үеийн төр захиргааны байгууллагын бичиг хэргийн хөтлөлт, бүрдүүлэлт муу байсан нь харагдаж байна. Үүний жишээ нь “Увс чацаргана” ХК-ийн эзэмшиж байгаа гэх 68 га газрын хувийн хэрэг одоо ч байхгүй байгаа.

...Хуучин Улаантолгойн чацарганы аж ахуйн эзэмшиж байсан бүх газрыг одоо “Увс чацаргана” ХК эзэмшиж байна гэж үзэж болохгүй. Тухайн үеийн Улаантолгойн чацарганы аж ахуйн газрыг одоо маш олон аж ахуйн нэгж, хувь хүн эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Улаантолгойн газраас тал орчмыг нь “Увс чацаргана” ХК одоо эзэмшиж байна. Улаантолгойн чацарганы аж ахуй нь анх 1981 онд байгуулагдаж, 1991 онд УҮГ болж, 1994 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болж, сүүлд дахин хувьчлагдсан. Энэ хооронд “Чацаргана” ХК, “Увс чацаргана” ХК болж нэр нь өөрчлөгдсөн. Эзэн нь н.Гантөмөр, н.Тогоо, н.Болдбаатар зэрэг хүмүүс дамжин зарагдсан. Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн бичигт яг Улаантолгой чацарганы аж ахуйг өөрчлөн байгуулж одоо байгаа “Увс чацаргана” ХК-ийг үүсгэн байгуулсан гэх баримт байхгүй байхад шүүх таамгаар дүгнэлт хийсэн байна.

“Газрын төлбөрийн талаар “Дэвшил Увс” ХХК нь газрын төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байна” гэжээ. Шүүхэд талуудын маргаж буй үндэслэлд энэ асуудал ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байна.

Энэхүү хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хурал 2017 оны 03 дугаар сарын 20-нд болсон бөгөөд хэрэг хэлэлцэж дуусаад шүүгч шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасан үндэслэлээр нэмэлт нотлох баримт шаардлагатай байх тул 3 хоног хойшлуулсан захирамж гаргасан. 3 хоногийн дараа шүүх хуралдааныг хийхдээ хуралдааныг эхнээс нь эхлэн дахин явуулж хуралдааны бүх процесс дуусаж шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ мөн 96.2-д заасан нэмэлт нотлох баримт хэрэгтэй гээд 5 хоног хойшлуулсан захирамж гаргасан. Энэ хэргийг гурав дахь удаагаа хэлэлцэж байж шийдвэр гаргасан. Шүүгчээс 2 удаа хуралдаан хойшлуулсан захирамжийг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйл нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа эхлэхээс өмнө явагдах ажиллагаа, мөн шүүх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг дуусгаж шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон бол ямар шийдвэр гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д тодорхой заасан байдаг. Гэтэл хуульд заасан 14 шийдвэрүүдээс гаргалгүй өөр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28 ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх 1999 онд Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 477 га газрыг “Чацаргана” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2006 онд “Чацаргана” ХК нь хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд “Увс чацаргана” ХК нэртэйгээр бүртгэгджээ. Улмаар 2009 онд “Увс чацаргана” ХК-аас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад хандан газар эзэмшигчийн гэрчилгээг шинээр олгуулах тухай хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 166 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулж, нэхэмжлэгчид Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Чандмань гэх газарт жимс, жимсгэний зориулалтаар 344.5 га газрыг эзэмшүүлсэн байна.

Гэтэл хариуцагчаас дээрх газрын зарим хэсэг болох 5 га газартай давхцуулан гуравдагч этгээд “Дэвшил-Увс” ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан болох нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 158 тоот албан бичиг болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК нь “тус компанийн эзэмшил газартай давхцуулан  “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна” гэх үндэслэлээр дээрх газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, гуравдагч этгээд “Дэвшил-Увс” ХХК-аас “маргаан бүхий газрыг манай компани 2001 оноос эхэлж эзэмшсэн, 2008 онд гэрчилгээг шинээр сольж олгосон” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх гуравдагч этгээд “Дэвшил-Увс” ХХК маргаан бүхий газрыг хэзээнээс эхэлж эзэмшсэн болох, газар эзэмших тухай хүсэлтээ хэзээ гаргасан талаар болон тус компанид газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр 2008 оноос өмнө нь гарсан эсэхийг тодруулахаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг явуулсан байх боловч “Дэвшил-Увс” ХХК тухайн газрыг 2001 оноос эхэлж хууль ёсны дагуу эзэмшиж ашигласан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй төдийгүй гуравдагч этгээд нь энэ талаарх тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Мөн хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй байхад уг захирамжийг үндэслэж, нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн эзэмшил газартай давхцуулан “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээд газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд гуравдагч этгээд “Дэвшил-Увс” ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүх Увс аймгийн Улаангом сумын газрын даамал болон “Дэвшил-Увс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г хувийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа гэж үзэж, тус гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь буруу юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан бөгөөд газар эзэмшүүлэх гэрээ нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах захиргааны гэрээ мөн тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

Тодруулбал, захиргааны гэрээний хувийн эрх зүйн гэрээнээс ялгагдах гол шинж нь тухайн гэрээг байгуулснаар хүрэх үр дүн нь захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх байдаг бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу газрын алба, газрын даамал нь захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж иргэн, хуулийн этгээдтэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Газрын тухай хуульд нийцүүлэн байгуулдаг тул уг гэрээ нь захиргааны гэрээ байна.

Иймд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад бусдын эзэмшил газартай давхцуулан “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмшүүлэхээр байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нь мөн Газрын тухай хуульд нийцээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...архиваас шүүж үзэхэд Улаангом сумын Засаг даргын 2001 онд гарсан захирамжууд бүгд архивт ороогүй дутуу байсан, тэгэхээр шууд “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж байхгүй гэж дүгнэх боломжгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дэвшил-Увс” ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Увс аймгийн Улаангом сумын газрын даамал, “Дэвшил-Увс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-г тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН