Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: “Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,

    2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Дэвшил-Увс ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түрүүдөл, гуравдагч этгээд “Дэвшил Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Аюушжав түүний өмгөөлөгч Б.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс Чацаргана” ХК нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах 344.5 га газрыг анх  ягаан тасалбараар хувьчилж авсан. Сүүлд Улаангом сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 166 тоот захирамжийн дагуу уг газрын гэрчилгээг шинэчилж авсан бөгөөд газар эзэмших гэрээг мөн шинэчлэн байгуулсан байгаа. Манай компани уг газрыг хуулийн дагуу эзэмшиж, газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хуулийн хугацаанд нь тасралтгүй төлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл манай компаний эзэмшлийн газар нь “Дэвшил Увс” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан байна. Улаангом сумын Засаг дарга нь “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлэхдээ манай компаний эзэмшлийн газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон байна. Тус компани нь газар эзэмших эрх авсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаагүй бөгөөд манай компани газрыг эзэмшиж эхэлсэнээсээ хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн болно. “Дэвшил Увс” ХХК газрын төлбөрийг ч цаг тухайд нь төлдөггүй байсан бөгөөд сүүлд газрын төлбөрийг нөхөж бөөнөөр нь төлсөн байсан. Энэ тухай манай компани саяхан л мэдсэн. “Дэвшил Увс” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 тоот Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ авсан байна. Гэтэл уг Засаг даргын 07 тоот захирамж нь “Дэвшил Увс” ХХК-тай хамааралтай бус газрын даамал нарт үүрэг болгосон захирамж байна. Үүнээс өмнө ямар журмаар энэ газрыг эзэмших эрх олж авсан нь тодорхойгүй байна. Миний бие Газрын тухай хуульд заасны дагуу уг асуудлаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд гомдол гаргаж хариугаа авсан болно. Ингээд дараагийн шатны байгууллага болох захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Иймд манай компаний газартай давхцуулан “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчингүй болгож, манай компаний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК нь “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. “Увс чацаргана” ХК-д анх 1999 онд сумын Засаг даргын захирамжаар 477.2946 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж гэрчилгээ олгосон байна. Тус ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 166 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэгдэн 344.5 га газрыг олгосон. “Дэвшил Увс” ХХК-нд сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар захирамжаар хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуйн талбайн дотор 3.0 га газрыг эзэмшүүлж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна. Энэхүү Засаг даргын захирамж нь ямарваа нэгэн хавсралтгүй, нийтлэг захирамж байсан болно. Мөн Монгол Улсын Газрын тухай хуулийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихгүй байх” гэх заалтыг зөрчин олгогдсон байна” гэжээ.

      Гуравдагч этгээд “Дэвшил Увс” ХХК-ийн захирал Д.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс чацаргана” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Дэвшил Увс” ХХК-ийн маргаан бүхий газрыг анх 2001 оны Улаангом сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан бөгөөд хуучин гэрчилгээг үндэслэж Улаангом сумын Засаг даргын 2008 оны 1 сарын 06-ны өдрийн 07 тоот захирамжийн дагуу тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон. Манай компани нь 2001 оны 5 сараас 5 га газарт нь 1500 ширхэг чацаргана, 2000 ширхэг үхрийн нүдний суулгац суулгаад үлдсэн хэсэгт нь хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. 2008 онд бүх компаниудын кадастрын зураглалыг нэгдсэн журмаар хийж нэгдсэн системд оруулсан ба энэ үед манай компани бүх материалаа өгч бүртгүүлж байсан. 2009 онд Б.Батцэнд манай ажилчидтай уулзаад энэхүү газар нь манай компанийн газар байна гээд манай талбай руу орж байгаа усыг хаасан. Энэ үед Б.Батцэндэд миний бие энэхүү газрыг манай компани хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар гэдгийг нь тайлбарласан ба дахин энэ талаар маргаагүй юм. Хэрэв энэ асуудлаар ийнхүү маргах байсан бол тухайн үед нь буюу 2009 онд эрх ашгаа хамгаалах бүрэн боломж өөрт нь байсан болно. Юуны өмнө Увс чацаргана ХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн манай компанид газар эзэмшүүлсэн 2008 оны 7 сарын 31-ний өдрийн гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн байх тул Увс чацаргана ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс чацаргана ХК нь хуулийн дагуу газар эзэмших эрх авсан. Гэрээнд заасан болзол, журмын дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Чацаргана ХК гэж бичигдсэн байгаа нь Увс чацаргана ХК нь өмнө нь Чацаргана нэртэй байж байгаад 2006 оны шинэчлэгдсэн бүртгэлээр Увс чацаргана ХК нэртэй болсон гэдэг нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/249 тоот албан бичгээр нотлогдож байна. Увс чацаргана ХК 344.5 га газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан болох нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 149 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн Улаангом сумын газрын төлбөрийн орлогын мэдээ гэх баримтаар нотлогдож байна. Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн хоёр газрын давхцалыг харуулсан зургаас харахад Увс чацаргана ХК-ийн эзэмшлийн газар дотор Дэвшил-Увс ХХК-ийн газар нь эзэмшиж байгаа  болох нь харагдаж байна. Дэвшил-Увс ХХК-ийн хувьд Увс аймгийн Татварын хэлтсээс гаргуулж өгсөн газрын төлбөр төлсөн гэх баримт нь Дэвшил-Увс ХХК-ийн нэр дээр байдаг бүх газрын төлбөр төлсөн баримт бөгөөд Татварын хэлтсээс газар тус бүрээр нь нарийвчлан тооцоо гаргадаггүй болох нь гэрч Дээшингийн шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Татварын алба нийт болон ерөнхий мэдээ гаргадаг. Харин эзэмшлийн газар тус бүрээр нь нарийвчилсан мэдээг Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гаргадаг гэдэг нь нотлогдож байгаа. Увс аймгийн Татварын хэлтэс дээр очиж үзэхэд Дэвшил-Увс ХХК-ийн нэр дээр таван газар байдаг. Өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн Татварын хэлтсээс ирүүлсэн газрын төлбөр төлсөн гэх баримт нь дээрх таван газрын төлбөр төлсөн нийт тооцоо гэсэн үг. Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 77 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтаас Дэвшил-Увс ХХК маргаан бүхий таван га газрын төлбөрийг төлж байгаагүй нь нотлогдож байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүхээс Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс “Дэвшил-Увс” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газрын албаны улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй нь нотлогдож байна. Түүнчлэн уг компанийн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрээний 1.1 дэх заалтын дагуу тухайн компани газар эзэмшиж авахдаа кадастрын зураг байхгүй тул уг гэрээг тухайн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй. Тус компанид газар эзэмших эрх олгосон шийдвэр ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Тийм учраас тухайн гэрээ хууль бус гэрээ байна гэж үзэж байна. Иймд 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Дэвшил-Увс ХХК-д газар эзэмших эрх олгосон гэрээ хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Дэвшил-Увс ХХК-ийн 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа хэрвээ хуучин гэрчилгээг үндэслэж шинэ гэрчилгээ олгосон бол тухайн хуучин гэрчилгээ Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын архивт хадгалагдаж байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг авахдаа тухайн байгууллага компани өргөдөл гаргаад хуулийн дагуу холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж өгөөд хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж авсан бол тухайн компаний бүрдүүлж өгсөн баримт бүртгэлтэй байх ёстой байсан. Гэтэл ийм зүйлүүд байхгүй. Гуравдагч этгээдийн зүгээс хэлээд байгаа тайлбарууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Байхгүй байгаа бичиг баримтууд дээр дан ганц Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын тухайн үеийн ажилчдыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Дэвшил-Увс ХХК бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй, хуучин гэрчилгээ гэх зүйл байхгүй байсан юм биш үү гэж харж болохоор байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон газруудаас бусдад шилжүүлсэн гэдэг зүйлийн талаар яриад байна. Гэтэл газар эзэмшигчид өөрийн эзэмшлийн газраас бусдад шилжүүлэхийг хуулиар олгосон бүрэн эрх байгаа. Маргаан бүхий газрын хувьд тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, нэгж талбарын хувийн зэрэг баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнээс өмнө Увс чацаргана компани хэдий хэмжээний газар эзэмшиж байсан, яг ямар ямар газруудыг хэд хэдэн онд эзэмшиж байсан, ямар байгууллага, аж ахуйн нэгж болон иргэнд шилжүүлж байсан гэдэг талаарх баримт хэрэгт авагдаагүй, авах ч шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл бөгөөд бусдад эзэмшлийн газраасаа шилжүүлсэнтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсээгүй. Хэрэгт авагдсан баримтын хувьд Увс чацаргана компаний 2 нэгж талбар бүхий газар байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтын хувьд шүүхээс нэхэмжлэгч талаас Увс чацаргана компани өмнө нь Чацаргана нэртэй байсан эсэх талаар баримт авч ирэхийг шаардсаны дагуу бид Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан. Ингэхдээ тухайн компаний хувийн хэргийн баримтыг үндэслээд тодорхойлолтыг хийж өгсөн байгаа. Google зураг нь тухайн  компани уг газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан гэх нотлох баримт биш, зүгээр үйл ажиллагаа явуулж байсан нь харагдана. Бид тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан эсэх гэдэгт маргаагүй, хуулийн дагуу эзэмшиж аваагүй гэдэг дээр маргаж байгаа. Хамгийн гол нь тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж аваагүй. Сүүлд эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээ нь Увс чацаргана компаний газартай давхцуулж олгосон байна гэж үзэж байгаа. Хуулийн дагуу бүрдүүлж өгсөн бичиг баримт байхгүй байна гэсэн зүйл гуравдагч этгээдийн зүгээс яриад байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тэгэхээр Дэвшил Увс компани анхнаасаа баримтуудаа өгөөгүй байж болох юм. Хуучин гэрчилгээ үнэхээр байсан бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хадгалагдаж байх ёстой. Иргэний бүрдүүлж өгсөн баримт материалыг төрийн байгууллага дур мэдэн алга болгох үндэслэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд дууссан гэж яриад байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхтэй холбоотой маргаан дээр аж ахуйн нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулаад өгсөн байгаа. Газрын тухай нарийвчилсан хуулин дээр хандах этгээдийг нь зааж өгсөн байгаа боловч хэд хоногийн хугацаанд хандахыг зааж өгөөгүй. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандана гэж ойлгосон. Бид нар Газрын тухай хуульд заасан журмын дагуу аймгийн Засаг даргад хандаад аймгийн засаг даргаас хариугаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авч үүнээс хойш 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаанд хандсан учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түрүүдөл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс чацаргана компани нь 1999 онд гэрчилгээ гаргасны дараа 2009 оны 12 дугаар сарын Засаг даргын захирамжийг үндэслэж 2010 оны 01 сард 344.5 га газрыг эзэмшиж авсан. Дэвшил-Увс компани 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 тоот захирамжийг үндэслээд 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухайн газрын гэрчилгээ бичүүлж авсан. Кадастрын зураг байхгүй  байгаа. Тухайн үед кадастрын мэдээллийн сан гэж байгаагүй. 2009 онд “Геосет” компани Увс аймаг даяар бүх сумдад кадастрын зураг хийсний дагуу кадастрын мэдээллийн сан бий болсон. Өмнө нь алхдаг метр гэх мэт болох талаас нь хэмжээд газраа олгодог байсан. Google-ийн зургаас харахад Дэвшил-Увс ХХК-ийн газар 2002 оноос хойш 2009 он хүртэл тухайн газраа ашиглаж байсан нь харагддаг. 2009 онд талбайгаа хашаалж хамгаалж байсан нь “Геосет” компанийн хийсэн зурагнаас харагддаг. Дэвшил-Увс компанийн 2001 оноос хойш ашиглаж байсан гэдэг нь тухайлсан 2001 оны захирамж байхгүй. Урьд нь нэгж талбарын хувийн хэрэг нь “Геосет” компанид кадастрын зураг хийсэнтэй холбоотой 2009 оноос нэгж талбарын хувийн хэрэг хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө сар сардаа юм уу, улирал улиралд нь нэгтгэж байгаад материалуудаа үдээд архивладаг байсан. Манай байгууллагын архиваас хайж үзэхэд 2001 онд ашиглаж байсан гэх нотлох баримт байхгүй. 2013 оны 05 дугаар сард Улаангом сумын газрын даамал нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар дээр ажиллах болсноор архивын материалууд мөн ирсэн. 2013 онд Улаангом сумын Тамгын газарт байсан архивын материалууд нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт шилжсэн. Зурагнаас харахад Дэвшил Увс компаний талбай нь Увс чацаргана компаний талбай дотор байгаа мэт харагдаж байгаа ч 5 га газраа гүйцээсэн бол хойд талын торонд тулсан байх ёстой. Гэтэл материалаасаа болоод 5 га газраа бүрэн гүйцэд хашиж чадаагүй 3 га газраа хашаалсан гэдэг. 5 га газраа гүйцээгээд хашаалсан бол Увс чацаргана компаний талбайн голд байхгүй талбай орох орц гарцтайгаа байх байсан гэж үзэж байна” гэв.

     Гуравдагч этгээд “Дэвшил Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Аюушжав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн 5 га газрын татвар төлөгдөөгүй талаар ярьж байна. Хэргийн материалд авагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авсан орлогын мэдээний тайлан байгаа. Газрын холбогдолтой оногдуулалт, төлөлт, ногдуулалт гэдэг зүйл Газрын албан дээр хийгддэг зүйл. Эрх бүхий байгууллагын гаргасан тайлангаар бол бид 2010, 2011, 2014, 2015, 2016 онд ч газрын төлбөр төлсөн баримт байгаа. 2016 оны төлөгдөөгүй гэсэн байна. Энд 30.000 төгрөгийг 10 жилээр төлсөн баримт байгаа. Иймд газрын төлбөр төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн компанийн газрын төлбөрийн асуудал тайлан мэдээнд тусгагдсан бол төлөлт хийгдсэн хийгдээгүйгээрээ байгаа. Хавтас хэрэгт гэрээ, газрын гэрчилгээний хуулбар, захирамжийн хуулбар, кадастрын зураг эх хувиар бүгд байгаа. Улсын бүртгэлийн дэвтэр гэж бий. Уг дэвтэрт үзлэг хийхдээ үзлэг хийхэд миний бие байлцсан. Улсын бүртгэлийн дэвтэрт хөтлөлт хийхдээ 2008 оны 11 дүгээр сараас өмнөх бүртгэл байхгүй байсан. Гэрч Батсайханы мэдүүлэгт тодорхой байгаа. Газрын гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар бичигдээгүй гэж өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Үүнийг нөхөөд хийгээд явж байгаа гэдгээ ч хэлсэн. Бүртгэлийн дэвтрийг 01 гэж эхэлсэн байна. 2009 оноос эхлээд залруулж байгаа юм байна. Бүртгэлийн дэвтрийн огноог харахын бол 2015 оны 05 дугаар сарын 26-нд гээд гарын үсэг зурсан байсан. Би ойлгохдоо 2015 оноос уг дэвтэр нөхөн хөтлөгдсөн байна гэж үзэж байна. 2010 оноос өмнөх үеийн газрын албаны материал эмх замбараагүй, яг хуулийн дагуу хийгдээгүй байсан. Кадастрын зураг 2008 онд хийгдсэн. Уг кадастрын зурганд манай компанийн талбайг хассан байгаа учраас газар давхцаагүй байсан юм байна гэж хэлмээр байна. Гэрээний нийтлэг үндэслэл дотор салшгүй зайлшгүй бүрдүүлэх зүйл нь тухайн үедээ бүрдүүлээд гэрээ гэрчилгээ авах эрхийн акт болно. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл аймгийн засаг даргын захирамжаас хойш хоног тоолохгүй. Харин тухайн эрхийн акт зөрчигдсөн гэдгийг хүлээж авснаас хойш хугацаа тоолно. Баримт бичгийн хувьд гэрээ байсан, гэрээний ар талд нь акт нь бас байсан. Харин үүнийг баталгаажуулах ганц зүйл нь бүртгэлийн дэвтэр байсан. Уг дэвтэр байхгүй болохоор бид юугаар нотлох юм бэ? Google зургийн хувьд хэн нь тухайн газар дээр түрүүлж үйл ажиллагаа явуулж байсныг харж болно гэв.

   Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахад газар эзэмших бичиг баримт бүрдүүлэх үед алдаа гарсан гэж үзэж байгаа бол энэ газрыг хүчингүй болгоод дараагийн ээлжинд манайх болон бусад хэн нэгэн этгээд энэ газрыг өмчлөх эрх нээгдэнэ гэсэн нэг зарчим байгаа. Нөгөө талаас Дэвшил Увс компаний газар дээр Увс чацаргана компаний газар өгчихсөн учраас манай үндсэн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн 2 дахь зарчим байгаа юм. Одоо нэхэмжлэлдээ юу шаардаад байгаагаа нарийн тайлбарлахгүй байна. Ер нь өнгөрсөн онуудыг харахын бол 2008 оноос өмнөх үеийн газрын харилцааны газар олголтын бичиг баримтууд үнэхээр эмх замбараагүй, дур зоргоороо явж байсан нь харагдаж байдаг. Үүний нэг жишээ өнөөдөр хүртэл Увс чацаргана ХК-ийн эзэмшилд байгаа 67.8 га газрын хувийн хэрэг

      Газрын албанд байхгүй байгаа. Зөвхөн Дэвшил Увс ХХК-ний газрын материал байхгүй байгаад байгаа юм биш. Ардчилсан улс орнуудад нэг зарчим бий. Газар бол бүх өмчийн эх. Өмчтэй хүн эрх чөлөөтэй байна гэдэг. Анх тухайн газрыг хэн эзэмшиж байсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох шаардлага байна гэдгийг хараад байна. Тэгэхээр яг Улаан толгой компанийн эзэмшиж байсан газар нийт 1200 га газар байдаг гэсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бичигт 1991 оны 12 дугаар сарын 31-нд Улаан толгой аж ахуй бүртгэгдсэн гэсэн байна. Үүнээс хойш хэдэн онд яаж хувьчлагдсан гэдэг нь тодорхой бус байгаа ч 1997, 1998 оны үед хувьчлагдсан. Чацаргана ХК-ийн газрын гэрчилгээ 1999 онд 477.2 га газрын гэрчилгээ авсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт Улаантолгойн компани яг хэдэн га газар эзэмшиж байсан гэх гэрчилгээ байхгүй байна. Хамгийн анх авсан гээд байгаа Чацаргана компаний гэрчилгээ 1999 оны гэрчилгээ. 1999 оны 427 га гэрчилгээг авснаас хойш яг өнөөдрийн байдлаар маргаан бүхий газар буюу 344.5 га газар эзэмшиж байна.  Нөгөө газар нь 67.3 га газар эзэмшиж байна. Нийлбэр нь 411.8 га газар болж байгаа. Тэгэхээр 477.2 га газраас 411.8 га газрыг хасахад зөрүү нь 65.4 га газар болж байна. Увс чацаргана ХК-ийн газар 65.4 га газар юм уу, хэмжилтийн буруугаас болсон гээд байгаа 4.7 га газрыг нэмэхийн бол 71.1 га газраар зөрөөд байна. Энэ газрыг бусдад шилжүүлсэн гэж бодоё. Бусдад шилжүүлсэн захирамжуудыг аваад үзэхийн бол 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 75 тоот захирамжаар Хөдөө аж ахуйн газарт 10 га газрыг Увс чацарганаас шилжүүлсэн. Энэ захирамжин дээр тодорхой байгаа. Ашиглахгүй талбайгаас гээд тодорхой биччихсэн байгаа. Тэгэхээр Увс чацаргана ХК газар эзэмшиж байсан боловч тодорхой хэмжээний газрыг ашиглахгүй байсныг бусдад шилжүүлсэн гэж ойлгогдож байна. Үүний дараа Солонго талст ХХК-нд 17 га газар, мөн 2003 онд Увс шилтгээн ХХК-д 128.2 га газар. Нийт 155 га газрыг бусдад шилжүүлсэн байна. Ингээд Увс чацаргана ХХК-ийн бодит эзэмшиж байсан 411.8 га газар дээр бусдад эзэмшүүлсэн 155 га газрыг нэмэхийн бол 566.8 га газрыг эзэмшиж байж. Үүн дээр 2003 оны хэмжилтээс дутаж байгаа 4.7 га газрыг нэмэхийн бол Увс чацаргана ХК 571.5 га газрыг эзэмшсэн. Гэтэл уг компани 571.5 га газрыг эзэмшиж байсныг нотлох баримт байхгүй байна. Ер нь Улаан толгой чацарганы аж ахуй нь аж ахуйн нэгжийг өөрчлөх, татан буулгах, шинээр байгуулах үйл ажиллагаанууд явж байгаа бол эрх шилждэг. Улаан толгойн чацарганы талбайн суурин дээр Чацаргана компани байгуулагдсан гэх нотлох баримт байхгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж авсан албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Яагаад гэвэл уг албан бичигт Батцэнд танаа гэсэн байгаа иргэн Батцэнд хүсэлт гаргасан юм уу шүүгч хүсэлт гаргасан юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргасан юм уу гаргасан хүсэлт нь урьд нь авагдсан байх ёстой. Иймд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Хавтас хэрэгт Улаан толгойн чацарганы газар ямархуу хил заагтай байсныг нотолсон баримт байхгүй байна. Тэгэхээр Улаантолгойн хуучин эзэмшиж байсан газар гэхээр 1200 га газраас зөвхөн энэ компаний эзэмшиж байсан газар гэхээр 571.5 га газар болж байгаа. Бусад үлдсэн 700 гаруй га газар маш олон хүний эзэмшил дээр бүртгэгдсэн байгаа. Чацаргана компаний 477.2 га газрыг нотолсон ямар ч баримт байхгүй. Тухайн үед кадастрын зураг хийгээгүй байсан гэж үзэх юм бол тойм зураг гараар зураад үйлддэг байсан. Өнөөдөр энд тойм зураг буюу хар зураг нь ч алга. Тэгэхээр маргаан бүхий газар нь анх Улаан толгойн хашаан дотор байсан нь тодорхой байна. Гэхдээ Чацаргана компанийн эзэмшлийн газартай давхцаад байгаа юм у, нэг бол Дэвшил-Увс ХХК эзэмшээд байгаа юм уу гэдгийг нотлох тал дээр яривал зүйтэй. Увс чацаргана компани нь урьд байсан Чацаргана компаний суурь гэдэг нь ойлгомжтой байдаг. Харин ч Чацаргана гэдэг компани бол чацарганы аж ахуйн өв залгамжилсан тэрний суурин дээр байгуулагдсан гэдгийг нотлох боломж алга. Газар гэдэг бол хэрвээ нотлох баримт дутуу байгаа тохиолдолд энэ газрыг хамгийн анх хэн ашигласан бэ гэдгийг тодруулах ёстой. Уг газрыг 1991 оноос Дэвшил-Увс ХХК эзэмшсэн, ашигласан учраас тодорхой хэмжээний ашгаа хүртэж байсан гэдэг нь тодорхой байгаа юм. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бичиг баримтыг яагаад нотлох баримт биш гэж үзэж байна гэвэл тухайн бичиг баримтыг иргэн Батцэнд танаа гэсэн хаягтай байсан. Өөрөөр хэлбэл Увс чацаргана ХХК-ийн захирал Батцэнд танаа гэж бичээгүй. Батцэнд гэдэг иргэн хэргийн оролцогч биш байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаанд зөвхөн хэргийн оролцогчид оролцох ёстой гэдгийг заасан. Үүнийг үндэслээд уг бичиг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй ач холбогдлоо алдсан гэж үзэж байгаа. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн бичиг баримт нь хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл Увс чацаргана ХХК-ийн түүхийг он сар, бүртгэлийн дугаартай нь бичиж ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал өнөөдөр Увс чацаргана ХК маань Чацаргана компанийн эрхийг эзэмшсэн шүү гэдгийг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа газар давхацсан байна гэж тайлбарладаг. 1999 оны Чацаргана компанийн эзэмшиж байсан 477 га газрын хил хязгаарын зураг хаана байна. 1998 онд Дэвшил-Увс компанийн кадастрын зураг Увс чацаргана ХХК-ийн кадастрын зургаас өмнө хийгдсэн. Мөн 2001 оноос 1200 га газрыг эзэмшиж ашиглаж байсан. Увс чацаргана ХК-ийн 1999 оны эзэмшлийн гэрчилгээ нь бодит байдал дээр газрын хэмжээ тохирохгүй байгаа. 2001, 2002 оны үед тухайн компани газраас эзэмшиж, ашиглахгүй байсан нь Улаангом сумын засаг даргын бусдад газар эзэмшүүлэхээр шилжүүлсэн захирамж дээр  тодорхой тусгаж өгсөн. Нэхэмжлэгч тал өөрийнхөө шаардлагын үндэслэлийг тайлбарлаж  чадсангүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд захиргааны акт нь өөрийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэдгийг мэдсэн бол, мөн мэдэх боломжтой байсан гэж үзвэл үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолно. Тийм учраас миний үйлчлүүлэгч 2001 онд газрыг эзэмшиж ашиглаж байсан. Google зурагнаас суваг шуудуутай байгаа нь харагддаг. Газрын тухай хуулиар ашиглахгүй хаягдаад, газрын үнэ цэнэ буураад хэн ч эзэмшихгүй болчихсон газрыг хүн эзэмшиж аваад өөрийн хүч хөрөнгөөр сэргээгээд өөрийн өмчид авах боломжийг тусгаж өгсөн. Бичиг баримтын хувьд өмнөх шүүх хуралдаанаар зөндөө ярьсан. Монгол Улсын иргэн бүхэн газар өмчлөх, эзэмших эрхтэй. Өнөөдөр Дэвшил-Увс ХХК-ийн нэр дээр байгаа боловч үүний цаана нь Бийраа гэдэг эмэгтэй хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Тийм учраас шүүх мэргэн шийдвэр гаргах байх гэдэгт итгэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     “Увс чацаргана” ХК-ийн захирал Б.Болдбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Б.Батцэндэд Улаангом сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд тайлбар гаргах зэрэг ЗХШХШТухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхүүдийг итгэмжлэлээр олгосон байна. Үүний дагуу “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд нь тус шүүхэд хандан “манай компаний газартай давхцуулан “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан  ба улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7-д зааснаар төлөөлөгчөөс олгосон уг итгэмжлэлийг иргэн Т.Уянгад шилжүүлжээ.

      Итгэмжлэлээр Т.Уянгад мөн хуулийн 28 дугаар 28.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх , ихэсгэх эрхийг олгосон байх ба тэрээр уг эрхийг хэрэгжүүлж, анхны шүүх хуралдаан дээр “Дэвшил-Увс ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, мөн Дэвшил-Увс ХХК-д олгосон 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгөх”-ийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж нэмэгдүүлсэн болно.

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Аюушжав нь “Увс чацаргана” ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэнд Увс аймгийн Засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 03-нд гомдлоо гаргасан ба Б.Батцэнд нь шүүхэд “ 2016 оны хавар уг захиргааны актыг мэдсэн гэж” тайлбар өгсөн байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх хэсгийн заалтыг зөрчиж “Увс чацаргана” ХК тухайн үед нь буюу хуулинд заасан хугацаанд дээд шатны байгууллагад гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргасан байна. 

      2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын УИХ-аар батлагдсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж дагаж мөрдөгдснөөр 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь хүчингүй болсон байна.        

    Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” мөн хуулийн 43 дугаар зүйлд “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зохицуулсан байх тул захиргааны актыг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

    “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргад хандан “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргажээ. Тус гомдлын хариуг 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 8/12/5 тоот албан бичгээр өгсөн байна.

    Нэхэмжлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан тул шүүх  урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

    Нэг. Нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “2008 онд “Дэвшил Увс” ХХК-д олгосон  0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

     “Увс чацаргана” ХК болон ”Дэвшил Увс” ХХК гэсэн 2 аж ахуйн нэгж, байгууллагад газрыг давхцуулан олгосон нь маргаан бүхий газар болон кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэл, аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн давхцлыг харуулсан тойм зураг, 2002, 2005, 2007, 2009, 2011, 2017 онуудын Google-ийн зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүх хуралдаан дээр газрын давхцлыг бүгд хүлээн зөвшөөрсөн байна.

     Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс ”Дэвшил Увс” ХХК нь маргаан бүхий газрын анхдагч эзэмшигч, 2009 онд “Увс чацаргана” ХК-д газрыг эзэмшүүлэхдээ давхцуулсан“ гэж маргажээ. 

     Шүүх дараах үндэслэлүүдээр “Увс чацаргана” ХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан Дэвшил-Увс ХХК-д газар олгосон байна гэж үзлээ.   

     1. Улаангом сумын Засаг дарга 1999 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын нутаг дэвсгэрт 4772946 ам дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр “Увс чацаргана” ХК-д газар эзэмших эрхийн нэгж талбарын  24493 дугаар бүхий гэрчилгээг олгожээ. Уг гэрчилгээн дээр газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг “Чацаргана ХХК” гэж  буруу бичсэн байна. 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эрх бүхий албан тушаалтан тус компанийн бусдад шилжүүлсэн газрын хэмжээг хасч хяналтын хэмжилтээр тухайн талбайн хэмжээг “349,2 га” болохыг тогтоож, гэрчилгээний ард тухайн өөрчлөлтийг бүртгэн тэмдэглэсэн байна.

     “Увс чацаргана” ХК-ийн 191902909 дугаартай нэгж талбарын хувийн хэргийн материалаас үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болдбаатар 2009 онд Улаангом сумын Засаг дарга Нарантуяа даргад хандан “Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Увс чацаргана” ХК-ийн урьд ашиглагдаж байсан талбайд газрын алба шинээр кадастрын зураг хийсэн болон эзэмшигч байгууллагын нэр буруу бичигдсэн зэргээс хуучин газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрчлөх шаардлагатай болсон” тухайгаа дурдаж газар эзэмшигчийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ.

     Уг өргөдлийг Улаангом сумын Засаг дарга 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч газрын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 166 дугаар захирамжаар “Увс чацаргана” ХК-ийн гэрчилгээг зориулалтынх дагуу 15 жилийн хугацаатай сунган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр болон аймгийн газрын албаны мэргэжилтэн Ц.Баттулгын үйлдсэн кадастрын зургийг үндэслэн Улаангом сумын газрын даамал Б.Орлом 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэгж талбарын 191902909 дугаар бүхий 344.5 га газрыг 15 жилийн хугацаатай Улаангом сумын 1-р баг Чандманьд жимс, чацарганы зориулалтаар газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Энэхүү эрхийн гэрчилгээг газрын улсын бүртгэлд бүртгэсэн нь 2009 оноос хойшхи газрын улсын бүртгэлийг бүртгэсэн “Газар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэр” болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

     2002-2009 онуудын Google-ийн зургаас харахад 2002 оноос хойш нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хил хязгаар, хашаалсан талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. 2008 оноос өмнө газрыг метрээр хэмжиж хэмжээг тодорхойлдог байсан бол 2008, 2009 оноос Геосет ХХК газрын тооллого хийж, газрыг нарийвчлалтай багажаар хэмжиж программд суулгаж өгсөн нь хариуцагчийн тайлбар болон гэрч Б.Орломын мэдүүлгээр тогтоогдож байна. Кадастрын зураглалаар тогтоосон “Увс чацаргана” ХК-ийн газрын талбайн хэмжээ өмнөх 2003 оны хяналтын хэмжилтээр тогтоосон хэмжээнээс зөрүүтэй гарсан нь хэмжилтээс болсон гэж үзэхээр байна.

     “Увс чацаргана” ХК-д 2009 онд шинэчлэн олгосон газрын гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус аж ахуйн нэгж, байгууллага нь 1999 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.

    2. 2008 оны 07 дугаар 31-нд Улаангом сумын газрын даамал Ж.Батсайхан Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 07 тоот захирамжийг үндэслэн “Дэвшил Увс” ХХК-д 5 га газрыг 20 жилийн хугацаатай Улаантолгойн чацарганы аж ахуйн 45, 46 дугаар талбайд жимс чацарганы зориулалтаар газар эзэмшүүлэхээр эзэмших эрхийн нэгж талбарын дугааргүй гэрчилгээ олгосон байна. Уг эрхийн гэрчилгээг 2008 оны газрын улсын бүртгэл болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй болох нь шүүхээс газрын улсын бүртгэл болон газрын кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  

      3. Улаангом сумын Засаг даргын 2008 оны 07 тоот захирамжаас үзэхэд уг захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор нийтлэг утга агуулгатай гарсан гэж ойлгогдож байна. Нийтлэг утга агуулгатай Засаг даргын захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ёсгүй бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу тухайн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч түүнийг үндэслэн тухайлсан захирамж гарган шийдвэрлэх ёстой байжээ. Мөн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 5.2, 5.3-д  “газрын даамал гэрчилгээний хугацаа сунгах тухай иргэн , аж ахуйн нэг байгууллагын өргөдөлд хавсаргасан баримтыг нэгж талбарын хувийн хэргийн материалтай тулгаж өргөдөлд дурдсан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж байгаа эсэх, аймаг нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэх... зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж, уг нөхцлүүдтэй зөрчилдөж байвал хүсэлт гаргагчид энэ талаарх мэдэгдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Хариу өгөх мэдэгдэл”-ийн дагуу өгч, өргөдлийг хаах”-аар тухайн харилцааг нарийвчлан журамласан байна.

      4.  “...Маргаан бүхий уг газрыг 2001 оны Улаангом сумын Засаг даргын захирамжаар  эзэмшиж байсан. Хуучин гэрчилгээг үндэслэн гэрчилгээг 2008 онд шинэчлэн олгосон. ..” гэх гуравдагч этгээд ”Дэвшил Увс” ХХК-ийн захирлын тайлбар, мөн гэрч Ж.Батсайханы “ Уг компаниас гэрчилгээ солиулж авах талаар хүсэлт гаргаснаар гэрчилгээ олгогдсон байгаа. Урьд нь тус компани том бор гэрчилгээтэй байсан. Оныг нь сайн санахгүй байна.” гэх мэдүүлгээс үзэхэд  ”Дэвшил Увс” ХХК нь урьд нь газар эзэмших гэрчилгээтэй байсан бөгөөд 2008 онд тус газрын гэрчилгээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэрчилгээгээ солиулж авахаар хүсэлт гаргасан гэж ойлгогдож байна. Гэтэл “2001 онд Улаангом сумын Засаг даргын захирамжаар гэрчилгээ авсан, хуучин гэрчилгээтэй байсан ” гэх тайлбар, мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

     5. Шүүхээс аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэрэгт үзлэг хийхэд ”Дэвшил Увс” ХХК-ийн газарт хувийн хэрэг нээгдээгүй байсан ба аймгийн ГХБХБГ-ын архиваас Улаангом сумын Засаг дарга, газрын даамал Б.Орлом, ”Дэвшил Увс” ХХК-ийн  захирал нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 22-ний өдөр байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тус компанийн 2001 онд гаргасан гэх газар эзэмшихийг хүссэн өргөдөл, хүсэлт, хүсэлтэд хавсаргах ёстой баримтууд, холбогдох шийдвэр тус байгууллагын архивт байхгүй” гэсэн тайлбарыг гаргасан байна. Мөн ЗДТГ-ын архивын тасгаас “Улаангом сумын Засаг даргын 2001 оны захирамжийг шүүн үзэхэд “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн тухай баримт байхгүй байна” гэсэн албан тоотыг ирүүлжээ.

     6.  2008 оны “Дэвшил Увс” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр газрын байршил хаяг нэрийг “Улаантолгойн чацарганы аж ахуйн 45, 46 дугаар талбайд” гэж бичсэн  байгаа нь тухайн газар нь хуучнаар Улаантолгойн чацарганы аж ахуйн УҮГ-ын эзэмшилд /“Увс чацаргана” ХК/  байсныг илтгэж байна. 

     Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн Улаантолгойн чацарганы аж ахуйн 1991 оны, “Увс чацаргана” ХК-ийн 1996 оны улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон тус компанийн дүрэм, танилцуулга зэргээс үзэхэд 1991 онд үүсгэн байгуулагдсан Улаантолгойн чацарганы аж ахуй /УҮГазар/-г Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 10 дугаар тогтоолоор төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа ба 1996 онд “Увс чацаргана” ХК гэсэн нэртэй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улаантолгойн чацарганы аж ахуй /УҮГазар/ нь өөрчлөн байгуулагдаж, үйл ажиллагаа нь зогссоноор, түүний эрх, үүрэг хариуцлага шинээр үүссэн хуулийн этгээд болох “Увс чацаргана” ХК-д шилжсэн гэж үзэхээр байна.

    7. Улаангом сумын газрын төлбөрийн орлогын мэдээнээс үзэхэд Улаангом сумын газрын даамал газрын төлбөрийн ногдуулалтыг 191002909 нэгж талбарын дугаартай “Увс чацаргана” ХК-ийн 344.5 га газарт 2010-2016 он хүртэл, ”Дэвшил Увс” ХХК-ийн 5 га газарт 2010, 2011, 2014, 2015, 2016 онуудад тус тус хийсэн байгаа ба “Увс чацаргана” ХК нь газрын төлбөрөө бүрэн төлсөн, нөгөө ”Дэвшил Увс” ХХК нь 2014 оноос хойш төлбөрийн үлдэгдэлтэй харагдаж байна. Гэрч Л.Ням-Эрдэнэ нь “ ...150000943 тоот дансны орлогын гүйлгээний утгаас харж орлогын мэдээг гаргасан. “Дэвшил Увс” ХХК-ийн 5 нэгж тайлбар бүхий газарт 2015 онд 748184 төгрөгийн, 2016 онд 767.765 төгрөгийн төлбөрийн ногдуулалт хийснээс 2015 онд 387752 , 2016 онд 30000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг хамгийн их дүнд нь төлөлтийг нь оруулаад бусдыг нь үлдэгдэлтэй өртэй гаргасан байгаа. “Увс чацаргана” ХК нь Улаангом суманд 2 байршилд газар эзэмшдэг. 2015, 2016 онуудад тус тус 341295 төгрөгийн ногдуулалтыг хийсэн ба 2015, 2016  онуудад тус тус 376600 төгрөгийг төлсөн” талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байна. Аймгийн Татварын хэлтсийн “Татварын тооцооллын жагсаалт” гэсэн баримтанд 2002-2015 онуудын “Дэвшил Увс” ХХК-ийн газрын төлбөрийн барагдуулалтыг харуулсан байх ба энэ баримтаас үзэхэд 2015 онд тус компани 741025 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй харагдаж байна. “Дэвшил-Увс” ХХК газрын төлбөрөө бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна.    

     Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд 2008 онд Улаангом сумын газрын даамал “Дэвшил-Увс” ХХК-ийн “газрын гэрчилгээний хугацаа сунгуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй байх ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж, бусдын /“Увс чацаргана” ХК-ийн/ эзэмшиж байгаа газартай давхцуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон буруутай байна гэж үзлээ.

      Иймээс нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан“ 2008 онд ”Дэвшил Увс” ХХК-д олгосон 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

     “Дэвшил Увс” ХХК нь 2001 оны 05 дугаар сараас хойш маргаан бүхий газрыг ашиглаж байсан нь хариуцагчийн тайлбар, гэрч О.Лхагваагийн мэдүүлэг, 2002-2014 онуудын Google-ийн зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Гуравдагч этгээд нь Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болно.

     Хоёр: Дэвшил-Увс ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нь Дэвшил Увс ХХК болон Улаангом сумын газрын даамал Ж.Батсайхан нарын хоорон байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” тухай гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1.3-д зааснаар Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа боловч захиргааны актын нэгэн адил захиргааны гэрээг нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байхыг шаарддаг байна.

       Тухайн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээгээр хувийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулсан байх тул тус маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дэвшил-Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчид хуваарилан хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.     

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13, 109.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган “Дэвшил Увс” ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон 0175015 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгож, үлдсэн “ “Дэвшил Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” тухай гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйл, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Увс чацаргана” ХК-д олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ