Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2023/02957

 

2023 08 10 184/ШШ2023/02957

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 9-р хороо, ******* 4-88 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 18-р хороо, ******* гудамж ******* хаягт байрлах ******* ХХК //-д холбогдох

 

79,904,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., М. .

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан түрээсийн байранд оруулсан засан сайжруулалтын зардал 52,005,850 төгрөг, түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн 12,000,000 төгрөг, хүлээн авалт, ажилчдын хоолны зардал 15,989,250 төгрөг нийт 79,904,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Миний бие хамгийн анх 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн худалдааны төвийн 6 давхрын 450 м.кв талбайг хажуугийн хоосон талбайтай хамт рестораны зориулалтаар сарын төлбөр 10,000,000 төгрөг байхаар аман гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад Л. захиралтай тохижуулах ажлыг хийсний дараа нь түрээсийн мөнгөнөөс хасаж бодно гэх байдлаар гэрээ хийсэн. Үүний дагуу түрээсийн төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,150,000 төгрөгийг Л. захирлын охин захирлын тоот ХААН банкны дансанд хийсэн, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн тоот ХААН банкны дансанд 2,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр ******* ХХК-ийн кассаар 7,800,000 төгрөгийг тус тус урьдчилгаа барьцаа болгож тушаасан. Анх ******* ХХК-ийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үйл ажиллагаа эхэлнэ, барилга 100 хувь ашиглалтад орно гэсэн боловч бусад давхрын засвар үйлчилгээ дуусахгүй байсан. Манай давхар 2014.12.15-ны өдөр засвар үйлчилгээ дууссан байсан. Гэхдээ манайх дангаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл ******* ХХК-ийн ажилчид болон харилцагч байгууллагуудад хоолоор үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанд 2 удаагийн хүлээн авалтын тооцоо болон ажилчдын хоолны тооцоо болох 15,989,250 төгрөгийн авлага үүссэн ... түрээсийн хугацаанд ******* ХХК-ийн 2 удаагийн хүлээн авалт болсон. Эхний хүлээн авалтыг Төв аймагт хийсэн, миний санаж байгаагаар 3,000,000 орчим төгрөг болсон, дараагийнх нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлт хийхэд хүлээн авалтын төлбөр болох 5,000,000 орчим төгрөг байсан шиг санагдаж байна. ******* төвийн ажилчдын шинэ жилийн арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 20-ны үед болсон ба тухайн үед 3,000,000 орчим төгрөг болсон. Үлдсэн зардал нь ******* ХХК-ийн ажилчдын гарын үсэг зурж авсан хоолны төлбөр юм. Нийт 15,989,250 төгрөг болсон, энэ талаар баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Уг нь эдгээр зардлыг түрээсийн мөнгөнөөс хасаж тооцохоор хариуцагчийн төлөөлөгчтэй тохиролцсон байсан боловч одоо болохоор зөвшөөрөхгүй байгаа ... Би 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн оос бүх тохижилтын тоног төхөөрөмжөө авч ирээд, мөн эндээс худалдан авалт хийж нийт 52,005,850 төгрөгийг рестораны талбайн засвар, тохижилтод зарцуулсан. Намайг талбайг хүлээж авах үед улсын комисс хүлээж аваагүй, хар ханатай буюу зөвхөн бетон цутгалт хийгдсэн барилгын талбайг хүлээн авсан. Ингээд бид талбайд засан сайжруулалт хийж будаг, замаск, обой, паркетан шал, хадаас, үүдний шилэн хаалт, хаалга, гэрэл чийдэн, таазны чимэглэл, текнүүд, хөшиг зэргийг өөрөөсөө хийж барилгын материалын болон ажлын хөлс зэрэгт нийт 52,005,850 төгрөгийн зардал гаргасан. Эдгээр нь түрээсийн байр буюу барилгаас салгаж үл болох засан сайжруулалт юм. Тухайн үед тохижилтын мөнгийг түрээсийн зардлаас хасна гэж хэлсэн болохоор би авч болохоор зарим зүйлээ аваагүй үлдээсэн. Манайхаар засвар хийлгээд саяхан болтол яг тэр байдлаар нь рестораны зориулалтаар түрээслэн ашиг олж байсан ... энэ зардлыг нэхэмжлэх үед захирал засварынхаа зардалд тооцож талбай ав гэсэн боловч надад мөнгө хэрэгтэй байсан учир би тухайн үед зөвшөөрөөгүй. Гэтэл хариуцагч байгууллага мөнгө өгөх боломжгүй, тооцоо дууссан гээд энэ маргаан үүссэн.

... 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хамгийн эцсийн байдлаар барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж болно гэж хэлсэн боловч огт ажил хийлгэхгүй, хэдэн сараар хаалга үүдээ хааж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон. Тэр хугацаанд ажилчид ажиллуулж, өдөр болгон цэвэрлэгээ хийлгэсэн. Мөн манайх ******* төвийн ажилчдад л үйлчилж, гаднаас ашиг орлого олоогүй, гаднаас бараа зээлж үйл ажиллагаа хийсэн. Уг нь хугацаандаа ашиглалтад ороод би үйл ажиллагаагаа хийгээд явж байсан бол хугацаандаа түрээсийн төлбөрөө өгөөд явах боломжтой байсан. Бүтэн 4 сар ямар ч үр ашиг байхгүй, цэвэр гаднаас зээл авч үйл ажиллагаа явуулсан. Мөн дээрээс нь 4 сарын түрээсийн төлбөр надаас нэхсэн учир би үйл ажиллагаа явуулахаа больж, түрээсийн гэрээгээ цуцалсан. Түрээслэгчээс ... энэ газрыг улсад ашиглуулах болсон, одоо чи төлбөрөө төлөхгүй бол гар, бид нар дараагийн түрээслэгчээ олсон, одоо эд зүйлээ гарга ... гээд орж гарахад хүртэл байнга хүндрэл учруулах болсон. Сүүлдээ арга буюу гарахаар болсон. Тухайн үед миний хажууд байсан дүү болон нөхөр маань энэ талаар сайн мэднэ. Манайх өөрийн тоног төхөөрөмжөө аваад явъя гэхээр агуулах газар байхгүй тул мөн өр зээлийн асуудлаас болж рестораны тоног төхөөрөмжөө үнийг нь 30 хувь бууруулж гэж дараагийн түрээслэгчид нь худалдаад явсан. Иймд түрээсийн төлбөр болон барьцаа болгож өгсөн төлбөр 12,000,000 төгрөг, хүлээн авалтын зардал болон хариуцагч байгууллагын ажилчдын хоолны төлбөр 15,989,250 төгрөг, засвар, тохижилт буюу засан сайжруулалтад зарцуулсан зардал 52,005,850 төгрөг нийт 79,904,100 төгрөг нэхэмжилж байна ... гэв.


2. Хариуцагч ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Э.*******тай хариуцагч ******* ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг сарын 10,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, түрээсийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргахгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд манай зүгээс засвар, дизайн, тохижилт зэргийг нь бэлдэж талбайг хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй. Тохижилтын зардал, хоол, барьцааны мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Э.******* нь 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ******* ХХК-ийн 6 давхрын байранд байхдаа огт түрээсийн төлбөр төлөөгүй. Тиймээс хоёр талаасаа харилцан тохиролцож түрээсийн гэрээг 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь рестораны бүх эд зүйлээ зараад явсан. Хариуцагч талаас гэрээнд заасны дагуу рестораны талбайг гаргаж өгсөн, нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулаад болохгүй байна гээд л гарсан. Хариуцагчийн зүгээс ийм зүйл ингэж хийгээрэй гэж чиглэл өгөөгүй, нэхэмжлэгч өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу засал чимэглэл бүх тохижилтыг хийсэн. Түрээсийн гэрээний барьцаанд 12,000,000 төгрөг төлсөн. Сүүлийн 3, 4 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас яах ч аргагүй гэрээгээ цуцалсан ... 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжтай иргэний хэргээс харахад 2018, 2019 оны хооронд нэхэмжлэлийг 3 удаа тодруулж өгсөн байсан. Энэ хэрэг дээр бас 3 удаа тодруулж өгсөн. Нэхэмжлэгч нь өөрөө хохирсон гэдгээ тодорхойлж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхой бус байна гэж ойлгож байна ... Түрээсийн гэрээний дагуу 79,904,100 төгрөг шаардаад байна уу, эсвэл түрээсийн гэрээнээс гадна Л. гэдэг хүнтэй хийсэн хэлцлийн дагуу мөнгө шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гэж харагдахгүй байна. Л. гэдэг хүнтэй тохирсон тохиролцооны дагуу гаргасан бол энэ хүн нь ******* ХХК-д ямар нэгэн хамааралгүй, эрх, үүрэг хүлээгээгүй хүн гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна. Тухайн хүнтэй хэлцэл хийсэн гэж байгаа бол засвар үйлчилгээний төлбөр төлнө гэсэн нэг ч баримт хэрэгт байхгүй. Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол энэ нь үндэслэлгүй байна. Талбайг 6 сарын хугацаатай түрээсэлсэн боловч төлбөр огт төлөөгүй учир барьцааны мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй. Ажилчдын хоолны мөнгө гэж 15,989,250 төгрөг гаргаж байгаа нь түрээсийн гэрээтэй ямар нэгэн хамааралгүй. Мөн хэрэгт байгаа хоолны зардал гэх 2015 оны баримтуудын хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан байна. Өмнөх хурлын тэмдэглэлийг харахад 4 сарын хугацаанд би огт ажил хийгээгүй, нэг ч хүн орж гарч байгаагүй учир энэ хугацааны мөнгийг шаардсан гэсэн тайлбар өгсөн. Энэ нь бизнесийн эрсдэл гэж харагдахаар байна. Түүнээс биш ******* ХХК нь Э.*******тай хүчээр түрээсийн гэрээ хийж байлгаагүй. 52,005,850 төгрөг нь тохижилтын зардал гэх боловч тэр жагсаалтад багтсан эд зүйлсээ дараагийн түрээслэгч гэдэг хүнд зарсан. ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэгч Э.*******ын Хаан банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, түрээсийн гэрээ, ХХК, Б.******* нарын хооронд байгуулсан 2014.12.04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ХХК, ХХК нарын хооронд байгуулсан 2015.11.01-ний өдрийн барилгад засвар хийх тухай гэрээ, ХХК, ХХК нарын хооронд байгуулсан 2014.12.10-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ, гэрэл зураг, сурталчилгааны хуудас, Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээ, D Apple ресторанаас Ж.од хүлээлгэн өгсөн үнийн санал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.28-ны өдрийн 184/ШЗ2019/09434 дугаар Нэхэмжлэлийн буцаах тухай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2018.05.10-ны өдрийн 184/ШЗ2018/05882, 2018.11.06-ны өдрийн 184/ШЗ2018/12921 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, ХХК-ийн гаргасан 2023.01.18-ны өдрийн тодорхойлолт, тооцооны хуудас, зарлагын баримт, худалдаж авсан бараа материал, хоол, хүлээн авалтын бараа материалын жагсаалт.


4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Д.гийн гэрчийн мэдүүлэг, гэрч О.гийн мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан түрээсийн байранд оруулсан засан сайжруулалтын зардал 52,005,850 төгрөг, түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн 12,000,000 төгрөг, хүлээн авалт, ажилчдын хоолны зардал 15,989,250 төгрөг нийт 79,904,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Хариуцагч ******* ХХК нь ******* дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминалын барилгыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барьж дуусган, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтад шилжүүлсэн талаар хавтаст хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №2015/69 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт авагдсан байна.

 

4. Хариуцагч нь тус барилгын 6 давхрын 450 м.кв талбайг нэхэмжлэгч Б.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч тухайн талбайд рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулж, сард 10,000,000 төгрөгийг хариуцагч компанид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

5. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад үйлчилгээний зориулалтаар ашиглах талбайг түр хугацаагаар шилжүүлж, нэхэмжлэгч нь тухайн талбайд ашиг олох зорилгоор рестораны үйл ажиллагаа явуулж, гэрээгээр тохиролцсон төлбөрийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан бичгийн баримт болох 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байдлаар авагдсан, гэрээний эх хувийг үрэгдүүлсэн үндэслэлээр шүүхэд нотлох баримтаар гаргах боломжгүй талаараа талууд мэдүүлжээ. Гэхдээ талууд хэн аль нь бичгийн гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, нэхэмжлэгч тодорхой хугацаанд тухайн талбайд рестораны үйл ажиллагаа явуулсан үйл баримтын талаар маргаагүй ба гэрээний гол нөхцөлийн талаар хоёр тал харилцан тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Гэрээний зүйл нь дангаараа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлгүй, тухайн барилгын тодорхой хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагад хамаарахгүй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгчийн ... албан ёсны гэрээ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж, манай түрээсэлж байсан ресторан, караоке нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан ... аргагүйн эрхэнд 2015.05.07-ны өдөр худалдаж авсан тоног төхөөрөмжөө 30 хувь хямдруулан дараагийн түрээслэгч од худалдсан ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... түрээсийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ... нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг хожимдуулж, огт төлөөгүй бөгөөд өөрийн санаачилгаар эд зүйлээ худалдаад, түрээсийн талбайг хаяад явсан ... гэх тайлбар, гэрч О.гийн ... Э.******* эгчээс асууж байхад 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орно гэж байсан боловч дараа жилийнхээ 3 дугаар сард ашиглалтад орсон ... гэх мэдүүлэг, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бичгийн гэрээний агуулга, тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №2015/69 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, нэхэмжлэгч Э.******* болон Ж. нарын хооронд байгуулсан 2015.05.07-ны өдрийн Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэргээс үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа нь 2015 оны 02 дугаар сард үүсэж, түрээсийн төлбөрийн асуудлаас үүдэлтэйгээр 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдсан болох нь тогтоогдож байна.

 

9. Ийнхүү түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар талууд мөн маргаагүй. Харин нэхэмжлэгч түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор түрээсийн талбайд хийсэн засан сайжруулалтын зардал, түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөр болон түрээсийн үйл ажиллагааны явцад хариуцагчид үзүүлсэн хоол, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилжээ.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ рестораны тохижилт, засан сайжруулалттай холбоотой зардлыг нэхэмжлэгч өөрийн хүсэл сонирхлын дагуу гаргасан, барьцаа болон хүлээн авалт, хоолны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

11. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үндсэн үүрэг үүссэнээс гадна Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам түрээсийн гэрээний талуудад нэгэн адил хамаарна.

 

12. Тиймээс нэхэмжлэгч Э.******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээх ба өөрийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байна.

13. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Э.*******ын Хаан банк дахь тоот дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, Д.гийн эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, барьцаа болгож нийт 12,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч энэ мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь түрээсийн гэрээний явцад нэхэмжлэгчийн буруугүйгээр түрээсийн хөрөнгийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт талуудын тохиролцсон хэмжээнээс илүү төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түрээсийн гэрээ цуцлагдахаас өмнөх нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хэвээр үлдэнэ.

 

14. Нэхэмжлэгчээс ... 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр засвар үйлчилгээ дууссан байх үедээ ******* ХХК-ийн хүлээн авалтыг хийж өгсөн, эхний хүлээн авалт 2014.12.14-ний өдөр 3,600,000 төгрөг, мөн оны 12 сард хүлээн авалт 2,890,000 төгрөг, 2015.04.01-ний өдөр *******ы нээлтийн хүлээн авалт 5,701,300 төгрөг, ажилчдын хоолны төлбөр 3,797,950 төгрөг нийт 15,989,250 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч энэ шаардлагаа тухайн үед хариуцагч талын төлөөлөгч түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор ярилцаж тохиролцсон тул зээлээр хоол өгч, үйлчилгээ үзүүлсэн боловч гарсан зардлыг суутган тооцоогүй тул нэхэмжилж байна гэснийг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч төлөх үүрэг хүлээгээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

15. Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно гэж заасан. Талуудын хувьд түрээсийн төлбөрийг өөр хэлбэрээр буюу нэхэмжлэлд дурдсанаар ажилчдын хоолны төлбөр, хүлээн авалтын зардлаас суутган тооцох байдлаар төлөхөөр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгч тухайн зардлыг түрээсийн гэрээнээс тусдаа үүссэн үүргийн харилцааны дагуу хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

 

16. Нэхэмжлэгч энэ шаардлагатайгаа холбогдуулж хоол, хүнсний бараа худалдан авсан тухай тооцооны хуудсыг нотлох баримтаар гаргасан боловч тухайн төлбөрийг хариуцагч байгууллага хариуцан төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд баримтад дурдсан хоол худалдан авсан гэх хүмүүс нь хариуцагч байгууллагын ажилчид мөн эсэх, цаашлаад тэдгээр хүмүүсийн өмнөөс хариуцагч төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

17. Нөгөө талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

18. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үеийг шүүхэд гаргасан төлбөрийн баримтыг үндэслэн тооцвол нь 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 3 сар болон мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байх бөгөөд үүнээс хойш гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч дээрх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, харин 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр анх нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.10-ны өдрийн 184/ШЗ2018/05882 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс нэхэмжлэгч нь энэ асуудлаар хариуцагчид холбогдуулж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.


20. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Түрээсийн гэрээ байгуулагдах үед барилга шинээр ашиглалтад орсон, гэрээнд заасан зориулалтаар буюу рестораны үйл ажиллагааг шууд эрхлэх, ашиглах боломжгүй байсан, тодорхой хэмжээгээр засан сайжруулалт хийх шаардлагатай байсныг хариуцагч үгүйсгээгүй.

 

21. Нэхэмжлэгчийн .. анх уулзалт хийхэд барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан ... тохижилтоо өөрөө хийчих гарсан зардлыг түрээснээс хасна гэсний дагуу би тохижилтоо өөрийн зардлаар хийсэн ... , хариуцагчийн ... үйл ажиллагаа явуулахад нь зориулж талбайг гаргаж өгсөн, тухайн талбайг тохижуулаад ресторанаа харагдах байдал, тохижилт болон интерьерийг нэхэмжлэгч Э.******* өөрөө хийсэн ... шилэн хаалт, хаалга хийсэн байсан ... , гэрч О.гийн ... түрээсэлж эхлэх үед ... төхөөрөмжүүдээс зөөж байсан ба лифт нь ашиглалтад ороогүй байсан, замаск хийгдээгүй бетонон ханаараа байсан ... засварын зардлыг Э.******* гаргасан ... гэх мэдүүлэг, Д.гийн эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт ... Э.******* рестораны багана бүрж янзалсан, таазны гэрэл хийсэн, жижиг тайз засалтын ажил, техникийн ширээ хийсэн ... , хэрэгт авагдсан рестораны талаар гэрэл зураг зэргээс үзэхэд түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглахын тулд нэхэмжлэгч Э.*******аас шаардлагатай засан сайжруулалтыг хийсэн, үүнийг хариуцагч мэдэж байсан буюу зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

22. Өөрөөр хэлбэл түрээсийн талбайд хийсэн засвар, тохижилтын ажлыг нэхэмжлэгч түрээслэгч буюу хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэх боломжгүй ба энэ талаар хариуцагч өөрийн татгалзал, тайлбарыг баримтаар нотолж чадаагүй.

 

23. Тиймээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй тул шүүх баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгчээс будаг, замаск, обой, паркетан шал, хадаас зэрэг түрээсийн байрны дотор заслыг хийхэд шаардагдах барилгын материал, ажлын хөлс зэрэгт нийт 52,005,850 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч худалдаж авсан бараа материалын жагсаалтаар нийт 116 нэр төрлийн 52,005,850 төгрөгийн зардал гаргасан гэх боловч тухайн бараа бүтээгдэхүүнийг хэзээ, хэнээс, ямар үнээр худалдаж авсан зэрэг нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байхаас гадна жагсаалтад дурдсан зарим эд зүйлийг гэрээ дуусгавар болгоход салгаж авч явах боломжгүй байсан болохыг нотлоогүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 135-144, 146-148, 150-169 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд нь худалдан авагч болон бараа материал хүлээн авагчийн нэр, гарын үсэг, регистрийн дугааргүй, худалдан авагчийн нэр зөрүүтэй, өөр байгууллага, хүний нэр, гарын үсэгтэй байх тул тухайн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай талаас нь үнэлэх боломжгүй юм.

 

24. Харин нэхэмжлэгчээс түрээсийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор шилэн хаалт, хаалгыг 6,294,000 төгрөгийн, ханын хөшиг, даавууг 6,451,400 төгрөгийн зардлаар тус тус хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч Э.*******аас ХХК-тай байгуулсан 2014.12.04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ХХК, ХХК нарын хооронд байгуулсан Зээлээр худалдах худалдан авах гэрээ, талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрэл зураг зэрэг баримтаар нотлогдож байх ба уг шилэн хаалт хаалга, хөшиг, даавууг гэрээ дуусгавар болоход салгаж аваагүй, дараагийн түрээслэгчид үлдээсэн гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Мөн хавтаст хэргийн 145, 149 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар нэхэмжлэгч нийт 292,000 төгрөгийн цахилгааны утас, хэрэгсэл худалдан авсан байх тул үүнийг салгаж үл болох засан сайжруулалтын зардалд тооцох боломжтой. Иймд нийт 13,037,400 /6,294,000+6,451,400+292,000/ төгрөгийн засан сайжруулалтын зардлыг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 66,866,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 223,137 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 13,037,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 66,866,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 223,137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН